Ээж намар хоёр

Ээж гэдэг үг
Элбэрэл хайрын охь шиг санагдана
Ээж гэдэг үг
Эгшигт хөгжмийн ая шиг сонсогдоно
Эргэх энэ хорвоод
Эхээс төрөөгүй хүн бий билүү
Ивээлийн цагаан сүүгий нь
Амсаж үзээгүй хүн билүү
Ээжийн бүүвэйн ялдамхан дуунд
Энэ дэлхий уярнам биш үү?
Ээжийн хайрын халуун илчинд
Энэ дэлхий баяснам биш үү? гэж ээжийгээ амьд сэрүүн байхад би 1980 онд бичиж билээ. Энэ үед ная шахам насыг наслан намхан болчихсон хөгшин буурал ээжийгээ харах бүрийд “Биднийгээ өсгөж өндийлгөх гэж яаж явсан бол доо… Хүүхэд байхад минь аргалд яваад удвал яав ийв гэж хойноос харуулдан гарч, орно. Хонинд яваад оройтвол өлсөж, цангаж яваа гээд ааруул өвөртлөн араас явж очино.

Алсын газар сургуульд одоход минь хичээл номоо таслан алдаж эндэх вий, муу хүмүүст уруу татагдан буруу замаар орчих вий гэж захиа занаа бичүүлэн зөвлөмж сургаалиа хайрлана.

Хүүгийнхээ хойноос саасан сүүнийхээ дээжийг өглөө үдэшгүй өргөж, сайхан бүхнийхээ дээдийг хүүгээ ирэхээр өгнө гэж хадгалан бурхандаа залбирдаг юм. “Чи ирж ээжийн чинь нар нэг гарлаа даа” гэж айлын авгай нар ярьдаг байсансан.

Ээж та минь ингэж явсаар өтлөн намхан буурал эмгэн болсондоо… Мөнхийн рашаан гэж байдаг бол хаанаас ч гэсэн олж таньдаа уулган хэдэн зуун насыг наслуулах юмсан гэж санаашран санааширна. Гэвч тийм ид шидтэн байхгүй болохоор яахсан билээ дээ. Би ээжийнхээ элбэрэл хайрыг амсан ажиллаж амьдарч явахдаа нэгэн намар сурвалжлах ажлаар нутагтаа очин ээжийндээ очиж хоноод өглөө гадаа гарч ирвэл ээж минь зэлэн дээр үнээ сааж байснаа баруун уул өөд ширтэн зогсоод амандаа нэгийг шивнэнэ. Би баруун уул өөд харвал урьд шөнө Хөх нуруу, Дугуй хайрхан, Халтар асганы оройд анхны хяруу унажээ. Ээж минь биднийг хүүхэд байхад баруун ууланд намрын хяруу унаж эхлэх бүрийд тэр уулс өөд ширтэн байснаа “Цагийн толгой цаашилж, цасны толгой наашиллаа даа хүүхэд минь” гээд бодлогоширон зогсдог нь санаанд оров.

Хөөрхий муу ээж минь хичнээн олон намар ингэж зогссон билээдээ… Намайг дөрөвхөн настай байхад 1938 оны намар ээжийн минь ах, дүү хоёр ламыг тэр үеийн дотоодыг хамгаалахынхан баривчлан аваад явсанаас хойш ээж минь хичнээн намар, хавар, зун баруун уулан дээр гарч алсыг харуулдан уйлсан билээ.

Тэр явдлаас бүр есөн жилийн өмнө 1929 оны намар ээжийн минь том нагац Засагт хан аймгийн ноён Цэрэнгомбожавын шадар түшмэлээр ажиллаж байсан Дашзэвэгийн Гүржавыг МАХН-ын VII их хурлын шийдвэрийн дагуу том феодал хэмээн баривчилж, Цэрэнгомбожав тэр хоёрыг шоронд хорьсоор өвөл нь осгоож алсны дараанаас ээжийг ингэж уйлдаг болсон гэж аав минь ярьж байсныг бас санаад элэг эмтрэн, өөрийн эрхгүй нүдэнд минь нулимс мэлмэрэв. Би уйлсанаа мэдэгдэхгүйг хичээн цааш эргэн гэрийн араар орвол ээж минь эх хүний үрийнхээ хөдөлгөөн бүрийг ажиглаж явдаг гярхай харцаараа миний байдлыг ажин мэдээд хувингаа барин араас хүрч ирэн толгойг илэх зуур ам нээн “Миний хүү битгий уйл” гээд хэсэг чимээгүй болсноо “…ээж чинь нагац Бүжүү, бас ах дүү гурвынхаа хойноос гучин жил уйлсан. Дараа нь 1960 оны намар аавын чинь бие муудаад эмчлүүлэх гэж аймаг яваад эргэж ирээгүй хорвоогоос явсан… 1966 оны зун газар дээрх ганц ах минь бурханы оронд очсон. Өнгөрсөн он жилүүдэд би хичнээн их уйлсан билээ дээ. Их уйлснаар хүний хэрэг бүтдэг юм бол бүтэх болсон доо… Би энэ Эмээлцэгийн гол шиг их нулимс асгаруулсан. Тэгэвч тус болоогүй” гээд санаа алдсанаа “Хүү минь сэтгэлийн барилтай явдаа” гэж хэлсэнсэн. Миний сэтгэл эмзэглэн байж ядахдаа хойд Овдор толгой дээр гараад харвал баруун Хөх нурууны наад талын хад асга наранд гялалзан, түүнээс дооших уулсын арын суль өвс хонгор салхины аясаар намалзан давалгаалах нь нэг л уйтай. Тэртээ зүүн хойд руу Таргилжийн хөмөгт намаржиж буй айлуудын гадаа уяатай ботгонууд гунганан буйлалдахад доод садарганд нь бэлчиж яваа ингэнүүд ботгоныхоо дууг сонсоод хариуд нь буйлж байснаа ботгоныхоо зүг буйлан тэшүүлэв. Энэ үеэс “Үрт амьтан гэж” бодон санаа алдав. Энэ удаа буцаж явах замд минь:

Ээжийн бүүвэйн энэ л хорвоог
Эгшиг яруу дуугаа дуулаг гэж
Уяхан аястай хонгор намар
Усны шувуудтай зөрөөд ирэв үу?
Цэцгэн бүрхүүлтэй алаг дэлхийг
Цэнгэлийн зунаа буцааж явуулаг гэж
Самар жимстэй баян намар
Санаа алдсаар хүрээд ирэв үү? гэсэн шүлгийн бадаг сэтгэлд минь төрж билээ.

Уйтай дуутай энэ хорвоод ээжийнхээ хайрыг амсан явахуйд баяртай, гунигтай олон үйл явдалтай учирч байлаа. Тэр бүрийд эжийн минь хэлсэн “Сэтгэлийн барилтай явдаа” гэсэн өнөө л үг бодогдон биеэ барин тэвчдэг байлаа.

Ээжий минь нас нь ахих тутам нуруу нь бөгтийн улам ч жижигхэн болно. Тэр байдлыг нь хараад биднийг өсгөж өндийлгөөд том болсон хойно минь зөв замаар сайн сайхан явуулах гэж бие сэтгэлээ зориулсаар байдгийг нь бодох тутамд би ээжийнхээ энгүй их ачийг хариулсан билүү? гэсэн асуулт гараад ирнэ. Энэ үес үр хүүхдийнх нь насан туршид хийсэн сайн үйлс, ээж нь өвлийн хүйтэн шөнө ганцхан удаа өндийн хүүхдээ хуурайлан хөхүүлсний ачийг бүрэн хариулж чаддаггүй гэж манай нутгийн хөгшчүүлийн ярьдаг үг санаанд орно. Тэгэхээр ээжийнхээ их ачийг бүрэн хариулахын тулд юу хийж, яах ёстой билээ гэсэн ээдрээтэй агаад хойш тавьж болохгүй асуудал намайг өдөр шөнөгүй хоргоодог болсонсон.

Би чухам юу хийх учраа олохгүй гайхалзан яваад нутгийн нэгэн буурал өвөөд яривал тэр хүн “Ээжийнхээ хэлж захисан бүрийг нь сайн биелүүлэн, миний хүү овоо доо гэж бодохоор ажиллаж амьдарч яв. Тэгвэл ачийг нь хариулж байгаа хэрэг. Гэхдээ ачийг бүрэн хариулна гэж байхгүй. Үр хүүхэд нь эхдээ өртэй үлдэнэ. Тухайлбал чи ээждээ өртэй үлдэнэ. Чиний хүүхэд бас ээждээ өртэй үлдэнэ. Энэ бол үеийн үе, үрийн үр дамжин үргэлжилсэн өр юм. Иймээс хүн бүр л ээжийгээ чин сэтгэлээсээ хайрлаж түүний тусын тулд чадах бүхнээ хийж баярлуулж явах учиртай” гэж зөвлөж билээ.

