АНУ-ЫН НУУЦ ЭЛЧ ХЯТАДАД ХҮРЭЛЦЭН ИРСЭН НЬ

АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоноос хойш Хятад, Америкийн харилцааны асуудал анхаарлын төвд байна. Duuren.mn Хятадын нэрт дипломатч Цянь Цичэний бичсэн дурсамжийн номноос 1989 онд энэ хоёр орны удирдагчдын түвшинд болсон яриа хэлэлцээрийн талаар нэн сонирхолтой баримтыг хэсэгчлэн хүргэж байна.

мг

АНУ тэргүүтэй Өрнөдийн орнуудын Хятадад тавьсан хориг ид өрнөж байсан үед АНУ нэгэн нууц элчийг Хятадад илгээсэн юм.

            Үнэндээ Хятадын эсрэг авсан хориг арга хэмжээнүүд нь АНУ-ын дэлхийн стратеги болон хэтийн ашиг сонирхолд нь тэр бүр нийцэхгүй байсан юм. Тухайн үед Хятад, АНУ, ЗХУ гэх том гурвалжинд Хятад, АНУ хоёр нь ЗХУ-ын түрэлтийг тэнцвэржүүлэхэд үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлж байлаа. АНУ ч Хятадыг ганцаардуулах нь АНУ-д ашиггүй гэдгийг сайтар ойлгож байв.

            Өгүүлж буй хугацаанд ерөнхийлөгч Ж.Буш хэд хэдэн удаа Хятадад хувийн захидал илгээж хоёр улсын харилцаанд онцгой анхаарал хандуулж байгаагаа болон Хятадад тавьсан хориг бол Конгресс хийгээд олон нийтийн шахалт шаардлагаар аргагүйн эрхэнд хийгдсэн алхам болохыг тайлбарлаж, энэхүү нөхцөл байдлыг хятадын удирдагчид ойлгох болов уу хэмээн хүссэн байв.

            1989 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ерөнхийлөгч Ж.Буш Дэн Сяопин-д илгээсэн захидалдаа онцгой элчийг нууцаар Хятадад илгээж, Дэн Сяопин-тэй илэн далангүй яриа хийлгэх хүсэлтэй байгаагаа дурджээ.

hw-bush-deng-in-beijing_3ddf12e502_1aacb82cf1

           Маргааш нь нөхөр Дэн Сяопин Ж.Бушид илгээсэн хариу захидалдаа олон жилийн турш хоёр тал хамтран буй болгосон харилцаа   одоогоор  хүнд  хэцүү   сорилттой   тулгараад  буйд санаа зовниж байгаагаа илэрхийлж, хоёр орны харилцаа улам муудахаас зайлсхийхийн тулд ерөнхийлөгч Ж.Бушийн саналыг дэмжиж буйгаа мэдэгдэхийн зэрэгцээ, хоёр тал нууцыг чандлан сахисан нөхцлийн дор АНУ-ын ерөнхийлөгчийн Хятадад илгээх онцгой элчийг угтан авч, түүнтэй өөрийн биеэр чин сэтгэлээсээ Илэн далангүй яриа хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа дуулгасан юм.

            Ерөнхийлөгч   Ж.Буш   тэрхүү  хариу  захидлыг   аваад   ихэд баярлаж, Үндэсний   аюулгүй   байдлын   зөвлөх   Б.Скаукрофт генералыг ерөнхийлөгчийн  онцгой  элчийн  хувиар 7  дугаар 1-нд Хятад руу илгээв.  Түүнтэй хамт АНУ-ын  Төрийн нарийн бичгийн  даргын  орлогч  Л.Иглебергер  болон   нэгэн нарийн бичиг  хамт  явсан  бөгөөд  хамгаалалтын албаныхан хийгээд өөр хүмүүс дагалдаагүй байв. Хятад руу илгээх онцгой элчийг сонгохын тулд АНУ-ын тал сайтар судалгаа  хийсэн   ажээ.   Ерөнхийлөгч   асан   Р.Никсон, Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Киссинжер нарын нэгийг онцгой элчийн хувиар Хятадад айлчлуулахаар ярилцаж байсан ч тэр хоёр нь олны анхааралд өртөн нууц задраах эрсдэлтэй тул Б.Скаукрофтод   энэ   үүргийг   даалгахаар   болсон   юм. Б.Скаукрофтод аливаа асуудлыг шийдвэрлэхдээ тун нухацтайгаас чухал албан тушаал хашиж байсан учир түүнийг Хятад руу илгээвээс   АНУ   нь   Хятадтай   харилцах   харилцаандаа онцгой анхаарал  тавьж  байгааг  харуулах  төдийгүй   гадаад ертөнцийнхний анхааралд тийм амар өртөхгүй байжээ.

