Бидэнд холимог хэл хэрэггүй

Гадаад нэр томьёо хэрээс хэтрээд байна уу? орчуулах Монгол үг дутчихаад мэдэхгүй үгс олшроод байна уу?

Б.Ринчен гуай Монгол хэлэнд наад зах нь нэг сая гаруй үг бардам бий гэж бичсэн байдаг.

Сүүлийн үед цахим мэдээ мэдээллээр гэлтгүй телевизээр ч тэр, хүмүүс хоорондоо ярихдаа ч тэр замбараагаа алдсан гадаад нэр томьёо их хэрэглэдэг болжээ.

Хөгжил дэвшилийн хэрээр хэрэглэгддэггүй байсан гадаад үгс Монгол хэлнээ шууд орчуулгагүй түрэмгий орж ирэх болсон байна. Энэ нь эх хэлээ хамгаалах эрдэмтэн мэргэд ховордсон, аль эсвэл Монгол хэлэндээ гүйцэд боловсроогүй харь хэл сурчихсан залуу үеийн хэлний дархлаагүйн шинж байж болох юм.

Ипотекийн зээлийн байртай, лизингтэй машинтай, бест селлэр уншдаг номтой, хааяа салхинд гарахдаа хайкинг хийдэг, виртуал аялал хийдэг, брендийн хувцас өмсөж, инноваци гэж залуус нь ярьдаг, орк хүмүүс гэж бас нэг төрөл хүмүүсийг бий болгочихсон айдаа мөн ч их холимог солимог яриа их байна даа. Өдөр тутам л нэмэгдээд байгаа гадаад нэр томъёонуудыг араас нь хөөж ойлгож дийлэхээ болих нь. Заримыг нь өөрсдөө утгыг нь мэдэхгүй мөртлөө л яриад тренд үг гэж бусдад гайхуулаад ч байх шиг санагдах юм.

Нэгэн арга хэмжээн дээр Т.Галсан гуай микрофон гэдгийг “дуу цацруулагч” гэж хэлж байсан юм. Энэ мэт хэрэглээд сурсан ч гэсэн орчуулаад эх хэлнээ буулгаж хэрэглээд заншвал зүгээрсэн. Эх хэлнээ буухгүй зарим үгсээр үгсийн сан баяжиж болох ч орчуулж болохуйц үгсээ орчуулаад хэрэглэж яагаад болохгүй гэж. Нэг л их мэддэг хүн болж хоёр гурван хэл зуурч ярьж байхаар Монгол хэлээрээ ойлгомжтой, цэвэр яриад сурцгаалдаа. Орчуулахаар олон үг хэрэглэгдээд сая гаруй үгээ гамнаад байна уу? Ломбард – гэсэн ганц үг “Барьцаалан зээлдүүлэх газар” гээд гурван үгээр орчуулагдаж байгаа шиг.

Төр нь ипотек ярьна – Ард иргэд нь бүрэн ойлгохгүй

Залуус нь инноваци ярьна – бас л дийлэнх нь ойлгохгүй

Ажаад байхад дээр дооргүй нийгмийг хамарсан харь үг хэрэглээд сурчихаж. Сурсан юмыг нэгэн насандаа мартагнаж, дарах хэцүү, тийм гээд дараа үедээ эх хэлээ харь үгсээр баяжуулан өвлүүлвээс Монгол хэл хором, хоромд үг, үгээрээ устсаар үгүйрэх цаг ирэхвий.

Нутгийн аялга, нутаг нутгийн хэллэгээ шоолох атлаа оронцог сурсан гадаад хэлээ л шүтээд байх шиг.

Шинжааны Монгол нэгэн эмэгтэй Монголд ирээд аялаж явахад нь хэсэг ярилцсан юм. “Энэ насны хүсэл Монголд ирэх минь биеллээ. Бүгд Монголоороо яриад ямар сайхан юм бэ. Манай нутагт хүүхдүүдийг маань Монголоор ярихыг бодлогоор хориглодог. Нууцаар гэртээ л хүүхдүүддээ Монгол хэл зааж өгдөг” гээд ярьж байсан нь өрөвдөх сэтгэл, харамсах сэтгэл хоёрыг минь нэгэн зэрэг нээчих шиг болж билээ. Монгол цус, хэл хоёр тэнд оршивч цус нь эрлийзжээд, хэл нь хязгаарлагдаад ирэхээр уусах, мөхөх хоёрын зэрэгцэл л болж байгаа юм. Хүсэхэд хясаж байгаа Шинжааны Монголчууд байхад, Монголдоо амьдарч байгаа нь Монгол хэлээ эвдээд байхаар үндэстэн оршин тогтнох хэр их хугацаа үлдээ вэ?

Улсынх нь албан ёсны хэл болсон хятад, орос хэлний хүчтэй хүрээлэлд байгаа буриад, халимаг, өвөрмонголчууд маань эх хэлнийх нь хэрэглээний хүрээ аажим аажмаар аяндаа багасаж, мөн нөгөө талаар үгсийн сангийн бүрэлдэхүүн ихээхэн эрлийзжиж уугуул монгол хэлнийхээ чанарыг алдан олон зуун жил харь хэлний хүрээлэлд байж салангид монгол хэл болсон могол, монгор, дунсян, баоань хэлтний хувь заяа руу аажимдаа дөтөлсөөр байна.

Даяаршилд дарлуулсан Монгол хэл минь. Таниар түүхээ бичиж үлдээх хэдэн жил бидэнд үлдсэн бэ?

Хэл сурч хөлөө гадаадад алхуулах залуусыг хорьсонгүй, сүржин яригдах, орчуулгагүй хэрэглэгдэх харь үгсийн талаар эсрэг болоод эерэг саналаа хэдхэн харь үгс дээр жишээлэн илэрхийллээ. Даяаршилд автаад эх хэлээ дохионы хэл, замын хөдөлгөөний дүрэм гэж дэлхий нийтийн нэг хэрэглээтэй  битгий зүйрлээрэй.

С.Гүндсамбуу

©duuren.mn

Бидэнд холимог хэл хэрэггүй

  1. Pingback: lace frontal

Leave a Reply