МАНЖИЙН БОДЛОГООР Монголд нутагшсан тамхины соёл

Монголчууд “Хүүхэн царайнаасаа, хөөрөг толгойноосоо” гэж хэлэлцдэг. Ямартай ч монголчууд хөөрөг гэдэг эдийг сайхны хэмжүүр болгосон нь тамхилах хөөрөглөх соёл ахуй амьдралд нь гүн бат шингэсний илэрхийлэл юм. Хэдий тийм ч хамрын тамхи харилцан солилцож мэнд мэдэх ёсон монголчуудын хэрэглээний уламжлалт соёл биш, харин хожуу үед нутагшсан соёл. “Тэргүүн” сонин танин мэдүүлэх зорилгынхоо хүрээнд хамрын тамхи хийгээд хөөрөгний талаархи сонин хачин, үнэн түүхийг хүргэж байна.

ХӨГШИН ЕВРОПЫН НАЙТААЛТ

Тив андуурч будилсан биш түүхэнд нэрээ мөнхлөх хувь хүртсэн Кристофер Колумбын баг “Шинэ ертөнц” рүү дахин аялахдаа сонин хачин мэдээ чимээ бүр олонтой ирсний нэг нь Бразилийн уугуул иргэд хамрын тамхи (snuff) гээчийг хэрэглэдэг тухай байв. Энэ тухай 1493 онд европчуудад анх сонордуулсан санваартан Рэймон Пейн гэгч Испанид тамхи авчирснаар хэдэн зуунаар үргэлжлэн яригдах урт түүх эхэлжээ. XVI зууны эхээр испанийн Casa de Contratación (House of Trade) Севиль хотод европын анхны тамхины үйлдвэр байгуулсан нь тус хотыг тамхины үйлдвэрлэл, худалдааны төв болгон хувиргав. Тамхины үйлдвэрүүд эхэндээ хотын хаа сайгүй замбараагүй ажиллаж байсныг XVIII зуунд эмхлэн хотын гадна гаргаж Эзэн хааны тамхины үйлдвэр гэж байгуулжээ.

Лиссабон, Португали дахь Францын элчин сайд Жан Нико толгой өвдөхийг намдаадаг гэж 1561 онд Францын хатан хаан Caterina de’ Medici-д хамрын тамхи нэг хайрцгийг илгээжээ. Катерина Медичид хамрын тамхины анагаах чанар нэн таалагдан байнгын хэрэглэгч болж, Herba Regina гэж нэрлэхийг зарлигласнаар Францын дээдсийн хүрээлэлд хамрын тамхи ихээхэн нэр хүндтэй хэрэглээ болж, Наполеон Бонапарт, Францын XIII Людовик хаан, лорд Нельсон, Мария Антуанетта, Сэмюэлл Жонсон гээд хамрын тамхинд дурлагсад түүхэнд олноороо үлджээ.

Орост бол Екатерина хатны үед нийслэл хотынхон нь хөгшин хөвөө, эр эмгүй хамрын тамхиар гангарах болж, Александр Пушкин петербургийн сайхан хатагтайд зориулан 1814 онд “«Красавице, которая нюхала табак» шүлгээ бичиж, өглөөний цэцэгсийн үнэрт дурладаг сайхан бүсгүй тамхины ургамал нунтаглаж зохиомлоор бий болгосон зүйлд татагдаж, хүмүүний дур сонирхол ямар хачирхалтай өөрчлөгдөж байгааг гайхширсан байдаг.

Ер нь бол хамрын тамхи 1650-иад он гэхэд Францаас Англи, Шотланд, Ирланд, улмаар бүх Европт тархаад зогссонгүй, явдал нь улам алсарч Япон, Хятад зэрэг Азийн орнууд, тэр бүү хэл Африкт хүртэл дэлгэрчээ. Товчхондоо “хөгшин” Европ энэ тал дээр лут хүчтэй найтаасан гэж болно. Хамрын тамхины үйлдвэрлэл ч Европт түргэн хөгжиж, Франц, Герман тамхи сайтай гэгдэж байв.

Гэхдээ тамхи дэлхий даяар ямар ч хориг саадгүй тархсан гэвэл худал болно. Францын XIII Людовик хамрын тамхины донтон байсан бол XV Людовик хааны ордонд тамхи хэрэглэхийг хориглож байв. Оросын патриарх 1634 онд хамрын тамхи татсан, зарсан, гэртээ хадгалсан хэнийг ч болов ташуурдаж, хамрынх нь нүхийг сэтэлж, бүр хамрыг нь тайрч, алс хол газар руу илгээх зэргээр шийтгэх үүрэг өгч байв. Харин агуу Петр хаан гадаадынханд тамхи, тамхины хэрэглэлээ оруулж ирэх, чөлөөтэй зарахыг зөвшөөрснөөр тамхи үнэртэх, татах явдал задгайрсан гэж судлаачид үздэг.

Ромын пап VIII Урбан тамхийг хориглосон шийдвэр гаргасан бол XIII Бенедикт пап түүний хоригийг цуцалж, өөрөө хамрын тамхины үнэнч хэрэглэгч болж, XVIII зуунд хамрын тамхи элитүүд жирийн хүмүүсээс ялгарах тансаг хэрэглээ болтлоо нэр хүндтэй болжээ. Өнөөдөр хамрын тамхинд тамхины бусад төрлөөс ялгаатай татвар, хориг ногдуулдаг улс орнууд бараг үгүй болж, хамрын тамхи ч хэрэглээ, нэр хүндээрээ онцгойрохоо больжээ.

