Нийслэлийн 2019 оны шилдэг есөн эмэгтэйг шалгарууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг Нийслэлийн шилдэг бүсгүйчүүд шалгаруулах “Их хотын бүсгүйчүүд” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болов. Салбар бүрийн төлөөлөл, ажил, амьдрал, хийж бүтээснээрээ бусдадаа үлгэр дуурайл болсон есөн эмэгтэйг онцлон Нийслэлийн 2019 оны шилдэг эмэгтэйгээр шалгарууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгчид, салбар бүрийн төлөөлөл болсон 1200 эмэгтэйчүүд оролцож байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй ээжүүд, эмэгтэйүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Их хотынхоо бүсгүйчүүдийг ажил, хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ манлайлж, нийслэлийнхээ хөгжил дэвшлийн төлөөх үйлсэд бүхий хүч хөдөлмөрөө дайчлан зүтгэсэн салбар салбартаа шилдэг байж чадсан энэхүү есөн эмэгтэйд баяр хүргэж, талархлаа илэрхийлье.

Цаашид бид шат шатанд эмэгтэйчүүдийнхээ бүхий л оролцоог хангаж ажиллах ёстой. Эмэгтэйчүүдийн оролцоог хангах тал дээр дэлхий даяараа анхааран ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүчирхийллийн асуудлыг таслан зогсоох, хөдөлмөр зүтгэлийн үнэлгээг эрчүүдтэй ижил тогтоох, тэр хэмжээгээрээ харилцан хамтарч ажиллах замаар улс орон, дэлхий нийтийн нийтлэг асуудлыг шийдэх ёстой гэж олон улсад яригдаж байна. Монгол Улсад ч энэ асуудал орхигдолгүй яригдаж, хөндөгдсөөр өдөр өдрөөр ахиц дэвшил гарсаар байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Асуудал шийдлийнхээ гарцыг зөв гаргахын тулд та бүхнийхээ санал санаачлагыг хүлээн авч, бүхий л талаар дэмжин, шат шатанд эмэгтэйчүүдийн оролцоог ханган ажиллах болно гэдгийг тэмдэглэн хэлье” хэмээн онцолж байв.

Нийслэлийн 2019 оны шилдэг эмэгтэйг танилцуулж байна.

Боловсролын салбарын шилдэг эмэгтэйгээр нийслэлийн Баянгол дүүргийн иргэн, Монгол Улсын гавьяат багш, МУБИС-ийн хүндэт доктор М.Цэрэнханд шалгарлаа. Тэрбээр АИХ-ын депутатаар сонгогдож байсан, хөдөлмөр технологийн хичээлийн хөтөлбөрийг шинэ түвшинд гаргаж, олон мянган шавь бэлтгэсэн шилдэг сурган хүмүүжүүлэгч юм.

Санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарын шилдэг эмэгтэйгээр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн Ерөнхий санхүүч С.Солонго шалгарсан юм. Тэрбээр С.Мөнхжаргал даргын үед хотын захиргаанд ажилд орсноос хойш 11 Засаг даргатай хамтран ажиллаж байгаа. Төрийн байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж буй салбарынхаа шилдэг тэргүүний ажилтан юм.

Эрүүл мэндийн салбарын шилдэг эмэгтэйгээр Монгол Улсын хүний гавьяат эмч, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Мэс заслын танхимын эрхлэгч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн шалгарлаа. Тэрбээр 2017 онд дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан, Монгол улсдаа элэг шилжүүлэх хагалгаа хийж байгаа. Өнөөдрийн байдлаар элэг шилжүүлэх 66 дахь хагалгаагаа амжилттай хийгдээд байна.

