Сурсан эрдмийн хүрсэн түвшин

Дээр үед нэг залуу эр дияаны сүмд шавилахаар ирсэн гэнэ. Хамба лам нь түүнийг хүлээн аваад тус сүмийн тавин хэдэн лам хуврагтай танилцчихаад ир. Тэгсний дараа өөрийн гүн нарийн увдис авшгийг хүртээсүгэй хэмээгээд явуулжээ. Залуу эр ч дээдийн эрдмийн шимийг хүртэхийн түүс болоод тэр өдөртөө багтаан тавин хэдэн ламтай уулзаж танилцаад тэр тухайгаа хамба ламдаа айлтгаж гэнэ шүү. Хамба нь түүний айлдахыг сонсож гүйцээд «Чи нэг чухал хүнтэй танилцахаа мартчихсан байна. Түүнийг олж уулз.» гээд гаргажээ. Залуу эр бусад лам нараас өөрийнх нь уулзаагүй хүн хэн болохыг асууж сураглатал «Чи өөрөө хайж ол!» гээд явуулаад байх юм гэнэ. Тэгээд үдээс хойш нар хүүшлэхийн алдад тэр хүнээ олсонгүй. Ам нь асар их цангаад худгаас ус уухаар тонгойхдоо мөнөөх хүнийг олжээ. Хэн болохыг та бүхэн гадарлаж байна уу? Тийм ээ. Өөрийгөө олсон хэрэг байж шүү дээ. Гэтлэл, гэгээрлийн зам мөрөөр орохуйн үүд нь өөрийгөө олохуйд байдаг гүн нарийн ёсонг хамба нь уран аргаар түүнд таниулсан нь тэр ажгуу.