Америкаас Европт хүрч ирсэн тамхины хэрэглээ Азид түгсэн түүх нь энгийн бөгөөд тодорхой байдаг. XVI зууны дунд болон сүүлийн хагаст португальчууд тамхийг усан замаар Хятадад авчирч нутагшуулсан, тэр нь тодорхой хугацаанд Азийн бусад орнуудад түгсэн нь хөдөлбөргүй үнэн юм. Манж Чин улсаас өмнө хятадууд тамхийг гаансаар татдаг байгаад хамрын тамхи, хөөрөг хэрэглэх соёл ихэс дээдсийн дунд Манжийн гүрний үед анх нэвтэрч, XVII зууны эцэс гэхэд хөөрөглөх нь нийгмийн дээд давхаргынхны зайлшгүй зан үйл болж хувирсан гэж үздэг. Харин XVIII зуун гэхэд хөөрөглөх ёсон нийгмийн бүхий л анги давхаргад хүрч, хүмүүс тамхиа солилцон мэнд мэддэг болжээ. Монголчуудын тухайд ч Манж Чин гүрний үеэс хамрын тамхи, хөөрөг хэрэглэж эхэлсэн түүхтэй.

МОНГОЛ ХӨӨРӨГ

Монголчууд хэдийгээр хамрын тамхитай хожуухан танилцсан ч өөрийн гэсэн тамхилах соёлыг бий болгож, хөөрөгний тусгай хийц бий болгожээ. Монгол хийцийн хөөрөг өндөр толгой болон өргөн улаараа манж хятад хөөрөгнөөс эн тэргүүнд эрс ялгарна. Хөөрөгний хэлбэр, толгой нь ямар, ухалт нь хэр, чулуу нь ямар бүтэцтэй, хэн гэдэг хүний хэрэглэж явсан ямар түүхтэй эд болох зэрэгт монголчууд ихээхэн ач холбогдол өгч, үнэлгээг нь тогтоох шалгуур болгодог. Чулууны хувьд барын нүд зэрэг хувилгаан өнгөтэй чулуунууд их үнэтэйд тоооцогдоно. Цав цагаан хаш, хар алаг мана ихэд үнэлэгдэнэ. Хуучны цагт хар алаг манан хөөрөг азрага адуугаар үнэлэгдэж “Хар алаг мана хадам ааваас үнэтэй” гэсэн хэлц үг хүртэл бий болсон гэдэг.

Түүхийн хувьд Монголд Манлай баатар Дамдинсүрэнгийн хар хаш (зарим нь чулуужсан мод гэдэг), Сайн ноён хан Намнансүрэнгийн чүнчигноров, улсын заан Тулгаагийн Архангайгаас авсан манан хөөрөг, “Мон уран”-ы Б.Наранхүүгийн найман морины сийлбэртэй манан хөөрөг, цуглуулагч Н.Жанцангийн халтар манан хөөрөг, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, “Макс” Д.Ганбаатар, түүний ах Д.Цэрэнжигмэд, Эрдэнэтийн Отгонбилэг агсан нарын улаан шүрэн хөөрөгнүүд зэрэг хөөрөг сонирхогчид мэддэг үнэлдэг, заримынх нь үүх түүх нэлээд баттай тодорхой хөөрөгнүүд байдаг байна. Мөн хөөрөгний баялаг цуглуулгатай хүмүүс олон болжээ.

Социализмын үед монголчууд хөөрөг сонирхохоо больж, зөвхөн эд мэддэг хүмүүсийн хүрээнд үнэтэй сайн хөөрөгний наймаа эргэлдэж байв. Гэтэл 1990-ээд оноос монголчууд үндэсний гэсэн бүхнээ эргүүлэн сэргээхэд хөөрөгний олдмол соёл ч түүний тоонд орж, хүн болгон шахам хөөрөгтэй болохыг эрмэлзэх болсноос хуучны хөөрөгнүүд улам үнэтэй болжээ. Үүнийг дагаад худал түүх зохиох, дуурайлган хийж зарах, хуурамч хөөрөг үйлдвэрлэн зарах зэрэг сөрөг үзэгдлүүд хавтгайрсан байна. Нөгөө талдаа монгол хөөрөгний үйлдвэрлэл шинэ шатанд гарч, ур хийц, чанар сайтай шинэ үеийн хөөрөгнүүд олон болсон, дэлхийн өнцөг булан бүрээс сайн чанарын чулуу авчирч хөөрөг хийдэг болсон, ирэээдүйд үнэ хүрэх нь ойлгомжтой тодорхой эзэнтэй, тодорхой түүхтэй хөөрөгнүүд бий болсон зэрэг сайн тал ч бас байна. Тухайлбал, УИХ-ын дарга байсан Р.Гончигдоржийн 1990-ээд оны эхээр хийлгэсэн их гарын цагаан хаш хөөрөг тухайн үедээ 4-5 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан бол одоо лавтайяа 200 сая төгрөгөөс доошгүй үнэтэй гэж хөөрөг мэддэг хүмүүс хэлэлцдэг гэнэ.

Эх сурвалж: “ТЭРГҮҮН” сониноос

Leave a Reply