Ам, амны хөндийн өвчнийг анагаах арга домын засал

Ам, амны хөндийн өвчнийг анагаах арга домын уламжлалт заслуудаас та бүхэнд хүргэж байна.

  • Амнаас эвгүй үнэр гарахыг цагаан сүгмэл хүлхэж арилгана. Мөн ам өмхийрөхөд үсний сэвийн талхалсан үнсийг буцалсан хүйтэн усаар ууж арилгадаг байна.

  • Ам хэлний яр шарханд сайн архинд хонлин дэвтээж уухад тустай.

  • Хэл амандаа багтамгүй хавдахад хач гүргүмийн нунтгийг давстай хольж түрхэхэд эдгэрдэг байна.

  • Хэлгийрээд үг хэлж чадахгүй болсон хүнд муурын хэлний үзүүр хэсгийг сүүдэр газар хатааж, нарийн талхлаад нэг цэн хэртэй нунтагт заарь өчүүхэн тавьж буцалсан усаар уулгахад үг хэлж чаддаг болно.

  • Үг сайн хэлж чадахгүй ээрч гацахад 7 ширхэг жижиг бөөрөнхий чулуу аманд нь үмхүүлээд урсгал усны захад суулгаж юм хэлүүлж засдаг домтой.

  • Хоолой хавдаж, бачим болсонд тогооны хүйсний хөөг усаар даруулж хоолойгоо зайлж уух буюу мөн хөөг давстай талхалж гаднаас нь шавж түрхэхэд тус болно.

  • Хоолой улайж өвдөх, идээлэх зэрэгт наран цэцгийн тос хоолны халбагаар нэгийг үмхэж хэлээрээ тагнайгаа таших маягаар өвчний хорыг тосонд шингээн сорж 15-20 минут амандаа хүлхсэн тосыг газарт булах буюу муу усны нүх, хоолойнд хаях хэрэгтэй. Учир нь тэр тостой хөөс нь өвчний нян хортой учир бусдад халддаг байна.

  • Хоолой хагарахад бугын эврийн үзүүр буцалгаж шөлийг нь уух, эсвэл тэнгэр өөд харж шүлсээ хэдэнтээ залгихад тус болно. Мөн нитгэрч цус шүүрэхэд шар тос хайлж зайлахад эрх биш нэмэр болно.

  • Уруул хагарахад толгойныхоо оройн үсний эргүүлэг дээр эрхий дарам газарт шар тос түрхвээс зүгээр болно.

  • Бас уруул хомхой долооход эвэр буюу модон иштэй хутганы ишийг галд сайн халаагаад хэдэнтээ жигнэх, бас мөнгө халааж төөнөхөд эдгэрнэ.

  • Хүүхдийн шүдийг бэхжүүлэхийн тулд ааруул, ээзгий зэрэг хатаасан цагаан идээ зажилж, химлүүлэх маш тустай.

  • Насан турш шүдний өвчингүй сайхан шүдтэй явья гэвэл өглөө бүр хөх давсны уусмалаар шүдээ зайлж, хоол идсэний дараа тогтмол угааж цэвэрлэж байх хэрэгтэй.

  • Шүдний уг сулрахад туулайн цөс түрхэх тустай. Мөн бие засах бүрийдээ шүдээ тэгш чанга зууж байвал шүд сулрахаас сэргийлж чадна.

  • Шүд өвдөхөд туулайн халуун цус түрхвэл эдгэрч бэхжинэ. Мөн алаг морины хөлийн шивэр шатааж утахад шүдний өвчин бүхэнд тустай гэдэг.

  • Шүдний өвчинд бургас модны мөөгөнцөрийг усанд зөөлөн буцалгаад хөргөж зайлах сайн. Бас цахилдагны үндэс буцалгаж хандаар нь зайлах тустай.

  • Шүд хорхойтоход бугын өөхийг өөхөн цагаан чулуутай хольж битүү шатааж нунтаглаад түрхэх, бас хонины халуун сүү уух зэрэгт намддаг байна.

  • Мөн элдэв шалтгаанаар шүд өвдөхөд өвдсөн талынхаа хөлний нарийн шилбэний судсыг зөөлөн төөнөх, бас шүд өвдсөн талынхаа гарын эрхий хурууны арын хонхорт сармис няцалж дарж боох аргууд бий.

  • Шүдний ям, хорхойд хүүрнэгийн сүүлний үзүүрийг шатааж утах эсвэл тогосын өдний нүдийг шатааж өвдсөн талынхаа хамрын нүхийг шархиртал утвал тустай.

©duuren.mn

3 “Ам, амны хөндийн өвчнийг анагаах арга домын засал

  1. Pingback: GVK Biosciences

  2. Pingback: DMPK Studies

  3. Pingback: car crash tv

Leave a Reply