Би цас идмээр байна

Байгаль орчин, аялал жуучлалын яам, Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөр, Нийслэлийн боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Байгаль орчны мэдээлэл сургалтын төвөөс ТББ хамтран ЕБС-ийн ахлах ангийнхан дунд зарласан “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ-АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ” сэдэвт нийтлэлийн уралдаан зарласан байна. Харин ахлах анги буюу 15-18 насныхны дунд нийтлэлийн уралдаанд Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагч А.Анужин “Би цас идмээр байна” нийтлэлээрээ тэргүүлжээ. Түүний энэхүү нийтлэл нь ОУ-ын Байгаль орчны боловсролын сан(FEE)-аас жил бүр зохион байгуулагддаг ОЛОН УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗАЛУУ СУРВАЛЖЛАГЧ уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болжээ. Duuren.mn түүний нийтлэлийг сонирхуулж байна.

Би цас идмээр байна. Мөс хүлхмээр байна. Газарт дураараа өнхөрмөөр байна. Голын уснаас дураараа залгилж, шороо чулуугаар дураараа тогломоор байна.

Гэтэл “Бохир цас идэж болохгүй, наад мөсийг чинь долоож болохгүй. Бохир шороон дээр өнхөрч болохгүй” гэж аав ээж минь хориглодог. Болохгүй гэдгийг би өөрөө бас мэддэг. Яагаад тийм хүслэн төрдөг, яагаад тэгж болдоггүй вэ?

Хүүхэд насаа дурсан өгүүлэх аавын дурсамж надад шинэхэн цас идэж, голын мөс хүлхмээр зүггүй хүслэн төрүүлсэн юм. Миний аавын бага нас гуч дөчөөд жилийн тэртээ холын хол баруун Алтайд өнгөрсөн юм. Сумын төвийн хүүхдүүд тэр үед өвөл зунгүй гадаа тоглодог байжээ. Шинэ цас орох нь тэдний хувьд нэг том баяр байдаг байж. Цас бөөрөнхийлөн шидэж, гар нь даарахаар гэртээ гүйн ирж зуухны галд ээн дулаацуулчихаад дахиад л гараад гүйдэг байсан гэнэ лээ. Ам нь цангавал нөгөө цаснаасаа идчихнэ. Цангаагүй байсан ч цас амандаа хийн хайлуулж ус болгоод залгих их сайхан санагддаг байсан гэнэ.

favim-com-hands-heart-love-snow-346012

Аавын төрсөн сумын төвийн өмнүүр нэгэн багахаан гол урсдаг юм билээ.  Өвөл болохоор тэр голын ус харзалж дэлгээд ихээхэн мөстэй болдог байжээ. Тэгээд сумын багачууд тэр гол дээрээ тэшүүрээр гулгаж, тэшүүргүй байсан ч гулгах тоглох аргаа яаж ийгээд олдог, хичээл тараад л голын мөс рүү уралддаг байжээ. Аавыг учир мэдэхгүй жаахан байхад нэг ах нь гол дээр дагуулж очжээ. Тэгээд дүүгээ хэсэг чирч тоглож байснаа  мөсөн дээр сунайтал хэвтээд өгчээ. Хартал голын мөсийг долоогоод байх юм гэнэ. “Ах аа, мөс долоох гоё уу?” гэтэл толгой дохижээ. “Би бас долооё, тэгэх үү?” гэж гуйвал бас л толгой дохижээ. Аав ахыгаа дуурайн мөсөн дээр элгээрээ хэвтээд голын мөс долоох гэтэл хэл нь наалдчихав. Бөөн уйлаан майлаан. Ах нь дүүгээ шоглох гэж мөс долоосон дүр үзүүлж байгаад дүүгээрээ мөс долоолгон хэлийг нь наалдуулснаас болж бөөн хэрэг мандсан гэнэ. “Тэр үед хүүхдүүд тоглож байгаад ам цангахаараа голын мөснөөс хагалан хүлхчихдэг байсан. Мөн сайхан цэвэрхэн мөс байдагсан” гэж аав минь дурсдаг.

-Манай нутаг ер нь чийг багатай, чулуу  шороо ихтэй. Бид нар шороон дотор өдөржин тоглож тоглож, нүд шүд хоёр нь гялалзсан бөөн шороо л гэртээ ордог байсан. Үс толгой ч шороо элс, хувцас хунар ч нэл шороо байх атлаа өвчин эмгэг авч байгаагүй л юм даа. Тэр үед хүүхдүүд өвдөх нь их ховор байсан. Шүдний өвчин, хоолой ам өвдөх энэ тэр бол маш ховор тохиолдол байсан гэж аав надад ярьж өгсөн.

Энэ бүхнийг сонсоод л цас идмээр, мөс хүлхмээр, шороон дээр тогломоор хүслэн төрсөн хэрэг. Аавынхаа хүүхэд насандаа мэдэрч байсан тэр мэдрэмжийг  авмаар мэдэрмээр санагдсан. Гэвч миний амьдардаг орчинд, миний Улаанбаатар хотод тэгэх боломжгүйг би мэднэ.  Тэр бүү хэл аавын минь төрж өссөн суманд ч энэ нь эргэлзээтэй асуудал болсон гэсэн. Яагаад ийм болсон тухай  хариуг ч мэднэ. Монголчуудын амьдралын хэв маяг ингэж өөрчлөгдсөний  учир шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдолттой холбоотой.  Улаанбаатарт шөнө орсон шинэхэн цасыг өглөө эрт боссон хүүхдүүд атгаж аваад амандаа уусган залгиж болохгүй. Яагаад гэвэл тэр бол харахад цас боловч янз бүрийн бохир нян ихтэй, утаа шороо шингэсэн байдаг.  Туул гол, Дунд гол, Сэлбийн голын мөснөөс бутлаж аваад хүлхэж хэрхэвч болохгүй. Яагаад гэвэл эдгээр голын ус маш бохир. Голын ус бохирдсоноос болж Туул голын загас нь  бөөнөөрөө үхэж байгаа мэдээг би зурагтаар харж байсан. Бас Сонгинын булан, Биокомбинатын орчимд амьдардаг үхэртэй айл Туулын уснаас малдаа уулгаж болохгүй учраас дандаа худгийн усаар услаж байгаа тухайгаа ярьж байхыг зурагтаар харсан.

