Габриелла Мистраль

1914 онд Чилийн нийслэл Сантьяго хотод яруу найргийн томоохон тэмцээн болжээ. Тэрхүү тэмцээнд олонд танигдаагүй Люсила Годо хэмээх бүсгүй түрүүлсэн байна. Түүний шүлгүүдийг нэгэн охин уншсан байдаг. Уг нь зохиолч өөрөө шүлгүүдээ унших ёстой байсан боловч тэрээр өөрөө ирсэнгүй. Шалтгаан нь түүнд даашинз байгаагүй, бүр тодруулж хэлбэл тэр их ядуу айлын охин байжээ.

gabЭнэхүү алдарт зохиолчийн карьер ингэж эхэлсэн юм. Зохиол бүтээл, шүлгүүдээ тэрээр Габриелла Мистраль хэмээх нууц нэрээр хэвлүүлсэн бөгөөд 1945 онд тэрээр Энхтайвны Нобелийн шагнал хүртсэн байдаг. Түүний амьдрал зовлон бэршээлээр дүүрэн байжээ. Түүнийг бага байхад аав нь нас барж, багаасаа хар бор ажил хийжээ. Тийм хэдий ч тэрээр боловсрол эзэмшиж, улмаар дунд сургуулийн багш болсон юм.

Ядуу амьдрал түүний ганц там нь байсангүй. Түүний хайрлаж явдаг хүн учир битүүлэг шалтгаанаар амиа хорложээ. Тэрээр дахиж нөхөрт гараагүй гэдэг. Габриелла Мистраль хүүхэдгүй байсан боловч хүүхдэд их хайртай байсан байна. Тэрээр хүүхдийн зохиол, хүүхдийн талаар бичсэн шүлгээрээ Латин Америкт ихээхэн алдартай. Олон улсын эмэгтэйчүүдийн гэх тодотголтой олон байгуулагуудад ажиллаж, бүтээлээ зориулдаг байв.

Габриелла Мистраль эхийн талаасаа Индиан гаралтай байсан бөгөөд аав нь католик шашинтай цагаан арьст хүн байжээ. Габриелла өөрөө католик шашинтай хүн байсан ч гэсэн индиан хүмүүсийг гадуурхахыг эсэргүүцдэг байжээ. Италид байхдаа тэрээр Ромын паптай уулзсан байдаг. Энэ уулзалтын талаар сонирхолтой баримт үлджээ. Пап түүнээс: “Чамд тусламж хэрэгтэй юу?” гэж асуухад Габриелла: “Тиймээ. Америк тивд Индиан гаралтай хүмүүсийг шашны хувьд, үндэс угсааны хувьд гадуурхуулмааргүй байна. Та энэ тал дээр шашны зүгээс сүсэгтэн олонд үлгэр жишээ үзүүлнэ үү” гэжээ. Харин хариуд нь Пап: “Америк тивд одоо болтол индианууд байдаг юмуу” гэж асуусан гэдэг. Паптай уулзсан уулзалтынхаа дараа Габриелла: “Энэ сеньор надад хэрэггүй, тус болохгүй гэдгийг би мэдэж байсан юмаа” гэж байжээ.

Түүний шүлгүүдэд Библи, Европын сонгодог зохиолууд болон индиануудын бөөгийн шашны нөлөө холилдон орсон байдаг. Тиймээс ч түүний бүтээлүүд өвөрмөц байдаг.

Түүнийг нас барсаны дараа алдарт зохиолч Пабло Неруда: “Америк тив авьяаслаг зохиолчдоор баялаг. Гэхдээ дахиад нэг Габриелла Мистраль төрнө гэдэгт би итгэхгүй байна” гэжээ.

Эх сурвалж:
Л. Калюжная, Г. Иванов. “100 великих писателей”
Орос хэлнээс орчуулсан Б. Батмөнх

©duuren.mn

Leave a Reply