Өрөө

Хүний сэтгэл дотор хэдэн зуун тасалгаатай өрөөнүүд байдаг. Магадгүй мянга мянгаараа. Нэг өрөөнд нь ажил оволзож байхад нөгөө өрөөнд ганцаардал ноёлж байна. Өөр нэг өрөөнд урам зориг, тэмүүлэл буцалж байхад хажууханд нь бүтэлгүйтэл, гутрал гэгэлзэж байх өрөө байна. Бидний амьдралд өөрийн нүүр царай, үйл хөдлөл, сэтгэл, хайр болоод олон янзын харилцаагаар үнэлэмжээ үлдээсэн хүмүүсийн нэрэмжит өрөөнүүд бас сэтгэлд бий. Тийм өрөөнүүдийн зарим нь нар туссан саруулхан байхад, зарим нь бүгчим эсвэл зэврүү хүйтэн байх нь бий.

Дуртай зүйл, итгэл үнэмшил, зугаа цэнгэл, сүсэг бишрэл, эрдэм мэдлэгт шамдах, эр зоригийн болон бас хувийн хатуу нууцууд агуулсан олон тооны өрөөнүүд тархины булан бүрт бий. Хүнд нээж үзүүлж зочин урихыг хүсдэг хэсэг өрөө байхад бас хэнийг ч оруулахыг хүсэхгүй хааяа өөрөө орохоос ч зүрхшээдэг тийм эмзэг өрөөнүүд хүртэл бий.

Бидний бодол, дурсамжууд, гайхалтай хийгээд гашуун мөчийн гэрч болсон үйл явдлуудын тусгал янз бүрийн хэмжээгээр өрөө үүсгэн тархинд хоногшдог.
Цаг хугацааны элгэдэлд олон тооны өрөөний түлхүүр гээгддэг. Бүр өрөө ч замрхан алга болох буюу мартагдан хаягддаг тохиол бий.

Хүний сэтгэлд орших өрөөнүүдийн мянга мянган түлхүүрээс цөөн хэдийг нь шажгинуулан өдөр хоногийг түлхэж явах нь амьдралыг гарц багатай, хязгаардагдмал болгодог.

Сэтгэл тавгүй урам зориг мохсон үe бол тийм өрөөнд орчихоод гарч чадахгүй гацсан байна гэсэн үг. Тийм өрөөнөөс гараад “Бүтээлч, дайчин” өрөөнүүд рүү шагай.

Хамгийн дулаахан өрөө “Гэр бүлийн”, хамгийн цэлгэр өрөө “Эрдэм мэдлэгийн”, хамгийн цэвэр өрөө “Эрүүл мэндийн”, хамгийн нандин өрөө “Хайр сэтгэлийн”, хамгийн хүндэтгэлт өргөө “Эцэг эхийн”, хамгийн үнэнч өргөө “Бодол, итгэлийн”, хамгийн их шуугиантай өрөө “Нөхөрлөлийн” гэх мэтээр СЭТГЭЛЭЭ ТОХИЖУУЛЖ, сэтгэл дэх “гэрээ, өрөөнүүдээ өнгөлөн цэвэрлэх” цаг бол шинэ жилийн босго юм.

bold-ah

                 С.Эрдэнэболд

 

2016 оны 12 сарын 23

Дорнод, Чойбалсан хот

 

©duuren.mn

Өрөө

  1. Pingback: lace frontal

Leave a Reply