Кьелл Андрес Нордстрем: Бизнесийг урт хугацаагаар төлөвлөх ямар ч боломжгүй цаг үе ирээд байна

d354yw5a.hqlШведийн эдийн засагч, зохиолч, бизнес-дасгалжуулагч  Кьелл Андрес Нордстрем маш том бизнес хурлын индэр дээр ажил хэрэгч хувцасгүй, зангиагүй байх нь сонин харагдана. Энэ хүн өдгөөг хүртэл хамгийн ихээр уншигдаж буй ажил хэрэгч шилдэг 10 номын нэгийг зохиогч юм. “Фанк хэв маягийн бизнес”, “Караоке-капитализм” гэсэн борлолт ихтэй номын зохиогч тэрээр Synergy Global Forum-ын үеэр дэлхийн эдийн засгийн ирээдүйн талаар Оросын сэтгүүлч Евгений Беляковтой  ийн хөөрөлджээ.


– Ноён Нордтрем, та эдийн засгийн ямар чиг хандлагуудыг өнөөдөр олж харж байна вэ? Юу болж байна? Юуг хүлээх ёстой вэ?
– Бизнесийн ертөнц өөрчлөгдөж байна. Бизнесменүүд гэхээр ажил хэрэгч дүртэй, костюм өмссөн, ахимаг насны хүмүүс байхаа больж байна. Тэд илүү залуу, илүү бүтээлч болцгоожээ. Улстөрийн дүр зураг ч бас тийм болж байна. Уламжлалт загварууд бүгд ажиллахаа больж эхэллээ. Сонгогчдын байдлыг урьдчилан таамаглахад хэцүү болж байна. Одоо дурын таамаглал зөрдөг боллоо. Энэ мэт “бэлэгнүүд”-ийг бид  зөндөө олныг үзнэ дээ. Юу болж байгааг хар даа. Санаанд оромгүй хүмүүс ерөнхийлөгч, олигарх болж байна шүү дээ.

– Энэ санамсаргүй зүйлүүд бизнес болоод эдийн засагт яаж нөлөөлж байгаа бол?
– 1994 оноос эхлэн технологи ямар ч бодитой таамаглал дэвшүүлэхийн аргагүйгээр хурдтай хөгжиж байгаад бид дасах ёстой гэж би боддог. Дөрвөн жилийн дараа хэвлэл мэдээллийн салбар ямар болохыг бид мэдэхгүй. Хэн ч мэдэхгүй. Бизнест одоо шинжлэх ухааны зүтгэлтнүүдийн аргазүйг хуулбарлаж зээлэх хэрэгтэй байна. Олон хувилбараар туршиж үзээд байвал эрт орой хэзээ нэгэн цагт ямар нэгэн юм онож л таарна. Энэ нь өнөөгийн байдалд тулгуурлан урт хугацааны төлөвлөгөө зохиохоос хамаагүй дээр. Энэ бол тийм ч муу санаа биш шүү.

– Яагаад? Зөндөө олон компани төлөвлөж байгаа шүү дээ? Урт хугацааны төлөвлөлтгүйгээр ерөөсөө ямар ч боломжгүй…
– Тийм ээ, маш олон компани өнөөдөр яг л Зөвлөлт холбоот улсын үе шиг урт хугацааны төлөвлөлт хийж байгаа. Түүнийхээ үндсэн дээр санхүүжилт болоод бусад бүх зүйлийг зохицуулдаг. Тэгвэл газрын тосны үнийг л хар даа! Та  түүнийг урьдчилан төлөвлөж чадах уу? Магадгүй л юм, гэхдээ бараг л  алдана даа. Яагаад гэвэл түүнийг урьдчилан хэлэх боломжгүй. Зүгээр л янз бүрийн хувилбар л ярьж болно.

