Эрдэнэтийн ирээдүйг ӨӨР ӨНЦГӨӨС харвал…

1999 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн Эрдэнэбилэгийн Энхцэцэг нь МҮОНТВ, ТВ5 телевизэд сэтгүүлч, редактораар ажиллаж байсан. Сүүлийн 10 гаруй жил “Энержи ресурс” компанид Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанд ажиллаж байгаад, PR Consalting компани байгуулан уул уурхай, дэд бүтэц, эдийн засгийн чиглэлд амжилттай ажиллаж байна. Манай сонин Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойд зориулан түүний бичсэн нийтлэлийг толилуулж байна.

Монголд 28 жилийн хугацаанд хэрэгжсэн цорын ганц мега төсөл бол Оюутолгой гэж хэлэх хүмүүс байна. Үнэндээ бол мега гэж нэрлээгүй л болохоос Монголын анхны цогцоор нь хэрэгжүүлсэн мега төсөл бол Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт мөн. Энэ бол эрчим хүч, усан хангамж, баяжуулах фабрик, төмөр зам, дагалдах дэд бүтцийн байгууламжууд, хүний нийгмийн суурьшлыг цогцоор нь бий болгосон төсөл. Ийм системтэй, цогц бүтээн байгуулалтыг зэсийн орон Чилээс ч олж харахгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн түүх гэдэг бол Монголд шинэ цагийн аж үйлдвэрийн цогцолборыг амжилттай хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын түүх. Эрдэнэт бол уул уурхайн эдийн засагтай орон болоход монголчууд “хоосонгүй, бэлтгэгдсэн”-ийг нотолж, биднийг үнэ хүргэж байгаа төсөл юм. Жилдээ 400 гаруй тэрбум төгрөгийн татварын орлого улсынхаа төсөвт оруулж, зургаан мянган ажилтан, зуун мянган хүнтэй Эрдэнэт хотыг хангалттай аваад явчихдаг энэ үйлдвэрийн тухай сайн мэдээ хангалттай бий. Харин энэ удаад уул уурхайн эдийн засагтай орнуудын өмнө тулгарч эхэлсэн аюул болох хаягдсан хот буюу “Моногород” хотын аюул Эрдэнэтэд тулгарах уу гэсэн асуултыг сөхөцгөөе. Орос орон 75.7 их наяд америк долларын ашигт малтмалын нөөцтэй, дэлхийн нэг номерын тэргүүн баян орон. Байхгүй юмгүй, бүгд бий. Тэд ийм баян атлаа “Бидэнд тулгарсан бодит аюул бол өнчирч мартагдсан 319 хот, тосгон” гэж хэлэх болжээ. Төр засгийнхаа түвшинд 14 сая хүний хувь заяаг цаашид хэрхэх тухай Оросын мэдээллийн сувгууд дэс дараатайгаар мэдээлсээр байна. Ашиглалт дууссан энэ хотууд төрийн татаасаар гол зогоож байгаа. Энэхүү сөнөмөл эдийн засгаа “Моногород хотын аюул” гэж нэрлэдэг. Энэ аюул Канадад бас тулгарсан. Найман зуун хот, тосгон мөн л үхмэл байдалтай болжээ. Австраличууд одоо ашиглагдаж байгаа гурван мянган уурхай, түүнийг дагаж үүссэн суурин газруудын ирээдүйн хувь заяаг хэрхэх тухай ярьж эхлээд байна. Хятадаас бол ийм жишээ тоо тоймгүй олон гарч ирнэ. Тэгвэл 40 настай Эрдэнэтийн уурхай Эрдэнэт хотыг авч яваа гэж үзвэл нөөц нь барагдах цагт “Моногород” хотын хувь заяа ирэхгүй байгаа? Нөөц нь дуусч байгаа, хүнд байдалтай болж байна гэдэг ч үнэн чанартаа тийм биш байна. Эрдэнэт-Овоо ордын Баруун хойд хэсгийн уурхайн хил хязгаарыг өргөтгөх зураг