Хар ухаан

 Хар ухаан гэж хууч үгний хугархай бодол санааны тасархай биш ээ

Жимс ногоохноор хооллож амь зогоох төдий байх үеэсээ эхлэн гал залган хөдөлмөрийн багажтай болж, адгуус гэршүүлэн улмаар газар тариалан эрхэлж идэх эдлэхтэй болж, амь зуулгаа хөнгөлж хөхүүн хөгжүүн амьдарч сүшиг бишрэлээр сэтгэлээ бөхөлж ирсэн нь хүн төрөлхтний хөгжлийн том алхмууд байсан. Сансар огторгуйд дүүлж, оюун ухаан техникийн хөгжлийн ид бахыг амталж яваа хүн төрөлхтөнд, одоо үедээ ч боломжоороо амьдрал залгуулаад явах ухаан хүнд дутна гэж үгүй нь мэдээж.

Гэхдээ хүн даанч богино насална. Бусад гариг ертөнцийн ухаант амьдралтай холбоо тогтоохыг бодохуйд харамсмаар зурвасхан амьдралтай амьтан. Тэгээд бас хэврэгдүү. Хамгийн гол нь өөрийгөө авч явах ухаан нь хэдэн зуун жилийн өмнөх үеийнхнийхээс ч ахархан болсон. Зарим талаар амьдрал нь байгалийн эрхшээлд орсон, өөрсдийгөө ч оруулсан. Өмнөх үеийнхнийхээ хийж бүтээсэн бүхнийг өөрсдийнхөө зуу хүрэхгүй насны хэмд тохируулан эвдэж сүйтгэхээ урьдал болгосон.
Хийж бүтээх нь ухаангүйтэж идэж уух, эвдэж бүрэлгэх нь ихэдсэн хүмүүсийн энэ амьдрал “Ид ид гэдэг нь хүний ёс оо, идчихээд яваад өгвөл малын ёс оо” гэж бага балчраас нь ууж идсэн аяга тавгийг нь эмхлүүлэхээс эхлээд хүнд хариутай байж сургадаг монгол сургамж хэчнээн үнэтэй үнэн юм бэ гэдгийг сануулна. Үнэхээр ажил хийдэг гар, иддэг ам хоёрын харьцаа алдагдаж ёстой л “арван таван толгойтой /амтай/ атгаалжин хар мангасын үлгэр санаанд буумаар. Амьдралыг, эх дэлхийгээ хамгаална аварна гэвэл үнэхээр хүн төрөлхтнийг үрэлгэн бүрэлгэн зангаас нь салгахаар шаргуу ажилламаар.  Энэ их олон  хүн, энэ их хэрэглээ, энэ их үнэ эх дэлхийгээ яаж нэг идэж сорж баръя даа гэсэн шиг хачин санагдмаар. Эрдэнэт хүний үнэ цэнийг мэдрэх, байгаль дэлхийтэйгээ зөв харьцах, хүмүүсийн дунд хүний дайтай  зөв амьдрах нь энэ дэлхийн иргэн нэг бүрийн ухамсарт амьдралтай салшгүй холбоотой.

Untitled-1Монголчуудын хувьд хүний цөөхнийг ярихаас хүний олширсныг ярих шаард-лагагүй юм. “Би дүүтэй болох гэж байгаа” гэх найзынхаа шивнээнд нулимс гаргасан нэгэн жаалын яриаг сонсохдоо “Монгол олуулаа байхын хүсэл“ мах цусанд нь шингээстэй байна гэж би ойлгосон. Одоогийн хүмүүст, бүх эрхтэн мах бодийн зангилаа болох шүдээ цагийн нь болтол бүтэн авч яваа хүн ховорхондоо. Уургаар амладаг үрс угжны хоолоор домоглож эх үрийн сүүн холбоо сэтгэлийн холбоогоор ахиулан гагнагдах ариун холбоо алдарч, энэ ертөнцийг хүйн холбоогоор бөхөлж холбож явах сайхан эхчүүд маань хүртэл хүүхэд хөхүүлж өсгөхөөсөө амар аргыг хайх болсон байна. Малчин монголчуудад халуун орны ч юм уу, далайн эргийн хүмүүсийн хувцас тохирохгүй шиг харь орны амттан гэгчээр дагнан хооллоход монгол хүний биеийн биолабораторит тийм ч тохиромжтой биш байж болно. Энэ монгол нутагт үүрийн жингийн жихүүн, үдийн нарны халуун даахтай монгол хүн байх, хүн ардаа унаган ухаантай үе удмаа өсгөн хүмүүжүүлж явах их арга ухаан, буян хишиг заяасныг бид талаар өнгөрөөж болохгүй.
Цөөхүүл хүмүүсийн амьдралын хууль хатуу. Монголчууд угийн бичгээ хөтөлж урьдах олон үеийнхээ удмыг мэддэг байсан нь монгол хүний чанарыг дээд зэргээр сахих, цус ойртохоос хамгаалах хамгийн найдвартай арга байжээ. Үүнийг удамшлын шинжлэх ухаан хөгжөөгүй байсан гэж хэлэхийн аргагүй ээ, Бас монголчууд аюултай гоц  халуун халдвартай хүнийг буйран дээрээ үлдээж нүүдэг байсан нь нэгэн талаар цөөхүүлхэн монголчуудын хүний амьдралын үнэ цэнийг үнэлэх, удам угсаагаа хамгаалах халдвар хамгааллын /эпидемологи/ маш чанад арга байсных.

