Улаанбаатарын гурван хангамж

Сайн байна уу 11-р сар аа. Ямартай ч өвөл боллоо. Утаа гуай уригдаад иржээ. Оддыг ширтэх эрх чөлөөг минь нэгэн улирал хязгаарлах танийг таатай биш ч гэлээ үүрдийн дагуул түгжрэлтэйгээ, биед орших уушгитайгаа хүлээн авахаас даа.

Замын түгжрэл, өвлийн утаа, урин улиралд цэвэрлэх байгууламжийн үнэр гээд Улаанбаатарт аль алиндаа зайгаа тавьж өгдөггүй гурван зүйл байна. Улирлын чанартай Улаанбаатарыг эзэгнэнхэн оршин тогтноод ч байх шиг. Байсаар ч ирсэн, байж байхаар шийдчихсэн энэ гурвыг яая даа. “Зан сайтай айлд хүн болгон цуглана, замаг сайтай нууранд шувууд болгон цуглана” гэдэг шиг Улаанбаатар гэдэг том айлын сая гаруй хүнийг гуравхан зүйл л салшгүй сайн хангаж чадаж байна. Хүн болгонд хүрч үйлчилж байна. Ийм хангамж энэ яваа насандаа үзсэнгүй. Магадгүй Араб гэх мэт улсад бол ийм сайн хүн бүртээ хүрэлцдэг хангамж байдаг л байх.

Хааяа домгийн сэтгэхүйн дунд амьдраад ч байх шиг санагдах. Дасал болсон та гурваас салчихвал амьдрах тэмцэлгүй болохоороо  үхчихдэг загас шиг болчих юм болов уу? Аль эсвэл санаж бэтгэрээд, сэтгэл тогтворгүйтээд сэлүүхэн зам дээр мөргөлдөж, сэнгэнэсэн агаарт дасахгүй уушгаар хатгаад байж ч мэдэх гэмтэй юм болов уу? Гэхдээ л та муу гурав илүүдээд байгаа шүү. Би ч энэ гурваас хувь хүртэгч олон жилийн хамсаатан, бас энэ гурвыг бүтээгчийн нэг болохоор л худлын үнэн оршоод байна уу, салах ёс хийж чадахгүй төр байна уу гэдгийг бүү мэд.  Иймийн учир хэдэн зүйлийг эв дүйгүй ч гэсэн өчье!

Нийслэл хотоо анх ингэж өргөжин тэлнэ гэж санаагүй өвгөдийн нүүдэлчин сэтгэлгээнд буруу өгөөд хэрэггүй биз. Засгийн эрх солигдсоор, хийж бүтээх амлалт өгч хийсэн зүйлс нь хөрөнгө завших арга заль болсоор байгаа, аль эсвэл хийж бүтээгээд байхад дийлэгдэхээ байсан нь энэ гурав. Утаанаасаа салах гэж түлш, зуухаа сольж, утааг хэмжих багаж хүртэл авч /утаа хэмжээд алга болно ч гэж юу байх вэ дээ/, утаагаа дийлэхээ байхаараа хорт утааны баг өмсгөж, маск зүүлгэж, өмхий үнэрнээс салах гэж урсгал жижиг засварууд, жижиг нэмэлт цэвэрлэх байгууламжууд бариад бас дийлэхээ байгаад “өмхий үнэр хорт хавдраас сэргийлдэг” гэсэн мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр бодлогын чанартай цацаж, итгэх нэг нь итгэж, үхэр монголоо хүлээн зөвшөөрөөд ч амжсан. Мөн дөрвөн зүг найман зовхист машин болгоноос зам ашигласны төлбөр авдаг постуудтай, өдөр болгон урссаар байдаг мянгатын татвартай хэрнээ л эвдрэлтэй, нарийхан, ачааллаа дийлэхээ байсан замуудтай дөрвөн уулын дунд дөжирч байна даа. Дөжрөх ч гэж сайн хангуулж байна. Хангамж авсаныхаа шанд эрүүл ураг харахаа байсан эмгэнэлтэй төлөөс, энд тэнд савчсан зүрхтэй, уушиг тархиндаа хордлоготой сая гаруй иргэд л үлдэж байна.

Дасан зохицох чадамж өндөртэй, дархлаа сайтай ард түмэн тулдаа л оршин тогтноод, шавж ирээд байх шиг байгаа юм. Гэхдээ байгалийн хувьсалд зарим төрөл зүйл нэмэгдэж, зарим нь устдагийн учир буй ч Монголд хромосомын дутагдалтай эрх мэдэлтнүүд оршоод байгаад л энэ гурвын дархлаа сэргээд байх шиг. Дэлхийн олон улсад аль хэдийн шийдэгдсэн эдгээр суурин газрын асуудлуудтай хөтлөлцөөд алхаж яваа ирээдүй бидний өмнө амьдраад байна уу, өнгөрсөнд амьдраад байна уу? Бүрхэг харагдах ирээдүйн залуусын тархиных нь бодолд, хийж бүтээхийн хүсэлд нь л үүл битгий бүрхээсэй билээ.

Ард нь малаа маллана, ардаа төр нь маллана. Малгүй нь Улаанбаатартаа мад тавиулаад ингээд л байж байх хувь заяаг  шалгарал гэж хүлээж авах уу, шийтгэл гэж хохирсоор байх уу? Шинэчлэх цаг нь болсон гэж харахгүй байна уу? Дөжрөөд, дасаад ярихаа байчих гээд байхаар нь ахиад сануулчихлаа.

Улаанбаатарын том гурван асуудал мөрөөдөл хэмээх сэтгэлийн орон зайнд л сайхнаар дүүрэн явах ёсгүй. Эрүүл орчинд амьдрах эрхээ эдлээд, түгжрэлгүй замаар зүрхээ дэлсээчихгүйхэн ажилаа амжуулаад явбал хотын оршин суугчдад юутай таатай. Магадгүй 10 жил урт наслах байх. Их хотынхон урт наслаад байхаар хүн ам нь дөрвөн уулнаас хальчих юм болов уу? Хөгжил дэвшил сайтай, хүн ам нь олон байвал нэг аймгийн нутгийг хот болгосон ч яадаг юм уужуу нутагтай Монголд.

Ай хангамжнаасаа салж хайрлуулцгаах юмсан даа Улаанбаатарынхан минь!

С.Гүндсамбуу 2016.11.05

©duuren.mn

Улаанбаатарын гурван хангамж

  1. Pingback: human hair weave

Leave a Reply