Та хоногт 36 нэхий дээл оёж чадах уу?

Дэлхийн хоёрдугаар дайны эхний жилүүдэд ЗХУ-ын цорын ганц хамсаатан нь Монгол Улс байж, эр хүн хүлэг сайн морио фронтод өгөөд эмээлээ тэврэн явган үлдэж, эхнэр хүн ээмэг бөгжөө тайлан тусламжаар илгээгээд гар хоосон хоцорч байсан түүхтэй. Тэр үед ял эдлэж байсан  хоригдлуудад бүр ч хэцүү даалгавар оногддог, биелүүлэхгүй бол амьтай нь ярьдаг байжээ. “Эх орны дайны жилүүдэд 24 цагийн дотор нэг хоригдол хүн 36 нэхий дээл оёж, 11 эсгий гутал гараар хийж байв. Мөн офицер ажилтан нар Улаан армид хувийн бэлэг өргөнөөр явуулж байсан. Би 1592 төгрөгийн бэлэг явуулж хувь нэмрээ өчүүхэн ч болов оруулж байв” хэмээн 1939-1949 онд Дотоод явдлын яамны Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагериудыг удирдах газарт алба хааж явсан, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Жанцангийн Сандуйжав 1986 онд дурсан бичсэн байх юм.

deel-copy-copyЗөвлөлтийн ард түмэн, улаан армид зориулан монголчуудын илгээсэн бэлэглэлийн хоёр дахь цуваа 1942 оны эцсээр Москвад очжээ. Зөвхөн энэ удаад гэхэд л 236 вагон бэлгийн эд зүйлс хүргэж өгсөн бөгөөд Монголын ард түмний бэлгийн хөрөнгөөр бүтээсэн “Хувьсгалт Монгол” танкийн цуваа байгуулж, 53 танкийг маршал Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид танкийн бригадад гардуулан өгчээ.

“Төлөөлөгч нэг бүр нэг танкийг дайчдад гардуулах болсонд би ДЯЯ, хязгаарын цэргийн нэр хаягтай “350-Т-34” гэсэн хувийн номертой танкийг дэслэгч Мишенкод гардуулсан билээ” гэж 1942 онд улаан армид бэлэг хүргэхэд оролцсон Чүлтэмийн Сүнрэв 1985 онд дурсамждаа өгүүлжээ.

1943 оны хоёрдугаар сарын 2-нд Кремльд болсон дээд хэмжээний хүлээн авалт дээр Иосиф Сталин “Монголын ард түмэн бидэнд сэтгэл харамгүй тусалж байна. Энэ бол “Ядрах цагт нөхрийн чанар танигдана” гэдэг ардын зүйр үг үнэн болохын нотолгоо мөн” гээд дахин дахин талархал илэрхийлж байжээ.

©duuren.mn

Leave a Reply