Замын түгжрэлийн залхаа

 

  Нийслэл маань сая гаруй хүнтэй дэлхийн том хотын хэмжээнд хүрчихсэн байна. Сайныг нь тоочоод байвал олон юм бий л дээ. Гэхдээ том хотоо дагаад том проблемууд ямагт буй болдог. Бид хөгжил гэхээр их том юм боддог. Хөгжил бүр энгийн бидний эргэн тойронд байгаа аар саархан, зүйлээс л эхэлдэг. Хүмүүс хэрэгцээгүй зүйлээ хогийн саванд хийж буй эсэх, иргэд  нь ямар орчинд, хэрхэн амьдарч, ахуйн болон бусад үйлчилгээнүүд нь байгаа эсэх гэх мэт өдөр тутмын амьдралын хэрэгцээ нь л эхэнд байдаг. Энэ дунд хотын оршин суугчид буюу явган ба унаатай зорчигчид нь замын хөдөлгөөнд хэрхэн оролцож буй байдал орно. Жолооч нар явган хүний гарц дахь цагаан зурвас дээр зогсох, явган зорчигч гарцгүй газраар зүтгэдэг энэ бүхэн нийслэлийн соёл нэр төртөй холбоотой. Энэ бүхэн бол бидний хэвшүүлж чадаагүй зүйлүүд. Соёлтой хотуудад явган зорчигчид зам тавиагүй, гарцын цагаан зураас  дээр зогссон автомашины жолооч өндөр торгууль хүлээдэг.

 Өнөөдөр замын түгжрээ бол дийлдэшгүй том проблем болж нийслэл маань бүр дарагдаж, дарлуулж оршин суугчид нь залхаж байгаа ч цаашид сийрэгжих төлөв нэг л харагдаж өгөхгүй л байна. Энэ бүхнийг зах зухаас нь цэгцэлж байна л даа. Одооноос түгжрэлгүй автозамын тухай яриа өрнөж хотоос төрөл бүрийн арга хэмжээ авч байгаа. Төв урсгалын ногоон гэрлээр баруун хажуугаас эргэх тухай, туршиж байна. Ийм боломж бий. Нийслэл хотод жил бүр дөчөөд мянган автомашин шинээр нэмэгдэж байгаа тухай автозамын дарга нар ярьж байгаа нөхцөлд баруунаар гарах сиймхий олдох эсэх нь л гэхээс.

 Нийслэлийн удирдлагууд автомашины дугаараар хязгаарлалт хийж, нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээвэрт гаргах зэрэг замын хөдөлгөөн сийрэгжүүлэхээр чармайж байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн өнөө маргаашийн, түр зуурын үйл ажиллагаа. Энд томоохон хэмжээний иж бүрэн юм хэрэгтэй.

 Нийслэлийн автозамын гэрлэн дохионы тохиргоо нь энэ их ачааллын  урсгалтай нийцэхгүй байна. Байдлаас харахад манайд ер нь энэ талын хэтийн төлөв, судалгаа, нарийн мэргэжлийн хүмүүс байдаг юм уу гэмээр. Энэ бол аль нэг улс төрийн хүчний амлалт,  даргын тушаал төдийгөөр зохицуулчихдаг ажил бас биш юмаа. Бусад орнуудад гэрлэн дохионы мэргэжлийн эрдэмтэд бүхий бүхэл бүтэн эрдэм шинжилгээ, судалгааны институт ажиллуулж технологийн нарийн тооцоо шийдлээр зохицуулдаг зүйл. Иймээс ийм институцтэй болох талаар одооноос бодож мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй байх. Энэ бол жолооч болгонтой зууралдах маягийн бус шинжлэх ухаанч технологи, өргөн цар хүрээний их хотуудын замын хөдөлгөөний удирдлагын бүтэц бөгөөд цаашид асуудлыг зөв төлөвлөх гарц болох юм. Авто замын газар энэ институцийн гаргасан техникийн шийдлийг амьдралд хэрэгжүүлэхэд  тохирсон хөдөлгөөний дүрмээр хяналт тавьж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах илүү боломжтой болох юм.

 Бид хэтийн бодлоготойгоо зэрэгцүүлэн технологийн нарийн шийдэлтэй, олон боломжит ийм цогц программ нэвтрүүлэх нь зөв байх. Энэ ажлын цар хүрээ, ач холбогдлын мөн чанарыг нь тооцохгүйгээр өнөө маргаашийн жижиг асуудлаар өсөн нэмэгдэж буй энэ их ачааллыг цаашид зохицуулах боломж нэгэнт үгүй болчихсон байна.

