Өгье хэмээхүл сэтгэлээсээ

Анхны цас ороод хүйтэрч байгаа болохоор тагтаа, болжморт хоол унд хомсдоод хичнээн хэцүү байгаа бол доо? Өгье хэмээх сэтгэл байх бөгөөс өргөл хишиг багаддаггүй тул та тэдний зүг атга будаа цацах бөгөөс хахир өвлийг эсэн мэнд даван туулахад том тус дэм болж мэдэх юм шүү. Тавагны ёроолд үлдсэн хатсан талхны үртэс ч гэсэн тэдний хувьд тансаг хоол санагддаг байж таарна.

Гадуур хоол шиншлээд гүйж байгаа нохдод бас л амаргүй байгаа. Тэр дундаа хөхөө өвлийн хүйтэнд хэдэн муу гөлгөө энгэртээ бөөцийлөн хэвтэх жингэр нохойн хувьд өлсөхийн зовлон, хоол олдохгүйн зовлон хичнээн илүү хүнд тусдаг бол гэдгийг ч бодож үзэхэд гэмгүй. Угтаа бол айл болгонд тэдэнд илүүчлэх өвдөл цөвдөл хаа мундах билээ?

Айл болгон арилгасан ногооныхоо хальсыг хурааж байгаад хотын ойролцоох мал ахуйтай айлын үхэр малд өгчихөд овоо хөөрхөн өл дарчихна даа.

Өгье хэмээх сэтгэлийн цаана асрал энэрлийн үр соёолон дэлгэрч байдаг нь эргээд өглөг өгч байгаа хүндээ маш тустай үйл болой.

Хэрвээ таны гарт ганц ширхэг будаа байхгүй ч гэсэн аливаа амьтны хажуу дэргэдүүр өнгөрөхдөө “Радна Шихи Бурхан” хэмээн их алдрыг сонсогдохоор чанга хэлчих юм бол түүнийг сонссон амьтан үхэл егүүдэхүйн цагт 33 тэнгэрийн оронд гарцаагүй төрөх нигууртай байдаг тухай “Тарва Чэнбо” судар дээр Бурхан багш айлдан номлосон нь буй.

Бидний амьдран буй гараг дэлхий элдэв янзын зовлонгоор дүүрэн байдаг боловч үйлдсэн өчүүхэн буян ч цаглашгүй ихээр арвижин дэлгэрэх боломжтой байдаг ажээ. “Огторгуй даяарыг нийтэд гүйлгэж үзэхэд хамгийн сайхан амирлангуй орон нь Энсүбийн ертөнц хэмээн тооцогддог ажгуу. Тэнд үйл хөдлөл болгон буяны зам мөрд урваж байдаг нүгэл хилэнцийн нэр ч сонсогдохгүй сайхан газар орон атал Энсүбийн ертөнцийн хүмүүс боломж олдохул ганц өдөр ч атугай Замбуутивд төрөл авч нэг өдрийн буян үйлдэх юмсан.” хэмээн залбирч байдаг тухай мөн л дээр нэр нь дурьдагдсан. “Ихэд гэтэлгэгч Тарва Чэнбо” сударт өгүүлсэн байдгийг санаж явахад илүүдэх юу байх вэ?

 


101Өөртөө ашиггүй хэдий ч үнэний төлөө дуугарч байгтун! 

Уужим цараатай харж, өргөн хүрээтэй уншиж, илүү дээд өндөрлөгөөс гүн гүнзгий сэтгэцгээе.

Д.Болдбаатар

Өгье хэмээхүл сэтгэлээсээ

  1. Pingback: 360 frontal

Leave a Reply