Мөсөнд авиралтын спортын төрлөөр монголчуудад ирээдүй бий

olloo_mn_1484905774_VGFGОлон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн нутаг дэвсгэр дээр   “Мөсөн авиралт -2016” УАШТ 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Олон улсын стандарт хангасан 15 метрийн өндөртэй мөсөн ханан дээр хурд ба техник гэсэн 2 төрлөөр багууд  идэр нас, насанд хүрэгчид, ахмад нас гэсэн ангилалд тамирчид  хүч тэнхээ, авхаалж самбаагаа  дайчлан өрсөлдөж байна.

Нүдний шил зүүсэн, шар ногоон өнгийн  цасны өмдтэй  шавилхан бүсгүйг спортын мастер Б.Отгончимэг гэдэг. Тэрээр Эрдэнэт уулын холбооны баг тамирчдын дасгалжуулагчаас гадна энэ удаад эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд  техникийн төрөлд өрсөлдөж байгаа юм байна.
Тэрбээр мөсөнд авиралтын тэмцээнд 4 жил оролцсон туршлагатай тамирчин. Энэ жилийн хувьд  гэвэл өөрөө баг бүрдүүлэн дасгалжуулан оролцож байгаа ажээ. Түүний дасгалжуулан бэлтгэсэн багийнхан энэ тэмцээний  сүүлийн шатанд шалгарч,медалийн төлөө өрсөлдөхөөр болжээ.

Одоогоос 5 жилийн өмнө Солонгос улсад болсон тэмцээнд тэрээр энэ төрөлд  өрсөлдсөн Монголын анхны эмэгтэй тамирчин болж байсан гэнэ. Тухайн үед манай оронд бэлтгэл хийх нөхцөл байгаагүй, бас туршлага дутмаг байсан учраас дэлхийн аварга эмэгтэйг  бараг гүйцэж яваад унан хожигдсон гашуун туршлага түүнд байдаг аж.

Дасгалжуулагч, ханан хадны спортын мастер бүсгүй маань “Энэ бол эр зоригийн спорт”  гэв. Ханан хадны авиралтын спортоор хичээллээд  12 жил болж байгаа гэнэ. Гэхдээ мөсөн хананд авирах  төрлөөр хичээллээд удаагүй байгаа юм байна. “Хүүхэд гаргаад 2-3 жил завсардсаны дараа энэ жилээс дахин оролцож байгаа” гэж тэрээр ярилаа.

Олимпийн спортын төрөл болж байгаа учраас мөсөнд авиралтын зориулалтын хана босгож өгч материаллаг туслалцаа үзүүлж байгаа нь  энэ төрлөөр хичээллэдэг тамирчдад  их сайхан боломж олгож байна. Бидэнд их ирээдүй бий” гэж  спортын мастер бүсгүй маань хэлсэн юм.

Ивээн тэтгэгчтэй болж санхүүгийн гачаалаас гарчихвал гадаадад бэлтгэл  хийх боломж байгаа аж.

Тэрбээр “Хэдийгээр хувь хүн 100 хувь зардлаа даадаг ч гэсэн  өөр орнуудад очиж туршлага судалж байгаа. Ер нь  их өртөг зардалтай спорт. Одоо л гэхэд  багаараа хагас шигшээгийн  авиралтанд өрсөлдөх болчихоод хэрэгсэл хүрэлцэхгүй болоод сандралдаад байж байна.  Үүнээс болоод заримынх  нь  амжилт нь жаахан хойшилсон. Жишээ нь мөсний тах  хүрэлцээгүй гэх мэт асуудлаас болоод дөнгөж хүрэл медаль хүртлээ. Гэхдээ урд өмнөх тэмцээнүүдийг бодвол сайхан болж байна. Зориулалтын зам тавьдаг мэргэжлийн хүмүүс гадаадаас ирлээ.

Бас зохион байгуулалт сайтай, ямар нэг будилаан багатай сайхан болж байна. Энэ нь ямартай ч бид бүхэн бага багаар дээшилж сайжирч байна гэсэн үг” гээд инээв.

Спортын мастер бүсгүй маань Монголын уулчдын үндэсний  холбооныхондоо ийм мундаг зам бэлдэж улсын аварга шалгаруулах тэмцээнээ явуулж байгаад нь талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

 “Мөсөн авиралт -2016” УАШТ шалгаруулах тэмцээн 2 дахь өдрөө үргэлжилж аварга,шилдэгүүдээ шалгаруулснаар ийнхүү өндөрлөв.

Х.Оюунболд

 

Мөсөнд авиралтын спортын төрлөөр монголчуудад ирээдүй бий

  1. Pingback: lace frontal

Leave a Reply