ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА

2001 онд байгуулагдсан засгийн газар хоорондын олон улсын байгууллага болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) нь гишүүн 8 (Казахстан, Кыргыз, Орос, Пакистан, Тажикистан, Узбекистан, Хятад, Энэтхэг), ажиглагч 4 (Афганистан, Беларусь, Иран, Монгол), яриа хэлэлцээний түнш 6 (Азербайжан, Армян, Балба, Камбож, Турк, Шри-Ланка), дээд түвшний уулзалтын зочин 6 (АНУ, АСЕАН, ЕАЭЗХ, НҮБ, Туркмен, ТУХН), ажиглагч болохоор өргөдлөө өгсөн 4 (Бангладеш, Египет, Израиль, Сири), нийт 28 улс, субъектыг хамарч байна.
2002 онд батлагдсан ШХАБ-ын Дүрмийн 6 дугаар зүйл зааснаар шийдвэрийг гишүүн орнуудын нийтийн тохиролцоогоорбуюу консенсусаар гаргадаг.
ШХАБ-ын Дүрэмд зааснаар энэ байгууллагын үндсэн зорилго нь гишүүн улсуудын хооронд итгэлцэл, найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх; бүс нутагт энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэх; терроризм, сепаратизм, экстремизм болон хар тамхи, зэвсгийн хууль бус эргэлттэй тэмцэх; улс төр, худалдаа-эдийн засаг, батлан хамгаалах, хүрээлэн буй орчныг хамгаалах, соёл, шинжлэх ухаан-технологи, боловсрол, эрчим хүч, тээвэр, зээл санхүү болон бусад салбарт бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжихэд оршино.
2015 онд баталсан “ШХАБ-ыг 2025 он хүртэл хөгжүүлэх стратеги”-д тодорхойлсноор ШХАБ дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна:

  • Улс төрийн харилцан ажиллагаа. Гишүүн орнуудын харилцан итгэлцэл, сайн хөршийн харилцаа, улс төрийн яриа хэлэлцээг бэхжүүлэх зорилгоор жил бүр төр, засгийн тэргүүн, гадаадхэргийн сайд нар уулзан тунхаг, мэдэгдэл, хамтарсан коммюнике, хэвлэлийн мэдээ гаргадаг.
  • Аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаа. Бүс нутгийн хэмжээнд терроризм, сепаратизм, экстремизмтэй тэмцэх нь ШХАБ-ын анхны гол чиглэл байсан бөгөөд 2001 онд Терроризм, сепаратизм, экстремизмтэй тэмцэх тухай Шанхайн конвенц байгуулсан. Эдүгээ бүс нутгийн аюулгүй байдлыг хангах талаар хамтран ажиллах зорилгоор 2004 онд Мансууруулах бодис хууль бусаар худалдаалахтай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр, 2005 онд Гамшгийн үед харилцан туслах хэлэлцээр, 2006 онд Террорист, сепаратист, экстремист ажиллагаатай холбогдсон этгээдийг илрүүлж нэвтрүүлэхгүй байх талаар хамтран ажиллах хэлэлцээр, 2007 онд Гаалийн хэргийн талаар хамтран ажиллах, харилцан туслах хэлэлцээр, 2008 онд Буу зэвсэг, дэлбэрэх зүйл хууль бусаар худалдаалахтай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр, 2009 онд Терроризмын эсрэг ШХАБ-ын конвенц, Олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр, 2010 онд Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр, 2015 онд Хилийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан, Ташкентад Терроризмын эсрэг бүсийн бүтэц ажиллаж байна, батлан хамгаалах, онцгой байдлын сайд, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын удирдлага тогтмол уулздаг.
  • Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа. 2003 онд Худалдаа, эдийн засгийн олон талт хамтын ажиллагааны хөтөлбөр, 2010 онд Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хэлэлцээр, 2014 онд Олон улсын авто тээвэрт таатай нөхцөл бүрдүүлэх хэлэлцээр, 2016 онд Аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хөтөлбөр, “ШХАБ-ыг 2025 он хүртэл хөгжүүлэх стратеги”-ийг 2016-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг байгуулсан бөгөөд жил бүр эдийн засаг, тээврийн сайд нар болон Эрчим хүчний клуб уулздаг, мөн засгийн газар хоорондын бус Ажил хэргийн зөвлөл, Банк хоорондын холбоо ажиллаж байна. Цаашид ШХАБ-ын Банк, Хөгжлийн сан, чөлөөт худалдааны бүс, худалдааг хялбарчлах хэлэлцээр, зам хөгжүүлэх хөтөлбөр, тээврийн коридоруудыг байгуулж, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, төслүүдийг санхүүжүүлэх механизмыг бүрдүүлэх талаар яриа хэлэлцээ явагдаж байна.
  • Соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа. 2006 онд боловсролын салбарт, 2007 онд соёлын салбарт, 2013 онд шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрүүдийг байгуулсан бөгөөд соёл, боловсрол, эрүүл мэндийн сайд нар уулздаг, ШХАБ-ын Их сургууль, ШХАБ-ын Форум ажиллаж байна.
  • Олон улсын хамтын ажиллагаа. ШХАБ нь НҮБ, ТУХН, АСЕАН, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, Олон улсын улаан загалмайн хороо, Евразийн эдийн засгийн холбоо, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагатай хамтран ажилладаг.

ШХАБ-ыг анх байгуулагдсан үеэс нь цэрэг-улс төрийн эвсэл болох нь гэсэн болгоомжлол олон улсад байсан. 2015 онд “ШХАБ-ыг 2025 он хүртэл хөгжүүлэх стратеги” батлагдаж, 2017 онд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн, барууны орнуудтай найрсаг харилцаатай Энэтхэг ШХАБ-д гишүүнээр элссэнээр энэ болгоомжлол үндсэндээ арилсан гэж судлаачид үзэж байна. Уг стратегид тодорхойлсноор ШХАБ-ыг улс орнуудаас илүү эрх мэдэл бүхий цэрэг-улс төрийн эвсэл буюу эдийн засгийн интеграцын бүлэглэл болгохгүй ажээ. Евразийн бүс нутагт 2003 онд байгуулагдсан “Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага” гэж Армян, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ, Тажикистан оролцсон цэрэг-улс төрийн эвсэл байгаа юм.
ШХАБ-ын Дүрмийн 2 дугаар зүйлд зааснаар ШХАБ нь бусад улс, олон улсын байгууллагын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа, тэр тусмаа цэргийн үйл ажиллагаа явуулахгүй. ШХАБ-ын цэрэг, аюулгүй байдлын хамтын ажиллагаа нь бүс нутагтаа терроризм, сепаратизм, экстремизм болон хар тамхи, зэвсгийн хууль бус эргэлттэй тэмцэхэд чиглэж байна. ШХАБ 2011-2015 онд бүс нутагт төлөвлөж байсан 20 гаруй террорист халдлагыг таслан зогсоож, терроризмтой холбоотой 650 гэмт хэргийг илрүүлж, 440 террорист төвийг устгаж, террорист бүлэглэлийн 1700 гаруй гишүүнийг илрүүлэн саармагжуулсан гэж НҮБ-аас мэдээлсэн байна.
ШХАБ нь НҮБ-ын Ерөнхий ассамблейд ажиглагчийн статустай бөгөөд НҮБ-тай хамтарсан тунхаг байгууланхамтран ажиллаж байна. Европарламент 2015 онд ШХАБ-тай хүний аюулгүй байдал, хилийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах дүгнэлт гаргасан.

Leave a Reply