МОНГОЛЫН ОН ЦАГ ТООЛОЛ

Түүхч, зохиолч Н.Нагаанбуу 2005 онд “Монголын он цаг тоолол” номоо хэвлүүлж, Монголчууд өөрийн гэсэн он тоолол, зурхайтай байсныг баталсан. Тэрээр монголчууд ийнхүү өөрийн зурхайтай байсныг үл анзаарснаас XIII зууны түүхэн үйл явдлуудыг Түвдийн лит, Хятадын хуанлиар тооцоон алдаа гаргаж байсан асуудлыг анх хөндөн тавьжээ. Бид түүхч Н.Нагаанбуугийн 2005 онд бичсэн өгүүллийг толилуулж байна.

TP-31TMGFN-YBXW0GF-OBE5FRO-SW

МОНГОЛЧУУДЫН ОН НАМАР ЭХЭЛДЭГ

Монголчууд шинэ жилийг намар сүүн сар, үр сар гэх мэт тодотгосон нэрээр «хувь», «хулгана» хэмээн эхлүүлдэг тоололтой байсан талаар Эринжин Хара Даван, Дорж Банзаров, Чулууны Далай зэрэг нэр цуутай эрдэмтэд судлан тогтоосон байдаг. Гэтэл тэр тооллыг хавар эхэлдэг болгон гүйлгэсэн өдгөөгийн билгийн гэгдэх Түвд тоололтой ижилхэн мэтээр ерөнхийлөн тоймлож ирсэн нь алдааны гол шалтгаан болжээ. Намрын үрс, сүүн сар нь цагаан идээ, сааль сүүгээ арвин ихээр бэлтгэж мах идэх сэрүүн улирал ирж улмаар ангийн юмуу малын махны анхны хишиг «хувь» түгээх хосолмол идээ бялхсан баяр гэх мэт нийтлэг тайлбартай байна.

Үнэхээр Халимаг түмэн «улаан сар», манай Дөрвөд аймгийнхан «улаан цар» гэх ёслол тахилга өдгөө ч үйлддэг нь уг сурвалжийн нэгэн сэжүүр мөн гэлтэй. Харин уг шинэ оны намрын тахилга хэдүй үеэс Түвдийн барс сард буюу өвөлд шилжсэнийг олох нь хамгийн чухал бөгөөд сонирхолтой асуудал юм. Халимагийн нэрт эрдэмтэн Эренжин Хара Даван (1883-1942) «Рашид-ад-Диний бичсэнээр их хааны төрсөн банас барсан сар нь гахай» (европын 9 сард) (Чингис хан, как полководеци его наследие. Москва 1929) хэмээн эши татаад «…Монголчуудын тооллоор бодон хөөж ямар ч хүний насыг тодорхойлж болно. Амьтнаар нэрлэгдсэн 12 сар нь 1 жил болох бөгөөд мөн тэдгээр 12 амьтнаар нэрлэгдсэн 12 жил нийлээд нэг мөчлөг юм… барс сар нь европ тооллын 11 сарын сүүлч болно. Чингис хааны мэндэлсэн оныг тооцоолж гаргахад алдаа бий гэвэл тэр нь 12 жилээр л зөрөөтэй байж таарна… түүний нас барсан он сар нь 1227 оны гахай сарын 15-нд (есдүгээр сар) болох нь яв цав тогтоогдсон болохоор төрсөн он нь 1155-1162 оны хоорондох үед хамаарах нь гарцаагүй». (Ч.Баатарын орчуулга. УБ. 2002 он. Х-26) гэж тодотгол зүүлт хийснийг ажихтун!. Энд Монголчуудын тоолол 12 амьтнаар нэрлэсэн сар жил бөгөөд түүнийг хөөж Григорийн тоололд шилжүүлэхэд барс сар нь 11 сар, гахай сар нь 9 сар гэжээ. Яахаараа Рашид ад Диний үед гахай буюу жилийн сүүлч сар нь европын 9 сар байдаг билээ? Яахаараа Эрэнжин Хар Даван түүнийг «барс сарбол европын 11 сар мөн» гэж 1929 онд (номоо бичиж дуусгасан он) тодорхойлж байдаг билээ? Энэ тун ноцтой асуудал мөн.