Өөр нэгэн залуу эр нэг сайн ламд шавь оржээ. Тэр багш нь түүнд хоёр болзол тавьж л дээ. Нэгдүгээрт: Таван жилийн турш шавилан суух хугацаанд өөрөөс нь илүү ямар ч сайн багшид шавь орж болохгүй. Хоёрдугаарт: Өөрийнх нь заасан нэг л номоос өөр ямар ч ном судрыг уншихгүй шүү гэхэд нөгөө залуу ч сайн шавь байсан тул дуртайяа зөвшөөрчээ. Тэгээд таван жилийн дараа нөгөө сайн багш чинь шавийгаа эрдэм төгсөөд явахын цагт «За чи одоо дуртай номоо унш. Дуртай багшдаа шавь орж болно.» гэсэн гэдэг.
Амьдрал дээр ч гэсэн түүнтэй төсөө бүхий нэг жишээ байдаг нь наяад оны дундуур японы тэргүүн баян байсан нэг хүний эцэг өөд болохдоо: “Чи миний өв хөрөнгийг залгамжлан үлдлээ. Түүнийг арван жилийн хугацаанд өөр бусад бизнес рүү битгий оруулаарай. Тэр хугацаанд ямар ч ашигтай сайхан бизнес харагдлаа гэсэн тэвчээд л байгаарай. Харин арван жил өнгөрсний хойно бол дуртай бизнесээ хийгээрэй.” гэж захиад өөд болжээ. Тэр хүү нь ч дуулгавартай сайн залуу байсан тул эцгийн гэрээслэлийн дагуу арван жил тэвчээртэй хүлээгээд түүнээс хойш хэдхэн жил хөдлөөд л японы бизнесийн ертөнцөд цахиур хагалсан гэдэг юм. Та бүхэн дээрхи хоёр жишээний амжилтанд хүрсэн нууцыг ойлгож байна уу? Сэтгэлийн хүчийг л хураачихсан хэрэг байна шүү дээ. Нэг л дээдийн номыг уншаад ойлгох бөгөөс бусад ямар ч ойлгохуйяа бэрх дээдийн номын утгыг ухдаг болно хэмээдэг нь энэ бөлгөө. Бас «Газрын зүрхэн Бодисатвагийн судрыг» уншсаны тус эрдмээр дээдийн номыг ухаж ойлгох оюуны сүв нээгдэнэ хэмээсэн байдгийг энэ өдөр онцлосу!
Би шавь нартаа дияаны домгуудыг нэлээд ярьж өгдөг. Тэд нар маань ч яриулах их дуртай болохоор өөр нэгэн домгийг хүүрнэсү! Нэг лам тэдний нутагт залран ирсэн дээдийн багш лугаа учран золгож шавь орохоор очиж л дээ. Нөгөө гэгээрлийг олсон дээдийн багш нь түүнээс урьд нь ямар арга номд суралцаж байсан тухай асуужээ. Нутгийн лам их л даруу нэгэн болох гээд «Би ч яахав дээ. Юу шалихав. Чухаг дээд гуравт аврал одуулах зэрэг бага сага арга номыг мэдэх төдийхөн.» хэмээн хариулсан аж. Гэтэл мөнөөх дээдийн багш «Би чухаг дээд гуравт аврал одуулахаас илүү дээд арга ном гэж юу байдгийг мэдэхгүй болохоор танд юугаа заах вэ? Та буц даа !» гэсэн гэдэг. Суралцагч хүмүүний оюуны үндэс хийгээд хурдан удаанд л ялгал байхаас бус арга номонд дээр дорын ялгаа байхгүй гэдэг гүн нарийн ёсонг тэр дээдийн багш түүнд ухааруулсан хэрэг. Энэ утгаар авч яривал үйлийн үр, таван сахил, арван цагаан буян, найман зөв зам мөр, зургаан барамид гээд бүгд л та бүхний өмнө бэлээхэн байж байгаа дээдийн арга ном байх нь ээ. Гол нь түүнийг сүслэн дээдлэж, утга чанарыг нь ухан ойлгоод, тэдгээр арга ном нугуудыг зам мөрөө болгосны эцэст үр шимийг нь амсах л хамгаас чухал.
Тийн шамдагч хүмүүн омогт сэтгэлийг хэрхин дарж чадсан нь сурсан эрдмийн хүрсэн түвшинг илтгэх чухал хэмжүүр байдаг тухай нэг домгоор энэхүү бичлэгээ өндөрлөсү.
Хоёр сайн найз хорин жилийн өмнө эрдэм номд суралцахаар нэгэн том мөрний хөвөөнөө салцгаажээ. Тэр хоёр сайн багшийн эрэлд хоёр өөр тийшээ зүглэсэн гэдэг. Тэгээд төөрөг тавилангийн эрхээр хорин жилийн дараа анх зам мөр салсан тэр л газраа уулзацгаасан байна.
Нэг найз нь завьтай усчинд хоёр зоос төлөөд тайвуухан мөрнийг гэтлэж гарав. Харин нөгөө найз нь зэвсгийн эрдмийн кинонд олонтоо гардаг шиг өргөн мөрний мандал дээгүүр хуурай газар явж байгаа мэт шал пал хийтэл живэлгүй гүйсээр удаж төдөлгүй нөгөө эрэгт гарчихаад анд нөхрөө хүлээж зогссон аж. Тэгээд найз нь завиар мөрнийг гэтлэн хүрч ирэхийг угтан тосоод «Чи хорин жилийн хугацаанд иймхэн зүйлийг сурч чадсангүй юу?» хэмээн тавласан өнгөөр асуужээ. Гэтэл түүний хариуд нөгөө найз нь төв амгалан царайгаа хувилгасангүй «Чи хорин жилийн хугацаанд арай хоёрхон зоосны эрдэм сурсан хэрэг биш биз дээ?» гэж асуусан гэдэг.


101Өөртөө ашиггүй хэдий ч үнэний төлөө дуугарч байгтун! 

Уужим цараатай харж, өргөн хүрээтэй уншиж, илүү дээд өндөрлөгөөс гүн гүнзгий сэтгэцгээе.

Д.Болдбаатар

Leave a Reply