Гадаад үзэмжнээс дотоод гоо сайхан илүү чухал

бум-эрдэнэМонголын зохиолчдын эвлэлээс жил бүр оны шилдэг бүтээл шалгаруулах зорилгоор байгуулдаг “Алтан өд” наадмын шагналыг хүүрнэл зохиолын төрөлд “Дотроосоо” хэмээх номоороо  хүртсэн зохиолч Т.Бум-Эрдэнэтэй ярилцлаа.


“Алтан өд” наадмын хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээлийн  шагналыг “Дотроосоо” номоороо хүртсэнд тань баяр хүргэе. Энэ нэр хүндтэй наадамд хэдэн жил бүтээлээ сойв доо? “Дотроосоо” ном таны урьд өмнийн бүтээлүүдээс юугаараа ялгаатай вэ?

 -Би хүүрнэл зохиолын төрлөөр бичиж эхлээд яг 10 жил  болж байна. Харин “Алтан өд” наадам маань 2001 оноос хойш 15  дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ наадмаар тухайн жилийн хамгийн гайгүй  гэсэн бүтээлийг шалгаруулдаг гэж ойлгодог.  Би үргэлжилсэн үгийн зохиолоор дагнасан уран бүтээлч. Тийм болохоор  богино буюу өгүүллэгийн  төрлөөр  5 удаа оролцсон.

“Дотроосоо” ном миний бусад номоос ялгаатай.  Би өмнө нь  амьдралын өнгө, сайн сайхныг яаж дахин сэргээх вэ, яаж харах вэ, яаж өөрөө дээрээ тусгаж авах вэ гэдэг талаас нь их бодож бичдэг байсан.

Сүүлийн энэ номдоо болохоор гаднах өнгөнөөс гадна дотоод гоо сайхан зөв байх, ялгарч байх ёстой юм байна гэдгийг түлхүү тусгасан. Тэгж байж гадаад гэрэл гэгээ, сайн сайхан  юм чинь бий болдог юм байна.

Энэ түүвэрт орсон өгүүллэгүүдийг цаг зав гаргаад харсан хүн  бол аливаа юмны муу муухай, сайн сайхан нь  дотроос бий болдог, илэрч гадагшилдаг гэдгийг ойлгох байх. Үүнрүү л нэлээд яргаж бичсэн. Сайн ч юм бий, муутай ч юм бий. Зарим нь ч  жаахан эмзэглэж байх жишээтэй. Хамгийн гол нь үнэн тэнд байгаад байгаа болохоор яалт ч байхгүй. Тэр талыг нь уралдааны комисс онцолж олж харсан юм болов уу даа  гэж би бодсон. Энэ жилийн “Алтан өд”-өд олон сайхан бүтээл орсон байна лээ. Би баяртай байгаа.

-Таныг шинэ ном бичиж эхэлсэн гэж фэйсбүүктээ  бичсэнийг уншсан. Энэ шинэ номныхоо талаар мэдээлэл өгч болох уу?

-Үргэлжилсэн үгийн бүтээл л дээ. Гэхдээ жаахан уртхан юм бичих санаатай. Тэгээд барьж авч  зориглохгүй, төлөвлөгөө гаргачихаад яваад байсан.  Нэг их тийм айхтар адал явдалтай ном биш. Хүний амьдралд тохиолдож байгаа сонин содон юмнууд нийгэмтэйгээ яаж зохицож дүйцээд байгаа юм бэ, аль эсвэл эсрэг тэсрэг болоод байгаа юм уу, тийм бол  тэрийг нь яаж даваад байгаа тухай өгүүлэх санаатай нэг юм барьж авчихаад байна даа. Бичээд эхэлчихсэн. Энэ жилдээ багтааж дуусгах эсэхээ сайн мэдэхгүй байна.

-Таны  бүтээлүүдийг  уншаад байхад нэг тийм монгол ахуй тал нь илүү их зонхилоод байх шиг санагддаг. Намтрыг чинь харахаар хотын хүүхэд байдаг. Энэ нүүдэлчин ахуйн  мэдлэг, мэдрэмж хаанаас чинь гараад байна аа?