Тэгэхээр «1636 онд Ижил мөрний газраа очиж суурьшсан… Хоо-өрлөгийн мөрөөр Хошуудын Байвагас ханы дүү Хөндлөн Убаштайш харъяат 3000 өрхөө дагуулан Алтайгаас Ижилийн газраа очиж суурьшжээ» (БНМАУ-ын түүх. Дэд боть. УБ. 1968.Х-71). Тэр халимагууд ямар гээч хачин тоололтой европт очсон хэрэг вэ? Энд бас учир байна. Э.Хара Даваны тодотгол, Рашид ад Диний (1304-1310 онд Судрын чуулган»-ыг бичсэн) хооронд лавтайяа 620 шахам жил өвөг дээдэс маань үнэхээр этгээд нэгэн тоолол хэрэглэж байсан болж таарах нь. Гэтэл энэ сурвалжаар бол 1206 оны барс сард хуралдаж их Монгол гүрнийг тунхагласан гэдэг маань (1205 оны намар цугласан болохоор) 1205 оны барс сар (ноябрь)-д болсон түүхт үйл явдал болж таарах нь. 1205 оны намар их хуралдай эхэлсэн гэдгийг хамаг амьдралаа энэ судлалд зориулсан Сайшаал, Ч.Далай зэрэг нэрт эрдэмтэд олон баримт сурвалж тэмдэглэлүүддээ баталсан байдаг.

Тэгэхлээр намраас өвөл дамжсан 7 сар буюу хагас жил илүү сунжран хуралдаагүй ердөө 2 сар шахам хугацаанд нэгдсэн гүрнээ тунхаглаж Их хуралдай түүхэн үүргээ гүйцэтгэжээ. Өөрөөр хэлбэл 1205 оны намар 9 сард (хулгана буюу хувь сар) эхлээд 11 сард (барс буюу өөлжин сар) өндөрлөсөн байна гэж үзнэ. Тийм бол яагаад 1206 онд хуралдсан гэж Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гаргуулсан гэвэл уг барс сарыг түвд тооллын «барс» сартай андуураад 1205 оны намар хуралдсан ноёдыг халуун намраас өвлийн гурван сар, бүр хаврын эх хүртэл чуулуулж өвөлжөө хаваржаа, нутаг орон, ард түмнийг нь эзэнгүйдүүлж «нүүдэлч» амьдралыг сөрсөн хачин дүгнэлтэд хүргээд байжээ. Энэ мэтээр Чингис хааны үеийн болон XIII зууны түүхэн он цагууд төөрөгдөлд ороод байгааг хойно олон баримтаар хэрэгтэй газар нь задлан өгүүлэх болно. Харин яг энэ мөчид «уг тоолол хэдүй хүртэл үргэлжилж (намар шинэлж) байсан бэ?» гэсэн асуултад хариулт эрцгээе.

«Судрын чуулган»-ыг бичсэн Рашид ад Дин 1247-1318 оны хооронд аж төрж уг зохиолыг 1304-1311 онд бичсэн билээ. Үлэгү хааныг нас барахад хүү Абага нь Эл хант улсын ханыг 1265 онд залгамжилсны хойно Рашид ад Дин ордонд орж элч болсон. Харин Эл хант улсын 7-р үеийн хан Газан (Аргун ханы хүү) 1295 онд хан залгамжлахдаа 1298 онд түүнийг төрийн тэргүүн сайдаар өргөмжилжээ.

1304 онд Газан хан нас барж дүү Өлзийт хан суухдаа түүхийг үргэлжлүүлэн хурдан бичиж дуусгахыг шаардсан бололтой. 1307 онд Монгол түүхийн хэсгийг дуусгаад дэлхийн түүхийг залган 1310 онд уг бүтээлдээ эцсийн цэг тавьжээ. Тэгэхээр уг түүхэнд «гахай сар нь европын 9 сар» гэсэн тул Чингис хааныг нас барснаас (1227 он) 80 гаруй жилийн хойно намрын шинэлэлт хэвээр үргэлжилж байжээ гэж үзэх үндэстэй болно. Академич Ч.Далай «Юань гүрний үед (1368 он хүртэл Н.Н) Монголын ноёлогч ангийн дотор нөлөөлж байснаас биш Монголын өргөн олон нүүдэлчдийн ихэнх нь бөө мөргөлийг шүтсэн хэвээр байжээ» гэж буддын шашин(түвд)-ны талаар өгүүлсэн саналтай дээрх дүгнэлт нийцэхээр байна.