 Бидний багад “эдэлж хэрэглэхийн тоо гүйцнэ” гэж илүү хэрэглээг хязгаарладаг байж дээ. Бас зурхайн ухаанд “хэдэн таар – уут сав” хүнстэй төрснийг нь төөргөнд зурж гаргадаг байсан нь зүгээр ч нэг хэмжээ байгаагүй бололтой. Энэ байгаагаараа би амьдраад өнгөрөхгүй бидний араас амьдрал залгаатай гэж бодож сурах хэрэгтэй. Дэлхийг хайрлан хямгадах хүн нь цөөрч их цөлмөснөөс ингэж хомсдож  хямрах нь их болоод байгаа юм.
Идэх хийх хоёр барагцаагаар ч гэсэн тэнцэж байх учиртай. Монголчууд ихэвчлэн махан хоол хэрэглэхдээ ямар улиралд юуны махыг хэдийд яаж нөөцөлж бэлтгэж, ямар аргаар боловсруулж, хэдийд, хааш нь яаж хэрчиж огтолж идэх нь  хүртэл нарны өгөөж үйлчлэлийг хэрхэн тохируулах, хүчээ хэрхэн нөхөн сэлбэх, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг хэрхэн эрчимжүүлэх, уургийн амин хүчлийн холбоог хэрхэн амархан тасалж хөнгөн боловсруулж зөв шингээх, хоол боловсруулах эрхтнээ хэрхэн хямгадах зэрэгт амьдралаар шалгарсан далд давамгай арга ухаанаа шингээжээ.

Бас идэх – хэрэглэх – бүтээх ухааны “өлсгөлөн” хамт баймааж  хүмүүний амьдрал тэгш байх учиртай. Зах зээл гэдэг энгийнээр бодоход нэг нь нөгөөдөө зээлүүлж амьжиргаа залгаад байх ухаан юм биз. Зээлийн цаад үүсвэр нь аливаа нэг баялаг. Бидний алд хүрэхгүй биенээс хүн төрөлхтөнд нэмэр болох юм хомс. Гагцхүү хөхөө хөхдөг хүүхэд шиг л эх дэлхийгээ үлгэнэ, мэрнэ. Байгаль газар шороо маань хэдэн үед хүрэлцэх билээ гэдгийг бидний ухаан л мэднэ.

Гэтэл манайхны зарим нь хэдэн төгрөгний сургаар, ааруул ээзгийнээсээ атгаад өгч байгаа юм шиг, хоттой хониноосоо бариад өгч байгаа юм шиг л газар нутгаа тасдан өгч, зээлээр хэдэн бор юм  олсноороо  язгуурын баячуул шиг аяглаж улам өр төлөөсөнд ороод байгаа дуулдах. Ямар аймаар ухаантай улс вэ? Манайхан чинь энэ насны амьдралаасаа хойч үеийн амьдралаа илүү эрхэмлэн, энэ нутаг шороон дээр голомт сахин угсаа залгаж үргэлжлүүлэх хойч үеэ боддог амьдралын зорилготой ард түмэн. Одоо ч энэ ухаанаараа цөөхүүлхэн хэдүүлхнээ ч гэсэн олон улсын дунд энэ зэрэгтэй яваа эртний түүхтэй улс аа. Энэ ухаан жаахан сулармагц л хоёр хөршийн минь хил хязгаар тэлэгдээд бүр заримдаа хойт урд хөршийн минь газрын нь зурагны дотор эх нутаг минь ороод зурагдчихсан байдаг гэм бий шүү. Монголчууд хар ухаанаараа хоёр хөршийнхөө өгөөжийг зөв хүртэх тусыг бодож, өмөг санаж зохистой зохицуулах арга ухааныг ямагт сүвэгчилж ирсэн билээ. Харин “хараат” байж хэзээ ч хэрхэвч байж болохгүй гэж ясны хар ухаанд нь хадаастай байх. Үүнийгээ үндэсний аюулгүй байдал гэж ойлгох иргэн хүн олон.

