Г.Жамъян: Зөвхөн үнэнд захирагдаж яваарай

Г.Жамъян: Зөвхөн үнэнд захирагдаж яваарай

Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 106 жилийн ой өнөөдөр /2019.03.06/ тохиож байна. “Шинэ толь бичиг” хэмээх сонин 1913 оны гуравдугаар сарын 6-нд анх хэвлэгдсэнээр Монголын үндэсний сэтгүүлзүйн салбар үүссэн гэж үздэг юм.  Ойд зориулсан баярын хурал өнөөдөр болж шилдгүүдийг шалгаруулж, урамшууллаа. Хурлын үеэр ахмад сэтгүүлчид байр сууриа илэрхийллээ.

ЗӨВХӨН ҮНЭНД ЗАХИРАГДАЖ ЯВААРАЙ

Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Г.Жамъян

-Монголын сэтгүүлзүйн байгууллагад ажиллаад 60 гаруй жил болж байна. Энэ хугацаанд сэтгүүлзүйн байгууллага өсөж, дэвжсээр өнөөдөртэй золголоо. Үе үеийн сэтгүүлчид маань салбараа өөд нь татаж явахын төлөө их зүйл хийсэн байна. Сэтгүүлчдэдээ би ганц л зүйл хэлдэг, зөвхөн үнэнд захирагдаж яваасай гэж хүсдэг. Энэ тохиолдолд Монголын сэтгүүлзүйн салбар дандаа өөдлөх болно.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЗҮЙГ ИХ ӨӨДРӨГӨӨР ХАРДАГ

МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхмийн эрхлэгч, доктор, профессор М.Зулькафиль 

-Монголд сэтгүүл зүйн салбар үүссэн 106 жилийн хугацаанд ололт амжилт, саад бэрхшээл их байлаа. Монголын хойд болон урд хөрш чөлөөт хэвлэлд  тооцогддог бол хоёр том гүрний дунд орших  Монголын сэтгүүлзүй хагас чөлөөт хэвлэлд тооцогдож байгаа нь том амжилт. Гэхдээ бид энэ амжилтаа бататгах хэрэгтэй. Монголын сэтгүүлзүй нийгэмд томоохон үүрэг гүйцэтгэж чадаж байна. Манай оронд 500 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Хоорондоо өрсөлдөж, мэдээллийг шуурхай хүргэж, дөрөвдөх засаглалын хяналтын үүргээ биелүүлж байна. Дэлхий нийтэд хэвлэл мэдээллийн салбар ямар замаар замнаж чөлөөт хэвлэлд хүрдэг тэр л замаар Монголын сэтгүүлзүй замнаж байна. Тиймээс Монголын сэтгүүлзүйг их өөдрөгөөр хардаг.

20 ОРОНД АЛБАН АЯЛАЛ ХИЙХ ТӨСӨЛ САНААЧИЛСАН

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Энэ өдөр бол ахмад сэтгүүлчдийнхээ үгийг сонсох баярын өдөр. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн зүгээс энэ жил гурван ахмад сэтгүүлчиддээ хүндэтгэл үзүүлж байна.

Түүнчлэн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Монголын сэтгүүлчдийн анхны 16 давхар ордон барих төсөл, 1000 сэтгүүлчийг хямд өртөг бүхий чанартай орон сууцаар хангах хөтөлбөрийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Ордон барих ажлын газрын асуудлыг шийдвэрлэсэн. Одоо зураг төсөл 70 гаруй хувьтай явж байна. Орон сууцны тухайд хэвлэлийн байгууллагуудад квот тогтоож өгсөн. Үүний дагуу одоогоор 75 сэтгүүлч бүртгүүлсэн. Гэрээ хийх шатандаа явж байна. Сэтгүүлчдэд орон сууцны нэг ам.метрийг нь 1.1 сая төгрөгөөр тооцож олгох юм.

Өнгөрсөн жил мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд таван санал боловсруулж Ерөнхийлөгчид санал болгосон. Мөн Өргөн нэвтрүүлгийн хууль чухлаар тавигдаж байна. Монголд байгаа IPTV хэрэглэгчээс, үйлдвэрлэгчээс аль алинаас нь мөнгө авч байна. Үүнийг Өргөн нэвтрүүлгийн хуулиар зогсоох ёстой.

Энэ жилийг сэтгүүлзүйн салбарын гадаад харилцааны жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор дэлхийн 20 оронд албан аялал хийх төсөл санаачилж байгаа. Маргааш Гадаад харилцааны яаманд “Элчин сайдууд ба сэтгүүлчид” уулзалт болж, төслийн нээлт болно. Гадаад харилцааны яам, Монголын сэтгүүлчдийн эвлэл хамтран санамж бичиг байгуулах юм. Бидний тооцоолж байгаагаар тавдугаар сараас аялал эхэлнэ” гэсэн юм.

Ж.ЦЭВЭЭНИЙ НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ 2011 ОНООС ОЛГОЖ БАЙНА

“Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг Ж.Цэвээн эрхлэн гаргасан тул түүнийг Үндэсний сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн үздэг. Тиймээс Ж.Цэвээний нэрэмжит шагналыг 2011 оноос бий болгож, салбарынхаа шилдгүүдэд гардуулдаг уламжлал тогтоод байгаа юм.

Энэ жил тус шагналыг “Соёмбо” сонины ахмад сэтгүүлч, хурандаа Ж.Ядмаад, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, МСНЭ-ийн “Алтан ѳргѳмжлѳл”-ѳѳр СГЗ ахмад сэтгүүлч Г.Жамъян, ахмад сэтгүүлч Д.Хасбазар, ахмад сэтгүүлч Ш.Батмөнх нар шагнагдлаа.

Мөн МСНЭ, МОНЦАМЭ агентлагаас хамтран олгодог шилдэг мэдээний сурвалжлагчийн шагналыг сэтгүүлч М.Бүжинлхам, Tv5 телевизийн сэтгүүлч Г.Бадамлянхуа нарт олгов.

МСНЭ-ээс олгодог Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан тэмдгээр “Улаан бал” нэвтрүүлгийн сэтгүүлч, хөтлөгч Ч.Лодойсамбуу нарыг шагналаа. Тэрбээр орон нутагт томилолттой яваа тул өөрийн биеэр шагналаа авч чадаагүй юм.

Leave a Reply