Намрын шинэлэлтийн талаар Лигети, Мостерт, Поппе, Кибаяши зэрэг гадаадын эрдэмтэд санал нэгтэй «хувь» сар гэдэг тухайд дурссан. Нанхиад судруудад ч ийм сурвалж элбэг байна. (Монгол ёс заншлын нэвтэрхий толь. Оюуны боть. 1999 он. Хөх хот. Х-265). Энэ түүхэн судалгаатай манай эрдэмтэд мөн санал нэгтэй байдгийг «Намар шинэоноо тэмдэглэж хуримладагбайжээ. Хуримлахаасаа өмнө их махан тайлга хийгээд оролцсон бүх хүмүүст «хувь» хүртээдэг заншилтай байжээ (Доктор С.Дулам), «Цагаан сарыг намар тэмдэглэдэг байжээ (Академич Х.Сампилдэндэв) гэх мэтээр эрэл сурал бололгүй захаас ньдурдахад энэ мэт олон баримт хөврөхөөр байна. Угсаа нэгт буриадын эрдэмтэд ч мөн ийн судалсныг их эрдэмтэн Дорж Банзаров «Монголыншинэ он урьд оны есөн сард эхэлж байсан…» гэсэн бол Ц.Цыбыков «…Мал сүргээсээтөл авч хүч тарга нь гүйцсэн намрын эхэнд шинэ жилээтэмдэглэж өөрсдөө болон сүрэгтээ нас нэмдэг» гэх мэтээр өгүүлснээс илэрхий.

Энд эргэн тодотгох нэгэн санаа бол Д.Банзаров «9 сард (европын) гэсэн бол Ц.Цыбыков «намрын эхэн сар» хэмээсэн нь Рашид-ад Диний Перс сурвалжтай ав адилхан байна. Бас одоо ч малчид хаврын төлөө намар төлөг борлон, даага сарваа мэтээр нас дэвшүүлэн нэмж ярьда гзаншил хэвээр байгааг намрын жасаа, унага тамгалах найр зэрэг ёслол саяхан хүртэл байсныг дурдах ёстой.

Эндээс европын 9 сард Монгол тооллын тэргүүн хувь сар эхэлдэг нь намрын эхэн сар юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна.

Гэтэл яагаад түвд тоолол Чингисийн үед байсан мэтээр үзэж их хааны төрсөн, тэнгэрт хальсан болон Их хуралдай чуулж нэгдсэн Монгол гүрнийг тунхагласан зэрэг онцгой чухал үйл явдлуудыг уг тооллоор зурхайлаад байгаа юм бэ? Өнөөдөр доктор Л.Тэрбиш болон од зүйч доктор До.Баасанжав нар үүнээс өөр үнэн байх ёсгүй гэж «Чингисийнон тоолол», «үндэсний зурхай» мэтээр өргөмжлөөд байгаагийн учиршалтгаан нь хаана байна вэ? Энэ үнэхээр хачирхалтай асуудал мөн.

Нэгд, Тэд хувь, хужир… гэх мэтээр сараа нэрлэж намраас эхлэн 1-р сараа тооцдог үндэсний тоолол байдгийг мэдсэнгүй. Эсвэл сургийг нь дуулсан ч лавлан судалсангүй. Энд хоёр дахь эргэлзээ нь ортой болов уу.

Хоёрт. Марко Пологийн тэмдэглэлд «шинэ жил нь 2-р сард (европын) болдог» гэсэн мэдээнд хэтэрхий ач холбогдол өгч өрөөсгөлөөр хандавуу? Марко Поло Хубилай хааны ордонд шадар байж 17 жил хятадад суугаад 1291 онд буцсан, тэгэхдээ голлон Дайду (Бээжин)-д удаан суусан тул Пагва ламын оролцоотой ордны ёслолд оролцож байсан байж болох. Тэгвэл академич Ч.Далай өмнө дурдсан Юань гүрний үед Түвдийн шашин ордны хүрээнд л байсан болохоос ард түмний дунд (ялангуяа ар Монголд Н.Н) тархаагүй гэсэн дүгнэлт тохиолдлын биш байжээ гэдэгт итгэхээс аргагүй. Бүр тодруулбал ерөөс хятад тооллыг хэлсэн байж болох талтай.

