Сур эдлэлд мэргэшсэн уламжлагч

Сураар эмээлийн эдлэл, тэмээний тохмын хэрэгсэл, үхрийн эвэрлэг, ногт зэргийг хийдэг.

Монгол үндэстний нүүдлийн соёл иргэншлийн цаг үеэс уламжлагдаж ирсэн сур эдлэл цаг хугацааны болон улирал, нийгэм соёлын хөгжлийг даган монголчуудын үйлдвэрлэл, амьдралаас холдсоор байгаа нь харамсалтай. Гэхдээ энэхүү уламжлалт сур эдлэлийн соёлыг өвлөн залгамжилж, уламжлан дэлгэрүүлж яваа хүн бас олон олон байгаа гэдгийг хэлэхэд мөн урамтай. Ийнхүү Өвөр Монголын орны зэрэглэлийн Биет бус соёлын өвийн уламжлагч, Шулуун Хөвөөт Цагаан хошууны Ихнуур сумын Цагаан-Уул багийн уугуул, “Цэцийн гол сурын соёлын нийгэмлэг”-ийн дарга, малчин Лхасүрэнг сурвалжилсан юм.

Үхэр, адуу, тэмээний шинэхэн, нойтон арьсны үсийг нь хусаад, өргөний хэмжээг нь хэрэглэх шаардлагадаа тохируулан зүсэж, архи нэрсэн айрагны цагаанд 21 хоног идээлнэ. Ингэж идээлсэн арьсаа сүүдэр газар өлгөж хатаасны дараа элдэж зөөлрүүлээд шөлөн тосоор тосолдог байна. Үүнийг сур гэнэ. Харин будагтай сурыг бол идээлсэн арьсаа хатаахаас өмнө будаг оруулна. Хар, хөх, ногоон, шар, хүрэн өнгөтэй сур байдаг боловч улаан өнгөөр будахыг цээрлэдэг. Будаг оруулахдаа хар өнгө бол тогооны хөөгөөр будаж, бусад өнгийг эрхбиш шороон будгаар буддаг байна.

Сур эдлэл маш нарийн дүрэм горимтой бөгөөд тамах, мушгих, сүлжих, гүрэх, сийлэх, уях зэргийн маш олон зүйлийн арга хэлбэрээр бүтээдэг. Уран гойд хэлбэр дүрс бүхий сур эдлэлийг урлахад өндөр түвшний мэргэжил шаарддаг бөгөөд олон зуун жил үе дамжин уламжлагдан өнөө цагт ирснээр үндэстний соёлын нэгэн төрлийн бүрэлдэхүүн болсон байна.

Аавынхаа ажилд хамжингаа суран эдлэл хийх ур дэмийг нь харж, сурч явсан Лхасүрэн 17 наснаасаа сур эдлэл хийж чаддаг болжээ. Тэрээр уламжлал соёлоор суурь болгож, мэдлэг чадвараа өргөжүүлэн тэлж, өөрийн хэрэглээнээс гадна, өөр бусдын эрэлт хэрэгцээ, зах зээлийн шаардлагад зохицуулан эмээлийн ганзага, гогцоо, жирим, ногт, хазаар, чөдөр, тушаа, дөрөөн сур зэрэг сур эдлэлийг уран нарийн хийдгээрээ хүн арддаа танигдсан байна.

– Сур эдлэл хийхэд юуны өмнө “сур”-аа сайхан хийх хэрэгтэй. Сураа чанарлаг сайн хийчихвэл юу ч хийсэн мэргэжил чадвар чинь байдаг л юм бол зовох юмгүй гэж Лхасүрэн ярьсан юм.

Үхрийн арьсаар сур хийдэг. Үхрийн арьсыг өвчихдөө эсгэж огтлохоос онцгой болгоомжлон, хавирган талын хэсгийг нударгадан гаргавал сур хийхэд чанартай байдаг. Өвчихдөө шар мах дагуулахгүй байх хэрэгтэй бөгөөд арьсыг нойтон байхад нь хусах ёстой. Хусахдаа үсний хөрсийг арьсанд үлдээж болохгүй. Хэрвээ үсний хөрс нь арьсандаа үлдвэл сурны чанарт нөлөөлж, хийж гаргасан сур нь хатуу бөгөөд амархан тасардаг байна. Арьсны үсийг нь хуссан даруйдаа сур болгон зүснэ. Арьсыг голоор нь шулуун хоёр хэсэг болгон зүсэж, тал бүрээс нь 10 зоо сур, 1 дөрөөн сур, 5 чив сур гардаг. Ингээд нэг үхрийн арьснаас 32 сур гардаг байна. Арьсаа сур болгож зүссэний дараа усанд 3-7 хоног дэвтээх ба өдөр бүр усыг нь солин долоо хоног дэвтээсний дараа сүүдэр газар дэлгэж, урь идүүлнэ.

Сур идээлэхдээ цагаа, цагаан давс зэргийг хольж идээлэх бөгөөд өдөр бүр хутгаж эргүүлж, ус орохыг онцгой цээрлэнэ. Нямбай идээлсэн сур зөөлөн бөгөөд эдэлж хэрэглэхэд бөх бат, ус бороонд дэвтэж тасрахгүй сайн сур болдог. Идээлсэн сураа 21 хоног дэвтээсний дараа цагаанаас нь гарган авч, сүүдэр газарт дутуу хатаагаад элдэнэ. Элдэж зөөлрүүлэхдээ хүнд чулуунаас уяж дүүжлээд багана модоор 2000 гаруй удаа дарж мушгиралдуулбал сурны чийг нь гарч элдэншинэ. Элдсэн сураа шөлний тосоор тосолж дахин багана модоор 500 удаа дарвал тос нь шингэн зөөлөрч, чанар сайтай сур болдог.

