“Pixar”-ын хамгийн бүтээлч хамт олныг бүрдүүлсэн арга барилаас

“Unlock” подкастын бичмэл тэмдэглэлд хөрвүүлж буй хоёр дахь номоор бүтээлч санаа, гайхамшигт түүх болон сэтгэл хөдлөлийн эх болсон хүүхэлдэйн киноны “Pixar” компанийн үүсгэн байгуулагч Эдвин Катмуллын 2014 онд гаргасан “Бүтээлч, INC.” номыг хүргэж байна.

“Pixar” компани нь бидний сайн мэдэх Finding Nemo, The Incredibles, Up, Coco, Toy Story, Monsters гэх мэт бүтээлүүдээрээ Box Office-ийн рекордыг олонтоо эвдэж, 30 гаруй Оскарын шагналын эзэн болж байсан авьяаслаг уран бүтээлчдийн нэгдэл байгууллага юм.

Энэхүү номондоо үүсгэн байгуулагч Эд “Pixar”-ын амжилтыг хэрхэн бий болгож, тууштай хадгалсан төдийгүй ихийг бүтээгч бүтээлч хамт олныг бүрдүүлж чадсан өөрийн туршлагаасаа гадна манлайлагч, бүтээлч хүн ямар байх, юун дээр анхаарвал зохих зэргээс хуваалцжээ.

Компанийн үүсгэн байгуулагч, номын зохиолч Эд Катмулын хувьд залуу наснаасаа л эхлүүлэн компьютерийн анимэйшн кино бүтээх мөрөөдлөө тээсээр компьютерын шинжлэх ухаанд мэргэшиж, докторын зэрэг хамгаалах хүртлээ дэвшин суралцсан нэгэн юм. Тэрбээр Жорж Лукастай хамтран 1986 онд “Pixar”-ыг байгуулж, дэлхийн анхны компьютер анимэйшн бүтээл болох “Toy Story” буюу “Тоглоомын түүх” киног гаргаснаар түүний амжилтын үүд хаалга нээгдсэн гэдэг. Тэр үеэс хойш Pixar-ын зүгээс дэлхийн кино урлагт шинэхэн өнгө төрх нэмсэн бүтээлүүдээ одоог хүртэл хүргэсээр байгаа юм.

Бид Эд Катмулын бүтээлч хамт олныг бүрдүүлж, компаниа илүү үр бүтээлтэй байлгахад баримталдаг 12 арга барилыг маш товч байдлаар дор сийрүүллээ.

Номын тухай #Unlock подкастыг ШУУД СОНСОХ: Дугаар 52 “Creativity Inc.” Эд Катмул

ЭД КАТМУЛЫН 12 АРГА БАРИЛ

1. Аливаа амжилт эсвэл мөрөөдөлд хүрэхийн тулд зүгээр мөрөөдөөд суух бус түүнийхээ төлөө удаан хугацааны туршид хөдөлмөрлөж, чармайлт гаргаснаар алхам алхмаар ойртож, хүрэх болно.

2. Тэрхүү томоохон бүтээл эсвэл ажлын ард гарахын тулд мэдээж та ганцаараа явахгүй бөгөөд баг хамт олон, хамтрагчид хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Тийм учраас баг хамт олон болон хамтрагчаа эхнээс нь зөв сонгох нь хамгийн чухал.

3. Хамт олон, ажилчдаа илүү үр бүтээлтэй, бүтээлч талаас нь ажиллуулахыг хүсвэл ажил+амьдралыг нь тэнцвэртэй байлгах байгууллагын соёлыг бүтээх хэрэгтэй.

4. Байгууллагын “BRAINTRUST” хурал, уулзалтыг тогтмол зохион байгуулах. Энэ нь байгууллагын бүхий л ажилчдын албан тушаал, зэрэг дэвийг үл хамааран бүгд хамтдаа нэгэн дор цуглаж, ажиллаж буй аливаа том төсөл эсвэл бүтээл дээр нь гарч буй алдаа, шүүмжийг илэн далангүй хоорондоо хуваалцах юм. Ингэснээр цаашид гарах алдаанаас зайлсхийх боломжтой бөгөөд компанийн ирээдүйд амсах алдагдлаас урьдчилан сэргийлэх нэг арга зам юм.

5. Алдаа гаргахаас бүү ай. Түүнийг гаргасан хэдий ч аль болох эрт, хурдан хугацаанд олж мэдэж, засаж залруулах нь л чухал гэдгийг Эд ажилчдадаа үргэлж сануулдаг аж.

6. Шинэ санаа, санаачилгыг алдалгүйгээр барьж авч, аль болох бодит болгох талаас нь ажиллах хэрэгтэй. Учир нь эдгээр шинэ санаанууд нь цаашдын үүд хаалгыг нээж өгч болзошгүй.