Гуравт. Монгол тооллыг сэхээрэлгүйгээр түвд зурхайг өмнөө барьж улс үндэстний соёлоо дорд үзэгсдийн хэлдэг гол бамбай бол Елюй Чу Цай зурхайчтай холбоотой мэдээ юм. Энд Чингис хаан 1203 онд сайдуудаа магтахад тоонд нь орсон Чу мэргэн гэгчийг тэд Елюй Чуцай гэж эндүүрдэг хуудуу архагшсаныг хэлэх ёстой. Энэ хүн 1203 онд биш бүр хожим 1218 оноос Чингист хүчээ өгсөн эрдэмтэн билээ. Өөрөөр хэлбэл 1203 онд Чу мэргэнийг Чингис хаан магтаж байхад Елюй Чуцай 13 настай хүүхэд байсан хэрэг. Харин 1218-1227 оны хооронд Их хааныг насан эцэс болтол зөвлөх шадар сайд байсан улмаар «Баруунш дайлсан дагаан морин жилийн анхны зурхай» хийж хаанд барьсан нь унэнтэй. Тэрхүү «Цагаан морин жил» гэдэг нь 1210 он билээ.

Гэтэл Чингис хаан Елюй Чуцайн хамт энэ үеэс арваад жилийн хойно 1219 оны 4 сард Хорезмыг дайлаар мордож 1225 онд эх нутагтаа морилон ирсэн. Энэ бүхнээс харахад Елюй Чуцай хөх морь буюу 1234 онд Өгэдэй хааны тэргүүн сайд болоод бичсэн, эсвэл 1222 оны хар морь жил Чингис хаан Инд мөрнөөс Самарканд руу ирж Чанчун бомботой уулзсан зэрэг цэрэг дайны урт аяны хугацаанд уг зурхайгаа цэгцэлсэн байж болох талтай. Энд гарч буй томоохон алдаа бол 1206-1220 онд Жу Хи Вай-гийн Их гэгээн шар зурхайг, 1220-1234 онд Елюй Чуцайн «Цагаан морин жилийн зурхайн язгуур» гэдэг шар зурхайг Монголчууд хэрэглэж ирэв гэж зурхайч Д.Мөнх-Очир нотолж буй явдал юм. Түүнийг Б.Балжинням «Монголчуудын бүрэн түүхийн товчоон» (Тэргүүн дэвтэр 2005 он Х-724) номдоо эшлэн дурджээ. 1206 онд Зүрчидын алтан улсын буюу гол дайсныхаа (Зүрчид зурхайч Жу Хи вайн) зурхайг нэвтрүүлье гэж Их хуралдайд хэн санал оруулж батлуулсан? Яаж Монгол даяар нэвтрүүлэв? 1220-1225 онд Баруун Азид дайтаж явсан Елюй Чуцайн шинэ зурхайг хэн Монголд авчирч даяар олонд түгээв гэх мэт ноцтой асуултуудад хариулт олдохгүй нь лавтай. Энэ бол мөнөөх Чу мэргэнийг /1203 онд дурдагддаг / Елюй Чуцай гэж андуурдаг судлаачдаас 1206оны их хурилдайд тэр хүн сууж байсан гэж бодсон бүдүүлэг алдааг сохроор дагасны уршиг юм.

Жу Хи Вайн шар зурхайн алдааг Елюй Чуцай засамжлаж «Баруунш дайлсан цагаан морин жилийн зурхай»-г бүтээсэн гэсэн мэдээг ийнхүү 1206 онтой холбож одон зурхайг он тоололтой андуурсан бол үнэхээр «урагшгүй» алдаа мөн. Харин Алтан улсын зурхайч Жу Хи Вай, Хиданы Елюй Чуцай нарын уг зурхайнууд тухайн дурдсан цаг үед бий болсон нь баримттай зүйл боловч түүнийг Монгол тооллыг халж өөрчлөн өргөн уудам нутаг даяар албан ёсоор түгээн дэлгэрсэн цаглабар гэж үзэх нь санаанд багтамгүй хэрэг. Ерөөс Монгол тооллыг зурхайчид (астрономич) зохиодоггүй малчин ардууд өөрсдөө хэдэн мянганы турш хуримтлуулж удамшуулсан төрөлх мэдлэг болохыг, түүний уг шаг одооч тасраагүйг хойно өгүүлэх холбогдох сэдвүүдээс шалган лавлана уу?

