Элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмж авах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ

eleg-copy-copy

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд бүрэн эрхийнхээ хүрээнд 1 тэрбум төгрөгийн өртөг бүхий элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмжийг Хавдар судлалын үндэсний төвд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэлээ. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд  бүх шатны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагад нэмэлт санхүүжилт олгох бүрэн эрхтэй гэж заасан байдаг. Энэхүү заалтын хүрээнд дээрх санхүүжилтийг шийдсэн бөгөөд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн дунд түгээмэл тархалттай байгаа  элэгний хатуурал, хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар хамтран ажиллах “Санамж бичиг”-т нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар нар гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд ХСҮТ нь нийслэлийн зорилтот бүлгийн иргэдэд элэгний өвчлөлийн оношлогоо, эмчилгээг үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр хийх, иргэдийн дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгаа зохион байгуулах, эмч мэргэжилтнүүдийн мэргэжил мэдлэгийг  дээшлүүлэх үүрэг хүлээж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Монголчуудын дунд хамгийн түгээмэл өвчлөл бол элэгний хорт хавдар. Тиймээс иргэдээ хамгаалах, аврах хэрэгцээ шаардлагад үндэслээд бүрэн эрхийн хүрээндээ нэг тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Энэхүү тоног төхөөрөмжөөр   Хавдар судлалын үндэсний төв энэ оны эцэс, ирэх оны эх гэхэд эхний хагалгаагаа хийхээр төлөвлөж байна.  Цаашид бид хамтын ажиллагаагаа хавдрын эрт илрүүлэлт,  анхан шатны оношлогоог дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдэд хийх бололцоог хангах, ХСҮТ-ийн ачааллыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглүүлнэ” гэдгийг онцоллоо.   Хавдар судлалын  үндэсний төвийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар хорт хавдрын өвчлөл Монгол Улс төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа энэ үед шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн нийслэлийн Засаг даргад талархаж байгаагаа  илэрхийлээд “Манай улсад элэгний хорт хавдрын өвчлөл нийт хорт хавдрын 40 хувийг эзэлж, нас баралтын тоогоороо зүрх судасны өвчлөлийн дараа 2-рт ордог.  Илрүүлэлтийн 70 гаруй хувь нь хожуу үедээ орсон байдаг. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, төгс эмчлэх, орон нутгийн хэмжээнд оношлогооны чадавхийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тиймээс бид Та бүхний өгсөн тоног төхөөрөмжөөр эрт үеийн оношлогоо хийж,  олон хүний амь нас аварна” гэлээ.   Харин тус төвийн Элэгний тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн “Монгол Улсад элэгний хорт хавдраар өдөрт 4,5 хүн нас барж байна гэсэн статистик бий.  Нийт өвчлөлийн 30 хувь нь элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байдаг. Энэ санхүүжилт иргэдийн хувьд асар том боломжийг нээж өгч байна. Бид энэ мөнгөөр маш олон тоног төхөөрөмж авна. Эрдэнэт хүний амь аварна. Эмчилгээний шинэ түвшинд хүрнэ. Гадагшаа урсах мөнгөний урсгал хумигдана гээд бидэнд болон улс орны хэмжээнд маш ач холбогдолтой шийдлийг гаргалаа” гэсэн юм.   Хэдийгээр сүүлийн 10 жилд хорт хавдрын өвчлөл тогтмол өсөлттэй байгаа ч манай улсын хувьд вирусын асуудлыг шийдсэн, элэг шилжүүлэн суулгах хагалгааг 1-р эмнэлэгт хийж байгаа гээд амжилт, ололт ч байгаа гэдгийг хэлсэн. Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл энэ 10 дугаар сард ашиглалтад орж, хагалгааны 2 том вакум танхим нээгдэх юм байна. Энэхүү хамтын ажиллагааг “Элэг нэгт Монголчууд” сангийнхан дэмжиж  байгаа бөгөөд Монгол хүний эрүүл мэндэд стратегийн хөрөнгө оруулж байгаад нь  нийслэлийн Засаг даргад талархаж байгаагаа илэрхийллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмж авах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ

  1. Pingback: hair bundles

Leave a Reply