-Монгол хүн юм чинь монгол ахуйгаа л бичнэ дээ. Би өөрөө хотод төрж өссөн.Тийм боловч эмээ өвөө дээрээ очиж зусдаг хүүхэд байсан.  Тэр цаг үеэс санаанд бууж үлдсэн юмнуудаа өгүүллэгтээ бичиж дүрсэлдэг.

Тэгээд ч  тэр монгол ахуй маань одоо  улам алсраад байгаа учраас тодорхой хэмжээнд  уран бүтээлдээ шингээж үлдээх ёстой гэж боддог.Энэ бол давтагдашгүй гайхамшигт  соёл л доо. Гэхдээ  хөндлөнгөөс нь соёл гэсэн утгаар  хараад бичвэл нэг ондоо.  Харин дотор нь байгаа хүний мэдрэмжээр бичиж чадвал сая нэг бүтээл болох болов уу гэж боддог.

Та сая бага нас гэж ярилаа. эмээ өвөө дээрээ өссөн хэвлүүхэн хүүгийн тухай таны “Түнтээлэй” гэж өгүүллэг байдаг.  Түүнийг уншаад таны бага настай холбоотой юм болов уу гэж бодогдсон. Тийм үү?

-Үгүй ээ үгүй. Нэг тийм хүүхэд байдаг байсан юм. Гэхдээ тэр өгүүллэгт болж байгаа үйл явдал тэр хүүхдэд тохиолдоогүй. Болж байгаа үйл явдлыг би өөрөө зохиож бичсэн.

Тэр хүүхдийн бодит байдал нэг өөр. Харин өгүүллэгт гарч байгаа залуугийн амьдралыг үзэх үзэлд нөлөөлж байгаа нь ондоо зүйл юм.

Анхны  уран бүтээл чинь “Цав цагаан” гэдэг өгүүллэг байсан. Энэ өгүүллэгийг бичих санааг анх хаанаас, яаж олж авсан бэ?

-Тэр бол худалч хүнд бараг би өөрөө байгаа юм. Хүүхэд байхдаа ном уншдаг, хонь хариулдаг хүүхэд байсан. Ажаа гээд байгаа нь бол миний эмээ л дээ. Ажаагаа санаж дурссан юм.Тухайн үедээ яг юу санаж, ярьснаа нэг бүрчлэн санахгүй ч гэсэн өгүүллэгийн ерөнхий санаа нь бол хүүхэд гэдэг ийм цав цагаахан юм байдаг гэдгийг л хэлэх гэсэн юм. Хүн ер нь хүүхэд насандаа үзсэн дуулснаа бүхий л  амьдралдаа дурсаж явдаг, тэрнийгээ л  уусдаг цаас шиг тусгаад авчихдаг юм шиг гэж бодогддог.

Таны “61 ах” номыг  Өвөр Монголд монгол бичгээр гаргасныг Дээд Монголын яруу найрагч Бүргэдээ, Алшаа нутгийн  яруу найрагч Алтанчулуу нар танд хэллээ гэж уншаад баярлаж байлаа. Бусад зохиол бүтээлүүдээ Өвөр Монголд хэвлүүлж гаргах  уу?

-Энэ бол би хүсэнгүүт тэнд гарчихдаг эд биш юм байна. Тодорхой төсөл юм билээ. Зургаа,долоон залуучууд нэгдээд Монгол Улсын хорин таван  зохиолчийн  хорин таван номыг хөрвүүлэн хэвлүүлж байгаа юм байна.Тэрний эхний найман номын тоонд миний “61 ах” ном багтсан.

Хэвлэгдээд худалдаанд гарачихсан,  дээжийг нь надад авчирч үзүүлсэн л дээ. “Дэлхийн утга зохиол” гээд том сэтгүүл  байдаг. Тэрэн дээр миний  хоёр өгүүллэг гарсан. Тэгээд тэрүүгээр дамжаад энэ хүний номыг уншвал зүгээр юм байна гэсэн судалгаа хийсэн гэнэлээ

Ер нь монгол туургатнуудад таны бүтээл хэр хүрсэн бэ?