Түвд тоолол Чингис хааны үед орж ирсэн гэж итгэгсдийн «сурвалж судлал нь» ийм мэт гүехэн өнгөц байдаг байна. Жу Хи Вай, Елюй

Чуцай нарын одон шар зурхай нь түвдийн зурхайтай төдийгүй нараар цаглабараа барьдаг Монгол тоололтой бүр ч холбоогүй гэдгийг хатуу санах ёстой. Чингис хааны үед үндэсний тоолол орхигдсон гэж итгэгсдэд хэлэх өөр сурвалж ч байдаг.

Тухайлбал энэ үеэс хожуу Юань гүрний үед /Монголын хаад жил бүрийн 6 сарын 24-нд Шанду хотод их тахилга хийхэд Монгол бөө удган олноор цуглан бөөлдөг байсан байна… Жил бүрийн 9 сард буюу 12 сарын 26-наас хойш Шатаалганы сүмд (Шао фан Юны) нэг адуу гурван хонь алж гүүний айраг, шимийн архи, мөнгө зоос, торго нэхмэлийн зүйлийг хуримтлуулан тахилга үйлдэхэд олон бөө удган цугларан ирж улсынхаа хэлээр дуудлага дуудан бөөлдөг» (Юань улсын судар. 77-р бүлэг) гэжээ. Энд юу өгүүлэв гэвэл түвд лам нар тахилга үйлдэж байгаагүй, түвд хувилбарын тооллыг Монголчууд баримталж байгаагүйн эгэл нэгэн баримт. Учир нь тахилгын хугацаа бол Монгол тооллын хугацааны гол хэмжүүр байдаг. Дээр дурдсан «6 сарын 24» (өдөр шөнө тэнцэх үе) «9 сар» гэдэг нь европын тоолол байна. Учир нь «9 сард буюу 12 сарын 26» гэж байгааг ажиглавал Монгол тооллын 12 сарын сүүлч гахай буюу нийтийн тооллын 9 сар мөн. Иймд зун намрын тахилга, Монгол цаглабарын хугацаатай яг таарч байна. Ер нь тахилга үйл Монгол цаг тооллын хамгийн гол баримтлал мөн болохоор тогтож хэлэлцэх нь зөв мэт.

Тахилгын хугацаа – Монгол тоолол

Нанхиадын өвгө сурвалжуудыг судлан Хүннү гүрний түүхийг тодруулсан нэрт эрдэмтэн Г.Сүхбаатар «Хүннү нарын заншлаар жилд 3 удаа луугийн тахилга хийхдээ дандаа цагаан сар, тав, есдүтээр сард нохой өдөр тэнгэр хайрхдыг тахидаг. Иймд олон аймаг цуглаж төрийн хэрэг хэлэлцэн тэмээ морь уралдуулан наргидаг…». «Шинэ оны хуралдаан нь шаньюйн өргөөнд болдог. Түүнд овгийн ахлагч тус улсын бүх дарга цуглаж тахилга үйлддэг нь уг хуралдаан овгийн байгууллын ардын хурал буюу ахлагч нарын цуглаан бусыг харуулж байна… Хүннүгийн хаан буюу шаньюйгийн оны амгаланг айлдахаар…» гэжээ (дурдсан ном х-73). Энд цагаан сар нь европын 9 сар, таван сар нь европын 1 сар, есөн сар нь мөн европын 5 сар болох нь ойлгомжтой байна. Энд 1 сар буюу европын 9 сар» намрын тахилга – хуралдаан -хааны оны амгаланг эрэх» ёслол 1205 оны их хуралдайн цаг үетэй тун ойролцоо байгааг бид анзаарах ёстой.

Плано Карпино иймэрхүү шинэ оны амгаланг эрэх хуралдаан Монголын нэгдсэн улсын (Чингис хааны. Н.Н) үед байсныг дурджээ. Гэтэл О. Прицах «Хүннүд 24 гишүүнтэй төрийн зөвлөл байсан. Тэрнь жил бүрийн 1, 5, 9 сард Онгийн голд байсан Лунчэн хотод (луун) хуралдаж төрийн чухал асуудал хэлэлцдзг гэжээ. (Г.Сүхбаатарын номоос дам эшлэв).