Жолооч нар нэгээс нөгөө уулзварт хүрэх болгонд л улаан гэрэлд хаагдаж, байн байн зогсож бөөгнөрөл үүсгэхгүйн тулд төвийн зарим хэсгийн хоорондоо ойрхон уулзварын гэрлэн дохионд аль болох “ногоон урсгал”-тай тохиргоо хэсэгчлэн хийвэл яасан юм. Жишээлэхэд: Багшийн дээдийн уулзвараас ногоон гэрлээр орсон жолооч нэгдүгээр дөчин мянгатын уулзвар хүртэл зогсолтгүй ногоон гэрлээр гарах шийдэлтэй урсгал гэсэн үг. Энэ урсгал дуусахад Засгийн ордны хоёр тал ногоон урсгалд орох гэх мэт. Ийм нөхцөлд энэ хэсгийн дагуух зам дээр автомашин зогсох боломжгүй хөдөлгөөн үргэлжлэх болно.

Цаашид төв хэсгийн замын уулзварын хөдөлгөөнийг сийрэгжүүлэхэд чиглэгдсэн уулзваргүй замын хөдөлгөөнтөй болох талаар шийдэлд хүрч арга зам хайх нь дээр байх. Үүний тулд тухайн ачаалал ихтэй уулзварт автомашинууд нэг тэнхлэгт огтлолцохгүй байх шийдэл хэрэгтэй. Аль нэг урсгал нь дээгүүр эсвэл доогуур нь гардаг зөрлөг барих ийм шийдэл. Гэтэл манай нийслэлд ихэнх тохиолдолд төмөр зам нь авто замтайгаа нэг тэнхлэгт огтлолцож байна шүү дээ. Энэ бол  аймшиг. Мөн явган зорчигч, жолооч нараа арай л соёлтой болгомоор гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.

Бас нэг асуудал бол буруу талдаа жолоотой автомашинууд нийт тээврийн хэрэгслийн дийлэнх хувь нь байна. Өнөөдөр Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож буй автотээврийн хэрэгслийн 10 тутмын 7-8 нь буруу талдаа жолоотой буйг уншигч Та тоолоод үзээрэй. Гэтэл бид чинь замын хөдөлгөөний баруун гарын дүрэмтэй улс шүү дээ.  Иймээс одоо байгааг нь /буруу талдаа жолоотойг/ элэгдэж дуустал нь үлдээгээд, цаашид зөвхөн зөв талдаа жолоотой автомашин авч байх төрийн шийдэл хэрэгтэй.  Ингэж асуудлыг нэг тийш нь болгоё.

Жолооч нар явган хүний гарцын зурвас дээр ирээд л хэнэг ч үгүй зогсчихдог, явган зорчигч нь гарцгүй газраар зүтгүүлж байна. Явган зорчигч бол эхний ээлж гэдгийг ойшоож үздэггүй жолооч нар хаана л орох нүх сүв бүхнээр энэ бүхнийг үл тоомсорлон дайрч байна. Одоо бид дээр дурдсан эдгээр гажуудлуудыг ам, амандаа ярьж гайхшрах  бус арилгах шаардлагатай  болжээ.

Нийслэл маань иймэрхүү томоохон хэмжээний бодлого, төлөвлөлт хийж, явган зорчигч жолооч нарын дунд соёлд илүү анхаарал тавимаар юм. Бид бүгдээр замын хөдөлгөөнд дэндүү соёлгүй оролцож байна шүү дээ. Хоёр жолооч замын голд машинаа зогсоогоод нударга зөрүүлж дуустлаа хөдөлгөөн хааж байхыг би нэг бус удаа харсан. Бусад жолооч нар нь хараад л зогсож байдаг. Эл бүгдийг мэдээж нийслэлийн хүн амын нягтралыг багасгах ерөнхий бодлоготойгоо уялдуулан жил болгон ухдаг шугам сүлжээ, ус зайлуулах системтэйгээ, яригдаад байгаа метротойгоо хамт нэг мөр зориглон хийвэл яасан юм. Ялангуяа ус зайлуулах систем маш оновчтой багтаамжтай байх шаардлагатай. Ингэвэл бид жил болгон урд хийсэн ажлаа дахин задалдаг завхрал болон дээр тоочсон олон бэрхшээлээс салах маш том ажил болно. Энэ бол түр зуурын ч бус, өнөө маргаашийг аргацаасан ч бус үнэхээр том, иж бүрэн арга хэмжээ, бүтээн байгуулалт болно.

 

Оршин суугч  Н.Бадарч

 

Leave a Reply