Байгал дэлхий хүн төрөлхтнийг зөв ашиглаж амьдрахад нь тийм амар хотойхгүй ээ. Харин шунахайран буруу ашиглавал өөрийнхөө хуулиар “өрөө” хатуу нэхнэ. Энэ зах зээлийг “хойт хормойгоо авч урд хормойгоо нөхөх” ядуухан аргаар хийвэл бүр ч бүтэхгүй. “Зээл” гэдэг нэг талаар “Өр” гэсэн үг. ”Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэдэг ардын цэцэн үг бий. Тэгэхээр шинэ хуучин ухааныг жижиглэж томсгож шигшилгүйгээр зөв хослох нь чухал. Бид хорьдугаар зууны сүүлийн дал гаруй жил зээлийн хөрөнгөөр “жиргэж” хөгжсөнийхөө дараа “овоо” өрөнд орсноо санаж байх, одоо хэдийг зээлүүштэйгээ ч давхар бодож явах хэрэгтэй. Яг одоо өтгөс нялхасгүй монгол хүн бүр 800 долларын өртэй байгаа юм гэнэ билээ. Уг нь бол “өргүй бол баян” гэсэн дээрхи үг хүний эрхшээлд орчихгүй гэсэн чамбай сургаал юмсан.

Энэ цагийн амьдрах ухааныг идэх уух, авалцах өгөлцөхийн төдийхнөөр бодвол  цас мөсөн дээр гэрээ барьж тухлах гэхтэй адил юм болно. Хүний сэтгэл оюуны урь-хүний сэтгэлийн холбоо, итгэлийн хэлхээ-оюун санааны амьдрал хийгээд шүтэн барилдахуй нь ихийг шийдвэрлэнэ. Цөөхүүл хэн улс  өнөөгийн энэ зах зээл гэгч рүү хэсэг бусагхнаараа орвол хүч тарамдах магад. “Ах нь хэлж дүү нь сонсдог” ухаан дээдлэх унаган монгол ухаанаа орчин цагийн шилмэл арга ухаантай уралдуулж нэг, уялдуулж нэг, хуралдуулж нэг зөв хослуулан удирдан залах нь чухал.
Амьдрал гэдэг бидний мэдэхгүй хойч үеийнхний минь туулах зам. Бид тэдэнд бүхнийг бэлтгэж өгч чадахгүй ээ. Харин бид энэ хорвоогоос хувиа зөв хүртэж, хойч үедээ зэмлүүлэх юм багатай байхсан гэж бодогдоно. Залуу хөгшин хүнийг хараад “Энэ муу хөгшин зөнөгийн байж байгааг”… гэж омгорхон бодоход хөгшин хүн “Чи бас ийм болно доо хүү минь” гэж өмгөөрхөн боддог гэдэг нь үнэн биз ээ.

Хувь хүний, улс орны амьдралыг дэлхий ертөнцийн хувь заяанаас сал-ган үзэхийн аргагүй ээ. Хүний тухай амьдралын тухай олон талт ойлголтыг нарийсган үзэхэд хэдхэн  зуун мянгаас хэдэн сая жилээр тоологдох дэлхийн ард түмний амьдралаас сурах юм их байхын дээр монголчуудын амьдрал тэдэнд гологдохооргүй нэмэрлэх өв сантай. Харин түүнийгээ өөрсдөө мэдэхгүй тоохгүй орчин цагтйн адармаатай эр-гүүлгэнд орж харь орны амттан үнэртэн сонортон төдийхөн дээр нүд тусгаж, алсын бодлого дотор ухаангүй явааг чинь хараад, амьдралын асар их арга ухаан үлдээснийг нь хорвоо ертөнцийн хүрээнд бодож хөгжүүлэх ухаан дутаж байгааг тэнгэрт дархалсан дээдсийн сүнс таална гэж үү. Энэ бол бидний аминдаа тээж, өөрөө өөрсдөдөө шившиж явах ёстой хар ухаан юм.

