Ч.Лодойдамба тэргүүтнүүд радиогоор хонь майлуулж “танхайрсан нь”

Эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамба МАХН-ын Төв хороонд он удаан жил шинжлэх ухаан, урлаг соёлын асуудлыг хариуцдаг улстөрийн ажилтан байв. Тэгж байхдаа Монголд шинэ сонин олон зүйлийг бий болгон нэвтрүүлж, ихэнх ажилд өөрөө биечлэн оролцдог хариуцлагатай нэгэн байжээ. Ингэж явахдаа Монголын радиогоор хонь мал майлуулж “танхайрсан” удаатай гэнэ. Энэ түүхийг нэхэн өгүүлсүгэй.

1954 он. МАХН-ын Төв хорооноос радиог шууд хариуцаж байсан Ч.Лодойдамба, Улсын радио хорооны дарга Л.Пүрэв, оператор техникч Д.Пүрэв, инженер Ц.Мятав дөрөв “Газ-51” машины тэвшин дээр суугаад Төв аймгийн Баянцагаан сумруу давхижээ. Тэр үед радиогийн дуу хураагч нь 33 кг жинтэй нүсэр эд байж. Нөгөөхийгөө машины донсолгоонд доргиож эвдэхгүйн тулд хайрцган дотор зөөлөн юмаар чигжин хийгээд, эсгийгээр ороож боосон байна. Хөдөө малчны хотонд байтугай бэр бүр сумын төвд ч гэрэлгүй байсан цаг болохоор Цэргийн яамны кино гаргахдаа ашигладаг “Л-3” дизель моторыг гуйж аваад очжээ.

Радио хорооны дарга байсан Л.Пүрэв энэ тухай дурсамжиндаа “Тэгээд очсон хойноо яаж хийхээ мэддэггүй ээ. Лодойдамбатай хоёулаа бодоод л байлаа. Ёстой зохиосон доо. Магнитофондоо тэргүүний малчдыг яриултал моторын дуу орчихоод болдоггүй. Шөнжингөө л юм болсон. Бүр арга тасарлаа. Тэгэхээр нь мотороо холдуулж дээр нь нэг муу хар гэр аваачиж буруу харуулж бариад , хаалга үүдийг нь сайн дарж, мотороо эсгийгээр бүтээлээ. Гэтэл утас хүрдэггүй ээ. Арай гэж утсаа хүргээд анхныхаа радио сурвалжлалгыг хийсэн юм даа. Хонь үхэр майлж мөөрөхийг нь хүртэл цөмийг нь авсан л даа. Ирээд тийм тэргүүний хүн ярина гээд л хэлж улсуудад байгаад нэвтрүүлгээ хийсэн. Тэгсэн чинь улсууд гайхаж:

-Үгүй ээ, энэ чинь юу болж байна. Радиод чинь одоо бүр хонь мал аваачаад майлуулж байгаа юм биш биз дээ гээд л. Зарим нь өнөөх студи нь муу болохоор гадуур нь тууж явсан хонь малын чимээ орчихсон ч юм бил үү гэлцэж байж билээ. Ингэж л анхны репортаж болсон юм даа” хэмээсэн нь Н.Шаравдоржийн  “Монголын радио: Түүхэн замналын товч хуанли” номонд орсон байна.

Үйл явдлыг газар дээрээс нь сурвалжлах гэдэг тэр үед ямар хүнд хөдөлмөр байсан, тэр үеийн дарга удирдлагууд аливаа ажилд ямар хариуцлагатай, чин сэтгэлээсээ ханддаг байсныг Ч.Лодойдамба, Л.Пүрэв нарын дарга нар ачааны тэрэгний тэвшин дээр суугаад нүдүүлж явснаас харж болно. Энэ жил мэндэлснийх нь 100 жилийн ой тохиож буй Ч.Лодойдамба гуайтай холбоотой ийм сонин содон  дурсамж цөөнгүй байдаг аж.

Ч.Батчулуун

© duuren.mn

 

Leave a Reply