download

“James Baker”

Дагалдан явах хүмүүсийг сонгох тухайд ч америкчууд санал зөрөлдөж  байжээ.  АНУ-ын   төрийн   нарийн   бичгийн   дарга Ж.Бейкерийн бичсэн “Дипломат бодлогын улс төр” номонд, эцсийн  эцэст   ерөнхийлөгч   Ж.Буш   Б.Скаукрофтыг   дагалдах хүнгүйгээр   Хятад   руу   илгээхээр   шийдвэрлэсэн   юм   хэмээн өгүүлжээ. Төрийн  нарийн  бичгийн  дарга  Ж.Бэйкерийн  үзэж байгаагаар энэ нь тийм ч оновчтой шийдвэр биш байсан ажээ. Түүний үзэж байгаагаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Төрийн   департментийн    ажилтанг   дагалдуулалгүй ганцаараа  Хятадад  айлчлах  нь  АНУ-ын  гадаад  харилцааны тогтолцоог хүнд байдалд оруулсан  ажээ. Үнэндээ Ж.Бейкер асуудлыг ийнхүү хөндсөн  нь үнэн  чанартаа  тэрбээр өөрөө Хятадад хийх тэрхүү нууц айлчлалыг хариуцахыг хүссэнд оршиж байв. Тиймээс ч тэрбээр би Хятадад очихыг маш ихээр хүсч байсан. Гэвч Төрийн нарийн бичгийн даргын хувьд дипломат ажлын давтамж их байдаг, нууцыг хадгалахад бэрхтэй зэргийг бодолхийлж үзсэн. Иймээс ерөнхийлөгч Ж.Буш төрийн нарийн бичгийн дэд дарга Л.Иглебергерийг Б.Скаукрофтыг дагалдуулан Хятадад айлчлуулах болсон юм хэмээн номондоо тодорхой бичжээ.

eagleburger85

Lawrence S. Eagleburger

 Б.Скаукрофтын Хятадад хийх нууц айлчлалыг задраахаас сэрэмжлэн Америкийн тал бүхий л аргыг сүвэгчилж байжээ. Б.Скаукрофт Бээжинд ирсний дараа АНУ-аас Хятадад суух элчин сайдын яамтай холбоо тогтоох, Хятад дахь бүхий л үйл ажиллагаагаа элчин сайдын яаманд мэдэгдэхийг үл зөвшөөрсөн бөгөөд тухайн үед АНУ-ын Элчин сайд Ж.Лили ч Бээжингээс дуудагдсан байжээ. Америкт зөвхөн Ерөнхийлөгч Ж.Буш, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкер хоёр л энэ хэргийг мэдэж байлаа. Америкийн тал нарийн тооцоолсны үр дүнд 7 дугаар сарын 1-ны өдрийг товлон Б.Скаукрофтыг Бээжин рүү илгээжээ. Тухайн үед АНУ-ын үндэсний баяр тун ойртсон байсан учир Б.Скаукрофт чухам энэ л өдөр Вашингтоноос хөдөлвөл олны анхааралд өртөхөөргүй байв. Түүнчлэн харилцаа холбоо ба тусгай онгоцны талаар ч нууцыг чандлах хатуу чанга арга хэмжээ авчээ. Б.Скаукрофт АНУ-аас Хятадад суух Элчин сайдын яамны холбоог ашиглахгүй, харин холбооны хоёр ажилтан дагуулж, жирийн ачааны онгоц шиг харагдах өнгөлөн далдлалт хийсэн Америкийн цэргийн тээврийн С-14 загварын онгоц хөлөглөжээ. Онгоцны гадаад байдлыг нь өөрчилж ердийн нэгэн тээвэрт хэрэглэдэг онгоцны дүртэй болгожээ. Онгоцны саруул бүхээгт дотор талыг нь иж бүрэн тоноглосон тухлаг кабин угсарчээ. Онгоц агаарт шатахуунаа цэнэглэж, хүмүүсийн нүдэнд өртөхгүйн тулд газардалгүй 22 цаг нисэхээр төлөвлөжээ. Америкийн талын энэхүү айлчлалын нууцыг чандлах талаар авсан арга хэмжээ нь 70-аад оны эхээр доктор Х.Киссинжер Хятадад хийсэн нууц айлчлалаас ч зэрэглэлийн хувьд давж байлаа. Доктор Х.Киссинжер маш нууц байдлаар Пакистанаас онгоцонд сууж, Хятадад ирж байсан юм. Харин түүний тэрхүү аяллыг Пакистан дахь АНУ-ын элчин сайдад ч бас нууцлах шаардлагад хүргээгүй юм. Үүнээс үзэхэд 1980-д оны сүүлээрх Хятад-Америкийн харилцаа эмзэг төвөгтэй байсныг харж болно.

