Уран Минжүүрийн уран ухаан

f53c914208278782bigСоциализмын үеийн Монголын мөнгөн тэмдэгтүүд дундаас хамгийн утга билэгдэл төгөлдөр нь 1-тийн дэвсгэрт гэж хэлж болно. Түүнээс монгол зураачийн ур, ухаан хоёр мэдрэгддэг. Араатны хаан арслангийн зурагтай авдрыг монголчууд гэрийнхээ хоймор тавьж орон гэрээ аюул осол, гай түйтгэрээс хамгаалуулдаг уламжлалыг 1964 онд улсынхаа мөнгөн тэмдэгтэд шингээхдээ “уран” хэмээх Ц.Минжүүр тэр үеийн үзэл суртлын хатуу чанга цагдалтыг тойрч гарахын тулд арслангийн дүрсийг уран нарийн хээ мэт харагдахаар зурсан гэдэг. Түүний зурсан мөнгөн тэмдэгтийн эхмйг МАХН-ын Төв хорооныхон батлахаар хэлэлцтэл “Үүнийг хүн зураагүй, хэвлэсэн байна. Ямар ч уран хүн ингэж зурж чадахгүй” гэсэн яриа гарч Ц.Минжүүрийг өөрийг нь дуудан шалгаж байсан гэдэг.

IMG_082

Бурханч уран Ц.Минжүүр

“Уран” Минжүүр (1912-1971) одоогийн Завхан аймгийн Завханмандал сумын хүн бөгөөд зургааннастайгаасаа Тэгшийн хийдэд шавилж, 27 насандаа буюу 1939 онд цагийн эрхээр хар болж, хөдөө гаран мал маллажээ. Хийдэд хар багаасаа бурханы тиг зургийн арга, их бага арван ухаанд суралцаж хосгүй авьяасаараа алдаршиж байсан тэрээр хожим нь нийслэл хотод ирж Урчуудын артелиар дамжин 1961 оноос  Урчуудын эвлэлийн хороонд зураач болжээ. Монгол зургийн аргаар бүтээсэн “Адуучин”, “Нүүдэл”, “Нэгдэл”, “Баяр наадам”, “Багануур”, “Отгонтэнгэр” зэрэг олон бүтээлийг нь урлаг судлаачид, уран зураг сонирхогчид андахгүй.

“Уран” Ц.Минжүүр сайн зураачаас гадна жинхэнэ монгол уран дархан хүн байсан гэдэг. 1962 онд Богд хааны болон Чойжин ламын музейг сэргээн засварлаж үзмэрүүдийг нь алтдаж шарсан дархчуулыг ахлаж,  1963 онд Төв номын сангийн эрдэнийн Жадамба болон бусад судрын алтан шармалыг сэргээж янзалсан гээд түүний оролцоогүй уран нарийн ажил цөөхөн байжээ.

Жүгдэрнамжил (24х30 гуашь, даавуу)

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Гандантэгчинлэн хийдийн бурханч ламаар ажиллаж “Өндөр гэгээн Занабазар”, “Цагаан Дар эх”, “Жүгдэрнамжил”, “Мэлмийн бурхан”, “Суугаа Жанрайсиг” зэрэг олон бурхан бүтээсэн байна.

Улсын мөнгөн тэмдэгтийн эх бэлтгэхэд түүнтэй цуг ажилласан Д.Цэрэнпил “Минжүүр гуай бийрээ босоо бариад хоёр хурууныхаа дунд эргүүлж байгаад зураас татдаг, дугуй цагаригийн дүрсийг маш нарийхан зурааснаас эхлээд бүдүүрүүлсээр яг л гортигоор татсан мэт дүрс гаргадаг хосгүй чадалтай. Ёстой хялгаснаас ч нарийн татна шүү дээ” гэж түүний зурах авьяасыг магтсан байдаг.

“Уран” Минжүүр үнэхээр олон төрдөггүй ховор авьяастны нэг байжээ. Уран Минжүүрийн уран ухаан шингэсэн хуучин цагийн 1-тийн дэвсгэртийг одоо эргээд харахаар нэг л нүнжигтэй шүү.

Ц.Минжүүр "Нүүдэл". 1967 он

Ц.Минжүүр “Нүүдэл”. 1967 он

Ц.Минжүүр "Өндөр хангай нэгдэл аж ахуй". 1967 он. (59х36)

Ц.Минжүүр “Өндөр хангай нэгдэл аж ахуй”. 1967 он. (59х36)

Х.Баярсүрэн

2 “Уран Минжүүрийн уран ухаан

  1. Pingback: Christ Gospel Church Cult

  2. Pingback: Bdsm dungeon

Leave a Reply