Пянз тоглуулагчтай болъё гэвэл PC mall-д оч, пянз солилцъё гэвэл “Гэрэлт гудамж”-ийг зорь

ПЯНЗ ЯАГААД СОНСОХ ЁСТОЙ ВЭ?

Пянз бидний хэрэглээнээс хасагдаж, сайхан дурсамж төдий зүйл болон үлдсэн мэт сэтгэгдэл төрөх болсон нь саяхны түүх. Гэтэл цагийн шалгуур даасан сайн зүйл өөрийгөө заавал эргэн сануулдгийг хүн төрөлхтөнд ухааруулж, сүүлийн жилүүдэд пянз эргэн моодонд орлоо. Пянзны үйлдвэрлэл сэргэлээ. Пянз тоглуулагчийн үйлдвэрлэл, борлуулалт нэмэгдлээ. Дэлхийн од болсон дуучид CD-нээс гадна пянз сонсогчдод зориулан эртний сайхан цаг шиг альбом гаргаж эхэллээ. Үүнтэй холбогдуулан “Тэргүүн” сонин танин мэдэхүйн нийтлэлээ толилуулж байна. Пянз бол XIX зууны эцсээс XX зууны эцэс хүртэл нэгэн зууны турш хөгжим сонирхогч, сонсогчдын хувьд хамгийн чанартай дуугаралтыг хамгийн энгийнээр сонсох цорын ганц эх сурвалж байв. Энэхүү “зууны манлай” маань түрхэн зуур мартагдаад эргэн сэргэж байгаагийн цаана дор хаяж гурван шалтгаан байгаа гэж хэлж болно. Пянзны дуугаралт илүү амьд: Пянз болон CD сонсохын гол ялгаа нь тухайн дууг хэрхэн эргэн сэргээж буй технологитой холбоотой. Тоон систем дуу авиаг алгоритм болгон хувиргадаг. Өөрөөр хэлбэл амьд бус дуугаралттай. Харин винил буюу пянзнаас огт өөр, жинхэнэ амьд дуугаралтыг мэдэрч болно гэж хөгжмийн хорхойтнууд зөвлөж байна. Зарим нь энэ хоёрын аль алинд нь давуу тал, бас сул тал байдаг учраас пянз бол огт өөр дуугаралт болохоос илүү сайн дуугаралт биш гэж үздэг. Багтаамж ихтэй тоон формат илүү өргөн диапазоноор дуугарч чадна, мөн бичлэгийг сэргээн сонсгохдоо алдаа гаргадаггүй гэж тэд нотлохыг хичээдэг. Гэвч “Sample rate хэр их байх нь чухал биш. Аналог бичлэгийн дуу авиа болгоныг кодлох боломжгүй” гэж тоон болон аналог бичлэгийн ялгааг Wired сэтгүүлийн Eliot Van Buskirk тайлбарласан нь энэхүү маргааныг эцэслэж байна. Энгийн үгээр бол пянзны дуугаралт буюу аналог бичлэгийг тасралтгүй үргэлжлэх долгион, харин тоон дохиог хичнээн нягт бичилттэй ч тодорхой хязгаарт баригдсан цэгүүдийн нэгдэл гэж хэлж болох юм. Пянзанд дурлагсад түүний дуугаралтыг илүү амьд, зөөлөн, сэтгэлд дотно гэж тодорхойлдог. Гэхдээ энэ бол дурлагсдын тодорхойлолт болохоос мэргэжлийн хүмүүсийн үнэлгээ биш гэдгийг дашрамд дурдъя. Гэхдээ уншигч та ганц удаад ч болов намуун орчинд төвлөрч байгаад пянзны дуугаралтыг чин сэтгэлээсээ сонсоод үзээрэй. Огт өөр сэтгэгдэл төрөх вий. Пянз бол үнэ цэнийн илэрхийлэл: Пянз сонсох нь хүнийг урлаг сонирхогчийн хувьд үнэ цэнэтэй болгодог. Дурын төхөөрөмж дээр ямар ч хамаагүй түвшний бичлэгтэй, хулгайн бичлэг эсэх нь тодорхойгүй дуу хөгжим сонсох нь түм түжигнэж, бум бужигнасан олны хөл ихтэй газар зөвхөн өл дарахын тулд ямар ч хамаагүй хоол амруугаа чихэхтэй агаар нэг хямдхан үйлдэл. Харин пянз сонсох бол зүгээр нэг хөгжим сонсох явдал биш. Та play товч дараад л болчихгүй, бүхэл бүтэн ёслол мэт үйлдэл хийнэ. Тоглуулагчийнхаа тоосыг арчиж цэвэрлэнэ, пянзаа гэрнээс нь гаргана, тоглуулагчдаа хийнэ, зүүг нь тохируулна гээд үйлдэл болгоноосоо таашаал авч болно. Энэ бүхний эцэст зөөлөн цэвэрхэн аялгууг зүрх сэтгэлээрээ мэдрэн сонсох шиг гайхамшиг үгүй. Дээр нь үнэтэй, чанартай тоглуулагч, бусад аудио бичлэгээс илүү үнэтэй пянз хэрэглэж байгаа хүнд хүссэн ч эс хүссэн ч