            “Өөрчлөгдөж     буй     дэлхий     ертөнц”     хэмээх     Ж.Буш ерөнхийлөгчийн зохиогчоор оролцсон хамтын бүтээлд Б.Скаукрофт энэ үеийн зарим нэгэн байдлын тухай дүрслэн өгүүлсэн нь сонирхол татах юм. Тэрбээр, хятадад маш цөөн хүн энэ айлчлалын талаар мэдэж байв. Тэдний хэн нь ч тус улсын агаараас хамгаалах албаныханд холбогдох мэдээллийг хүргээгүй байжээ. Иймээс түүний хөлөглөсөн С-14 загварын цэргийн онгоц Хятадад хүрэх үед, хятадын цэргийнхэн Ян Шанкунь дарга руу утасдаж, үл мэдэгдэх гадны онгоц Шанхайн зурвасаар улсын агаарын шугамыг нэвтэрсэн тухай мэдээлж түүнийг буудаж унагах эсэхэд зөвшөөрөл хүсэхэд Ян дарга онц чухал зорилготой онгоц тул, гал нээж болохгүй хэмээн тушаасан байжээ. Энэ холбоо Ян даргын албан өрөөнд шууд хүрсэн нь ёстой аз тохиосон явдал болсон юм хэмээн өгүүлжээ.

            Үүнийг сонсоход үнэхээр “аймшигтай” ажээ. Харин миний мэдэж байгаагаар бол Хятад, Америк хоёр тэрхүү онгоцны Хятадын агаарын хил рүү орох маршрут болон цагийг урьдчилан тохирсон байсан болохоор Хятадын тал сайтар зохицуулалт хийсэн байсан юм. Тухайн үед Америкийн тал цаг хэмнэх үүднээс Шанхайн агаарын зурвасаар заавал нисэх шаардлагагүй хэмээн үзэж байв. Харин манай улсын холбогдох яамд зөвлөлдөөд Шанхайн агаарын зурвасаар нэвтрэхгүй нөхцөлд асуудлыг зохицуулахад төвөгтэй болно, тэгээд ч энэ нь цаг хэмнэж шалихгүй байсан тул Америкийн хүсэлтийг зөвшөөрөөгүй юм. Нууцыг чандлахын тулд Хятадын тал таних тэмдгийг нь авсан Америкийн цэргийн онгоцыг “харъяалал нь тодорхойгүй гадны онгоц” хэмээе гэсэн Америкийн саналыг зөвшөөрсний дараа Америкийн тусгай онгоц Хятадын талын гаргасан маршрут болон тогтоосон цаг хугацаанд Хятадын хилийг нэвтэрсэн юм. Ийм болохоор Скаукрофтын бичсэн шиг “аймшигтай” явдал гарах нөхцөл огт байгаагүй юм.

Deng_Xiaoping_and_Jimmy_Carter_at_the_arrival_ceremony_for_the_Vice_Premier_of_China._-_NARA_-_183157-restored

            Тэрхүү тусгай онгоц 7 дугаар сарын 1-ний өдрийн үдийн хойно нийслэлийн онгоцны буудалд газардаж, Б.Скаукрофт Бээжинд иржээ. Нууцыг чандлахын үүднээс авсан Хятадын талын арга хэмжээ ч мөн чанга хатуу байсан юм. Аливаа уулзалт, хэлэлцээ, зоогийг зохион байгуулах газар хийгээд БСкаукрофтын хөлөглөх машин, суух буудал зэргийг нууцлан чандалж, төрийн далбааг ч мандуулаагүй нь Америкийн төлөөлөгчдийн ирсэн болон буцсан талаар ямар ч сэжиг авахуулаагүй   билээ.   Зарим   арга   хэмжээний   талаарх   фото зургийг Б.Скаукрофтоос урьдчилан зөвшөөрөл авсны үндсэн дээр авч, тэдгээр зургуудыг лацдан хадгалж байв.