Эмээлд 18 төрлийн сур бүтээгдэхүүн байдаг. Тодруулбал, жиримд гурван төрөл бий. Дөрвөөр гүрсэн жирим, дөрвөөр гүрсэн нүхтэй жирим гэх зэрэг. Сүүлийн үед наймаар гүрсэн нүхтэй жирим гэж гарсан. Хазааранд давхар сур хазаар, гүрмэл хазаар, жолоо цулбууртай хазаар, хөтлөө болон загасан нуруутай хазаар гэж байдаг. Ногтонд задгай эрэвчтэй адуучин ногт, савхтай ногт, тамсан эрэвчтэй ногт, толгойг нь гүрж гаргасан ногт, давхар эрэвчтэй ногт гэж байдаг. Чөдөрт гурамсан чөдөр, хоймсон чөдөр, хөөцөлдсөн алгатай чөдөр, гав чөдөр гэж байдаг.

– Манайх сур эдлэл, эмээл хийх мэргэжлийн дөрвөн үеийн уламжлагч. Мөн сур эдлэлд сонирхолтой, бас авьяастай ачийгаа хараад байхад таван үеийн уламжлалтай болох ч магадгүй. Өвөг аав минь гүрэнд нэргүй ч Гүл Цагаан хошуундаа алдартай сур эдлэл, эмээл хазаар ганган хийж урладаг дархан Дандаржамц гэгч Цахарын Хөвөөт Цагаан хошууны Дөрөвдүгээр сумын хүн байжээ. Аав минь Рашдоноров гэгч мөн эмээл хийх гарын уртай хүн байсан. Аав маань дээдийн үеэс залгамжилсан сур эдлэл, эмээл хийх ур мэргэжлээ үр хойчдоо уламжлан үлдээх гэж чармайж зүтгэж явсны дүнд өнөөдөр миний бие нутаг ус, хавь төсөр, хөрш саахалтын хүн арддаа үйлчлэн явж байна. Хүү Оюундалай маань ч дур сонирхолдоо хөтлөгдөн, сур элдэх, сур зүсэх, эмээл хийж урлах болсон гэж Лхасүрэн ярьсан билээ.

Лхасүрэн сүүлийн жилүүдэд Авга, Сөнид, Үзэмчин зэрэг нутгаар уригдан очиж, сурын ажилд сонирхолтой хүмүүст өөрийн дээдсээс уламжилж ирсэн сурын ур мэргэжлээ харамгүй зааж өгч, ур авьяасаа олонд таниулсан байна. 2013 оноос хойш Лхасүрэн Шулуун Цагаан хошууны Ажил олголтын товчооноос жил бүр зохион байгуулдаг төрөлжүүлсэн мэргэжлийн сургалтын арга хэмжээний Сур эдлэл, эмээл урлаж хийх мэргэжлийн сургалтын зочин багшаар уригдан ажиллах болсон байна. Улмаар “Сурыг эдшүүлж боловсруулах”, “Эмээлийн бүтцийн тухай” хичээл заадаг болжээ.

2013 онд Лхасүрэн “Цэцийн гол сур соёлын өрөө”-г үүсгэн байгуулсан. Мөн тухайн жилдээ Шулуун Цагаан хошууны “Цахар соёлыг судлан ахиулах нийгэмлэг”-ийн гишүүнээр элсэв. Тэрээр сур эдлэл, эмээл урлалын бүтээлээрээ урьд хожид Шилийнгол аймгийн “Малчдын их наадам”-ын шилдэг шагнал, Хөвөөт Шар хошууны “Ганган эмээл хазаар”-ын шалгаруулалтын хоёрдугаар байр, Сөнид Зүүн хошууны “Ардын их наадам”-ын үзэсгэлэн худалдааны шилдэг шагнал, Хорчин овооны “Ганган эмээл”-ийн шалгаруулалтын дөрөвдүгээр байранд шалгарч, Өвөр Монгол орны биет бус соёлын үзэсгэлэнгээс ч шагнал хүртэж байсан байна. Лхасүрэн 2015 онд зургаан өрхөөс бүрдсэн “Цэцийн гол сур соёлын хоршоо”-г үүсгэн байгуулж, 2016 оны 3 дугаар сард Шилийнгол аймгийн биет бус соёлын өвийн уламжлагчаар өргөмжлөгдөж, мөн тэр жилдээ Шилийнгол аймгийн хөдөлмөрийн үлгэр жишээч, тэргүүний боловсон хүчнээр сонгогдож, Өвөр Монголын биет бус соёлын өвийн уламжлагчаар өргөмжлөгдсөн байна.

– Сур эдлэлийн үнэ өртөг нь өндөр боловч хэрэглэх хугацаа нь урт. Жишээ нь, иж бүрэн хэрэгслүүд хийлгэж авсан байхад 5-10 жилд дахин хийх шаардлагагүй байдаг. Сур соёлын үнэ өртгийн хувьд нарийн, гүнзгий, өндөр түвшний ур мэргэжил шаарддаг. Түүхэн үнэ өртгийн хувьд сур эдлэлийг удаан жил хадгалавч чанар нь хувирдаггүй. Судалгааны үнэ өртгийн хувьд сур хийхэд идээлэх, хатаах, үсийг нь хусах, зүсэх зэрэг маш нарийн ур мэргэжил шаардагддаг. Тийм ч учраас сур эдлэлийг боловсруулж үйлдвэрлэх, хэрэглэх ур дэмийг жинхэнэ эзэмшиж чадвал үндэстний сур эдлэлийн соёл илүү их хөгжиж чадах юм гэж Лхасүрэн ярьсан юм.

Эх сурвалж: Шилийн гол сонин

Leave a Reply