цуглуулагчийн хорхой бий болж, дуу хөгжмийн ертөнцийн талаархи мэдлэг тэлдэг. Өөрөөр хэлбэл пянз таны үнэ цэнийн илэрхийлэл болдог. Ялангуяа ховор, үнэтэй пянзны цуглуулгатай хүн бол хэзээ ч алдагдалд орохгүй найдвартай хөрөнгөтэй гэсэн үг. Хөгжмийг жинхэнээр нь мэдрүүлнэ: Аналог хөгжим сонгосон сонсогч дуртай үедээ зогсоож, эргүүлж энд тэндээс нь тавиад байдаггүй. Дуу аялгууг эхнээс нь дуустал тасралтгүй сонсоход анхаарал илүү төвлөрч, илүү их таашаал хүртдэг нь бараг зүй тогтол гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл хөгжмийг жинхэнэ утгаар нь мэдрэхийг хүссэн хүн л пянз сонсдог. МООД МОНГОЛООР ДУУСДАГГҮЙ “Моод Монголоор дуусдаг” гэж нэгэн хэлц үг байдаг. Гэхдээ энэ үг Монголын пянз сонирхогчдод хамаагүй гэж хэлж болно. Пянзны хэрэглээ мартагдаад байсан он жилүүдэд ч Монголын пянзны хорхойтнууд хоорондоо мэдээлэл солилцож, хуучны пянз тоглуулагч дээрээ дуртай дуугаа сонссоор байсан билээ. Дэлхий дахинд пянзны шинэ эрин эхэлснээс хойш тэд маань бүр ч идэвхжиж, байнга уулзаж, пянз болоод мэдээлэл мэдлэгээ солилцдог болжээ. Тэд фэйсбүүкт “Пянз сонирхогчид”, “Пянз цуглуулагчдын клуб” зэрэг нээлттэй групп ажиллуулдаг. “Пянз цуглуулагчдын клуб”- ыг олны танил шог зураач С.Цогтбаяр 2016 онд нээсэн бөгөөд анхны бичвэртээ “Дэлхий нийтээрээ аналоги дуугаралт пянзны эрин үе эргэж ирж буйг хүлээн зөвшөөрч, цуглуулагчид мянга түмээрээ нэмэгдэн, энэ төрлийн бизнесс сүүлийн жилүүдэд 40-50 хувийн өсөлттэй байгаа энэ цаг үед Монголчууд бид ч хөл нийлүүлэн алхах нь зүй ёсны хэрэг. Манай группын гишүүн байхын тулд заавал пянз цуглуулдаг байх албагүй бөгөөд зүгээр хөгжимд дуртай байхад л хангалттай. Группын дүрэм журам ерөнхийдөө бусад групптэй ижил төстэй эгэл энгийн бөгөөд пянз болон хөгжимтэй холбоотой танин мэдэхүйн болоод зарын чанартай постууд тавьж болно. Пянз болоод түүнийг тойрсон элдэв танин мэдэхүйн мэдээлэл, зөвлөгөө, зарын чанартай постууд ихэвчлэн хийгдэж тэр хэрээрээ хотын соёлын нэг хэсэг болсон орчин үеийн хөгжмийн урлагийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж пянз сонирхогч цуглуулагчдын хүрээг улам өргөтгөх тэлэхэд нөлөө үзүүлэх нь бидний үндсэн зорилго билээ.Мөн энэ төрлийн бизнесс эрхлэгчдийг дэмжиж хамтран ажиллах, пянзны цуглуулгаа баяжуулж арвижуулан солилцох, худалдах, худалдан авах хамгийн том талбар болно гэж найдаж байна. Аялгуу хөгжмийн агуу их далай тэнгист хамтдаа аялцгаая” гэсэн байдаг. С.Цогтбаяр “Бүх нийтийг пянзжуулах аян” нэртэй хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байна. Монголд пянз сонирхогч, цуглуулагч олон хүн байдгаас улстөрч Э.Бат-Үүл, зохиолч сэтгүүлч Д.Төрмөнх, “Дунд гол”-ын Б.Батболд, Д.Уртнасан гээд олон хүнийг нэрлэж болно. Тэдний нэг болох Э.Жамбачойндонгийн санаачлагаар нийслэлийн Сөүлийн (Гэрэлт гудамж) гудамжин дахь “Vinyl Music Lounge”-нд долоо хоног бүрийн бямба гарагийн 11.00- 14.00 цагийн хооронд “Пянз солилцооны өдөр”-ийг саяхнаас эхлэн зохион байгуулдаг болжээ. Энэ арга хэмжээнд оролцогсод мэдлэг, мэдээллээ хуваалцахаас гадна, пянз худалдан авч, солилцож, шинээр авах пянзаа тоглуулж шалгаж байж авах боломжтой аж. Харин пянз тоглуулагчтай болъё гэсэн хүнд PV Mall дэлгүүрт орчин үеийн пянз тоглуулагч зарж байгааг толилуулъя.