            Б.Скаукрофт Хятадад 20 гаруйхан цаг саатсан болохоор түүний ажлын цагийн хуваарь нь маш нягт байсан юм. Эхлээд нөхөр Дэн Сяопин, дараа нь Ли Пэн ерөнхий сайд болон миний бие түүнтэй хэлэлцээ хийсэн билээ. Энэ нь хоёр улсын харилцаа цаашдаа хэрхэх, ямар чиглэлд хөгжих тухай маш чухал айлчлал байлаа. Нөхөр Дэн Сяопин үүнд онцгой ач холбогдол өгч өөрийн биеэр хэлэлцээрт оролцож, уулзалтын үндсэн байдлыг тогтоож байв.

            7 дугаар сарын 2-ны үдийн өмнө Дэн Сяопин Б.Скаукрофтыг хүлээн авч уулзахынхаа өмнө өөрийг нь дагалдан явсан ерөнхий сайд Ли Пэн бид хоёрт хандан “өнөөдөр тодорхой асуудлыг бус зөвхөн зарчим л ярилцах болно. Биднийг айлгаж чадахгүй болохоор хориг арга хэмжээг нь бид тоохгүй шүү” гэв.

            Би Дэн Сяопин нөхөрт хандан удахгүй Их долоогийн тэргүүнүүдийн уулзалт болно, Хятадын эсрэг бас ямар хориг арга хэмжээ авснаа зарлах гэж байгааг бид мэдэхгүй гэхэд, Дэн Сяопин тэргүүлэгч “долоон гүрний тухай бүү ярь, далан гүрэн байсан ч бүү хамаар” хэмээн эрс шийдэмгий хэлэв. Тэгснээ Хятад, Америкийн харилцааг сайжруулах хэрэгтэй. Тэгэхдээ айж болохгүй, айдсыг ямар ашиглах биш. Хятад хүн хятад хүний цог золбоо, омог зоригтой байх ёстой. Бид хэзээ бусдаас айж эмээж явлаа? Улсаа чөлөөлсний дараа Америктай нэг удаа дайтаад үзсэн. Тэр үед бидэнд агаарын хүчин байсангүй, сул дорой байлаа. Гэсэн ч бид эмээж хулчийж байсангүй. Хятад бол чөтгөрөөс айхгүй, гаж мууд ч итгэхгүй гэснээ дипломат ажилтан хүн үүнийг сайтар анхаарч байх хэрэгтэй гэлээ.

            Бидэнтэй ийнхүү ярилцсаны дараа нөхөр Дэн Сяопин Ардын Их Хурлын Фүзянь танхимд Б.Скаукрофттой уулзсан юм. Нөхөр Дэн Сяопин Б.Скаукрофтод хандан “Хятад, Америк хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд та зүрх сэтгэлээ зориулдагийг би мэднэ. Та 1972 онд ерөнхийлөгч Р.Никсон, Х.Киссинжер нарын айлчлалд оролцож явсан, тань шиг ийм америк анд нөхөд олон буй гэдгийг ч би мэднэ” гээд одоогоор хоёр улсын харилцаа маш эмзэг, тэр бүү хэл нэлээд аюултай нөхцөл байдалд байна. Гэтэл Хятад-Америкийн харилцааг аюултай байдал руу түлхэж байгаа буруу номтнууд, тэрч бүү хэл хөгжлийн үйл хэргийг эвдлэн нураах оролдлого хандлагыг Америкийн тал хэрхэн зогсоон хазаарлах гэж байгаа байдал төлвийг бид ер олж харахгүй байна. Харин ч эсрэгээр дээрх байдал улам л эрчээ авсаар байна гэв. Тэрээр цааш нь хэлэхдээ гурав хоногийн өмнө АНУ-ын Конгресс Хятадын эсрэг хоригийг чангатгах тухай нэмэлт өөрчлөлтийн төслийг баталсан байна. Энэ мэтийн үйлдэл үргэлжилсээр л байна. Аз болоход хоёр улсын удирдагчдын дунд уужуу сэтгэдэг хүмүүс бас байна. Америкийн талаас ерөнхийлөгч Ж.Буш, манай талаас миний бие болон бусад удирдагчид. Гэхдээ энэ бол анд найзуудын хооронд шийдвэрлэчихээр хялбар асуудал биш юм. Буш ерөнхийлөгч Америкийн эрх ашгийн үүднээс, миний бие болон хятадын бусад удирдагчид Хятад үндэстний болон Хятадын ард түмний эрх ашгийн үүднээс ярилцаж байр сууриа тодорхойлон шийдвэр гаргах юм хэмээв.

