Жирийн программистаас тэрбумтан болсон эр

Жирийн программистаас тэрбумтан болсон эр

АНУ РУУ ЦАГААЧИЛСАН НЬ

Танд магадгүй еврей гаралтай 1976 онд Украинд төрсөн Ян Борисович Кумын нэр танил санагдахгүй байж болно. Гэхдээ дэлхийн хамгийн амжилттай бизнесмен, компьютерийн программ бүтээгч мэргэжилтэй, “Whatsapp” мессенжерийг зохиосон хүн юм. Тэрээр 16 нас хүртлээ Украинд амьдарсан. Харин 16 настайдаа ээжтэйгээ сайхан ирээдүй хайж АНУ- руу цагаачилж, аав нь Украиндаа үлдсэн байна. Тэнд очсоноор шинэ улс, ёс заншил, хэл, шинэ хүмүүстэй танилцах шаардлагатай болжээ. Түүний ээж нь амьдрахын тулд хүүхэд асрагчаар, Ян Борисович Кум жимсний дэлгүүрт цэвэрлэгчээр ажилласан байна. Гэвч энэ орлого нь тэдэнд амиа тэжээхэд хүрэхгүй байсан учраас  Засгийн газраас тусламж авах  хэрэгтэй болсон байна. Харин ирээдүйн нэрийн хуудас болсон программ зохион бүтээгч болсон тэрээр технологи сонирхдог байсан учраас 18 настайдаа их сургуульд суралцахын тулд шаргуу ажиллаж, мөнгө цуглуулжээ. Их сургуулиа төгссөнийхөө дараа ажилд орох гэж хэд хэдэн удаа ажилд орох уулзалт хийсэн ч орж чадсангүй. Харин 1997 онд гэрээ байгуулан “Yahoo” компанид ажиллав. Тэнд ажиллаж байхдаа  хожим нь “Whatsapp” мессенжерийг хамтран  зохиосон Брайн Астонтой танилцсан байна. Тэнд тэд 2007 он хүртэл ажиллаад гарчээ. Ингэснээр Ян Борисович Кум өөртөө амралт олгож жил амрахаар шийдсэнээр Өмнөд Америк руу аялахаар явсан байна.

ШИНЭ МЕССЕНЖЕР БҮТЭЭХ БОЛСОН ШАЛТГААН

Ингэснээр тэнд аялж амарсныхаа дараа “Фэйсбүүк” болон өөр хэдэн компанид ажиллах санал тавьсан ч бүтээгүй байна. Харин 2009 онд тэр “IPhone” гар утас худалдаж авснаар энэ бүтээгдэхүүнийг зардаг дэлгүүр гар утсанд зориулсан шинэ программ гаргах гэж байгааг мэдсэн байна. Тэрээр энэ үеэр  найз Алекс Фишманыхаа гэрт очжээ. Тэд Фишманы гэрийн гал тогоонд шинэ мессенжер бүтээх санааныхаа талаар удаан ярилцсан аж. Тэр даруйдаа Ян Кум англи хэлний “what’s up” гэдэг үгтэй төстэй юу болов, юу байна гэсэн утгатай “WhatsApp” гэдэг нэрийг шинэ программдаа өгчээ. Үүнээс хойш долоо хоногийн дараа төрсөн өдрөөрөө буюу хоёрдугаар сарын 24-нд “WhatsApp Inc”  компаниа байгуулжээ. Харин түүнд найзуудтайгаа холбоо барих “Skype” зэрэг мессенжер программ төвөгтэй мэт санагдсанаар энэ шинэ программыг бүтээх санаа төрсөн гэдэг. Тухайлбал, нууц үгээ мартах гэх зэргээр энэ программыг хэрэглэхэд бэрхшээлтэй тулгарч байжээ. Ингэснээр гар утсанд зориулсан аппликейшнийг татаж суулгах боломжтой “App Store”-ийг судалж эхэлсэн байна. Улмаар гар утасны дугаараа оруулаад ашиглаж болдог программ бүтээсэн нь өнөөдөр хамгийн өргөн хэрэглэгчтэй мессенжер программ гэж тооцдог “Whatsapp” ажээ. Тэрээр энэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд найз Брайн Астонтой холбоо барьсан байна. Ингэснээр хамтрагчид  санаагаа хэрэгжүүлэх 250 сая ам.доллар зээлж төслөө эхлүүлжээ. Гэвч эхэндээ тэдний бүтээсэн программ нь амжилт муутай байснаас Ян Борисович Кум, Брайн Астон нар бизнес нь бүтэлгүйтэж эрсдэлд орох гэж байгааг мэдэрсэн аж. Гэвч “Yahoo” компанид хамт ажиллаж байсан найзууд нь тэднийг санхүүгээр тусалснаар 2011 он хүртэл бүтээсэн мессенжерээ хадгалж авч үлдсэн байна. Харин дараа нь АНУ-ын “Sequoia” компани найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр амжилтад хүрч өнөөдөр смартфон утасны хэрэглэгчдийн мессеж бичиж хүмүүстэй харилцдаг чухал харилцаа холбооны хэрэгсэл болжээ.

