Оросууд яагаад “амьд бурхан”-аа шоронд хорьсон бэ?

hqdefault

Монголд элдэв янзын ид шидтэн бараг л байнга тодорч, тэгснээ сураг алдарч байдаг. Бидэнтэй цуг шашингүйн замаар олон арван жил замнаж байгаад шүтэх бишрэх эрх чөлөөгөө эргүүлэн олж авсан оросууд ч бас элдэв хүмүүст хууртах нь элбэг аж. Түүний нэг нь “амьд бурхан” гэж өөрийгөө өргөмжлөөд адаг сүүлд нь шоронд морилсон “Бог Кузя” буюу Андрей Попов юм. Тэрээр хараа маш муутай, жирийн нэгэн залуу байж байгаад ерээд оны эхээр Оросын ид шидтэнүүдийн эгнээнд орж ирсэн байна. Хоёр жилийн өмнө түүнийг баривчлахаар нэгжлэг хийх үедээ л цагдаа нар аль эрт тэрбумтан болчихсоныг нь мэдсэн байна.

Хараа муутай залуугийн олонд шүтэгдсэн түүх нь энгийн. Энд тэндгүй ид шидтэнгүүд гараад эхлэхээр нь тэрээр далдыг хардаг шидтэн гэж өөрийгөө зарласан байна. Өөр дээр нь ирэх хүмүүсийн тоо нэмэгдээд эхэлмэгц шууд л “Би бол жинхэнэ бурхан” гээд чангаар зарлажээ. Гайхалтай нь түүний үгэнд эргэлзэх хүн гарсангүй.  “Амьд бурхан” маань үгээр хүмүүсийг хуурахаас гадна шашны эд зүйлсийг хуурамчаар хийн зарж, тэгснээ орон байрны наймаа хийж эхлэв. Тансаг өргөөтэй болж, тэндээ олон эхнэртэйгээ амьдардаг болов. Шавь нарынхаа байр, үл хөдлөх хөрөнгийн хамтран эзэмшигчээр  өөрийгөө, эсвэл анхны  эхнэрүүдийнхээ хэн нэгнийг бүртгүүлнэ.

Хачирхалтай нь түүний шавь нар хэлсэн үг бүрийг нь дагаж, хацар нүүр рүү нь 200  удаа резинэн улавчаар алгадаж цус нөжтэй нь хутгаж байхад юу ч хэлэлгүй хүлцэн биширдэг байж. Түүний олон эхнэр, тансаг амьдралын тухай “Бог Кузя” гэдэг кинонд тодорхой өгүүлжээ.

Түүний шашны бүлэглэд татагдан орсон эмэгтэйчүүд “бурхан”-ыхаа хүсэл тачаалыг биеэр тайлах үүрэг бас хүлээнэ. “Бурхан” тэднийг хүссэнээрээ “таалж”, доромжилж, бах таваа хангаж байхад ч итгэсээр байдаг байж. Түүний сүсэгтнүүд байр машинаа зараад ч хамаагүй “амьд бурхан”-даа өргөл өргөж, залилан мэхлэгчид хир халдаахгүй байсан нь хуулийнхныг гайхшруулсан байна.  “Бог Кузя” одоогоор хоригдож байгаа бөгөөд ямар нэгэн асуудал гарахгүй бол ирэх сарын 11-нд суллагдах ёстой гэнэ. Мөн үнэнч сүсэгнүүд нь  түүнийг гэм зэмгүй байхад нь хорилоо, тэр бол олон хүнд буян болсон ачтан, туулайн чинээ харыг уулын чинээ болгож байна гэж гомдоллосоор байгаа аж.

Аливааг эргэцүүлэн боддоггүй мухар сүсэгтнүүд, асуудлыг шийдэх гарцгүй болж аргаа барсан хүмүүс л ид шидийн хүчээр өвчин зовлонгоос салгаж, амьдралыг нь гайхамшиг болгож өгнө гэсэн хуурамч амлалт, итгүүлэгт илүү ихээр автагддаг нь судалгаагаар тогтоогдсон бодит үнэн юм.  Өөрийгөө ийм тийм ид шидтэй, тийм хутагт хувилгааны  хойд дүр, ийм хааны амьд дүр гэж зарлаад байгаа хүмүүс ихэнхдээ гэнэн итгэмхий хүмүүсийн сэтгэлзүйг сайн  мэддэг, залилан мэхлэгчид байдаг гэдгийг сануулъя. Тэдний үгэнд олны танил хүмүүс, эрдэмтэд хүртэл итгэчихсэн, хуурамч төсөөллөөсөө ангижирч чадахгүй, залилангийн үйл ажиллагааг дэмжигч, золиос болох нь аль ч оронд элбэг байдаг байна.

Duuren.mn

 

Leave a Reply