            Үүний дараа нөхөр Дэн Сяопин асуудал Америкын талд л байна гээд Хятад улс Америкт халдаагүй, харин Америк маш өргөн хүрээнд Хятадын эрх ашиг, нэр төрд нь шууд халдаж байна. “Зангилаа зангидсан хүн зангилааг тайлах, хэрэг хийсэн хүн хэргээ тайлах” гэж хятадууд ярьдаг. Америк цаашдаа гал дээр тос нэмэлгүй, Хятадын ард түмний итгэлийг олж авах тийм бодитой арга хэмжээ авна гэдэгт найдаж байна хэмээн онцлов.

Нөхөр Дэн Сяопин Хятадын хууль, эрх зүйд хөндлөнгөөс оролцож байгаа АНУ-ын үйлдлийг эрс буруушааж, Хятадын дотоод бодлогод хэнийг ч хөндлөнгөөс оролцохыг үл зөвшөөрнө. Мөн Хятадын удирдлага хоёр орны харилцааг зохицуулахаар авсан аливаа арга хэмжээ, яриа хэлэлцээрийг хэзээ ч хөнгөн хуумгайгаар бусдад зарлан тунхаглахгүй. Гэхдээ Хятад улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, улс орны нэр хүндийг сахин хамгаалах тал дээр Хятадын байр суурь эрс хатуу байх болно хэмээв.

Нөхөр Дэн Сяопины яриаг сонссоны дараа Б.Скаукрофт, “ерөнхийлөгч Ж.Буш бол нөхөр Дэн Сяопин болон хятадын ард түмний жинхэнэ анд нөхөр нь, Америкийн үе үеийн ерөнхийлөгчдөөс аугаа их Хятад орон болон хятадын ард түмэнтэй шууд бөгөөд нөхөрсөг харилцаж байгаа цорын ганц ерөнхийлөгч юм хэмээв. Нөхөр Дэн Сяопин ярианых нь дундуур тэр (Буш) Бээжинд дугуй унаад л зээл дэлгүүрээр тойрдог байсан шүү хэмээн хошигноход бид цөм инээлдсэн юм. Ингэж л нэг юм уулзалтын уур амьсгал зөөлөрч билээ.”

bushInChina

            Б.Скаукрофт цааш нь “чухамдаа дээрх шалтгааны улмаас л Ж.Буш ерөнхийлөгч тун саяхан өөрийн гараар бичсэн захидлыг танд гардуулуулахаар мөн аман захиасаа танд сонордуулуулахаар намайг илгээсэн билээ” хэмээв.

            Б.Скаукрофт АНУ-ын Хятадад авсан хоригийг зөвтгөн тайлбарлаж, миний энэ удаа Хятадад ирсэн маань Хятад, Америкийн харилцаанд учирсан хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор тодорхой саналыг хэлэлцэхэд биш, харин тулгарч буй хүндрэл, бэрхшээл хийгээд хоёр улсын харилцааг хамгаалах, сэргээн бэхжүүлэх гэсэн Ж.Буш ерөнхийлөгчийн хүчин чармайлт, байр суурийг тайлбарлах зорилготой юм гэв. Хоёр орны дотоод нөхцөл байдлын шалтгааны улмаас Хятад-Америкийн харилцаанд Р.Никсон ерөнхийлөгч Хятадад анх айлчилсанаас хойш тохиолдож байгаагүй үймээн үүслээ. Үүнд ерөнхийлөгч Ж.Буш машид санаа зовниж, нууц айлчлал хийлгэхээр урт замыг туулуулан байж намайг онцгой элчээр томилсон нь Хятад-Америкийн харилцааг сахин хамгаалах үүднээс Хятадын удирдагчидтай уулзаж холбоо тогтоох зорилготой л болохоос өөр санаа агуулаагүй юм хэмээв.

            Тэрбээр цааш нь, одоогоор АНУ-ын Конгресс Хятадын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээг улам чангатгахыг Ж.Бушийн Засгийн газраас шаардаж байна. Ерөнхийлөгч Ж.Буш үүнийг эсэргүүцэж байгаа, цаашид ч эсэргүүцэх болно. Гэлээ ч Конгресс Хятадын эсрэг хориг тавих төслийг баталж түүнд нь ерөнхийлөгч өөрийн зүгээс хориг тавих болвол энэ нь маш их хүндрэл дагуулах болно. Ерөнхийлөгч үйл явдлын өрнөлийг хянах тал дээр тийм ч эрх бүхий биш гэв. Б.Скаукрофтын энэхүү “тайлбар”-ыг сонссоны дараа нөхөр Дэн Сяопин эрс шийдэмгий хэлсэн нь: “Америкийн улс төрчид болон ард иргэд нэг зүйлийг ойлгох байх гэж найдаж байна гээд БНХАУ-ын түүх бол Хятадын Коммунист намаар удирдуулсан Хятадын ард түмний хийсэн 22 жилийн дайны түүх юм. Америкийг эсэргүүцэн Умард Солонгост тусласан дайныг оролцуулбал нийт 25 жил дайтсан бөгөөд хоёр сая хүнээ золиослон байж ялалтанд хүрсэн юм. Хятад улс нь тусгаар тогтносон бүрэн эрхт улсын хувьд энх тайванч гадаад бодлогыг хэрэгжүүлж байна. Хятадын дотоод хэрэгт гадны ямар ч этгээд хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрөхгүй. Хятад улс бусдын тушаал заавраар хөдлөхгүй, ямарч бэрхшээл саад учирсан түүнийг сөрөн зогсож чадна. Хятад улсад ХКН-ын удирдагчийг орлож чадах өөр ямар ч хүчин байхгүй. Энэ бол зүгээр л нэг хоосон үг биш, хэдэн арван жилийн явцад амьдралаар батлагдсан зүйл юм. Аливаа улс Хятадтай харилцахдаа эрх тэгш харилцан ашигтай байх, харилцан бие биенээ хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, энх тайвнаар зэрэгцэн орших гадаад харилцааны таван зарчмыг баримтлах ёстой. Хятад-Америкийн харилцаа энэхүү зарчмын үндсэн дээр үргэлжлэн хөгжиж, аливаа асуудлыг зүй зохистойгоор шийдвэрлэж чадна гэдэгт бид итгэж байна. Эс бөгөөс хоёр орны харилцаа ямар хэмжээнд хүрч өөрчлөгдсөн ч хариуцлага нь Хятадын талд байх ёсгүй юм” хэмээв.

            Дэн Сяопин нөхөр эцэст нь, “Эрхэм зочны хэлсэн үгний заримтай нь бид санал нэгдэж байна. Тодорхой хэсэг дээр бидний байр суурь зөрж байна. Гэхдээ энэ нь тийм чухал биш. Энэ таагүй байдлыг эцэслэхэд бид Америкийн талын үйл хөдлөлийг л харах болно” хэмээн онцлов.

            Яриагаа дуусгасныхаа дараа нөхөр Дэн Сяопин зочинд урьдаар явах болсноо мэдэгдэн гарч одоход, Б.Скаукрофт ерөнхий сайд Ли Пэнтэй яриагаа үргэлжлүүлсэн юм. Б.Скаукрофт, нөхөр Дэн Сяопиныг гарч явахаас өмнө, “Дэн удирдагчийн бие үнэхээр сайн байна шүү” хэмээн эелдгээр хэлэхэд, нөхөр Дэн Сяопин “Би ч одоо хөгширч дээ. 85 нас хүрчихлээ. «Америкийн дуу хоолой» намайг хүнд өвчтэй, нас нөгчсөн хэмээн цуурхан дамжуулсан. Цуу үг ярианд итгэж болохгүй гэдгийг эндээс та харж байгаа биз дээ” хэмээн хошигнон хариу барив. Энэ бол Америкийн талд эелдгээр барьсан хариу бөгөөд үүгээрээ дамжуулан Америкийн хэвлэл мэдээллийнхэн бодит бус мэдээлэл цацдагийг эвтэйхэн шүүмжлээд авсан хэрэг байв. Мөн АНУ-ын Засгийн газар цуу үг худал ярианд үндэслэж, Хятадад хориг арга хэмжээ авсан нь үнэхээр харалган зүйл болсныг ийнхүү уран аргаар илэрхийлсэн юм.