Одоогоор бол тийм айхтар юм алга байна. Өвөр Монголд миний нэг ном гарчихлаа. Уран зохиолынхоо хүрээнд бол би чинь харьцангуй шинэ хүн. Бичиж эхлээд дөнгөж арван жил болж байна. Цаашдаа миний уран бүтээлийг ямар тавилан хүлээж байгааг би мэдэхгүй байна.

Өнгөрсөн онд  Доржзовдын Энхболдын “Паанан”  Германд орчуулагдаж гарсан. Ер нь манай зохиолчид дэлхийд гарах боломж хэр байна? Монгол зохиолчид таны бодлоор Дэлхийн дэвжээнд  гарах ямар арга зам  байна вэ?

– Монгол зохиолчид гадагшаа гарахын тулд миний боддог бодол бол тухайн хэл дээр нь бичдэг байх ёстой.Түүнээс биш миний бичсэнийг яахав хэн нэгэн нэг, хоёр удаа орчуулаад явж болно л доо.  Гэхдээ би өөрөө  англи франц, герман хэл дээр бичиж чадвал миний оюун санаа тэр чигээрээ очно гэсэн үг. Тэрнээс биш хувираад хувираад оччих юм бол явцгүй. Хоёрт, орчуулах явцад  миний бодож сэтгэснээс өөрөөр ойлгогдоод буучихаж бас болно оо доо. Тэгвэл миний бүтээл биш  болно. Тэгэхээр Монголын зохиолчид өөрсдөө гадаад хэл бичиж туурвидаг  болсон тэр цагт  л Монголын утга зохиол дэлхийд танигдана гэж боддог.

Монголоос  ер нь одоо гэвэл Германд гэхэд Чинагийн Галсан гуай байна  л даа.

-Чинагийн Галсан гуай өөрөө тэр хэлээр нь бичдэг. Саяхан зохиолч Д.Энхболд ахын “Паанан” герман хэл дээр орчуулагдаж гарсан. Иймэрхүү маягаар мэр сэр орчуулагдаад байх шиг байгаа юм. Гэхдээ тэр нь бол Монголын утга зохиол дэлхийд гарчихлаа гэсэн үг биш байхгүй юу.

Ер нь бол манай  зохиолчид их хичээж байна. Яруу найрагч, зохиолч Б.Эрдэнэсолонго, зохиолч Х. Болор-Эрдэнэ бүгд  л гадаадад байна. Тэд нарыг тухайн хэлээ үзэж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгээд тодорхой хугацааны дараагаар зохиол бүтээлээ бичих байх.

Зохиолч, яруу найрагч Б.Эрдэнэсолонго таны “Эмэгтэй ном”-ны тухай “Эмэгтэй хүний  тайлагдашгүй ертөнц рүү өнгийж харжээ. Эмэгтэй хүнийг хайрлаж чадсан хүн л хамгийн сайн ойлгоно” гэж бичсэн байхыг уншсан. Та ингэж бичсэнтэй нь санал нийлэх үү?

– “Эмэгтэй хүн” номны өмнөх үг дээр манай Б.Эрдэнэсолонго тэгж бичиж өгч байсан. Мэдээж, эрчүүд бид  нар эмэгтэй хүнийг сайн мэдэхгүй шүү дээ.  Мэддэг юм шиг хэрнээ мэдэхгүй байсаар  байгаа юм биш үү? Эмэгтэй хүнийг  хамгийн ихээр  баярлуулж, хамгийн хатуугаар гомдоосон хүн л эмэгтэй хүнийг жаахан мэдэрдэг байх. Тэгж  л ойлгож байна.

Манай  зохиолчдын ихэнх бүтээл ном хэлбэрээр хэвлэгдсэн байдаг. Харин таных болохоор ихэнх нь сонсохоор байдаг. Жишээ нь MGL радиогоор таны бүтээлүүдийг нэлээн уншдаг. Яагаад тэгдэг юм бол?  Энэ тухайгаа та ярьж болох уу?