Соёл урлагийн салбарын шилдэг эмэгтэйгээр ДБЭТ-ын гоцлол дуучин, сопрано Б.Энхнаран тодорлоо. Тэрбээр П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татьяна, Ж.Пуччинийн “Чио Чио Сан”-ы Эрвээхэй хатагтай, Ж.Бизегийн “Кармен”-ы Микаэла, Ж.Вердийн “Травиата” дуурийн Аннина, Б.Шаравын “Чингис хаан”-ы Бөртэ Үжин, Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил”-ын Уянга, Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж”-ийн гүнж Цай Ван Жи, Ж.Пуччинийн “Богема” дуурийн Мими зэрэг дүрээр үзэгчдийн танил болсон шилдэг залуу дуучин билээ.

Сайн үйлсийн элч шилдэг эмэгтэйгээр Аялал жуучлалын “Stone horse expeditions” компанийн ажилтан С.Нямсүрэн шалгарсан юм. Тэрбээр 2004 оноос эхлэн ажил амьдралынхаа хажуугаар зовж зүдэрсэн, өвдөж шаналсан хүмүүст тусалж, өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан кампанит ажил зохион байгуулж буй сайн үйлстэн юм. Өнгөрсөн хугацаанд амьдралын хүнд нөхцөлд амьдардаг 400 орчим хүүхдэд туслалцаа үзүүлж, хүнд өвчтэй 8 хүүхдэд туслах аян өрнүүлж, нэг хүүхдийг бүрэн эмчлүүлжээ. Мөн байгалийн гамшиг тохиолдсон аймгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, эд зүйлийн тусламж үзүүлэх аян амжилттай зохион байгуулсан байна.

Шилдэг эмэгтэйгээр шууд худалдааны “Фаберлик Монголиа” компанийн үндэсний захирлаар ажилладаг Ө.Өрнөхбилэг шалгарлаа. Тэрбээр алдарт эхийн 1, 2 дугаар одонт бүсгүй юм. 37 настай Өрнөхбилэг 9 дэх үрээ тээж яваа өнөр бүлийн эзэгтэй юм.

Мөн шилдэг эмэгтэйгээр нийслэлийн Хот тохижилтын газрын Тохижилт, үйлчилгээний албаны 13 дугаар бригадын зам талбайн үйлчлэгч Д.Түмэнжаргал шалгарав. Д.Түмэнжаргал нь Гэр бүлээрээ үүрийн 04 цагаас үдшийн бүрий хүртэл нийслэл хотынхоо цэвэр цэмцгэр байдлын төлөө зүтгэдэг шар хантаазтануудын нэг нь билээ. Хүний боловсролыг харилцаа, биеэ авч яваа байдал нь илэрхийлдэг хэмээн дүгнэдэг бүсгүй маань их ажлынхаа хажуугаар боловсрол мэдлэгээ дээшлүүлэхээр шамдан суралцаж буй ажилсаг дайчин бүсгүй юм.

Хүмүүнлэгийн элч шилдэг эмэгтэйгээр “Монгол эм импекс концерн” компанийн гүйцэтгэх захирал, хүний их эмч Б.Болормаа. 95 жилийн түүхтэй Монголын ууган компанийг удирдаж буй тэрбээр “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг санаачилж, нярайн эндэгдлийг бууруулах, чихрийн шижин өвчинтэй тэмцэх, эмч эмнэлгийн ажилтнуудыг сургах чиглэлээр олон төсөл хэрэгжүүлсэн юм.

Бизнесийн салбарын шилдэг эмэгтэйгээр Үндэсний үйлдвэрлэгч “Гоёл кашмер” компанийн захирал Б.Ариунаа шалгарлаа. Түүний удирдсан компани нь дэлхийн 10 улсад бараа бүтээгдэхүүнээ экспортлодог, үндэсний шилдэг үйлдвэрийн нэг билээ. Монгол ноолуур, сарлагийн хөөврөөр хийсэн тус компанийн хувцас, бүтээгдэхүүн дотоодын төдийгүй, гадныхны сэтгэлд нийцсэн авах дуртай, танил бүтээгдэхүүн хэдийнэ болжээ. Тус компани 120 гаруй ажилтантай бөгөөд 85 хувь нь бүсгүйчүүд ажилладаг.

Хүндэтгэлийн арга хэмжээ урлагийн тоглолтоор үргэлжилж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply