Төгсбуянтын зурхайг мөрдөж эхэлсэн тухай нэгэн баримт

1712 он – Манж Чин улсаас хятад шар зурхайн гол судрыг төвд, монголоор орчуулан тарааж, албан харилцаанд албадан хэрэглүүлсэн.

1747 он – Сүмбэ хамба Ишбалжир төвд литийг Монгол газрын хуваарьт тохируулан засамжилж “Төгс буянт шинэ зурхай”-г  бий болгож сүм хийдийн газарт хэрэглэх болсон.

1912 он – Шар зурхай, төвд зурхай хоёрыг хавсарган Монгол улсын цаг тооны өөрийн бичиг гаргах хүсэлтийг Богд хаан зөвшөөрч зарлигласан.

Монголчууд Манжийн нөлөөнд байх үед Бээжин хотноо Тэнгэрийг сүсэглэх яам хэмээх шар зурхайг эрхлэх газар буй болоод, тэндээс эрхлэн олон зуун жилийн турш шар зурхайн цаглабар буюу хуанлийг зохион гаргаж, харъяат орнууддаа өөр, өөрийн нь хэлээр хэвлэн тарааж, албан харилцаанд албадан хэрэглүүлсээр ирсэн билээ. Манж Чин Улсын Тэнгэрийг сүсэглэх яамнаас  “Зарлигаар тогтоосон түмэн оны цаг улирлын бичиг” хэмээх монгол хэлт хуанлийг худам монголоор гаргаж барлан тараасан нь эдүгээ түүхийн баримт гэрч болон хоцоржээ. Бас манжийн хааны зарлигаар 1712 онд Шар зурхайн ёсны “Солбицон барих бодрол бичиг” хэмээх хятадын шар зурхайн гол судрыг, төвд, монгол хэлээр орчуулан модон бараар тархаасан нь эдүгээ Үндэсний Номын Санд хадгалагдан байдаг байх нь.

Бидэнд мэдэгдэж байгаагаар одон зурхайн дорвитой бүтээл туурвисан анхны монгол хүн бол “Ламын гэгээн” гэж алдаршсан, анхны хүрээ хамба Лувсанданзанжанцан юм. Тэрээр XII жарны гал туулай жил (1687) “ Зурхайн гол судар авч, огоорохыг тодотгогч гэрэл”, “Бүтээлийн зурхай тэргүүтний гарын авлага” зэрэг зохиолоо бичиж, монгол оронд одон зурхай дэлгэрэх баттай суурийг тавьсан байна. XIII жарны гал туулай жил (1747) монголын түүхч, гүн ухаантан, зурхайч Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788) төвдөд дэлгэрсэн Цүр, Пүг хэмээх хоёр ёс (сургууль)-ыг монгол орныхоо газрын хуваарьт тохируулан “Төгс буянт шинэ зурхай” хэмээх монгол одон орон зурхайн сургуулийг байгуулжээ. Энэ сургуулийн гол төлөөлөгчид болох Цахар гэвш Лувсанцүлтэм (1740-1810), дээд монголын Сэрдэг гэгээн Лувсанчүлтэмжамц (1865-1915), ар халхын Говь түшээ гүний хошууны зурхайч Доёдбалдан (1860-1920) зэрэг олон мэргэд зурхайн чиглэлээр тус бүр нэгэн боть ном туурвиж, монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрт шинэ зурхайн ёсыг түгээн дэлгэрүүлжээ.

Улмаар Их Хүрээнд 1789 онд “ Зурхай дацан” хэмээх нэртэй, “Тантара ража”, “ Калачакра тантара ражаан их тайлбар сарны хиргүй гэрэл” болон Сүмбэ Хамбын “ Төгс буянт шинэ зурхайн гол” зэрэг ном судрыг сургалтын гарын авлага болгосон мэргэжлийн зурхайч нарыг бэлтгэн гаргах зурхайн сургууль байгуулагдсан ба Монголын томоохон Хүрээ хийдүүдэд ч зурхайн дацан олноороо гарчээ. Зурхайн талаархи онолын номуудад гүнзгий мэргэжиж, “Зийрэмбийн дамжаа” хэмээх номын хурал маргаанд оролцож амжилттай дүн үзүүлсэн хүмүүст “Зийрэмбэ” буюу “Зурхайн зэрэгтэн” гэдэг эрдмийн цол хүртээдэг байжээ. Монголын зурхайч, зийрэмбэ нар зурхайн онолын болон од эрхсийн хөдөлгөөнийг хөөн бодох аргыг боловсруулсан ном, бүтээлийг олноор туурвиж, түүндээ тулгуурлан, цаг улирлын тооллын бичгийг зохиож, амьдрал ахуйдаа хэрэглэсээр иржээ.