Сыма Чань»Шицзы»-д Цагаан сард (европын 9 сард) шаньюйн өргөөнд бүх дарга бага хуралдаанд цугларч тахилга үйлдэнэ» гэхмэт олон сурвалж дурдасныг үзэхүл «1, 5, 9 сарын тахилга» гэдэг нь Монголын тоон сар бөгөөд 1 нь «хувь» (хулгана) буюу аргын 9 сард шинэ он гарсны тахилга, 5 нь (луу) буюу аргын 12 сарын 25-ны орчим хийгддэг тэнгэр тахих, гал тахилгын эдөр, 9 нь аргын 5 сар (май)-ын сүүлчээр хийгддэг зуны угтал Нуурын их тахилга мөн боловч өдөр шөнийн тэнцлээр 3 сарын 21, 9 сарын 21, хамгийн урт өдөр 6 сарын 22, хамгийн богино өдөр 12 сарын 22 хэмээн авч үзэх үндэслэл бүрэн байдаг. Сайшаал, Ч.Далай нар 1206 оны их хуралдай намар цагт хуралдав гэсэн нь түвдийн барс сартай яавч уялдахгүй тул 1205 оны намрын сүүлч Исарын барс сар мөн болно.

Бүр тодруулбал 1205 оны 9 сард барс жилийн, хулгана сар эхэлж улмаар 2 сарын дараа барс сар гарахад (европын 11 сар) өвлөөс өрсөн хурлаа өндөрлөжээ гэсэн үг болно. Энэ мэт ээдрээг анзаарч тогтож нягтлаагүйгээс «1206 онд улаан барс жилийн зуны эцэс, намрын эхээр Монгол-чуудын чуулган Их хуралдайг хуралдуулах болжээ. Хөхөгчин үхэр жилийн өвөл өнтэй сайхан, улаан барс жилийн хавартай золголоо. (СЦэрэнбалтав. Ц.Минжин «Тэмүжин-Чингис хааны намтар». УБ.2002 он. 1-р дэвтэр. Х-489) гэж бичиж сурталчлахад хүрч төөрөгдөлд оржээ. Зун, намар хурал зхлээд 1207 оны хавар (үхэр) хүргэсэн мэт.Харамсалтай нь үхэр жил бар жилийн урд байдаг тул үйл явдал тун будлиантай болжээ. Яг иймэрхүү холион Сайнжаргалын «Монгол тахилга» (Өвөр Монгол. 2001 он) номд олон байна. «Аравдугаар сарын шинийн гурван бол өвлийн улирлын тасман тайлгын өдөр» (х-250) гэжээ. Мэдээж европын 10 сар биш байна. Учир нь энэ үе яавч өвлийн улирал биш. Тэгэхээр түвд тооллын 10 буюу гахай, европын 12 сар (декабрь)болох нь илт. Уг тахилгыг Хубилай хаакы «Арван буянт номын цагаан түүх»-д «Өвлийн дунд сарын хуга шинэд…» гэснээр ойролцоо байгаа ньбатлагдана. Гэтэл номын х-119-т уг мялаалгадын буюу Чингис хааны төрсөн хүйг боосон гэх өвлийн улирлын тахилгын талаар «таван сарын12-ын өдөр» хэмээн өгүүлсэн нь мөнөөх гурван өөр тооллын төөрөгдөл цухалзаад байгаагийнх юм. Энэ 5 сар нь хуучин Монгол тооллын өвлийн дунд сар мөн тул түүнийг зааж байгаа нь маргаангүй байна. Иймээс өвлийн дунд сар бол түвдийн 10 сар, европын (Григорийн) тооллын12 сар, харин Монголын улар (луу) буюу 5 сар болохыг дээрх будлиан нотлоно. Энэ мэт ээдрээ зөрчил гараад буй нь зохиогчдын муугийнх биш, уг тооллуудын учрыг хаа сайгүй ойлгохоо байж, ялангуяа Монгол үндэсний тооллоо гээж мартсаных юм.

Өнөөгийн түвдэч зурхайч нар «Арван буянт номын цагаан түүх» (1330 он) бичигт намрын тэргүүн «хувь» сарыг, түвдийн «барс» сар дээр аваачин давхцуулж ав адилхан нэг маягийн тоолол мэт болгосон түүхийг мэддэггүйгээс алдаанд хүрдэг болохыг хэлүүштэй. Жишээ нь «Арван буянт номын цагаан түүх» (хойшид «Арван буянт» гэх)-д «хаврын эцэс «өөлжин» (луу) сарын хорин нэгэн» гэж тэмдэглэсэн нь намрын шинэлэлтийн хувь сараар тоолдог манай цаглабараар бол өөлжин нь мөнөөх барс (аргын 11 сар) атал хаврын эцэс болгожээ.

