Антиобиотикийн зохистой хэрэглээний тухай хэлэлцүүлэг боллоо

Өнөөдөр  Хэвлэлийн Хүрээлэнд антиобиотикийн зохистой хэрэглээний тухай хэлэлцүүлэг болж, “Оточ Манранба” их сургуулийн захирал, анагаах ухааны  доктор, профессор Г.Чойжамц, Улсын 2-р төв эмнэлгийн халдвар судлаач их эмч Ц.Уянга, нийслэлийн Баянгол дүүргийн 10-р хорооны өрхийн  эрүүл мэндийн “Ариун чанар” төвийн дарга, их эмч Ц.Түмэндэмбэрэл, Цахим эмч ТББ-ын тэргүүн Б.Баярбямба, ХӨСҮТ-ийн нян судлалын лабораторийн тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр  ахлах зэргийн их эмч Т. Одгэрэл болон бусад холбогдох мэргэжлийн хүмүүс оролцлоо.

Хэлэлцүүлгийн  гол  агуулга бол антиобиотикийн зохистой хэрэглээ,түүний мэдрэг чанар, тэсвэрт байдлын  үүсэл хэр их байгаа болон вирус,нянгийн гаралтай  амьсгалын замын халдварт өвчний үед  зохих эмчилгээг хэр  зөв сонгож хийлгэж чадаж байна гэдэг талаар зөвлөмж, мэдээлэл олон нийтэд өгөхөд оршиж байгаа гэж Цахим эмч ТТБ-ын тэргүүн Б.Баярбямба хэлэв.

emch2

Антиобиотикийн тэсвэрт байдал яаж ямар байдлаар  үүсдэг талаар “Оточ Манрамба” их сургуулийн захирал Г. Чойжамц тайлбар өгсөн юм.  Тэрээр, Антиобиотик гэдэг бүлэг эмийг  дөнгөж 1940-өөд оны дунд үеэс хүний  анагаах практикт хэрэглэж эхэлсэн. Түүнийг нээснээс хойш өнгөрсөн 60 орчим жилийн хугацаанд дэлхийн анагаах ухаанд 100 орчим антиобиотикийг эм болгон оруулж чадсан юм. Үүнээс одоогийн байдлаар 60  шахам  антиобиотикийг анагаах ухааны хэрэглээнээс бүр  хассан. Тэгэхээр хүн төрөлхтөн хэрэглэж болох  40 орчим антиобиотик байна гэсэн үг. Антибиотикийн   замбараагүй, буруу хэрэглээ ихэссэний улмаас нянгууд  антиобиотикт дассан. Нянгийн амьдралын  хугацаа хэдэн минутаас хэдхэн цагийн хугацаатай үргэлжилдэг. Тодорхой хугацаанд нянгийн амьдралын  хэд хэдэн үе өнгөрчихдөг. Антиобиотикийн химийн  бүтцийн  талаарх  мэдээлэл нянгийн амьдралын  үе шат бүхэнд  дамжаад, дараа дараачийн үеийн нян тэр төрлийн химийн бүтэцтэй бодист тэсвэржээд гараад ирдэг. Энэ үзэгдлийг антиобиотикт тэсвэржилт үүсэх  гэж ярьж байгаа юм гэв.

Түүний үзэж буйгаар  хүн төрөлхтөн  гаргасан алдаа бол  антиобиотикийг нэгдүгээрт шаардлагагүй үед хэрэглэсэн,

хоёрдугаарт буруу хэрэглэсэн. (антиобиотик хэрэглэх шаардлагатай өвчинд эмийг авчихаад, тэрийгээ гүйцэд хэрэглэлгүй  зогсоочихсон, хасчихсан эсвэл тунг нь багасгачихсан зэрэг алдаа) явдал ажээ.

“Антиобиотикт нян тэсвэржих  биологийн үзэгдэлд” бүх хүн  санаа тавихгүй бол 2050-иад оны орчимд  хүн төрөлхтөн  антиобиотик гэдэг эмгүй болох аж. Энэ нь яг 1940 оны үе шиг хүн төрөлхтөн ямар ч халдварт өвчнийг эмчлэх боломжгүй болно гэсэн үг гэж  “Оточ Манрамба” их сургуулийн  захирал ярилаа. Үүнээс  зайлсхийх арга бол антиобиотикийг дур зоргоороо хэрэглэхгүй байх, жоргүйгээр олгодоггүй болох хэрэгтэй, энэ л болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх   гол нөхцөл нь болж өгнө гэж тэр үзэж байна.

Хэлэлцүүлэгт оролцож байгаа  ХӨСҮТ-ийн нян судлалын лабораторийн тасгийн эрхлэгч, ахлах зэргийн их эмч Т. Одгэрэл нянгийн мэдрэг зан чанарын тухай мэдээлэл өгсөн юм.  Антиобиотикийн мэдрэг зан чанарыг тодорхойлох шинжилгээ хийхдээ хамгийн түрүүнд   тухайн бактериас өсгөвөрлөх шинжилгээ хийдэг. Өөрөөр хэлбэл эмгэг тээгч нян  мөн эсэхийг мэдэхийн тулд хамгийн түрүүнд хүн болон амьтны биеийн сорьцуудаас ялгаварлан өсгөх үйл явцыг хэлж байгаа юм гэж хэллээ.

Эмгэг тээгч нян мөн гэж тодорхойлсон тохиолдолд антиобиотикийн мэдрэг чанарыг тодорхойлох шинжилгээ хийдэг байна. Одоогоор дэлхий нийтийн анагаах практикт  хэрэглэж байгаа шинжилгээний гол аргачлал бол диск нэвчүүлэх арга гэнэ. Энэ аргаар ямар антиобиотикт тэсвэртэй болон мэдрэг байна вэ гэдгийг тодорхойлж мэдсэний үндсэн дээр  эмчилгээний тактик боловсруулдаг ажээ.

Харин нян судлалын шинжилгээний гол уламжлалт арга нь 24 цагийн дараа өсгөвөр гарч ирдэг,  нянгийн  мэдрэг  чанарын шинжилгээ хийхэд гурав хоног  буюу 72 цаг шаардагддаг учраас хүмүүс шинжилгээ өгөх тал дээр хойрго ханддаг гэж ХӨСҮТ-ийн нян судлалын лабораторийн тасгийн эрхлэгч ярилаа.

 Өвчний  үе шат тодорхой хугацаатай байдаг, ард түмэн, иргэд энэ тал дээр ойлголт муутай байдаг гэнэ. Антиобиотикийн эмчилгээг хэрэглэхийн тулд заавал эмчийн жороор эмчилгээ хийлгэх шаардлагатай. Эмчийн жороор эмчилгээ хийхийн гол үндэс нь лабораторийн шинжилгээ юм.  Тийм болохоор  72 цагийн шинжилгээний хугацааг  богиносгох аргалчлалууд  нэвтэрч, бүрэн болон хагас автомат анализаторын тусламжтайгаар  36-40 цагт багтааж  байгаа аж..

Хэлэлцүүлэгт оролцсон мэргэжилтнүүд антиобиотикийн зохисгүй хэрэглээг багасгах, эмчийн жорын дагуу хэрэглэхийг хэлэлцүүлгийн үеэр иргэдэд хандан уриаллаа.

Х.Оюунболд

 

Leave a Reply