Д.Сүхбаатарын талбайд Их Британийн Парламентийн ордныг мөсөөр урлаж, байршууллаа

Монгол Улс, Их Британи Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буй юм. Ойг тэмдэглэх хүрээнд Их Британи Улсын Элчин сайдын яамны захиалгаар хоёр улсын дипломат харилцааны бэлэг тэмдэг болох Британийн Парламентийн ордон болон Битлз хамтлагийн хөшөөг мөсөөр урлан Д.Сүхбаатарын талбайд байршуулсан байна. Тус мөсөн баримлыг Улаанбаатар хотод албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Их Британи Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Катрин Арнолд болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Элчин сайд Катрин Арнолд ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Манай хоёр орон, ард түмэн олон салбарт хамтран ажилладаг. Энхийг хамгаалахаас авахуулаад соёл, боловсрол зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна. Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн баярыг хүргэе. Бидний харилцаа улам өргөжин тэлэх болтугай” хэмээн тодотгож байв.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нээлтийн ажиллагааг өвөрмөцөөр хийж байгаа Их Британийн Элчин сайдын яамныханд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархснаа илэрхийлье” хэмээлээ.

“Монгол Улс 1963 онд барууны улс орнуудаас хамгийн анх Их Британи улстай дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй. Энэ жил түүхт ой тохиож байна. Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар, Лондон хотуудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байгаад бид баяртай байна” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ онцлов.

Тус мөсөн баримлыг Их Британийн Элчин сайдын яамны захиалгаар уран барималч Ц.Батмөнх уралсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply