Улс төр ба сонгуулийн тогтолцооны гажиг

Хариуцлагатай тогтолцоонд хүрэх арга зам

Орчин үеийн улс төр, ардчиллын амин түлхүүр болсон сонгуулийн тогтолцооны онолын сэдвүүдийг хөндөхөд дэлхийн түүхийн нэгэн зууны гол төлөөлөл болсон Чингэс хаант Монголын төр улсын түүх, төрийн тогтолцоог судлан үзэх шаардлагатай бөгөөд монголчуудын тухайд уламжлал, шинэчлэл зайлшгүй байх ёстой. Гэтэл “өнгөрсөн юм бүхэн хуучин, хэрэггүй гэсэн социализмын үеийн дорой сэдэхлэгээ өнөөгийн улс төрийн амьдралд бугшсаар байгаа нь нэн харамсалтай. “Хуучны гайхамшигт чулуугаар ирээдүйд хүрэх шат гишгүүрийг тавих хэрэгтэй”.

13 дугаар зууны Их Монгол улсын засаг захиргааны зохион байгуулалт нь доороос дээш чиглэсэн хэлбэртэй байсан бөгөөд нэгжээс бүхэлд шилжиж байжээ. Чингэс хаан “Монголын нийгмийн үндэс бол өрх айл юм” гэдгийг хуульчлан баталгаажуулсан ба нийгмийн нэгж хэсэг нь аравт бөгөөд аравт нь айл өрхөөс бүрдэх учраас эхлээд ард иргэдийн санаа бодлыг сонсож аравтын даргыг тэрхү айл өрхөөс нь сонгуулж, арван аравтын даргаас зуутын даргыг сонгуулж, арван зуутын даргаас мянгатын даргыг сонгуулснаар дарга нарын үйл ажиллагаа иргэдийн нүдэнд ил тод болжээ. Энэ нь томилгоо бус сонгууль байсан юм.

Их Монгол улсын засаг захиргааны зохион байгуулалт нь шат дараалан захирах журмаар хэрэгждэг байсныг Плано Карпини тэмдэглэсэн байдаг. Нийгмийн дотоод ардчиллыг хангах үүднээс “Хүн бүр адил эрх тэгш ба баян ядуу байлаа ч чадварлаг, зохион байгуулах, удирдах чадвартай хэн боловч аравт, зуут, мянгат, түмтийн даргын үүрэгт ажлыг хийх бололцоог олгосон нь эргээд хариуцлага тооцох арга механизмыг боловсронгуй болгож өгсөн байна. Аравтын даргыг аравтын иргэд нь сонгодгийн адил зуут, мянгатын дарга нар доод шатнаас сонгогдож албан тушаалд очдог нь сонгогчдынхоо эрх ашгийн тулд ажиллаж, тэдний үүрэг даалгаварт нийцүүлэн ажил үүргээ гүйцэтгэх хөшүүрэг болж, дээд албан тушаалтнаа хянаж, доод албан тушаалтандаа үйлчлэх тогтолцоо бүрдсэн байна. Саяхнаас дэлхийн удирдлагын шинжлэх ухаан нэг хүн арваас илүү хүнийг удирдаж чадахгүй гэдгийг тогтоосон байна. Тиймээс л өрх бүрийг тэргүүнтэй байлгаж, өрхийн тэргүүний үүрэг хариуцлагыг чангатгаж, хүүхдийн хийсэн хэргийг эцэг эхэд нь, боолын хийсэн хэргийг эзэнд нь оногдуулж байснаас “Бор гэртээ богд, хар гэртээ хаан” хэмээх үг гарчээ.

Гэтэл өнөөгийн улс төрийн тогтолцоо нь “толгойгоороо хөл хийж” дээрээс доош чиглэсэн тогтолцоонд оржээ. Өөрөөр хэлбэл эхлээд Парламентын сонгууль болж орон нутгаас Их хурлын гишүүд сонгогдож улмаар дараа нь орон нутгийн сонгууль болсноор орон нутгаас сонгогдсон гишүүд нь аймаг, дүүргийн Засаг дарга нарыг сонгогдоход ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлдэг болжээ. Сум, аймаг, дүүргийн Засаг дарга нарыг Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлаар сонгож байгаа нь иргэдээс сонгогдож байгаа мэт харагдаж байвч угтаа энэ нь хэлбэр төдий юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нам гэгдэх хүчнүүдийн бүрэлдэхүүн байх ба иргэдийн төлөөлөгчдийн хуралд олонх суудалтай намаас Засаг дара сонгогдож буй нь үнэн. Үүнд тухайн орон нутаг, дүүргээс сонгогдсон эрхэм гишүүн өөрийн халаасны хүнээ тавих нөхцөл бүрддэг байна. Яг энэ мэтээр аймгийн Засаг дарга нь сумын Засаг дарыг, сумын Засаг дарга нь багийн Засаг даргыг “томилох” нөлөө үзүүлдэг нь нууц зүйл биш болжээ. Ийм тогтолцооноос болж дээд албан тушаалтандаа хяналт тавих нь бүү хэл буруу ч, зөв ч хэлсэн үгийг нь хууль мэт дагаж, харин доод албан тушаалтан болон иргэдээ боол мэт үзэж дөвчигнөдөг болжээ. Учир нь Засаг дарга нар дээд шатны Засаг даргаасаа томилогдсон болохоор ажилгүй болохгүйн тулд түүнд нохой мэт хүчин зүтгэх нь зүйн хэрэг. Ийм л учраас хариуцлага гэдэг зүйл байх нөхцөл, шалтгаан, боломж байхгүй. Жишээлбэл аймгийн Засаг дарга авлига авсан болон буруу зүйл хийж байгааг сумын Засаг дарга мэдсэн ч мэдээгүй юм шиг явснаар шат шатандаа хариуцлагын тогтолцоо алдагдах нөхцөл бүрдэж байна.