ЯН БОРИСОВИЧ КУМЫН ХУВИЙН АМЬДРАЛ ҮЗЭЛ БОДОЛ

Түүнийг 16 настай байхад АНУ-д ирсэн гэр бүл нь жижигхэн байшинд засгийн газрын тусламж дэмжлэгээр  амьдарч байжээ. Харин тэрээр 18 нас хүрээд бие даан компьютерийн чиглэлээр суралцахаар шийдсэн байна. Тиймээс уншсаныхаа дараа буцааж өгөх болзолтойгоор хүнээс ном авч уншиж эхэлжээ. Тухайн үед ирээдүйн тэрбумтан маань өсвөр насандаа хэрэг төвөгт их орооцолддог, сургуульдаа хүмүүжил, ёс суртахууны тал дээр доголдолтой нэгэнд тооцогддог байж. Мөн сургуулийнхаа хакерчдийн бүлэгт хамаарагддаг байсан байна. Гэвч Ян Борисович Кум  цагаа олж засарснаар дунд сургуулиа төгсөөд  Сан Хосегийн их сургуульд элсч суралцжээ. Энэ нь сүүлд түүнийг “Yahoo” компанид ажилд ороход их нэмэр болсон аж. Гэхдээ их даруухан, дуу цөөтэй түүнд Калифорни мужийн Сан Хосе хотын шүүхээс 1996 оны хоёрдугаар сард оноосон ялыг цуцалж байжээ. Учир нь түүнтэй үерхдэг байсан бүсгүйчүүдийн нэг нь Кум түүнийг хэл амаар болон бие махбодийн дарамт үзүүлдэг байсан гэж ярьснаас болсон ажээ. Энэ талаар Ян Борисович Кум 2014 оны аравдугаар сард “Би тэр үед гаргасан үйлдлээсээ ичиж, санаа зовж байна. Учир нь миний түүнд хандаж байсан хандлага түүнийг шүүхэд хандахад хүргэсэн” гэж ярьжээ. Түүнчлэн тэрээр гэр бүл, найз нөхөд нь үлдсэн эх оронд нь хохирол учруулсан коммунист Засгийн газрын эсрэг чиглэсэн байр суурийг хадгалсаар ирсэн. Тиймээс энэ нь зохион бүтээсэн мессенжерийнхээ хэрэглэгчдийн  эрх чөлөө, харилцаа холбоо нь амар байхыг эрхэмлэж, тэднийг ямар нэгэн аргаар хянахаас зайлсхийхэд нөлөөлсөн байна. Энэ нь түүнийг “Whatsapp” мессенжерээ “Фэйсбүүк” компанид 19 тэрбум ам.доллараар зарахад хүргэсэн гол шалтгаан болсон байна. Сонирхуулахад тэрээр энэ наймаагаа ээжтэйгээ ирдэг байсан нийтийн хоолны газар хийжээ. Фэйсбүүк компани энэ шийдвэрийг гаргахад “Whatsapp” программыг хүмүүс ихээр хэрэглэж эхэлсэн нь нөлөөлж, анхаарлыг нь татсан байна. Тиймээс “Фэйсбүүк” компанийг үндэслэгч Марк Цукерберг 2012 оны хавар түүнтэй өөрөө холбоо барьжээ. Ингэснээр тэд Калифорни мужийн кофе шопт уулзаж танилцсан байна. Түүнээс хойш хэд хэдэн удаа уулзсан ажээ. Харин эхний уулзалтаас хоёр жилийн дараа 2014 оны хоёрдугаар сарын 9-нд Марк Цукерберг түүнийг гэртээ оройн хоолонд урьсан байдаг. Энэ үеэр Ян Кумд хоёр компанийг нэгтгэх хүсэлтийг тавьснаар дээр дурдсан үнээр программыг худалдан авчээ. Ян Борисович Кум мессенжерээ худалдахдаа байгуулсан компанийнхаа 45 хувийн хувьцааг эзэмшиж, 68 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байсан гэсэн тооцоо байдаг. Харин Ян Борисович Кум түүний хөрөнгийн хагасыг бүрдүүлдэг “Фэйсбүүк” компанийн 24 тэрбум гаруй ам. доллартай тэнцэхүйц хувьцаагаа зарсан байна. Гэхдээ түүнийг энэ хэмжээний хувьцааг “Фэйсбүүк” компанид эзэмшдэг гэж тооцоолдог аж. Форбес сэтгүүлээс гаргадаг хамгийн их хөрөнгөтэй хүний жагсаалтад багтсан тэрээр өнөөдөр 86 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ажээ.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Leave a Reply