-2008  онд Батсүх гэдэг залуу намайг Америкт байхад Солонгосоос утсаар ярьсан. Тэгээд өөрийгөө танилцуулаад, хувиараа ийм юм унших сонирхолтой залуу байгаа юм гээд таны өгүүллэгүүдийг уншиж байж болох уу гэж надаас асуусан.  Би хүний нутагт, сонирхол сонирхлоороо ажиллаж байсан юм чинь бололгүй яахав  гэсэн хариу өгсөн. Тэгсэн хожим нь  Монголдоо  хүрч ирээд интернэт радио нээсэн байсан. Тэрнээс хойш л миний өгүүллэгүүдийг  тэр чигээр нь уншиж эхэлсэн  л дээ. Тэгээд яахав, би ч нэг их татгалзаагүй. Заримыг нь хэлээд уншсан ч байх. Заримыг нь бол хэлээгүй уншсан байх. Олон түмэнд хүрч  байгаа, хувь хүн өөрөө сонирхоод уншиж байгаа юм чинь явж л байг. Одоо ч хүмүүс нэлээд сонсдог болсон юм шиг байна.

Хүмүүст хүрэх талаасаа хэвлэмэл ном, сонсдог номын аль нь хүмүүүст хүрэхдээ илүү вэ?

-Техник  технологио дагаад сонсдог ном нь хүмүүст арай хурдан хүрч байгаа. Гэхдээ надад хэвлэмэл ном бол өөрөө сонгодог хувилбар гэж бодогддог. Яахав хялбаршуулаад хүмүүст янз бүрээр түгээж л байна.

Зохиол бичдэг хүмүүс  явж байгаад ч юм уу, эсвэл хүмүүстэй ярилцаж байхдаа уран бүтээлийнхээ сэдвийг гэнэтхэн  олох нь элбэг  гэсэн байдаг. Та санаагаа яаж олдог вэ?

-Үгүй яахав, сэдэв олох гэдэг чинь заримдаа хэцүү байдаг юм. Заримдаа ч яахав, зүгээр л сэтгэлийн нюансууд явж байна л даа.Тэр эхэлж байгаа харилцан яриа, үг энэ тэр юмнууд чинь дон хийтэл орж ирдэг  мэдрэмж. Тэгээд тэрнийгээ тойруулаад бодоод явж байтал тэр чинь өөрөө өргөжөөд, тойрог, хамрах хүрээ нь тэлээд ирдэг. Тэрийгээ дагаад хамаг юм нь  бүрэлдэж бий болно.Тэгж тэгж эхлэл, төгсгөл нь харагдаад ирэхээр сая бичиж эхлэх жишээтэй. Бодоод бодоод цаашаа яваагүй, тархин дотор хог шаар болоод үлдсэн сэдэв ч бас  байдаг.

Зарим хүмүүс захиалгаар бичдэг. Танд тийм санал ирж байсан уу?

-Тийм юм зөндөө байдаг. Заримыг нь бичиж өгдөг,заримыг нь бичиж өгдөггүй. Хичнээн захиалга орж ирлээ ч  тэр захиалгандаа би өөрөө шингэж орж бичиж өгөхгүй бол тэр бүтээл хуурай, сүнсгүй л болно гэсэн үг. Жишээ нь: би мөрдөгчийн тухай бичих боллоо гэхэд би өөрөө мөрдөгч болж хувирахгүй бол тэр шал худлаа болох байх.

Та хамгийн их цаг хугацаа зарж, судалгаа хийж бичсэн зохиолоо нэрлэж болох уу? Хамгийн их зовоож төрсөн ямар бүтээл байна?

-Тайз, дэлгэцийн бүтээлүүд судалгаа их шаарддаг. Өөрөөр хэлбэл миний мэдэхгүй сэдвээр  бичигдэх ёстой тийм зохиолыг бичих гэвэл  би судлахаас өөр аргагүй. Жишээлбэл, Авлигатай тэмцэх газар, хуулийн талаар гэх мэт иймэрхүү юмнуудыг мэдэхгүй бол би судлах л шаардлагатай.