Гэтэл Чингэс хааны төрийн тогтолцоо нь авлига авах, өгөх нөхцлийг хаагаад зогсохгүй сайд, дарга нарын үүрэг хариуцлагыг тогтоосон энэ үйл явцн нь иргэдийн нүдэнд ил тод болжээ. Манай төр, засаг хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар ряих боловч энэ нь зөвхөн хэлбэрийн төдий зүйл бөгөөд тогтолцоог нь өөрчлөхөөс нааш боломжгүй болох нь илт байна.

Тэгвэл үүнээс гараг гарц нь юу вэ? Туйлын энгийн. Зөвхөн 13 дугаар зууны үеийн тогтолцоо руу ороход л хангалттай. Ингэхийн тулд яах ёстой гэж? Бас л энгийн. Их засаг хуульд зааснаар аравтын даргыг иргэд нь сонгох ёстой. Өнөө үед орон нутгийн сонгуулийг Парламентын сонгуулын өмнө нь явуулбал дээд шатгаас доод шатанд томилгоо явуулах боломж гарахгүй бөгөөд ингэснээр дээд шатанд хяналт тогтоож, сонгогчдодоо үйлчлэх эрх зүйн боломж бүрдэнэ. Тухайлбал, багийн Засаг даргыг багийн иргэдээр сонгуулсны дараа Засаг дарга нараас сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар сумын Засаг даргыг сонгож, улмаар сумдын Засаг дарга нараас аймгийн Засаг даргыг сонгох ёстой. Харин үүний дараа Парламентын сонгуулийг явуулснаар доод шатны дарга нарт хууль бусаар нөлөөлөх хүчин зүйл үгүй болж харин ч дээд албан тушаалтнаа /Тухайлбал аймгаасаа сонгогдсон их хурлы гишүүнийг тухайн аймгийн засаг дарга нь/ шахаж шаардах боломж олдохын зэрэгцээ хариуцлага тооцох хангалттай нөхцөл бүрдэнэ.

“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээх үгийн утгыг хүртэл өөрсдөдөө зориулж гуйвуулсан байх жишээтэй. Өнөөгийн төрийн дээд албан тушаалд очсон хүн “…эхлээд биеэ тордох хэрэгтэй, тэгээд хүсвэл төрдөө зүтгэ гэж бидний өвөг дээдэс хэлчихсэн байна” хэмээн доройгоор сэтгэж

  1. Хувийн эрх ашиг

  2. Намын эрх ашиг

  3. Улс орны эрх ашгийг бодох болжээ.

Гэтэл энэ нь биеэ мэдэж төлөвшсөн, гэрээ засаж боловсорсон хүн л төрд зүтгэх сэтгэл зүрхтэй, ёс зүйтэй байна хэмээсэн үг шүү дээ. Харин хариуцлагын тогтолцоо бүрдсэнээр өнөөгийн тогтолцоо хүссэн хүсээгүй

Нэгдүгээрт: Улс орны эрх ашиг

Хоёрдугаарт: Намын эрх ашиг

Эцэст нь: Хувийн эрх ашиг гэсэн Чингэс хааны уламжлалт тогтолцоо руу орох нь гарцаагүй юм.

“Нэмэгдэхүүний байр солигдоход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” гэдгээр парламентын болон орон нутгийн сонгуулийн дарааллыг сольсноор сонгуулийн төсөв, санхүүд өөрчлөлт орохгүй.

Энэ асуудлыг миний бие 2004 оноос эхлэн ярьж, сануулахад “зөв” хэмээн хүлээн зөвшөөрсөн улс төрч болон байсан хэдий ч хэрэгжүүлэх хүсэл зориг байсангүй. Учир нь хувийн эрх ашгаа хамгийн өндөрт тавих одоогийн боломж нь хаагдах учраас л тэр… Хяналт, хариуцлага гэдэг зүйл ингэж л бий болно. Тогтолцоо нь буруу бол, тодруулж хэлбэл “хөлөөрөө толгой хийсэн нөхцөлд” хичнээн сайхан юм яриад ямагт буруудна. Жишээлбэл, тогтолцоо буруугаас болж засаг нь төрийнхөө дээр гараад суучихсан бүгдийг дарангуйлж, хэмжээгүй эрхтэй мэт улс орноо зарж идэж байна. Улмаар тогтолцоо нь буруугаас хариуцлага тооцох механизм нь буруу байна. Үүнийг мэдэхийн ихээр мэдэж буй төрөөс төрсөн тэрбумтнууд овжноор ашиглан айж, ичих зүйлгүй ард түмний баялгийг цадахаа мэдэхгүй идэж, үхэхээ мэдэхгүй нисэж явна даа.

Үндэсний үзэл гэж язгуур ухаанаа өвлөхийн нэр. Үндэсний үзэл ярьж үндэсэрхэг үзлээр улс төрд хандах учиргүй. Чухам иймээс улс төр, сонгуулийн тогтолцооны ужгийг уламжлалт ухаанаар солих шаардлагатай.

Философич Б.Энх-Өлзий

8 “Улс төр ба сонгуулийн тогтолцооны гажиг

  1. Pingback: GVK BIO

  2. Pingback: GVK Biosciences

  3. Pingback: Training

  4. Pingback: DMPK

  5. Pingback: Hyderabad Corporate Event Planning

  6. Pingback: www.office.com/setup

  7. Pingback: from this source

  8. Pingback: sscn.bkn.go.id 2018

Leave a Reply