7. Байгууллагад ямар нэгэн өөрчлөлт болон шинэчлэлт хийлгүйгээр дэвшилт авчирна гэж үгүй. Тийм учраас байгууллагын хамт олон өөрчлөлт, шинэчлэлт бүрийг нээлттэйгээр хүлээн авч, түүнд эерэг талаас хандах нь дараагийн дэвшилтэд авчрах болно.

8. Бүхий л компани, байгууллагад төлөвлөөгүй эрсдэл эсвэл гэнэтийн зүйл тохиолдох үе гардаг. Гэвч энэ үед ихэнх хамт олон эрсдэл эсвэл алдааг хэн гаргасанд анхаарлаа хандуулдаг. Харин ингэхийн оронд тухайн гэнэтийн нөхцөл байдлаас хэрхэн түргэн хугацаанд гарах тал дээр бүгд анхаарах нь зүйтэй юм. Ингэснээр харьцангуй бага эрсдэл хүлээх боломжтой гэдгийг онцолсон байдаг. Өөрөөр хэлбэл болоод өнгөрсөн зүйлд бус ирээдүйд хэрхэн явах замаа олох хэрэгтэй. 

9. Аливаа хийж буй ажил дуусаагүй байсан хэдий ч явцтай нь танилцаж, илүү ойлголт авахын тулд ажилчидтайгаа тогтмол уулзалт зохион байгуулах нь хамт олны хоорондын харилцааг үүсгэж, ажлын явцад эерэгээр нөлөөлдөг.

10. Борлуулалт, үр ашгаа нэмэгдүүлэхийн тулд хэрэглэгч юу хүсэж байгаа бол гэж зүгээр бодож суух бус хэрэглэгч дээр очиж, тэдний нөхцөл байдалтай танилцаж, хэрэглэгчийн оронд өөрийгөө тавьж, тэдний талаас ямар байх тал дээр анхаарч ажиллах нь шинэ санаа төрүүлэх, асуудлын гарцыг олох боломжтой юм.

11. Ажилчдадаа ажлын байран дээрээ шинэ зүйл сурах нөхцөл байдлыг нь бүрдүүлэх. Жишээ нь тогтмол сургалт явуулах эсвэл мэргэжлээс нь тэс өөр төрлийн сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулах гэх мэт. Ийм маягаар ажилчид шинэ зүйлсэд суралцсанаар шинэлэг санаа, санаачилга, бусдын санаа бодол, шүүмжлэлийг уян хатан, нээлттэй байдлаар хүлээж авах чадвартай болдог талаар зохиолч онцолжээ.

12. Хамт олноороо их ажлын ард амжилттай гарсны дараагаар ч алдаа, дутагдлаа дүгнэх нь зайлшгүй хэрэгтэй юм. Ингэснээр цаашид алдаагаа дахин давтахгүй байх, алдаа гаргасан ажилчдад сэтгэлийн сэв суулгах бус цааш ахих урам зориг өгөх, сэтгэлийн шархыг нь арилгах нь зайлшгүй юм. Ингэснээр дараа дараагийн томоохон ажилд хамт олныг ороход бэлтгэж өгдөг талаар компанийн үүсгэн байгуулагч номондоо тус тус дурджээ.

“Pixar” компанийн түүхээс:

“Pixar” нь эхэн үедээ “Lucasfilm” компанийн компьютерийн хэлтсийн харьяа байсан бөгөөд Холливүдийн кинонуудын компьютер графикийг хийдэг жижиг нэгж байжээ. Чадварлаг ажилчид, чөлөөт сэтгэхүйтэй залуус тус газрыг аварч, улам бүр хөгжүүлсэн гэхэд хилсдэхгүй. Тэд 1986 онд компьютер зураглалын програм хангамжаа 135,000 доллараар үнэлж, багагүй ашиг олоод байсан хэдий ч удалгүй алдагдал хүлээх болсон юм. Тэгвэл тухайн хүнд үед бидний мэдэх “Apple” компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс “Pixar”-ийг 5 сая доллараар худалдан авсан байдаг.

 

Тэрбээр 1995 онд “Pixar”-ийг Walt Disney-н харьяа болгосон бөгөөд тэр даруйдаа Walt Disney компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсон юм. Стив Жобс компанийг худалдаж авсны дараагаар анхны богино хэмжээний кино болох “Luxo Jr.”-ийг гаргасан бөгөөд энэ нь тэдний хувьд том дэвшил болсон байдаг.

Компанийн логоны тухайд өөрсдийн хамгийн анхны богино хэмжээний кино болох “Luxo Jr.”-ийн ширээний гэрлээс санаа авч, “I” үсэгний оронд байрлуулжээ.

Эх сурвалж: ikon,mn

Leave a Reply