-Ямархуу маягаар?
-Жишээ нь, бид ирээдүйн автомашины зах зээлийн талаар юу хэлж чадах билээ? Машинууд цахилгаан болох байх. Энэ рүү л бүгд хандаад байгаа. Гэтэл машин тэрэгнүүд нүүрсхүчлийн хийгээр явдаг болчихвол яахав? Аль нь ялах нь одоо тодорхойгүй байна. Түүнээс гадна хүмүүс өөртөө  одоо машин худалдаж авах дургүй болж байна. Яагаад гэвэл тэдэнд  автомашин хэрэггүй. Тэрнийг чинь худалдаж авна, татвар төлнө, даатгал хийнэ. Гэтэл хүнд хэрэг дээрээ А цэгээс Б цэгт хүргэх тээвэрлэгч л хэрэгтэй.  Эндээс л “Uber” шиг компаниудын амжилт эхэлж байгаа юм. Автотээврийн компаниуд янз бүрийн хувилбарыг тасралтгүй туршиж үзэхэд дасах  хэрэгтэй байна. Одоо бол ямар нэгэн зүйлийг боловсруулж бүтээх гэж амар магалан долоон жил үрдэг цаг  биш. Бүх зүйл маш хурдтай хөгжиж байна. Хятадын компаниуд маш олон шинэ загварыг тасралтгүй  туршиж зах зээлд тэргүүлэгчдэд амар заяа үзүүлэхгүй байна.  Ухаалаг утасны зах зээлийг аваад үзье. Хятадад жишээ нь “Нэг” гэдэг төсөл байна. Тэр бол маш онцгой утас. Хамгийн гол нь түүнийг зүгээр худалдаад авчихаж болдоггүй, чамайг хэн нэгэн хүн заавал санал болгох ёстой.

– Оросын Засгийн газар нефтийн хамаарлаас гарах  тухай ярьдаг. Гэхдээ энэ бүхэн хоосон яриа төдий байж, бодит ахиц олон жил гарсангүй…
– Оросын хувьд газрын тосны үнэ нэг баррель нь 100 доллараас давсан өсөлт хамгийн ихээр гай болсон гэж би боддог. Энэ бол маш муу зүйл. Яагаад гэвэл энэ хооронд эдийн засгаа өөрчилж амжих алт шиг цагийг дэмий алдсан. Газрын тос, байгалийн хийн компаниуд хамгийн их цалин амлаж байсан учраас дээд сургуулийн хамгийн шилдэг төгсөгчид тийшээ л очиж байсан. Тэр он жилүүдэд аж үйлдвэрийн ямар ч салбар газрын тосныхтой өрсөлдөж чадахгүй байсан. “Газпром”-д орчихож болж байхад өөр юм шинээр эхлээд яах юм? Норвегид бас ийм л юм болсон. Энэ бүхэн чинь түүхий эдтэй улс орнууд 8-10 жил алдсан гэдгийг л хэлээд байгаа юм. Харин манай Шведэд бол ямар ч газрын тос байхгүй. Энэ нь бидний хувьд эсрэгээрээ сайнаар нөлөөлсөн. Газрын тосны үнэ тийм өндөр байгаа үед даяаршсан эдийн засагт тэсч үлдэхийн тулд чи үйлдвэрлэл арилжааны  ер бусын идэвх гаргахаас өөр аргагүй. Тийм болохоор газрын тосны үнэ бага байх тусмаа Орост өөрт нь хэрэгтэй. Энэ нь өөрчлөн сайжруулах үйл явц бодитойгоор хийгдэж ямар нэг үр дүнд хүрэхэд хэрэгтэй.

– Таны ярьсныг хэрхэн хөгжүүлэх талаар арай жаахан ойлгомжтой томъёолол байна уу?
– Ямар ч улс орон илүү хүчирхэг хөгжингүй компаниудтай болох сон гэж сонирхдог. Энэ бол олон орны мөрөөдөл. Гэхдээ биелж бүтэх нь тэр болгон байдаггүй. Дэлхий дахинаас хамгийн их хөгжиж буй газар гэвэл Тель-Авив, Цахиурын хөндий, Стокгольм л байна. Энэ бүхнийг улстөрчид биш, харин эдийн засгийн үйл ажиллагаа л бий болгосон. Засгийн газрын тухайд тохиромжтой нөхцлийг нь бий болгоод жаахан хүлээчих л юм бол шинэ сонирхолтой төслүүд хэдэн арав, зуугаараа дэлбэрээд л гараад ирнэ.

– Онолын хувьд энэ бүгд тодорхой. Харин хэрхэн ажил болгох вэ? Найрлага жор нь ямар байх ёстой вэ?
– Гурван үндсэн зүйл байгаа юм. Нэгдүгээрт, мэргэжилтнүүдийн дээд зэргийн чадавхи. Тэд хөршийн байшинд орж хоёр үг сольж, санал  бодлоо хуваалцах төдийд тэр хүнд хэрэгтэй төслийг олж чаддаг байх хэрэгтэй. Хоёрдугаарт, энэ бүхэн байж болох бүх утгаараа либерал байх хэрэгтэй. Өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Янз бүрийн шашинтай, янз бүрийн мэргэжилтэй хүмүүс мөр зэрэгцэн ажиллаг. Гуравдугаарт, хууль эрхзүйн систем. Бүгд түүнд итгэх ёстой. Чи хэрвээ ханган нийлүүлэгч, эсвэл түнш чинь итгэл алдахгүй гэдэгт итгэлгүй байгаа бол ямар нэгэн эргэлзээ үүсч эцэст нь тээнэгэлзсээр алтан цагаа үрнэ. Харьцуулаад үзье. Хоёрхон арван жилийн тэртээ Цахиурын хөндийн тэр чигээрээ фермерийн аж ахуй байсан.  Тэнд усан үзэм тарьдаг байлаа. Гэтэл тийш нь хэрэгтэй хүмүүсийг нь татаж чадсанаар эдийн засгийн идэвхтэй байдал үүссэн.

– Технологи сайжирсаар байх нь мэдээж. Харваас илт байна. Хэдхэн хүн ажилладаг завод одоо ч байж байна. Энэ хооронд дэлхийн хүн ам маш хурдтай өсч байна. Цаашид яах бол?
– Бидэнд байгаа ихэнх судалгаагаар 2025 он гэхэд Баруун Европ дахь ажлуудын 50 хувь нь ямар нэгэн машины оролцоотойгоор хийгдэнэ. Жишээ нь, фитнесийн дасгалжуулагийн ажил байна. Нэг удаа дасгалжуулагчид сайн хөлс төлөн бичлэг хийж аваад түүнийгээ дараа нь хэмжээ хязгааргүй эргэлдүүлж болох зүйлд амьд  хүмүүс ямар хэрэгтэй юм? Багш нарын тухайд ч ялгаагүй.

– Пөөх, яаж?
– Эмч, хуульч, нягтлан бодогчдыг ч бас солино. 100 хувь солихгүй нь мэдээж. Гэхдээ хүнд хөдөлмөрүүдийг нь машинд даатгана. Энэ бүхэн маш ойрын ирээдүйд болно. Тоон системд шилжүүлж болох бүхнийг шилжүүлнэ. Дасгалжуулалт, эмнэлэг, банкны үйлчилгээ бүгд онлайн системд шилжинэ. Бүгд энэ үйл явцад дасан зохицоход хүрнэ.

– Энэ чинь өчнөөн хүн ажилгүй болно гэсэн үг шүү дээ. Ингэх юм бол бүтээлч тэсрэлтээсээ өмнө нийгмийн тэсрэлт болно биз дээ?
Үнэндээ нийгэм даяар хүргэх хангалттай ажлын байр одоо ч алга л байна. Өмнө нь ч иймэрхүү зүйл байсан. Бид комбайн, урсгал дамжуурга сэлтийг бий болгох үед. Бид эхлээд хөдөө аж ахуйд ажиллаж байгаа хүмүүсийнхээ тоог эрс цөөлсөн. Үр дүнд нь одоо хүн амын хэдхэн хувь л дэлхийн хүн амыг хүнсээр хангаж байна. Тэгэнгүүт цоо шинэ салбарууд бий болж тийшээ маш олон хүн орсон. Үйлчилгээний салбарын эзлэх хувь огцом өссөн. Жишээ нь, 15 жилийн өмнө спа-центр гэж байгаагүй. Одоо дэлхий даяар л байна. Тоглоомын төвүүд  цөөхөн байсан. Маш их болж байна. Энэ салбар маш хурдтай хөгжиж байна. Ажлын шинэ байр бий болгох шинэ компаниуд дээр нь гарч ирлээ. Жишээ нь Uber. Чи өөрөө жолооч ч юм шиг, тэгсэн атлаа өөрөөрөө. Эсвэл Airbnb байна. Өрөө байраа өгч болно. Зарчмын хувьд ажил хийхгүй байж болно.

Өөр юу хийж болох вэ? Шведэд жишээ нь ажлын цаг багасгах гэж үзсэн боловч туршилт амжилтад хүрээгүй гэсэн…
– Энийг эрт орой хэзээ нэгэн цагт болгоно л доо. Бид ажлын цагийг багасгаж байгаа. Ажлын өдрийг дундчаар 10 цаг байсныг бид 8 болгосон, одоо цаашлаад 7-6 болгоно.

– Хаа хамаагүй зүйл асууя? Мөнгөө хаана хадгалах вэ?
– Одоо цагт төрөлжүүлэх л хамгийн чухал. Та мөнгөө нэг төрлийн валютаар, ганцхан оронд, эсвэл ганцхан компанид байлгаж болохгүй. Мөнгөө хуваарилах хэрэгтэй. Хэсгийг нь үл хөдлөх хөрөнгөнд, хэсгийг нь хувьцаанд, хэсгийг нь янз бүрийн валют болго. Таны хөрөнгө оруулалтын цүнхэнд аль болох олон зүйл бага багаар холилдож байвал зохино. Бүх мөнгөө ганцхан төрлийн хувьцаанд өгч эрсдэл хийх хэрэггүй. Оросын маш олон хүн доллар, еврогоор зээл авч, одоо түүнээсээ болоод зовж байна. Исландад хүмүүс швейцарь франкаар зээл авцгаасан. Яагаад гэвэл хүү маш багатай байсан. Дараа нь исландын кроны ханш унасан. Ер нь бол том компаниудтай адилхан стратеги барих хэрэгтэй. Энгийн хүмүүст ч яг тохирдог. 110 янзын үнэт цаас хэрэггүй л дээ. Гэхдээ 5-7 өөр төрөлд хөрөнгө оруулахад бие биенээ маш сайн нөхөөд явчихдаг. Маш олон орос хүн өөртөө эрсдэл үүрдгийг би мэднэ. Энэ бол орос зан л юм даа.

Тийм ээ, олон хүн бушуухан баян болгодог зүйлийг олохыг хүсч байна. Валютыг хамгийн бага ханшаар худалдаж аваад хамгийн өндрөөр зарах ч байдаг юм уу. Болж өгвөл ганцхан өдрийн дотор  нэг мөсөн шүү…
– Би үүнийг мэднэ ээ. Гэхдээ хөрөнгийг янз бүрийн хувьцаа хэлбэрээр хадгалах хэрэгтэй гэдэг дээр математикийн хатуу гаргалгаа нотолгоо байдаг. Танай уншигчдад өгөх сайн зөвлөгөө байна. Хувийн санхүүгийн асуудалдаа оросоороо байхаа л больчих.

nordstrom_4

Тодруулга: Кьелл Андрес Нордстрем – Шведийн зохиолч, эдийн засагч, бизнес-дасгалжуулагч. 1958 онд Стокгольмд төрсөн. Анхны мэргэжил нь инженер. Дараа нь Стокгольмын эдийн засгийн сургуульд сурч, философийн ухааны доктор болсон. 2000 онд Йонас Риддерстралтай хамтран “Фанк хэв маягийн бизнес. Хөрөнгө авьяасын бүрээн дор бүжиглэдэг” ном бичсэн нь шууд л бестселлер болсон. Шинжлэх ухааны салбарын сонирхол нь үндэстэн дамнасан корпорациуд хийгээд даяаршлын нөхцөл дэх бодлогын удирдлагын асуудал. Саяхан хэвлэлтээс гарсан  Urban Express номондоо ойрын үед дэлхий ертөнцийг хотжилт хүлээж байгаа гэдгийг онцолсон. Дэлхийн хүн ам ойрын ирээдүйд 600 том хотод төвлөрнө гэж тэрээр үзжээ.

Эх сурвалж: Эдийн засгийн мэдээ сэтгүүл №11

Кьелл Андрес Нордстрем: Бизнесийг урт хугацаагаар төлөвлөх ямар ч боломжгүй цаг үе ирээд байна

  1. Pingback: lace frontal

Leave a Reply