Агаарын бохирдлоос ч илүү хортой

Нэг эмээ над дээр зургаан настай ач охиноо дагуулан ирж хичээл заалгадаг юм. Нөгөө сэргэлэн цовоо зантай охин чинь нэг л явж өгөх янзгүй, байн байн шилэн хүзүүгээ шилгээгээд байна. Тэгээд гар утас их тоглоогүй биз дээ гээд асуутал түүний хариуд: “Гар утас ч учиргүй тоглоод байдаггүй юм. Харин зурагт үзнэ гэж нөхцөлгүй. Урьд шөнө бараг 12 цаг өнгөртөл зурагт үзсэний гороор өнөөдөр ингэтэл ядраад байгаа нь энэ.” гэлээ.

Зурагт цаг наргүй үзэхийн горыг түүнд тайлбарлан хэлж өгөөд сууж байтал манай сургалтанд явж байгаа оюутан залуу орж ирлээ. Тэр таван настай бяцхан дүүгээ хагас бүтэн сайны шатрын сургалтанд суулгах санаатай гэнэ ээ. “Боломж байвал одоо ч аваад ирсэн болно шүү дээ.” гэтэл өөдөөс харин: “Одоо эмнэлэгт хэвтэж байгаа л даа. Зурагт шөнө орой болтол үзсээр байгаад нойрны хордлого хэмээх оноштойгоор эмнэлэгт хэвтчихсэн. Хагас бүтэн сайн өдөр гэхэд гарчих байх аа.” гэх юм.

“Нойрны хордлого гэж ямархуу шинж тэмдгээр илэрдэг өвчин байна вэ?” хэмээн гайхшран асуутал “Нүд нь анивчаа болохын сацуу булчин нь чангараад байдаг болсон.” гэдэг байгаа.

Бид “агаарын бохирдол”, “гар утас”, “компьютер тоглоом” зэрэгт анхаарлаа хандуулаад байтал ар хударгаар маань “зурагт хэтрүүлэн үзсэний” харгайгаар “нойрны хордлого” нэрт шинэ өвчин балчир үрсийн маань зүг сэмээрхэн гэтээд ирсэн байна шүү.

Цэцэрлэгийн багачуудад “Гэр бүлийн хүчирхийлэл” нэрт хичээл орох зайлшгүй шаардлагатай юм байна гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллээр цацагдаад эхэлсэн. Тав зургаахан настай хүүхдэд тийм зүйл заагаад ойлгох болов уу даа? Харин зурагт, гар утас, компьютер тоглоом зэрэг чимээгүй хүчирхийлэл ямар хортой хийгээд, уршиг дагаврыг нь тэдний ойлгогдох хэлээр эвтэйхэн тайлбарладаг байвал түүнээс хавьгүй илүү үр дүнтэй ажил баймаарсан даа.

Энэ мэт цахим дэлгэцийн хамаарлын сөрөг нөлөөллийг эцэг эхчүүд бүгдээрээ эртнээс анхаарахгүй бол эцэс сүүлдээ агаарын бохирдлоос ч аюултай маш хүнд уршиг дагаврыг нийтээрээ амсаж мэдэх юм шүү.

101Өөртөө ашиггүй хэдий ч үнэний төлөө дуугарч байгтун! 

Уужим цараатай харж, өргөн хүрээтэй уншиж, илүү дээд өндөрлөгөөс гүн гүнзгий сэтгэцгээе.

Д.Болдбаатар

 

4 “Агаарын бохирдлоос ч илүү хортой

  1. Pingback: Dungeon

  2. Pingback: DMPK

  3. Pingback: Mia San Mia!

  4. Pingback: roof contractor near me

Leave a Reply