Аман зохиол, домогт гардаг зарим үгсийн тайлбар

Ажрай – Газар дэлхийг өөр ертөнцтэй холбож өгдөг зууч

Айсахьайсхи эм (домогт гардаг эм хүний дүрстэй, сайн муу ямар ч үйлийг санааны зоргоор хийж, сүйтгэж чадна гэж өгүүлдэг нэгэн зүйл шидтэн)

Албин – Үлгэр домогт гардаг нэгэн зүйл ад чөтгөр:

  • албины гал(чийгтэй дор газар шөнө үзэгдэх хөхөвтөр гал, амьд бодис ялзрахад үүсэж ноцсон хийн гэрэл),

  • ад албин – (элдэв муу зүйл, хий юм),

  • албин савдаг – (лус савдаг) – “Айлын хүүхэд нураана гэж албин савдгаар тойруулсан адуу мал шөргөөнө гэж араатан чоноор мануулсан юм.” Монгол ардын баатарлаг тууль.,

  • албин тийрэн – (үлгэр домогт гардаг, муу муухайг төлөөлдөг амьтад) -“Аль газрын албин тийрэн ороод ирэв.” Монгол ардын баатарлаг тууль.,

  • албин хүлчин – (элдэв муу зүйл) – Чөтгөр шумна, албин хүлчний хараал зүхэл болов. В.Инжаннаши. Хөх судар.,

  • албин чөтгөр – (ад чөтгөр) – “Амтыг хэлэлцвээс албин чөтгөрийн амьсгал лугаа адил пагшим өмхий.” В.Инжаннаши. Хөх судар.,

  • албин шулам – (ад шулам) – “Албин шулмын санаатай, атаа хорын сэтгэлтэй гэнэ.” Ц.Дамдинсүрэн. Түүвэр зохиол.

Анабаданабад далай (Сүмбэр уулыг тойрсон долоон далайн нэр; нарны туяанд бүлээсдэггүй далай) “-Элдэв эрдэнэсээр цогцолсон Сүмбэр уул минь, энд тэндээс олон мөрөн цугласан Анабад далай минь.” Лувсанданзан. Алтан товч.

Анарваан – Гоо үзэсгэлэнг соёрхон тэтгэгч монгол домгийн тэнгэр.

Ангад – Ертөнцийг бүтээх үед туурвигч баатрын дүрээр их далайн ёроолоос атга шороо зууж олж ирсэн шумбагч шувуу.

Балий – Гурван ертөнцийг эзэлсэн мангасын хаан.

Витар – Ороолон; Энэтхэг, Төвөдийн домогт гардгаар үхсэн хүний бие, булш модонд орогнодог хортон сүнс.

Гурванц – Гурван хөлтэй, үхэртэй төсөө бүхий амьтан.

Магуус – Ардын аман зохиолд гардаг ид шидтэй эмгэн.

Ховдос – Хүн шиг толгойтой, хонь шиг биетэй, сугандаа нүдтэй үлгэр, домгийн нэгэн зүйл амьтан.

Ходолхой – Гахайтай төстэй домгийн амьтан, хошилхой.

Хуйхай – Үлгэр домогт гардаг, толгой нь шар, сүүл нь цагаан, гахай шиг биетэй амьтан.

Хурмаст – Гучин гурван тэнгэр нэрийн эрхэм нэгэн тэнгэрийн нэр:

  • хурмаст тэнгэр (гучин гурван тэнгэрийн эзэн тэнгэр) – “Хурмаст тэнгэрийн тэртээ хаяанд хуйлрах, хурын бараан үүлийг ташуураар заав.” Л.Түдэв. Нүүдэл.,

  • хан хурмаст (эзэн тэнгэр) – “Хан хурмаст тэнгэр, хамаг хорвоогийн амьтанд хишиг буянаа хайрлав.” Б.Бааст. Алтайн цэцэг.,

  • хурмастын үүл (тэнгэрийн үүл) – “Хүчит салхи боловч наадан саатаад, хурмастын үүлс, хур бороо хурган хурган хоргодогч энэ үзэсгэлэнт уулс, хадан цохионоос хиртхийн цочлоо гэж үү?” Л.Дашням. Бурхантын цэцэг.,

  • хурмастын хишиг (тэнгэр эзний хишиг)– “Хурмастын хишиг хурын усаар, хорвоо дэлхий нүүрээ угаажээ.” Д.Шагдарсүрэн. Хүлгийн үүрсэх дуун.

Чихрэлт – Үлгэр домогт гардаг цөлбөх дээрэмдэх амьтан.

Юрди – Дундад зүгийн гарди.

Ягчис – Асури мэт нэгэн төрөлтөн: ягчис мангас (Асури мэт нэгэн төрөлтөн болон үлгэр домогт гардаг хүн дүрст санаа муут махчин амьтан) – “Хурц илд үүнийг ягчис мангасын цусанд ханган хатаасан байлаа.” Б.Ринчен. Монгол бичгийн хэлний зүйн удиртгал.

 

©duuren.mn

Leave a Reply