Гүүгл хайлтын системээр “Уур амьсгалын өөрчлөлт” гээд хайхад монгол хэл дээр 200 мянга гаруй бичвэр гарч ирж байгаа нь энэ асуудал анхаарлын төвд хэр их байгааг харуулна.  Уур амьсгалын өөрчлөлт нь  дэлхий нийтийн санааг зовоож байгаа асуудал юм. Газар тариалан эрхэлдэг орнуудад ган болсноос их хэмжээний ургац алдсан, зөөлөн дулаан өвөл болдог газарт их хэмжээний цас орж хүйтэрснээс болж эдийн засгийн маш их хор хохирол амссан тухай жишээг гүүглээс зөндөөнийг олж болно. Хуурай газрын салхи шуурга, далайн шуурга, хөрс агаарын бохирдол зэрэг олон хүчин зүйлийн улмаас эдийн засгийн ихээхэн хохирол сүйтгэл учирч байна.  Хүмүүсийн амьдралын хэв маягт өөрчлөлт орж байна. Янз бүрийн өвчин дэгдэж байна.  Аавынхаа хүүхэд насанд тоглож өссөн орчныг хүүхэд нь хүсээд ч үзэж мэдэрч чадахгүй болтлоо юмс үзэгдэл өөрчлөгдөн хувирч байна.

Экологийн энэхүү өөрчлөлт нь хүний үйл ажиллагаанаас ихээхэн хамаардаг гэдгийг би энэ асуудлаар бичихээр янз бүрийн эх сурвалжууд уншиж байхдаа хамгийн тодоор ойлгож мэдэрсэн. Улаанбаатар хот, Монгол улс маань утаагүй, эрүүл агаартай, цөлжиж хуурайшсан газаргүй, ой мод ихтэй, бэлчээр нь өвс ургамал сайтай байх нь зөвхөн монголчуудад хэрэгтэй биш юм билээ. Монголд хавар болгон болдог шороон шуурга гэхэд л Хятадыг дайран Азийн олон оронд хүрч агаарыг нь бохирдуулдаг, сүүлийн үед энэхүү шар шороон шуурга  бүр далай гатлан Америкийн эрэгт ч хүрч байгаа тухай уншаад би цочирдсон. Сэтгүүлч Б.Галааридын “Түйрэнгийн түйвээн”, “Түйрэнтэй тэмцсэн түүх” нийтлэлүүдийг интернетээс уншаад байгал хамгааллын үйлсэд хил хязгаар байх ёсгүй, хүн төрөлхтөн бүгдээрээ нийлж хичээх ёстойг, монголчууд бидэнд ч асар их үүрэг ноогдож байгааг  би ойлгосон.

114

Тэрээр “Монголын говьд дэгдсэн түйрэн Хятадын ихэнх нутгийг дайран баахан хүч нэмж аваад Солонгосын хойгийг бүрхэж, Японыг эрхэндээ оруулж, улмаар Номхон далайг торох юмгүй гатлан Канад, Хойд Америкт хүрдэг болжээ. Өөрөөр хэлбэл 13 мянга гаруй км зам туулж далайн чинадын агаар, хөрс бохирдуулж, тэндхийн оршин суугчдын эрүүл мэндэд нөлөөлж байна гэсэн үг. Ийнхүү хөл нь чангарч, явдал нь холдсон төдийгүй Хятадын аж үйлдвэрийн бүсээс элдэв төрлийн хорт бодис хаман зам гудаст таарсан амьд бүхнийг хордуулдаг болсон гэж байгаа. Түйрэн түйвээсэн газарт үзэгдэх орчин муудаж авто ослын тоо ихсэх магадлал нэмэгдэнэ. Амьсгалын замын болон зүрх, нүдний өвчин эрс ихсэнэ. Онгоцны нислэгүүд хойшлогдоно. Үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт орно. Солонгост сургуулиуд түр хаагдаж, Тайваньд гадаа удаан зугаалахгүй байх, амны хаалт нэмж авахыг сануулж эхэлнэ. Япончууд ч ялгаагүй түйрэнтэй тулалдахаар зэхнэ. Түйрэнгийн зам дагуух орнуудад жуулчдын тоо эрс багасдаг шинэ үзэгдэл сүүлийн үед ажиглагдаж байна” гэж бичсэн байна.

1447Байгалийн олон үзэгдэл, өөрчлөлт дундаас ганцхан шороон шуурганы тухай ярихад л ийм их асуудал хөндөгдөж байгаа болохоор бидэнд санаа зовох юм мөн  ч их байна даа. Хүн төрөлхтөн бүгдээрээ хичээх юм бол  байгал орчныхоо унаган төрхийг эргүүлэн сэргээж, хотын дундуур  урсах голын ус нь ундаалж болохоор тунгалаг, тэнгэрээс буух хурын ус нь ч бас ууж болохоор цэвэрхэн болж болно. Гагцхүү хичээх л хэрэгтэй.

Би аав шигээ цас идэж, мөс хүлхэж, шороон дээр тогломоор л байна.

 “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 10Б ангийн сурагч А.Анужин

 

Leave a Reply