Ц.Мөнхтулга: Чадварт нь тааруулаад ажил олгож яагаад болдоггүй юм

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Нэгдсэн Үндэсний Байгууллага 1981 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг анх Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн бол Монгол Улс 2008 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай конвенцид нэгджээ. Энэ үеэс эхлэн жил бүрийн энэ өдрийг угтан тэмдэглэх болсон билээ.

Монгол улс “тахир дутуу иргэд” гэдэг бүдүүлэг нэрнээс салж “хөгжлийн бэрхшээлтэй иргэд” гэж нэрлэх болсон ч энэхүү иргэдэд чухам ямар хүмүүс орж байна вэ?  Тийн нэрлэгдээд байгаа хүмүүсийг нийгэмд хэрхэн хүлээж авдаг вэ? гэдэг асуултуудын хариулт эргэлзээтэй мэт.

Одоогоос 5 жилийн өмнө С.Гүндсамбуу миний бие Цэвэлдоржийн Мөнхтулга гэдэг залуутай цахимаар /феисбүүк/ танилцаж байсан юм. Түүний бичсэн шүлэг, үзэл бодлыг нь байнга уншиж мэдлэгийн цар хүрээ, уншсан судалсан бүхнээр нь бахархдаг байлаа. Одоо ч тийм хэвээр. Уулзаж суух мөч тохиогоогүй ч гэлээ өдгөө анд гэдэг эрхэм алдраар бид бие биенийгээ хүндэтгэнэ. Нөгөө л нэг цахимаар үзэл бодлоо солилцоно, шүлэг яруу найраг, түүх гээд түүнээс асууж, мэдэх зүйл их. Магадгүй та түүний хэн гэдгийг, ямар хүн болохыг Г.Тэгшсүрэнтэй хийсэн жилийн өмнөх дараах ярилцлагыг нь уншаад ойлгох биз ээ.

Ц.Мөнхтулга: Чадварт нь тааруулаад ажил олгож яагаад болдоггүй юм

Манай улсад 1000 төрөлт тутамд 2 хүүхэд тархины саажилт өвчтэй төрдөг гэсэн судалгаа байдаг.Тархины саатай хүүхдийн үг хэл бүдэг бадаг, тулгуур эрхтний хөдөлгөөн муутай ч оюун ухаан нь эрүүл саруул, хэнээс ч илүү хөгжих боломжтой. Үүний тод жишээ болсон Ц.Мөнхтулга гэх залуутай ярилцлаа. Тэр ярихдаа муу ч, үзэл бодлоо бичгээр илэрхийлэх чадвартай яруу найрагч. Түүнтэй онлайнаар ярилцсан юм.

-Эхлээд өөрийгөө танилцуулах нь зөв болов уу?

tulga-Намайг Ц.Мөнхтулга гэдэг. СУИС-ийн харьяа Соёлын сургуулийг Номын санч-мэдээллийн ажилтны мэргэжлээр энэ онд төгссөн. Одоогоор “Монголын тархины сааны холбоо”-д сайн дураараа ажиллаж байна. Өөр илүү зүйл яримааргүй байна.

-Өөрийн чинь бичсэн постуудыг уншихаар хөгжлийн бэрхшээл гэдэг үгэнд их л дургүй хандлага ажиглагддаг. Хөгжлийн бэрхшээл, тархины саа өвчин хоёр ялгаатай ойлголт уу?

-Хөгжлийн бэрхшээл гэдэг ойлголт дотор тархины саа орчихсон байгаа. Гэвч миний хувьд оруулмааргүй санагддаг. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж байх ёсгүй гэж үздэг. Яагаад гэвэл тэд бүгдээрээ л ямар нэг онцлог хэрэгцээтэй хүмүүс. Миний гутлыг танд өмс гээд өгвөл таарахгүй шиг та ч гэсэн онцлог хэрэгцээтэй шүү дээ. Танд гутал өгөхгүй, зарахгүй хөл нүцгэн яв гэвэл та ч бас бэрхшээчихнэ. Таны асуултанд товчхон хариулахад тархины саа өвчин гэж байдаг. Харин хөгжлийн бэрхшээл гэж байдаггүй.

