Урсгал ус ба тэмцэл

 

Урсгал ус тунгалаг байдаг. Бас эрүүл байж чаддаг. Тогтонги болоод ирэхээрээ замагтаж эхэлнэ. Хөдөлгөөн бүхэн ямагт дэвшил, эрүүл хандлага авчирдаг. Хөдөлгөөн байгаа газар тэмцэл өрнөдөг. Хүний нийгэм бол тэр чигээрээ хөдөлгөөний орчил зүй юм. Нийгэм шинэчлэгдэж, хувьсан өөрчлөгдөхийн хэрээр түүнийг зохицуулах шинэ дэг журам, шударга ёсны хэмжүүрүүд нарийсдаг.

Монгол бол нүүдэлчин соёлын өлгий. Хурдыг эзэмшиж дэлхийн гүрэн төвхнүүлсэн үндэстэн. Монгол хүн аливаад дасан зохицомтгой, дээр нь уйдамхай. Бидний түүх туйлбартай, нэгдмэл цагтаа өндийн босч, туялзуур хуваагдмал үедээ бутарч байсан.

Шинэ зууны Монгол! Энэ бол чөлөөт нийгмийн үзэл санааг тээгч бие хүмүүсийн нийгэмд дасан зохицох гэсэн нүүдэлчийн эрмэлзэл буцалсан үе, бас сорилт. Монгол хүний, бас манай улсын, энэ нийгмийн маань хамгийн чухаг үнэт зүйл юу юм бэ?

Юу юунаас чухал нь бидний үндэстний эрх ашиг, нэгдмэл байдал. Хоёр том хөрш, хурдтай хувьсан өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл, эдийн засгийн либералчлал, сэтгэлгээний задгайрлын шуурганд “БИД өөрсдөө хэн байх вэ?” гэдэг асуулт амин чухал.

Бидний хэн байж ирсэн, хэн байхыг хүсэж байгаа бас хэн байж байгаа царай маань бидний нийтлэг үнэт зүйлийг тодорхойлно. Монголд асуудлууд бий. Гэхдээ ихэнх нь шийдэж болох асуудлууд. Хуулийн засаглал, хөрөнгө оруулалт ярихаас давын өмнө бид сэтгэлгээний өөрчлөлт хийх цаг болсон. Монгол хүн монголоо хүндэлдэг, элгэмсүү, бие биеэ дэмждэг үзэл санаа ус агаар мэт үнэ цэнэ юм.

Биднийг хуваадаг олон нэгжээс салах цаг болсон! Намаар, аймаг сумаар, хэт явцуу ашиг сонирхлын бүлгүүдээр бид өөрсдийгөө нэг л мэдэхэд хэт хатингар болгожээ. Хөдөлгөөн! Бидэнд хөдөлгөөн, шинэ манлайлал, асуудлыг үндэс язгуураар нь шийдэх чадвартай алсын хараатай манлайлал үгүйлэгдэж байна.

Монгол хүний үнэт зүйл аливаа намын эрх ашгаас дээгүүр байж,
Монгол хүний нэр төр эх орондоо эзний ёсоор үнэлэгдэж,
Монгол хүний бүтээмж, хүсэл тэмүүлэл, хөдөлмөр зүтгэл хүн ёсоор хэмжигдэх ёстой.

Би Монголын үнэт зүйлийн төлөө, Монгол хүний бүгдийнх нь тавилан нэг мөрөөдлийн төлөө хүн бүрийг хамтдаа алхаасай гэж боддог. Хэт гэнэн, эсвэл дэндүү романтик сонсогдож болох энэ итгэл үнэмшлийнхээ төлөө чадах бүхнээ зориулна. Үүний төлөө хамтарч, хоршиж, нэгдэж чадна. Үүний эсрэг сөрөг мууг шүүмжилж, тэмцэж чадна. Энэ бол миний итгэл үнэмшил. Урсгал ус урсаж байхдаа тунгалаг байдаг. Цаг нь болоход бид өөрсдөө ч урсах ёстой. Түүнээс өмнө одоогийн тогтонги ялзмагийг зад түрэн урсмаар байна.

Сүхбаатарын Эрдэнэболд

Leave a Reply