            Ерөнхий сайд Ли Пэн бид хоёртой цааш өрнүүлсэн уулзалтын дунд Б.Скаукрофт нэг талаар Хятадын Засгийн газрын үйл ажиллагаа нь Хятадын дотоод хэрэг хэмээн ярьснаа нөгөө талаар Хятад дахь хэрэг явдал АНУ-ын дотоод байдалд нөлөөлж улмаар АНУ-ын дотоод улс төрийн асуудал болон хувирч магадгүйд л хамаг учир оршиж байна хэмээв.

            Ерөнхий сайд Ли Пэн түүнд хандан, аливаа улсын Засгийн газар болон удирдагч хүн бодлого боловсруулахдаа ул суурьтай баримтанд тулгуурладаг болохоос үндэслэлгүй мэдээлэл, нийгэмд тархсан цуу ярианд тулгуурлан бодлого, чиглэл, үйл ажиллагаагаа тодорхойлдоггүй. “Сэтгэгдлийг бодлого болгож үл болно” гэж хятадууд ярьдаг. Энэ хугацаанд Америкийн Засгийн газрын бодлого тодорхойлогчид, түүн дотор АНУ-ын Конгресс болон удирдагч нар бодит бус мэдээ мэдээлэл, нийгэмд тархсан цуу ярианд автан Хятадад болж буй үйл явдлын талаар бодитой ойлголттой байж чадахгүй байна хэмээв.

            Б.Скаукрофт эх орондоо буцсаны дараа ерөнхийлөгч Ж.Бушид Хятадад айлчилсан үр дүнгийнхээ талаар ялангуяа, нөхөр Дэн Сяопинтай уулзсан тухайгаа дэлгэрэнгүй илтгэжээ. 7 дугаар сарын 28-ны өдөр ерөнхийлөгч Буш нөхөр Дэн Сяопинд нууц захидал илгээжээ. Захидалд, Б.Скаукрофтыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэхийн зэрэгцээ саяхан хуралдсан Өрнөдийн долоон гүрний тэргүүн нарын уулзалтын үеэр АНУ, Япон хоёр маш их хүчин чармайлт гаргасны үр дүнд тухайн уулзалтын протоколоос Хятадыг буруутгасан зүйлийг хасуулсан тухай мэдэгдсэн бөгөөд нөгөө талаар АНУ-ын зүгээс Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаагаа цайруулан хаацайлж, хоёр орны харилцаанд гарсан хүндрэлийг Хятадын тал руу чихэхийг оролджээ.

            Ж.Буш захидалдаа, “Та Б.Скаукрофтыг хүлээн авч уулзахдаа түүнд “Зангилааг зангидсан хүн зангилааг тайлдаг” хэмээх хятадуудын үгийг хэлжээ. Энэ нь чухамдаа бидний хувьд асуудал болоод байна. Таны үзэхээр манай үйл ажиллагаа нь “зангилааг зангидсан” болж байна. Харин бидний бодлоор хожим нь үүссэн үйл явдлууд л “зангилаа зангидсан” юм. Миний бие дотоод хэрэгт үл оролцох тухай Хятадын эрс тууштай байр суурийг туйлын ихээр хүндэтгэж байна. Нөгөөтэйгүүр одоо миний санал болгосон аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад та бидний нөхөрлөл эрсдэлд орж магадгүйг ч би бас ойлгож байна. Гэхдээ хоёр орны найрамдлыг бэхжүүлэх гэсэн хүчин чармайлт шаардсан энэхүү үйл хэргийг бид зөвхөн найз нөхдийн хувиар илэн далангүй хэлэлцсэнийг ч би сайтар ухаарч байна. Одоо АНУ-ын Конгресс Хятадтай аливаа харилцаагаа тасла хэмээн надад байнга шахалт үзүүлж байгаа ч би энэхүү үйлдлийг бүх хүчээр хазаарлан зогсоохыг хичээх болно.”