XX зууны эхэн гэхэд Зурхай дацан нь Хаант Монгол Улсын үеийн жил тутмын цаг тооны бичгийг бэлтгэж, Их Хүрээний “Сүм бүм” хэмээх бар хэвлэлийн газраар хэвлүүлэн түгээдэг байсан байна Үндэсний Төв Архивын сан хөмрөгт одоогоор 1912-1930 оны хооронд хамаарагдах Шашин төрийг хослон баригч хаант Монгол Улсын үеийн есөн хадгаламжийн нэгж цаг тооны бичиг, Монгол Улсын үеийн мөн есөн цаг тооны бичиг нийт арван найман хадгаламжийн нэгж, үүн дээр нэмэгдэх нөөц хувь арван таван хадгаламжийн нэгж нийт гучин гурван хадгаламжийн нэгж цаг тооны бичиг хадгалагдаж байна.

1912 онд Шашин Төрийг Хослон Баригч Хаант Монгол Улсын үеийн цаг тооны бичгийг анх шар зурхайн ёсыг баримталж, хэвлүүлэн тараажээ. Ингээд жил тутам Зурхай дацангаас цаг тооны бичгийг тасралтгүй эрхлэн тарааж байгаад 1925 он болоход Дотоод явдлын яамнаас эрхлэн гаргаж тараадаг болжээ.

Цаглабар нь тухайн улс, үндэстний аливаа хэрэгт мөрдөх чухал баримт мөн тул тусгаар тогтнолын бэлгэдлийн нэгэн хэмээн үзэж болууштай. Монголчууд Манж, Хятадын ноёрхолд орж тусгаар тогтнолоо алдаж явсан үедээ төрийн хэрэгт шар зурхайн хуанлийг хүчинд автан хэрэглэж байсан ч хос ёсны хэрэгт мөнөөхөн төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабараа мөрдөж байжээ. 1911 онд Манжийн дарлалыг түлхэн унагаасан тэр түүхэн цаг үед Богд хаант монгол гүрэнд мэргэдийн шүнтэй, монгол  оронд тохирсон, төгс буянт шинэ зурхайгаа тусгаар тогтнолын бэлгэдлийн нэгэн болгон мөрдөж байхаар Богд эзний гэгээн зарлиг гарсан билээ.

“Цаг улирлын тооны бичгийг монгол үсэгт орчуулан албан хэрэгт тус болгох явдлыг айлтгасан айлтгал, буулгасан Зарлиг” нэртэй энэхүү түүхэн баримт  нийтийн тоололд шилжүүлбэл 1912.01.21-ээр огноологдох бөгөөд:

“Өвлийн сүүл сарын шинийн хоёронд шавь боол Цэ, Го сөгдөж хичээнгүйлэн айлтгах нь цаг улирлын тооны бичгийг монгол үсэгт орчуулан албан хэрэгт тус болох явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад Богд эзэн гэгээнээр толилохыг гуйх учир шавь боол Цэ, Го нар хянан байцааваас мөнөөхөн Чин улсаас монгол үсгийн цаг улирлын тооны бичиг дармал дарж, олон монгол аймагт тархааж, албан бичиг зэрэгт цөм түүнийг баримтлан нэгэн аяс болж явсан нь зөрөлдөхгүй будлиан гарсангүй ажгуу. Одоо манай Монгол улс өөртөө байгуулж, тулгар төр тогтоосны тул даруй өөрийнхөө цаг улирлын тооны бичиг тархаан дагаж явуулваас зохих үүнд бэлхэнээ манай Хүрээний зурхайн дацанд төвдийн үсгийн цаг улирлын тооны бичиг зохион тархаадаг бөгөөд зүйл зүйлийн ёсыг зуран гаргаж болох ном буй хэмээх тул эдүгээгээс жил бүр шар зурхай, төвдийн зурхай хоёр ёсыг хавсарган нарийвчлан зуруулж, цаг улирлын тооны бичиг зохиолгож, монголоор  орчуулан Дээр толилуулуулаад олон монгол аймагт тархаан олгож байваас өдөр сар урьд хожид болон будлиантахгүй. Алба аливаа зүйлд их л тустай болох мэт тул одоо манай Дотоод яамнаас Хүрээний хамба номун хан Эрдэнэшанзудба нарт тушааж улмаар тушаалган эртнээс зуруулан орчуулгаваас нийлэлцэх, үл нийлэлцэх явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад Богд эзэн гэгээнээр толилж заалхийлэн сургах ажаамуй. Үүний тул хичээнгүйлэн айлтгав. Зарлигийг гуймуй хэмээн айлтгасанд мөнхүү сарын шинийн таванд хүлээн авсан уг нугалбарт улаан бийрээр цохсон Зарлиг гуйсан ёсоор болгогтун хэмээв” (МУҮТА, Х-А3, Д-1, ХН-3, Хуу-46-47а) гэж бичсэн байна.

ҮТА-ын эрдэм шинжилгээний ажилтан Г.Намнансүрэн
МУИС-НШУС-н Түүхийн  ангийн оюутан  Б.Отгон-Эрдэнэ

Төгсбуянтын зурхайг мөрдөж эхэлсэн тухай нэгэн баримт

  1. Pingback: Kitty

Leave a Reply