-Таныхаар хөгжлийн бэрхшээлтэй хүн байх ёсгүй юм бол хараагүй, сонсголгүй хүмүүсийг хаана харьяалж ойлговол зөв юм бэ?

-Хэрвээ манай хүн төрөлхтөний оюун санаа нь дорой биш байсан бол тэр хүсээд байгаа налуу зам, дуут гэрлэн дохио, дохионы хэлмэрч бүгдийг л цогцлоочихно. Танд гутал хэрэгтэй шиг тэдэнд туслах хэрэгсэл л хэрэгтэй. Тэднийг нийгмийн нэг анги бүлэг болгон авч үзээд байх хэрэггүй. Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг үүрэггүй байлгаад сургачихаж. Үүрэг хүлээгээгүй хүн ямар ч үнэ цэнэгүй байдаг. Үүрэг хүлээж байгаа нэгэн нь эрхийн төлөө явах юм. Бүгдээрээ л адилхан хүн юм бол нэг бүлэг болгон хувааж, онцлоод байх хэрэг байхгүй шүү дээ

-Улсаас өгч байгаа тусламж хэрэггүй гэж үү? Тэгвэл эдгээр хүмүүс хэний ч тусламжгүйгээр биеэ даагаад амьдрах боломж нь бий юу?

-Энэ хоёр өөр асуудал. Өвчтөн гэж харна, хүн гэж харна. Хэрвээ өвчнийх нь онцлогт тохирсон тусгай хэрэгслийг эмийн жор шиг өгчихдөг бол, тэр зам шат, дэд бүтэц нь хөгжчихвөл хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж байгаад ч хэрэггүй. Оюун санааны л асуудал. Хүнээ зөв оношлоод, зөв хэрэгслийг нь зөв хүнд нь өгөх л том асуудал болчихоод байна.  Одоо бол тэргэнцэр гээд л баахан адилхан юм оруулж ирээд хэрэгтэй гэсэн хүн бүрт тараана. Тэр нь хэрэгтэй гэхээсээ илүү хувь хүний өвчний онцлогт тохироогүйгээс тархины саатай хүн тус тэргэнцэр дээр буруу байрлалаар сууж байх нь элбэг. Хэдэн ч хүн ингэж хохирч байгааг бид мэдэхгүй.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээрээ далимдуулан шуналтаж байна гэж эцэг эхчүүдийг шүүмжилсэн байсан?

-Одоо болъё л доо. Бид хэдий болтол халамжиндаа хаваржиж, өмгөндөө өвөлжиж, зовлондоо зусч, намагтаа намаржих юм бэ. Хөгжлийн бэрхшээлтэй гэсэн ангиллаас чадах нь гарчих л даа. Ядаргаатай юм. Тэр хэдхэн төгрөг, харж үзсэн халамжтай халамжгүй болно шүү дээ. Би лав хөгжлийн бэрхшээлтэй гэсэн бүх зүйлээс татгалзаж байна. Харин би тархины саа өвчинтэй л хүн. Энэ нь зүгээр л зарим зүйлийг чаддаггүй гэсэн үг. Заавал чадах гээд байх алба ч үгүй. Хөгжлийн бэрхшээл гэж байдаггүй юм. Зарим хуулинд хөгжлийн бэрхшээлтэй нөхдийг хоригдол ялтантай нэг ангилалд бичсэн байдагт “Битгий тэнэгт” гэмээр санагддаг.

-Улсаас өгч байгаа халамж хэрэгтэй хүндээ хэрэгтэй шүү дээ?

-Миний үгийг яаж хүлээж авах нь таны дур. Харин үнэлэх үнэлэмжийг бага болгодог ямар ч зүйл дээр хэзээ ч санал нийлэхгүй шүү. Энд юу байна гээч. Ёс суртахуун, эд материал хоёрын зөрчил. Би ч гэсэн даарч, өлсөж үзсэн хүүхэд. Тэглээ гээд манай ээж аав халамж хараад, гараа тосоод яваагүй юм. Өгснийг нь талархан авдаг, буяныг нь хариулах гэж хүртдэг байсан болохоос миний хэлээд байгаа хөгжлийн бэрхшээлтэй гэдэгтээ итгэчихсэн нөхдүүд шиг “өг” гэж нэхдэггүй, “өгөхгүй байна” гэж зарга тавьдаггүй, “өгөх болов уу” гэж горьддоггүй, “өгсөнгүй” гэж барьж идэхээ шахдаггүй юм. Тэрний оронд хүрэх ёстой хүндээ л ахиухан хүрсэн нь дээр.

