Санхүүгийн харилцаандаа нийтийн Wi-Fi сүлжээ битгий ашиглаарай

Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэвшилтэт технологид суурилан явуулах нь орон зай, цаг хугацааны хамаарлыг бууруулж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх давуу талтай.

Гэвч хэрэглэгч, үйлчилгээ үзүүлэгчийн аюулгүй байдлыг хангах нь чухал. Сүүлийн үед Wi-Fi сүлжээгээр иргэдийн санхүүгийн мэдээлэл алдагдах тохиолдол цөөнгүй гарч буйг СЗХ-ны мэргэжилтнүүд анхаарууллаа. Ялангуяа нийтийн, үнэгүй Wi-Fi сүлжээ ашигласан хэрэглэгчдийн дансны нууцлал алдагдах тохиолдол хэд хэдэн удаа гарчээ.

Финтек буюу технологид суурилсан санхүүгийн үйлчилгээний програм хангамж олноор нэвтэрч буй энэ үед тэдгээр програм, аппликэйшнүүдийг болгоомжтой ашиглах, нийтийн сүлжээг аль болох ашиглалгүй, VPN холболт, эсвэл гар утасны интернет ашиглаж байхыг зөвлөлөө.

Сайтар судлаагүй, таньж мэдэхгүй санхүүгийн аппликэйшнийг баталгаагүй, үл мэдэгдэх эх үүсвэрээс татаж авахгүй байх, ухаалаг төхөөрөмжийнхөө үйлдлийн системийн шинэчлэлтүүдийг цаг тухайд нь тогтмол хийж хэвших, сүлжээний халдлага болон вирусээс хамгаалах програм хангамжийг байнга ашиглах нь иргэдийн санхүүгийн аюулгүй байдалд ач холбогдолтой.

Түүнчлэн, тодорхойгүй цахим хаяг, ухуулгын буюу спам шуудан руу орохоос татгалзаж, гар утас болон бусад төхөөрөмжөө өөр хүнд үр хэрэглүүлэх, бэлэглэх, худалдах тохиолдолд хувийн мэдээллээ ЗААВАЛ устгах шаардлагатай.

Мөн, үйлчлүүлдэг санхүүгийн байгууллагаас тань таны дансны болон нууцлалын мэдээллийг асуусан дуудлага ирвэл магадлахын зэрэгцээ утсаар болон мессэж, мэйлээр мэдээллээ өгч болохгүй. Учир нь банк болон санхүүгийн нэр барьж, хуурамч дүр эсгэн, таны мэдээллийг хулгайлах оролдлого ч цөөнгүй гарч байна.

Эх сурвалж: gogo.mn

Leave a Reply