Гэтэл өгүүлэн буй тахилга нь эдэвгээ 3 сарын 21-нд хийдэг гэж европын тооллоор ярьдаг угтаа Монгол тооллын 7 сарын Цагаан сүргийн их тахилга юмсанж. Ийнхүү Монгол түвд хоёр тооллыг «Арванбуянт»-аар албадан хосолдуулснаар Монголын намрын сүүлч сар түвд хаврын эцзс луу сартай адилхан мэтээр мугуйдлан ижилсүүлсэн нь төөрөгдлийн эх болсон хэрэг.

Ийм зөрүү гарч хольж хутгах, төвөгтэй өөрчлөлт болжээ. Европын9 сарын 21-ний орчим өдөр, шөнө тэнцэх үеийн тахилга бол ард түмний «намрын дунд сарын 17-ны үзэлтгүй сайн» гэдэг баримжаагаар бэлгэшээдэг хишиг өдөр юм. Үүнийг түвд тоололд Дашням, Балжинням хосолсон хэмээн товлодог ч энгийн түмэн эрж олоход тун төвөгтэй. Яагаад гэвэл түвд тоололд илүү дутуу эсвэл давхацсан өдөр байтухай бүтэн сар ч байдгаас нүүдэлч малчдад үнэхээр хүндрэлтэй тоолол тулгарсан хэрэг.

Иймд зөвхөн хүрээ хийдэд XVII зууны сүүлчээс эхлэн түвд тооллыг алдаг оног мөрдөж байсан болохоос биш малчдын хувьд, хуучин тооллоо өнөө хүртэл хадгалсаар ирснийг хойно зохих сэдвүүдэд тодорхой тайлбарлан өгүүлэх болно. «Арван буянт»-ыг аялдан дагасан сурвалж Галданы «Эрдэнийн эрих»-ээс эхлээд цөөнгүй буй. Тэдгээрийг Монголын түүхийн гүн ухаанаас хол хөндий орчин үеийн эрдэмтэд болон түвдэч зурхайч нар «Чингисийн үеийн эртний ном судар» гэж эндүүрдэг бололтой. Галдан туслагч энэ номоо 1840 онд түвдийн шашны ид түрсэн үед бичсэн түүх билээ.

Иймэрхүү харь шашны нөлөөтэй зохиол бүтээлийн тоонд Лувсанданзаны «Алтан товч» хошуучилсан үүрэгтэй бөгөөд шашны том зүтгэлтэн тэрбээр XVII зууны дунд үед бичсэн уг түүхэндээ Чингис хааны төрсөн өдрийг анх удаа «хар морин жилийн зуны тэргүүн сарын арван зургаанаа улаан тэргэл өдөр дүл цагт Чингис хаан төрөв» (х-18) хэмээн он сар өдөр цаг заан бичсэн билээ. «Монголын нууц товчоо»-нд Жамуха Тэмүжин нар салж нүүсэн (х-18), Тэмүжин Тайчуудад баригдаад зугтаж гарсан (§-81), хулгана жил (1204) тугаа тахиж Найманы эсрэг дайнд мордсон (§-193) гэх мэтээр гурван удаа дурдагддаг энэ өдрийг Чингис хааны төрсөн өдөр болгосон нь нүүдэлд сайн, дайснаас зугтаж амь гарсан, бөө зайран нар сайн өдөр хэмээн дайнд мордохыг зөвшсөн бэлгэдэлтэй онцгой өдөр. Өөрөөр хэлбэл Чингис хаанаас өмнөх үеийн хэвшилтэй уламжлал бүхий нь тодорхой байдаг.