-“Хөгжлийн бэрхшээлтэй гэдэгтээ итгэчихсэн нөхдүүд” гэж юу гэсэн үг вэ? Энэ чинь хүсэх зүйл биш.

-Яг үнэндээ зарим нь, зөвхөн хөлгүй ч юм уу, нэг гаргүй л хүмүүс байна. Гэтэл миний бүх мөч саажсан, бас хэл яриа бараг байхгүй. Гэвч энэ хөгжлийн бэрхшээл биш. Тэр бэрхшээл чинь оюун санаа, сэтгэлд л бий болдог юм. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй гэдэгтээ итгэчихсэн, дасчихсан, авах ёстой өгөх ёстой гэсэн бодол дасал болчихсон нөхдүүд байгаад байна. Нэг бүлэгт хуваагаад хавтгайруулчихаар хэн сэргэлэн нь л тэр тусгайлан гаргасан хөрөнгөнөөс хүртчих гээд сиймхий хайх юм байна шүү дээ.

-Бас “Өрөвдөн халамжласан дүрээр үнэлэх үнэлэмжийг бага болгож байна” гэж байсан. Чиний үнэлэмжийг жишээ нь хэн, яаж бага болгооод байна вэ?

-Хамгийн энгийн жишээ. Дэлгүүрт ороод юм аваад мөнгөө төлөх хооронд юу болдог гээч. “Ийш зайлуул, мөнгөтэй юм болов уу? Үнэгүй ав, би төлчихье” гэсэн үгс чихэнд сонсогдоно. Өрөвдөж халамжлаад байгаа юм уу, эсвэл доромжлоод байгаа юм уу мэдэхгүй. Манайхан хөдөлмөрийн чадвар алдсныг тогтоогоод тэтгэмж өгдөг. Тэгвэл яагаад хөдөлмөрийн чадварыг нь тогтоогоод ажил олгож болдоггүй юм бэ. Энэ нөгөө  л үнэлэмж байхгүйн маш тод жишээ. Энэ чинь өвчин шүү дээ. “Бид бүгд л адил хүн” гэнэ. Тэгсэн хэрнээ над руу эсвэл хөлгүй хүн рүү хараад “Бид бүгд адилхан” гэх юм. Энэ үгийг хэлж байгаа хүмүүс угаасаа өөр учраас “Бид бүгд адилхан” гэж хэлэх хэрэг гардаг юм уу. Үнэндээ энэ өвчнийг онцлох ямар ч шаардлага байхгүй ш дээ. Үнэхээр л бид бүгд адилхан юм бол.

-Үнэлэмж байхгүй гэхээр үнэндээ хүн биш гэж үзээд байна гэж үү?

-Та цалин авдаг уу? Харин бид халамж авдаг. Ер нь Монгол улсад халамж хүртэгчид хэрэгтэй юу, баялаг бүтээгчид хэрэгтэй юу. Баялаг бүтээгчид хэрэгтэй бол маш том нөөцөө үнэлэхгүй, үгүй хийгээд байнаа л гэсэн үг. Чи хөгжлийн бэрхшээлтэй юу, тархины саа өвчтэй юу гэдгийн аль нэгийг нь өөрийнхөө нэрний өмнө байнга бич гэвэл би сүүлийнхийг нь сонгоно. Тэнэг ч гэсэн үнэн болохоор.

-Мөнхтулга ямар баялгийг бүтээж чадах вэ?

-Танд хариулж буй энэ хариултууд баялаг биш юм уу? Өөр хэн ч танд ингэж хариулахгүй шүү дээ. Цаашлаад номын санчийн мэргэжилтэй ч гудамжинд хог шүүрдээд зогссон ч энэ чинь баялаг.

-Хүн хөдөлмөрлөж л чадвал тэр баялаг гэж үү?

-Тийм. Үгүй бол хэн юу хийх вэ дээ.

