Жудаг

Жудаг бол зөв суртахуунтай хүний хамгийн том ялгарал. Таних тэмдэг, давуу чанар. Ялангуяа хүйс үл харгалзан төрийн үйлд зүтгэгч хүнд заавал байх ёстой чанар. Жудаг бол зангараг бүтээх хүн ёсны анхны тавил. Дээхний луухгар өвгөчүүд, ухаант эмгэдийн үйл хэргээс жудгийг таньж өдгөөх амьдралдаа тусгах нь бидний соёлоо таних ухаан, язгуураа мэдэх увидас.

Хоёр үгэндээ холбирохгүй зан. Мэдсэнээ бусдад түгээх чанар, зөвд зөөлөн, бурууд нугарашгүй туйлбар бол жудагтай хүний мөн чанар. Жудаг муут, хүн муут болно. Үзэл санаа, зарчим хүнийг хөтлөх ноён нуруу бол, зан суртахуун, зохист жудаг нь түүнийг бэхжүүлж, бататгах суурь.

Алдаагаа засч, хүний мөсийг эрхэмлэх нь жудагтай хүний үйлдэл. Алба тушаал, нэр алдар, ямба цолонд хувирашгүй нэг л зангаараа үлдэх сорилт бол жудаг илрэх шалгуур. Эр тутам нь жудагтай, эм тутам нь цадигтай цагт Монгол хүний үнэ цэнэ, бие биенээ гэх жинхэнэ хүндлэл бүрдэнэ.
Алив хүний язгуур төлөвшил жигдэрч, үндэстний хэл соёл, үүх түүхээ таних тутам эх орноо гэсэн итгэл үнэмшил нь дархлаажиж улмаар үндэстний оюун санааны сэргэлт ирнэ. Гадаад хэл, дэлхий дахины соёл, технологийн хувьсал, загварын хандлага бол Монгол гэдэг үндэс гүн модны салаа мөчирт дэлгэрэх навчис, нахиа. Монгол гэдэг нэгэн том модны хүн төрөлхтөнд соёолж хавсан гурван сая үндэс нь ард түмэн, бидний соёл.
Жудаг өвлөх хамгийн том сургууль бол түүхээ мэдэх, түүний өв их сангаас ухаан сургамж авч, ирээдүйн алхам бүртээ суралцах. Дараа нь үндэсний эрх ашиг, түүний алтан аргамжийг өөрийн үйл хэргээр хэрхэн тэлэхэд ухаан нэрэх. Бодол богшроож, үг цэвчрээж, алхвал мөртэй, хэлвэл үгтэй байр суурь бүтээх. Улмаар сурах, мэдэх, аливааг олон талаас нь тунгааж үл хувирах, үл сарних оюун мэдлэгт цагаашрах.

Нэг дуулснаа мэдэмхийрч цуурхаас өмнө мянга бодож ганц дуугарвал эрдэм бүтнэ. Зангарга сууна, жудаг тэгширнэ. Хүнийг байгаагаар нь хүлээж авч, аливааг хов, хуудуу хоёроос салгаж, үнэний төлөө үхтэл тууштай зүтгэх нь жудагт нэгний тавьлан.

Монголд цэцэд мэргэд олон байна. Залуу үе гэрэл гэгээтэйгээр торниж байна. Саад бэрхшээл, сэтгэл цуулах мэдээ олон ч түүнийг даван туулах үндэстний итгэл, зориг ирмүүн үнэний хат хэзээд бий. Харин эр тутам жудагтай, эм тутам цадигтай болох учиртай. Сайн хүний туулсан замаас жудагийг сур, сайн номын шарласан хуудсаас жудагийг тунгаа, сайхан ард түмнийхээ түүх соёлоос жудагт суралц. Ирээдүйд худлыг биш, үнэнийг, хуумгайг биш жудагийг бүтээ.

Эд хөрөнгийг нөөшлөж хөлжлөө ч муу нэрт болвоос ардад хорсогдох. Эрдэм номыг мянга үзлээ ч хуваалцаж, хэрэглэхгүй бол заяанд тээртэй. Зэрэг цол, хэргэм гавъяаг хичнээн цогцлоосон ч хэргийг нь хийж түмэнд эс тусалбал нохойд жинс зүүсэн мэт.

Жудагтай хүн хүний ёсыг уламжлан сахидаг. Тийм хүн цаг хугацаанд түргэн элэх хоосон чамирхалд үл автана. Байгаа бүхнээ бусдын төлөө зориулна. Тэр нь эргээд үйлийн эрхээр өөрийг нь тэтгэж байдаг.

Монголын их түүх, өв их шастирыг өөрийн дулимаг бага оролдлогоор танин мэдэхийг хүсэн явахдаа эх хэл, үндэстний цөлх гүн ухаанд бишрэн, түүний цаадах гүн мэдрэмжийг сөөм сөөмөөр ухаарахуйг хичээдэг. Залуу үе, шинэ үе хөгшин хөвөө гэлтгүй удтал мартагдсан монгол ухаанаар энэ цагийн цөвүүнийг таньж, давж гарна. Тэр бол жудаг. Өөрийн биеэс эхлэн хичээж, бусдад үлгэрлэх аваас монгол тутам жавхаатай байх цаг ирнээ.

Тэрс өширхөл, бухим үгнээс илүү том зорилго, бүтээлч хандлага дэлгэрсэн цагт Монгол босно. Бусдын мугуйдад цухалдан тархиа шааж суулгүй, хаа байгаа газраа оролдого хийж, өөрийнхөө чаддаг, мэддэг замд цөхрөлтгүйгээр мэдлэг бүтээх, эрдэм бүтээх, баялаг бүтээхэд шаргуу зүтгэж эх орноо элэг бүтнээр нь авч явах эе эвд суралцагтун. “Надаас үл шалтгаалах хорвоо” гэж, уураг тархи, унаган биеэ оторлож суулгүй Монгол хүн байгаа газар бүрт Монгол нь Монголоо дэмжсэн, урь авчирсан шинэ үеийг жудаг дүүрэн бүтээ. Ганц чамаар дутаж байгаа эв нэгдэл байж мэднэ. Ганц чамаар дутаж байгаа хөгжил дэвшил байж мэднэ. Ганц чамаар дутаж байгаа Монголын маргааш байж мэднэ, дүү минь.
Одоо урам зоригтойгоор босч урдах замаа амжилт болгон бүтээ. Жудагтай бай!

Боржигин Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД 2015.11.23

©duuren.mn

Жудаг

  1. Pingback: 360 frontal

Leave a Reply