Лувсанданзан түвд зурхайгаар уг өдрийг шинжээд буддын шашны түүхэнд зуны эхэн сарын 15-нд Бурхан багш эхийн хэвэлд заларсан, 35-ныхаа мөн өдөр бурхан болох ёсыг таалсан, 81-нийхээ жил мөн өдөр нирваан дүр олж наснаас нөгчсөн гурван чухал хувь заяа давхацсан хэмээн ёсолж хурал ном хурдаг харь шашны бэлгэдэлтэй домгийг Чингис хааны төрсөн өдөр хэмээн хий тодруулсан зохиомол түүх төөрөлдөхийн үүд сөхжээ. Үүнийг эдэвгээ шалган нягтлалгүйгээр «чухал сурвалж» хэмээн туйлбартай «үнэн» болоход хүрлээ. Лувсанданзан ямар ч сурвалж баримтгүй атал Бүртэчинуг түвдийн Далай совин алтан сандалт хааны гутгаар хүү болгон «МНТ-ны үйл явдалтай уялдуулаад улмаар «Чингис хааныг энэ зам буулингийн амьтныг мэдүүлж төрөхөд хамаг улсыг үл мэдүүзэй хэмээн гурван оныурьд Сахаяагийн Гунгаанямбуу лам зарлиг болсон нь: Дээр тэнгэрээс заяагаар чин зоригт чандмань мэт богд Чингис хаан төрөх, хамгийг мэдэгч тэр болох буй хэмээж хятадын Илишида Шигү, Би Ба нэрт хоёр хүнээр Бурхан Халдунаа улаан чулуунаа цавчиж мэдүүлэв.

Чингис хаан дээр Шигмуний бурхнаа Зиванхирид өгдөж, дор Нанди уба, нанди лусын хаан хасбуу тамга гарган өгсөн тэр бөлгөө (х-20). «Суут богд Чингис хаан лугаа тохиосон лам нь Сахьяагийн Гунгаанямбуу нэрт бөлгөө. Тэр ламын зарлигаар Эсругийн нэрт хатны хойт хаалган тус, хоёр лавар газрын үзүүрт Далай дуурьсахуй сүм босгов. Бас суут богд Чингис хаан ном буяныг гэнэт мэдээд мөнх газарт зуу Шагжамунид буянаа өгч илгээж Сахьяагийн Манзушир лам дурагт нэгэн бодисадвагийн хувилгаан миний ач үрд төрүүл хэмээн өчин илгээв.

Төдий Манзушир (бурхан) шавьдаа алтан хуурцгийн амыг бүү нээ гэж зарлиг болж» (х-132) гэх мэтээр бичсэнээ «баталгаатай» болгох, Чингис хааныг Буддагийн хойт дүрээр тодрон мэндэлсэн хэмээн сурталчлах гэсэн шашны ухуулга зэхсэн нь илт байдаг. Иймд Лу. «Алтан товч» түүхээс магадлалтайг нь судалгаанд авч, мунхруулгын чанартай эндүү зүйлийг нь сэхээрэн шинжих ёстой байна. Тиймгүйгээс Чингис хаан «Арга билгийг эс мэдвээс алаг ямааны ишгийг ч алж идэхүйеэ бэрх болой. Арга билгийг мэдвээс аргалийн зулзгыг алж идэхүйеэ хялбар болой» хэмээсэн Лувсанданзаны зохиомжийг Чингис хааны билэг сургаал мэтээр ухаарч «Их эзэн арга билгийн (дорнын) гүн ухааныг нэвтэрхий мэддэг байсан» (Д.Мөнх-Очир «Монголын зурхайн түүх» УБ. 2000 он. Х-107) зэргээр эши татан ташаарах нь элбэг болжээ.

Лу. «Алтан товч»-ийг дагалдсан түүхэн сурвалжуудаас «Эрдэнийнэрих», «Болор толь» (Жамбалдоржийн) болон «Болор эрих» (Рашпунцагийн) мэт бөгөөд тэдгээрийг академич Ш.Нацагдорж хүртэл шууд авч «III жарны усан морин жилийн зуны тэргүүн сарын 16-ны тэргэл өдөр буюу европын 1162 оны 4 сарын 16-ны өдөр төржээ» («Чингис хааны цадиг» УБ. 1991 х-24) хэмээн дүгнэснийг дараач үеийнхэн нь шинжлэх ухааны үнэн хэмээн эши болгох гажуудал газар авсаар байна. Энэ мэт төөрөгдлөөс шалтгаалж Буддын шашин бол манай үндэсний шашин, өвөг дээдэс маань түүхээ түвд тооллоор бичсэн эртний соёлын дурсгалтай гэх мэт будлиу түүх үргэлжлэн хаврыг зун хэмээн тунхаглах болов. Юутайч тахилгын хугацаа эртний цаг тооллын гол чухал хэмжүүр мөн гэдгийг дахин сануулсу.

Түүхч Н.Нагаанбуу (1951-2015) 2010 он.

3 “МОНГОЛЫН ОН ЦАГ ТООЛОЛ

  1. Pingback: GVK BIO

  2. Pingback: Contracts

  3. Pingback: www.cpns2016.com

Leave a Reply