“Ус дээшээ урсдаг” гэдэг 24 ангитай, авлига хээл хахуулийн эсрэг тэмцэх төслийн хүрээнд  бичигдсэн цуврал киноны багт би орж ажиллаж байсан. Тэгэхэд хүчирхийлэл, эрүүл мэндийн шугамаар мөнгө идэж байгаа болон албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа талаар судалгаанууд хийж байсан.

Уран зохиол, уран сайхны тал дээр бол нэг их тийм айхтар шаналгаад байсан юм байхгүй. Харин одоо энэ бичих гээд байгаа юман дээрээ нэлээн судалгаа хийх байх. Би өөрөө түүхийн талаар бичээгүй байгаа учраас тодорхой хэмжээгээр тухайн хүнийхээ зан байдал,чанарыг гаргахын тулд судалгаа хийнэ.

Монголын Үндэсний  кино урлагийн академиас зохион байгуулдаг “Академи авардс” наадмын шилдэг кинозохиолчийн шагнал “Алтан цом”-ыг та өнгөрсөн онд “Үргээлэг -2” зохиолоороо хүртэж,  яруу найрагч Д.Урианхай гуайгаас  гардаж байсныг тань санаж байна.  Үнэхээр сайн зохиол байсан. Өөрөө ингэхэд сүүлийн үед кинозохиол талруу нэлээд хэлбийгээд байна уу?  Кинозохиол олныг бичсэн үү? Одоо кинозохиол дээр ажиллаж байна уу?

-Одоогоор бол тийм юм алга. Жүжигчин Амраа бид нар тодорхой хэмжээгээр төлөвлөгөө гаргачихсан явж байгаа. Галт тэрэг хөдлөөгүй, өөрөөр хэлбэл санхүү юмнууд нь шийдэгдээгүй байгаа учраас тэр болгоныг яриад байж болохгүй байна.

Гэхдээ кино зохиолын хүрээнд бид нар ажиллаж байгаа. Хоёр  ч киноны асуудал яригдаж байгаа.

Таны уран бүтээл шүүмж дагуулсан тохиолдол байдаг уу?

-Одоогоор тийм юм гараагүй байна.

Арван жилийн дараа өөрийгөө ямар болсон байна гэж төсөөлвөл ?

-Би өөрийгөө тэгж бодмооргүй байна. Би юу хийж болох вэ, тийм юм хийчихсэн байх юмсан гэсэн хүсэл амбиц бол байна  л даа. Жишээ нь, нэг сайхан жүжиг тавиулчихсан байх. Өөрийнхөө санаанд хүрсэн хэмжээний кино зохиол биччихсэн байх. Аль эсвэл  бас нэг аятайхан роман бичээд үзэх юмсан, чадах юмсан гэдэг ч юмуу иймэрхүү хувийн амбиц (хүсэл мөрөөдөл) байдаг. Амбиц гэж  бид нар буруу яриад байгаа болохоос амбиц гэдэг чинь хүсэл мөрөөдөл, тэмүүлэл шүү дээ. Иймэрхүү хүсэл мөрөөдлүүд байна.Түүнээс биш би хэн болчихсон байх вэ гэдэг ч юм уу, би гэдэг утгаараа бол надад сонин биш. Миний гараас тийм тийм  юм гарсан байгаасай гэсэн хүсэл мөрөөдлийн хувиар ямар ч гэсэн эхний ээлжинд нэг юм хийсэн байхсан гэж бодож байна. Цаг хугацаа л харуулах байх.

-Цаг заваа гарган ярилцлага өгсөн Танд их баярлалаа. Уран бүтээлийн ажилд тань өндөр амжилт хүсье.

Ярилцсан Х.Оюунболд

© duuren.mn

 

7 “Гадаад үзэмжнээс дотоод гоо сайхан илүү чухал

  1. Pingback: GVK Bioscience

  2. Pingback: GVK Biosciences

  3. Pingback: cara mendaftar sekolah online

  4. Pingback: Pendaftaran CPNS Kemenkumham

  5. Pingback: Judi Bola Online

  6. Pingback: agen bola indonesia

  7. Pingback: sscn bkn cpns 2018

Leave a Reply