            Ж.Буш ерөнхийлөгч захиандаа мөн ийнхүү бичсэн нь: “хамтдаа урагшлахыг туйлын ихээр хүсч буй хүн энэхүү захидлыг өөрийн гараар үйлдэн илгээж буйг болгооно уу. Хэрэв би ажил хэрэгч санал санаачлага хийгээд “дотоод хэрэгт үл оролцох” хоёрын зааг дахь хэлбэр дүрсгүй босго тотгын хязгаарыг давсан бол өршөөн уучлахыг хичээнгүйлэн хүсье. Бид өмнө нь уулзаж байхад та өдөр тутмын албан үүргүүдийг бусдад шилжүүлсэн тухайгаа надад ярьж байсан. Гэсэн ч таныг хүндэтгэсэн сэтгэлийн үүднээс мөн элэгсэг найрсгаар Танаас хичээнгүйлэн хүсч байна. Та өгсөж уруудахыг нэг биш удаа биеэр үзсэн, энэ мэтийн нөхцөл байдлыг ч даван туулсан хүний хувьд надтай хамтдаа ирээдүй өөд хараагаа чиглүүлэхийг хүсч байна. Биднийг хүлээж буй ирээдүй гэнэтийн өөрчлөлтөөр дүүрэн байх болно. АНУ, Хятад хоёрын аль аль нь энэхүү сэтгэл догдлуулам ирээдүйг бий болгоход өөр өөрсдийн зүгээс асар их хувь нэмэр оруулж чадах билээ. Хэрэв Та бид хоёр хоёр орны найрамдал нөхөрлөлийг зөв зам рүү нь эргүүлж чадах аваас даян дэлхийн энх тайван болон манай хоёр орны ард түмний аз жаргалтай амьдралыг цогцлоох үйлсэд асар их зүйлийг хийж чадах билээ” хэмээн бичжээ.

            8 дугаар сарын 11-ний өдөр Дэн Сяопин дарга Ж.Буш ерөнхийлөгчид илгээсэн хариу захидалдаа юуны өмнө түүний хоёр орны харилцааг чухалчлан үзэж, хүчин чармайлт гаргаж байгаад нь талархаад, дараа нь “зангилаа тайлах”, “зангилаа зангидах”-ийн утгыг онцгойлон тайлбарлажээ.

            Дэн Сяопин удирдагч “Миний хэлсэн зангилаа тайлах, зангидах гэдэг үгсийн утга бол Америк нь Хятадын дотоод хэрэгт гүн гүнзгий оролцож, Хятадын эсрэг хориг тавих арга хэмжээг оройлон тэргүүлж, маш өргөн хүрээнд Хятадын эрх ашиг, нэр хүндэд халдан хоёр орны харилцаанд хүндрэл бэрхшээлийг учруулж байна. Иймээс Америкийн тал хариуцлагыг бүрэн дүүрэн хүлээж, уг асуудлыг шийдвэрлэх ёстой. АНУ-ын Хятадад тавьсан хориг одоо ч үргэлжилж, Хятадын дотоод хэрэгт оролцох явдал ч гарсаар байна. Энэ байдал аль болох хурдан өөрчлөгдөнө хэмээн найдахын сацуу асуудлыг шийдвэрлэхэд ерөнхийлөгч Ж.Буш чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаагаа илтгэсэн санаа юм” хэмээжээ.

Хятад, Америк хоёр улсын удирдагчдын энэхүү “зангилаа тайлах”, “зангилаа зангидах” тухай мэтгэлцээн нь зүгээр ч нэг үгийн утгын төдий зүйл биш байсан бөгөөд харин тухайн үеийн хоёр орны харилцааны асуудлын гол зангилаа чухам хаана оршин буйг харуулах гэсэн хэрэг байлаа.

            Хятадын тал АНУ-ыг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож   Хятад,   Америкийн   харилцаанд   тайлахуйяа   бэрх зангилааг зангидсан. Иймээс АНУ нь санаачилга гарган энэхүү зангилааг  тайлбал хоёр улсын  харилцаа  сая  цааш  хөгжих боломжтой  гэсэн байр суурьтай байв. Гэвч Америкийн тал энэ асуудлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй, харин ч эсрэгээр хариуцлагыг Хятадын  талд түлхэж  байсан  юм.  Ийнхүү  АНУ-ын зүгээс Хятадын эсрэг тавьсан хоригийг цуцлах явцад хоёр тал энэхүү зангилаа асуудлын эргэн тойронд ширүүн маргаан өрнүүлсэн билээ.

Эх сурвалж: “Хятадын дипломатын арван том үйл явдлын тэмдэглэл” ном,  зохиогч Цянь Цичэнь

3 “АНУ-ЫН НУУЦ ЭЛЧ ХЯТАДАД ХҮРЭЛЦЭН ИРСЭН НЬ

  1. Pingback: ppdb online kab bekasi

  2. Pingback: TS TV Escorts from London

  3. Pingback: DMPK

Leave a Reply