МАНЖИД ДАГААР ОРСНЫ ХАРИУД БЭЛГЭНД ИРСЭН ХӨӨРӨГ

Цуглуулагч Х.Батбаатарт хадгалагдаж буй Манжийн хааны бэлэгний шар халтар манан хөөрөг

 

 

Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул Х.Батбаатар нутаг орныхоо тодорхой эзэн, түүхтэй хуучны эдлэлийн нэлээд цуглуулгатай. Тэдгээрийн дотор Манжид дагаар орсны дараа манай ноёдод бэлэг болгон ирүүлсэн хөөрөгний нэг болох дунд гарын шар халтар манан хөөрөг бий. Тухайн үед хөөрөг, хамрын тамхи монголчуудын хувьд түгээмэл соёл болоогүй, ялангуяа зах хязгаар нутгийнхан сураг дуулахаас барааг нь ч хараагүй байсан үе бололтой. Манжийн хаан зэрэг дэв, онцгой байдлын илэрхийлэл болгон Монголын өөрийг нь дагасан язгууртнууд, эрхтэн дархтануудад хөөрөг, ганс, өөрийн хурууны хээг дарсан шаазан лонхтой сархад зэргийг бэлэг болгон илгээсэн нь уг хөөргийг ихэд алдарших, нутгийн юм мэддэг хүмүүс үе дамжин үүх түүхийг нь ярилцахад хүргэсэн гэмээр байна. Засагт ханы ноёд ихэст бэлэг болгон ирүүлсэн Манжийн хааны хурууны хээтэй сархадны сав болох 9 ширхэг лонхны 7-г нь тухайн үеийн нутаг хошууны хамгийн том хүрээ хийд болох Усан Зүйлийн хүрээний гол тахилын сархадын сав болгон ашиглаж байсны нэг нь мөн л эртний эдлэл цуглуулагч Х.Батбаатарын удмынханд хадгалагдаж байна. Манайхнаас өргөсөн 9 цагааны хариуд Манжийн хаан хөөрөг, лонхтой сархад, ганс гэх мэтчилэн голдуу шил, чулуун эдээр хариу барьсан юм гэнэлээ гэж уг хөөрөгтэй холбоотойгоор нутгийн хөгшчүүд ярилцаж байсан тухай цуглуулагч Х.Батбаатар өгүүлж байгаагийн ул мөрөөр судлаачид хөөвөл мэдээ баримт олдож мэдэх, тэр нь хөөрөгний хэрэглээ Монголд яг хэдийнээс нэвтэрснийг нотлох магадлалтай санагдана. Тухайн үед зөвхөн Засагт хан аймгийн хэмжээнд гэхэд л дунд гарын 16 хөөрөг бэлгэнд ирсэн гэсэн аман мэдээ байна.

Хамрын тамхины хэрэглээ Европын орнуудад түгэхдээ эхлээд язгууртнуудын тансаг хэрэглээ, дараа нь бэл бэнчинтнүүдийн чамирхлын илэрхийлэл болож байгаад сүүлдээ нийтийн хэрэглээ болсон түүх Азийн орнууд, тэр дундаа монголчуудын тухайд давтагдсан нь эргэлзээгүй. Тэгэхээр Манжийн хааны тухайд өөрт нь дагаар орсон Халхын ноёдыг бусдаас онцгой харагдуулах бодлогоор үнэтэй чулуун хөөрөг, хамрын тамхи сэлтийг бэлгэнд ирүүлж байсан нь өнөө цагийнхан нийтээрээ хөөрөглөх ёс уугуул монгол соёл гэж эндүүрэхэд хүргэсэн нь тодорхой юм. Гэхдээ аливаад дасан зохицох, өөриймшүүлэхдээ гарамгай монголчууд хөөргийг үндэсний онцлогтой онцгой соёл болгон хөгжүүлж чадсан учраас өөрсөдтэйгээ холбоотой хэсгийг нь монгол соёл гэж хэлэх бүрэн эрхтэй.

Эх сурвалж: “ТЭРГҮҮН” сониноос

Leave a Reply