Teac Брэндийн бүгдийг нэг дор багтаасан All in One загвар бөгөөд CD, Пянз, FM тоглуулах боломжтой юм.
• Bluetooth холболтоор бүх
төрлийн төхөөрөмжтэй
холбогдоно.
• Спикерийн чадал – 10W + 10W
• USB оролтоор MP3/WMA
тоглуулна
• CD тоглуулагч MP3/WMA
• Пянзны эргэлтийн 33 , 45, 78
гэсэн хурдны тохиргоотой
• Ерөнхий хэмжээ-400 × 206 ×
386 mm
• Пянз тоглож дууссаны дараа
автоматаар буцдаг
• Жин-6,6 кг

• Full-Automatic Operation
• Dual-Layered Chassis with 4 mmThick
Metal Plate
• Low Center of Gravity
• Built-in Phono Equalizer

• Өндөр чанартай Bluetooth® aptX®
wireless аудио дамжуулна.
• 3 төрлийн хурдны эргэх тохиргоотой
(including 78rpm)
• Fitted audio-technica MM-type бүхий
пянз уншиг зүүтэй (AT95E) ~
• Phono EQ бүхий дууны шүүлтүүртэй
• 16-bit/48kHz USB-ээр компьютер
луу хуулах боломжтой

ПЯНЗНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ, БОРЛУУЛАЛТ НЭМЭГДЭЖ БАЙНА

Пянз хэзээ ч хэрэглээнээс хасагдахгүй гэсэн итгэлийг XXI зууны эхний хорь шахам жилийн үйл явц нотолж байна. RIAA-ийн мэдээллээр бол дэлхийн зах зээл дээрх пянзны борлуулалтын хэмжээ 2005 оноос хойш тогтвортой нэмэгдэж байна. Онолчид энэ үзэгдлийг хүмүүс илүү “баялаг”, “амьдлаг” хөгжим сонсох хүсэлтэй болсон, мөн тоон ертөнцийг ухамсартайгаар эсэргүүцэж байгаатай холбон тайлбарлаж байна. Зөвхөн Discogs захын 2017 оны тоон үзүүлэлтийг харахад л тэднийх 2016 онд 6.6 сая, 2017 онд 7.9 сая ширхэг пянз борлуулж, 18.8 хувийн өсөлттэй байна. 2017 оны хамгийн үнэтэй зарагдсан пянз гэвэл Beatles-ийн “Love Me Do” гэнэ. Энэ пянз хар зах дээр 14757 америк доллараар зарагдсан байна. США. Sex Pistols-ын “God Save The Queen”-ийг арай хямд буюу 14690 доллараар заржээ. Сонирхолтой нь Pink Floyd, The Beatles, Led Zeppelin, Fleetwood Mac, Radiohead гэхчлэн Английн дуучид, хамтлагийн пянз өнгөрсөн онд онцгой борлуулалттай байжээ. Америкийн дуу бичлэгийн компаниудын ассоциац(RIAA) 20178 онд америкчууд пянз болон CD худалдан авахад 1.5 тэрбум, mp3 болон бусад форматаар дуу бичлэг татаж авахад 1.3 тэрбум доллар зарсан байна, тэгэхдээ CD-ний борлуулалт алгуурхан буурч, пянзных болохоор 10 хувь өссөн гэж мэдээлж байна.

Эх сурвалж: “ТЭРГҮҮН” сониноос

Leave a Reply