Үргэлж зовлон тоочдог хүний олз хэрхэн болохгүй байх вэ?

Зарим хүн өөдрөг сэтгэлээр гэрэлтэж байхад зарим нь амьдралд байнга гомдоллож байдаг. Тийн гомдол тоочигсодтой ярилцсаны дараа шүүсийг нь шахсан жүрж мэт болчихдог атлаа л бидний зарим нь түүнд соронздуулсан мэт татагддаг. Бид өөрийн эрхгүй тэр хүний асуудалд татагдан орж, өөрсдөө асуудалгүй сайхан байгаадаа гэмших мэт болдог. Үүний учрыг сэтгэлзүйч тайлбарлаж байна.


Ялангуяа ойр дотнын хүн гомдоллох нь бүр хэцүү. Ажлын газрын хүн чинь элдэв гомдол урсгаад байвал өөр өрөө рүү орчихож болно, харин хагас жилийн өмнө “шудрага бус”-аар салсан нөхөр чинь ирээд олон гомдол тоочоод байвал хайшаа бултах билээ дээ.

Тэдэнд бусдыг буруутгах бүх шалтгаан бий. Хамт олон гадуурхсан, хөршүүд атаархсан, аав ээж харамч, азгүй хайр, онцгүй дарга, мөнгөний ханш унасан, хогийн засгийн газар гээд шалтаг шалтгаан дуусашгүй. Өөрөөс нь бусад бүх зүйл буруутай.

“Чи азтай юм. Нөхөр чинь халамжтай, хүүхдүүд чинь дуулгавартай. Манай хар юмыг хар. Хар ус гудрахаас өөр ид алга. Хүү ч гэсэндээ хэрэг алга” гээд л эхлэнэ. Сүүлдээ та хүнийг сэтгэлээр унагахгүйн тулд өөрт тохиолдсон баяртай сайхан үйл явдлыг ярихаасаа цэрвэж, харин ч түүний асуудлыг шийдэх арга зам санал болгож эхлэнэ. Гэвч та юу ч хэлсэн “Би тэгж үзсэн”, “Болдоггүй юм аа”, “Тэгж хэлэ ч амархан л даа, даанч…” гэх жишгийн хариултууд түүнд бэлээхэн байдаг.

Та хэрэв “аз муутай” найзыгаа аврахаар дайрч орох л юм бол жинхэнэ “олз” болно гэдгээ бодоорой.

Ингэж аврах гээд “олз” болсон тохиолдлыг Карпманы гурвалжин гэж нэрлэдэг. Бид бүгдээрээ араатан, олз, аврагч гэсэн гурван дүрийн нэг нь байдаг. Нийгэм, удирдлага, амьдрал бол “араатан” юм. Олз болохоор өөрөө буруутай юм шиг  туслах, санаа зовохоос үүдэлтэй. Хажууд чинь хэн нэгэн зовж байхад амьдралд баясаж чадна гэж үү? Аврах л хэрэгтэй!

Карпманы гурвалжингийн аюул нь “жүжигчид”-ийн дүр хоорондоо солигдох нь элбэг. Аврагч нь золиос, золиос нь араатан, харин араатан нь золиос болж болно. Энэ бүхний дараа санаа зовох, өөрөө буруутай мэт санагдах үйл явц илүү хүчтэй илэрч гурвалжингаас гарахад улам хэцүү болно.

Ийм тохиолдолд өрөөлийн тоглоомд татагдан орсон гэдгээ  “аврагч” маань хамгийн түрүүнд ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.  Ийм харилцаа их зовлонтой, бусдаас хамааралтай байдаг. Хамаарлыг ойр дотно байдалтай андуурах нь элбэг. Ойр дотно байх хүсэл хүн болгоны жирийн хэрэгцээ. Итгэж болох нэгэнд бодол  сэтгэлээ нээж, ойр дотно байх нь хэвийн харилцаа. Ийм эрүүл харилцааны үед  аль аль тал нь хүссэнээрээ чөлөөтэй байж, хэн хэндээ дарамт болдоггүй. Хамааралтай харилцааны үед бол харилцан тэгш байх зарчим алдагдана. Найзынхаа сэтгэлийг эмзэглүүлэх ямар нэг зүйл хэлэх, үйлдэхээс айж эхлэнэ. Найзыгаа алдчих вий гэсэн айдас түүний таагүй үйлдлийг хүлцэх, доромжилж гомдоохыг нь тэвчих, өөрийгөө доош хийхэд хүргэдэг. Түүний таагүй үйлдлүүдийг нүдээ анин өнгөрөөх болдог. Нэгэнт ийм хэлбэрт орчихсон харилцааны хэлбэрийг өөрчлөх хүч танд байдаггүй.

Тийм болохоор нэг л зүйлийг хатуу ойлго. Хэн ч гэсэн бусдын биед орж, түүний мэдэрч туулж буйг өөрийн биеэр үзэж туулж болдоггүтэй адилаар хэн ч өрөөлийн төлөө хариуцлага хүлээж чадахгүй.

Буруугүй атлаа буруутан мэт  санагдаж, сэтгэл зовсон үедээ энэхүү мэдрэмжээ арилгахын тулд зовлонг тоочигчид туслах гэж ухасхийхээ азна. Би яагаад үүнийг хийх ёстой билээ гэсэн асуултыг эхлээд өөртөө тавь. Би тийм харилцаанаас юу олж авах вэ? Хэрэгтэй хүн, чухал хүн гэсэн мэдрэмж үү? Гэвч ямар үнээр түүнийг олох вэ гэдгээ бод.

Амьдралд болж байгаа бүхний төлөө хүлээх хариуцлага, гэм буруу хоёрын хооронд асар их ялгаа буй. Бусдын төлөө буруутан мэт байна гэдэг өрөөлийн зовлон шаналлыг өөрийнхтэй адилаар ойлгож мэдрэхийн нэр. Хариуцлагатай байна гэдэг нь өөрийгөө бий болсон нөхцөл байдалд нөлөөлж чадах эх сурвалж гэдгээ ухварлахын нэр. Гэхдээ найз нөхөр, хамтрагчийн чинь байр суурь энд огт хамаагүй.  Өөрийнх нь насанд хүрээгүй хүүхэд л биш бол хэнийг ч хүн өмнөөс нь төлөөлж чадахгүй. Тэгээд ч зовлон тоочигчид ихэнхдээ таны зөвлөгөөг хүлээж авах сэтгэлзүйгүй, туслах гэсэн оролдлого тань түүний өөрийгөө зөвтгөж, бурууг бусдаас эрэхэд нь шалтаг нэмэх нь олонтаа байдаг.

(Сэтгэл зүйч Мария Дьячковагийн зөвлөгөөнөөс)

 

4 “Үргэлж зовлон тоочдог хүний олз хэрхэн болохгүй байх вэ?

  1. Pingback: women's clothes

  2. Pingback: TS TV Escorts from London

  3. Pingback: Oklahoma Background Check

  4. Pingback: DMPK Studies

Leave a Reply