-Мэргэжлээрээ ажил хайж үзсэн үү?

-Үзээгүй. Мэргэжлээрээ ажиллах сонирхол буурсан. Энэ мэргэжил миний яруу найргийн чадвартай холбоотой. Уран зохиолыг түлхүү үздэг, соёл талаа барьдаг учраас сонгосон. Номын санчид надаар дутахгүй. Харин миний хэрэг болох орон зай яг одоогоор тархины саажилт л байна.

-Тархины саажилтын эсрэг ажиллана гэж үү?

-Гажигийг засъя гэсэн бодолтойгоор гэртээ байгаа ч юм уу, тусгай сургуульд сурч буй, сураад төгссөн өвсөр үеийнхнийг дараагийн шатанд нь бэлтгэх хувь хүний хөгжлийн сургалтын төсөл бичиж байна. Хөгжлийн бэрхшээл гэх ерөнхий нэрийдэл дор хөдөлгөөний бэрхшээл буюу тулгуур эрхтний бэрхшээл гэх нийтлэг нэршлийн харьяанд тархины саатай иргэдийн онцгой хэрэгцээ, шаардлага хангагдахгүй байна. Мөн зарим чадварын онцлогоос хамаарч эрхээ эдэлж чадахгүй байх нь ажиглагддаг.

-Гажигийг засах боломжтой гэж үү?

-Хөгжлийн бэрхшээлгүй хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй болгоод сургууль завсардсан ч юм уу, тусгай сургуулийн орчинд дассан, удаашруулсан хөтөлбөрөөр явсан тархины саатай өсвөр үеийнхнийг хувь хүний хөгжлийн сургалтад хамруулахаар төлөвлөж байна. Энэ сургалт маш үр дүнтэйг манай холбоо, “Жүр үр” компанитай хамтран хэрэгжүүлсэн “Амжилтын үр” төслөөс харж болно. Тус төсөлд хамрагдсан залуусын 80 орчим хувь нь өнөөдөр их дээд сургуульд элссэн, мэргэжлээ сонгосон, ямар нэг хийх зүйлтэй болсон байна. Тархины саатай хүүхдийн оюун ухаан эрүүл саруул хэнээс ч илүү хөгжих боломжтой. Хөгжүүлж чадвал энгийн хүүхдийн түвшинд хүрэх бүрэн боломжтой байдаг. Хүүхэд бүхэн алхдаг, явдаг, ярьдаг болохгүй ч хүүхэд бүрт өөр өөрийн гэсэн хүсэл, зорилго, онцлог чадвар, авьяас байдаг юм. Нийгмийн сөрөг хандлагад хавчигдаад гэртээ суухаас илүү тэр авьяас чадвараа хөгжүүлэх нь л чухал.

-Хоёулаа нэлээд удаан ярилцлаа. Сүүлийн асуултаа асууя. Удахгүй шинэ жилийн баяр болох гэж байна? Таныг өвлийн өвгөн болоод бэлэг тараадаг гэж сонссон?

-Тийм ээ. Нөгөө л нийгмийн гаж хандлагаар золиослогдсон хөгжлийн бэрхшээлтэй гэж тодорхойлогдоод байгаа зүгээр л тархины саа өвчтэй хүүхдүүд цэцэрлэг, сургууль ч үгүй байна. Тэдэнд бага ч гэсэн баяр баясал бэлэглэмээр санагддаг юм. Энэ жил гэрт нь очихгүй өдөрлөг зохион байгуулна. Ивээн тэтгэгч олно доо. Өнгөрсөн жил хэсэг сайн санаат хүмүүсийн тусламжтайгаар хийсэн. Энэ жил дахин хүсэлт тавьмааргүй байна. Учир нь энэ бас л бид өөрсдийгөө үнэлж байгаа хэрэг юм л даа. Нэг л хүн рүү хандаад байх эвгүй.

Ярилцсанд баярлалаа. Ихийг хийж бүтээх хүсэл зорилгоо битгий алдаарай.

Ярилцсан : Г.Тэгшсүрэн

©duuren.mn

Ц.Мөнхтулга: Чадварт нь тааруулаад ажил олгож яагаад болдоггүй юм

  1. Pingback: human hair weave

Leave a Reply