Монголчууд үнэхээр буруу сонгосон, хийсэн зүйл, үзэл бодлоо шүүмжлэхдээ  “Ээ энэ  муу хар толгой юу” гэж шогшрох нь өөрийгөө дээд зэргээр буруутгах зан үйл байдаг. Энэ нь хар толгойд тун хэрэгтэй, алдаа гаргачихааргүй боломж байдгийг илэрхийлээд байгаа хэрэг.
Үнэхээр тархины хар бодис буюу НСН -негростроидный нигроидный бодис гэж байдаг байна Эндээс ялгардаг зэрэг нарийн бодис, гормон-дайвар бодисуудыг нарийн судлахаар хар бодис –хар ухаан нь  улам нарийн тодорч байна. Хүний тархины хар бодис бол  загас, зарим амьтныхаар бол рептил тархи нь юм. Рептил –хар тархи нь, илүү хөгжсөнийхөө хүчинд далайн гахай  хүмүүс тусалж чаддаг.  Эзотерикчид  тархины бусад үйл ажил-лагаа, сэтгэцийн үйл ажиллагаанд  хамтарч оролцдог хар бодисын үйл ажиллагаагаа хөгжүүлж биеэ хамгаалах талаар илүү  сургадаг. Харин  зөвхөн рептил тархи нь хэт их хөгжвөл  амиа хоохойлсон нэгэн, хар амиа бодсон хүн болдог. Өөрөөр хэлбэл, хүн хайрлахгүй, амьтанлаг, хар гүжир тийшээ хэлбийх хандлага гарна гэж бас үздэг. Бас хүний биенд байдаг  хар үс, хар нөсөө, мэнгэ зэргийн өвөрмц байдлын тухай бодоод үзэхэд л ойлгомжтой. Жишээ нь, хар бодис дотор хүн өөрөө өөрийгөө хамгаалж тайвшруулж эндофин гэдэг морфин маягийн бодис гаргаж байдаг. Иймд өөрөөсөө ийм гаргаж чаддаггүй хүмүүс юм уу амьдралын ая тухгүй байдал, хатуу хүтүүгээс шантардаг хүмүүс илүү ихийг шаарддаг хүмүүс, сэтгэлийн хатгүй хүмүүс  шунал, айдас автаж мансууруулах эм, архинд орж донтдог байж болох. Бас хүний хамгийн нарийн нандин сэтгэл мэдрэхүйг тайвшруулж итгүүлж байдаг шашныг мунхруулах “хар тамхи” гэсэн нь үнэний ч хувьтай бололтой. Толгойн хар бодис бол мэдрэлийн эсийн бүрхүүлийн меланин пигментийг агуулсан эсүүдийн бөөгнөрөл. Эдгээр нь тархины торлого байгууламж ба тархины суурь зангианы бөөмүүдтэй хоёр талын холбоотой, энэ чанараараар сэтгэл хөдлөлд хо-ромхон зуурт экстропирамидный за-маар оролцох боломжтой. Тэгвэл хар ухаантай явах нь хөх толботой төрөх монголчуудын удамшлын эсэд бичигдсэн /генд/ бичигдсэн өвөрмөц боломж байж болох юм.

Энэ тухай бичлэг, таамаглал, тайллыг физиологичид, психиологичид, нийгмийн шинжлэх ухааны хүмүүс, зарим мэргэжлийн хүмүүс төдийгүй олон хүн сонирхон уншина. Энэ миний бичлэгийг ч гэсэн шүүмжтэйхэн уншаасай гэж хүснэ. Яагаад гэвэл энэ тухай унших нь хүний тухай мэдэх шинэ сэргэг  мэдлэгийн дээшлэх эрмэлзлэлд дөхөж байгаа хэрэг. Хар ухаан бол ерөнхийдөө эцэг эхээс дамжиж ирсэн амьдралын явцад хэвшүүлж дадуулсан арга ухаан, шинжлэх ухаанаар шинэчлээд чиг байх юмгүй, прагматик, инстинкт-зөн билгийн ухаан байдаг гэхэд ч болно.

Зарим нарийн шинжлэх ухааны боловсролтой бор бодисын тодорхой хэсэг нь хэт их программчлагдсан-хөтөлбөрлөгдсөн хүмүүсийн хар ухаан  тааруу болох ч явдал бий. Хар бодис тархины сэрэл экстропирамидны за-маар дамжих учир үйлчлэл нь хурдан яаралтай эгзэгтэй үед цагт нь оносон хамгаалалтын шийд гаргадаг байж болох. Иймд эрсдэл багатай, хамгаалах ач холбогдолтой хар ухаанаа хөгжүүлж  түүний программчиллыг сайжруулж мэд-лэгээ шинэчилж явууштай.

Тэгэхээр хар ухаан гэдэг бас хэн нэгний нь тогтоосон хууч үгний хугархай,   хамаа  замбараагүй   ярь-сан   бодол санааны  тасархай биш юм санжээ. Сэтгэл сүлж ухаан ивлэгэх монгол хар ухаан минь хойч үеийн минь ингэж залалцаж явах учиртайг эгч нь сануулахад юун илүүдэх билээ Тэгээд л “харийн номоор явахаар харын номоор яв” гэдэг санаа өвгөдийн  амнаас  унаж   үлдсэн  байх аа.  Тэгэхээр харийн юм руу хошуурахдаа жаахан хамжааргатай байгаарай.

Д.ДУЛМАА (Судлаач)

Эх сурвалж: “Гэрэлт цалиг” сэтгүүл. 2012он

3 “Хар ухаан

  1. Pingback: Pendaftaran CPNS Kemenkumham

  2. Pingback: Sfaturi practice

  3. Pingback: Bdsm contract

Leave a Reply