төслийг хийж эхэлснээ үйлдвэрийн геологийн алба зарлажээ. Ингэснээр нөөцөө 526 сая тонноор, зэсийн баяжмал дахь зэсийн хэмжээг 1.7 сая тонноор нэмэгдүүлнэ гэж тооцоолж. Үүний үр дүнд 2056 он хүртэл үйлдвэр ажиллах хангалттай тэжээлтэй болно гэсэн үг. Шандын ордод нарийвчилсан судалгаа явуулж, зарим овоолгыг ашиглавал үйлдвэрийн насжилт 40 жилээр нэмэгдэх мэдээг албан ёсны сайтдаа тавьжээ. Үүний зэрэгцээ үйлдвэрийн 30-аад жилд хуримтлагдсан балансын бус хүдрийн овоолгыг түшиглэн хувийн хэвшлийнхэн дахин боловсруулалт хийж эхлээд байгаа юм. Өөр мэдээ юу байна гэж сөхлөө. Өрмийн хошуу ганцыг ч зоогоогүй байгаа Орхон Сэлэнгийн сав газрыг барууны хайгуулчид онилсон мэдээлэл бий. Булган, Завхан, Хөвсгөлд зэсийн томоохон ордууд байж болох анхны мэдээллүүд байна. 40 жилийн турш ажиллаж туршлагажсан, хүний нөөцийн том баг, орчин үеийн зах зээлийн өрсөлдөөнийг хангалттай даахуйц баяжуулах фабрик, тээх өндөр хүчин чадал бүхий төмөр замын дэд бүтэцтэй Эрдэнэтийг хөрөнгө оруулагчид хамтрагчаараа шууд сонгоно. Илүү зардал гарган хүн сургаж, үйлдвэр барихаа больсон, харилцан ашигтай хамтын ажиллагааг чухалчилдаг нээлттэй нийгэмд бид амьдарч байгаа нь туйлын сайн хэрэг! Эрдэнэтийн бас нэг чухал үнэ цэнэ бол төмөр зам. Энэ дэд бүтэц Эрдэнэт хотын ирээдүйн хувь заяанд үнэлж баршгүй нөлөөтэй. Эрдэнэт-Овоот чиглэлд 542 км төмөр зам барих шав тавьсан. Үүнийг Ази, Европыг холбосон эдийн засгийн коридорын үндэс боллоо гэж Монголын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байдаг. 30 сая тонн ачаа тээх хүчин чадал гэдэг бол уул уурхайн технологийн төмөр замд сайн үзүүлэлт. Эрдэнэт үйлдвэрийн ачаанаас энэхүү шинэ урсгал маш сайн үүрэлцэнэ. Хүн амын хөл хөдөлгөөн, ачаа тээврийн эргэлт Эрдэнэт хотыг тасралтгүй ажилсаг хот болгож хувиргана. Баялгийн засаглал судлаачид уул уурхайн салбарын эдийн засгийн үржүүлэгч нөлөөг аялал жуулчлалын салбартай эн тэнцүү тавьдаг. Өөрөөр хэлбэл, 1 уурхайчны ард 4-5, хөгжингүй орнуудад 7 хүртэл хүнийг ажлын байраар хангадаг гэж үздэг. Хэрвээ энэ тооцооллоор авч үзвэл Эрдэнэтэд гучин мянган хүн л байх ёстой атал зуун мянган хүнтэй, ажил амьдралтай хот болсон. Энэ бол Эрдэнэт үйлдвэр Эрдэнэт хотыг орчин үеийн хот төлөвлөлтийн зөв концепцоор хөгжүүлж байгаагийн илэрхийлэл. Хот том жижиг байх нь хамаагүй, мэдлэгийн, үйлчилгээний, шинжлэх ухаан технологийн гээд хүний хүчин зүйлээс хамааралтай цогц систем болгон хөгжүүлсэн гэсэн үг. Хөрөнгө оруулагчид хүний нийгмийн байгууллыг зөв зарчмаар бий болгосон бэлэн хамтрагчтай түншилнэ. Эндээс харвал, Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн төлөө бүтээн байгуулсан 40 жил Эрдэнэт хотыг “Моногород” хот болгохгүй хөрс суурийг баттай тавьж чадсан бөгөөд зуун жилийн настай мега хот болохуйц сайн дүр зураг харагдаж байна. Э.ЭНХЦЭЦЭГ

Эх сурвалж: “ТЭРГҮҮН” сониноос

Leave a Reply