Ийм үг сонсоод энэ буурлын хэлсэнээр яваад байхад ээжийнхээ ачийн тал хагасыг боловч хариулж чадах болов уу даа? Бид чинь ямар боловч ээждээ ямар нэг хэмжээний өртэй үлддэг юм байна гэж бодсонсон.

1983 оны наймдугаар сарын 22-ны нэг өдөр би Москвад очин утга зохиолын дээд курст суралцахаар тийш зорчих галт тэрэгний буудалд очлоо. Тэнд ээж минь, миний хэдэн дүү, хүргэн бэрчүүл, найз нөхөд ирцгээсэн байв. Хөгшин буурал ээжийгээ орхиод холын газар хэдэн жилээр явна гэдэг надад тун ч амаргүй бодогдоно. Гэвч их хэл ам болон дээш, доош гүйж байж ийм шийдвэр гаргуулсан. Нөгөө талаар архичингууд очин архидан ухаантай, ухаангүй байж хоёр жилийг дуусгаад ирдэг тэр газар би очиж хоёр жил юм уншин, дэлхийн утга зохиолын амьсгаа хандлагыг мэдээд ирэхэд яадаг юм бэ гэж бодсон болохоор явахаас яахав.

Би ээждээ үнсүүлээд, хань ижил, үр хүүхэд, хэдэн дүү, хүргэн бэрчүүлээ үнсчихээд явья гэж бодсон боловч сэтгэл тогтож өгөхгүй нэг л эвгүй. Яах билээ гэж гайхалзан, намхан болсон буурал ээжий рүүгээ байн байн харан зогстол түр зуурын ширүүн бороо асгарлаа. Би бороог далимдуулан бушуухан вагон руугаа орлоо. Цонхоор харвал намхан бөгтөр болсон муу ээж минь асгарч буй бороог үл анзааран гагцхүү миний зүг ширтэн зогсох нь их л өрөвдмөөр. Хөөрхий муу ээжийн минь царай нь цонхийж, нүд нь сүүмийгээд нэг л ядруу “Муу ээж минь намайг иртэл амьд мэнд байж чадах болов уу даа” гэсэн бодол сэтгэлд сэрдхийн орлоо. Би бушуухан бууж очоод ээжийгээ тэврэн, хацарт нь хацраа наан уйлмаар бодогдов. Хэрвээ би ингэж уйлж унжвал тэнд намайг үдэхээр ирсэн хүмүүс ямар байдалд орох билээ? Яг энэ мөчид “Хүү минь сэтгэлийн барилтай явдаа” гэсэн ээжийн минь үг бодогдов. Би юу ч болоогүй юм шиг ажиггүй тайван байя гэж бодон биеэ барив.

Тэгтэл галт тэрэг дохиогоо дуугаргаснаа алгуурхан хөдөллөө.Үдэгсэд бужигнаж эхлэв. Ээж минь гав ганцаараа өнөө л газраа зогсон гараа сажиж байна. Галт тэрэг холдох тутам ээжийн минь бараа жижгэрсээр сүүлдээ цэг шиг болоод үзэгдэхгүй боллоо. Миний сэтгэл улам ч их гэгэлзэн дэгэлзээд бүр ч тайвангүй “Сая галт тэрэг хөдлөхийн өмнөхөн хур бороо орсон… Манай нутгийнхан тэр дотор ээжийн минь ямар нэгэн чухал үйл явдал болж байх үед цас, ороо орвол “Хувьтын өмнө хур” гэж их л бэлэгшээдгийг санан ээж минь сайн сууж байх болов уу гэсэн гэрэл гэгээтэй бодол төрөн сэтгэл бага зэрэг тайвширлаа.

1984 оны хавар гэрлүүгээ утсаар яривал ээжийн бие тун муу байна гэлээ. Москвад ажлаар очсон Зохиолчдын хорооны дарга Цэдэвт учраа хэлэн зөвшөөрөл аваад Улаанбаатар луу нислээ. Хүрч ирвэл ээжийн бие тун муу байна. Хоёр долоо хоног эжийгээ эргэж тойрч байгаад арай гайгүй болмоор шиг янзтай байхаар нь буцав.

Очоод хоёр долоо хонож байтал “дөрөвдүгээр сарын 30-ний өдөр ээж нас барлаа” гэсэн цахилгаан ирэв. Энэ үеэс миний хувьд дэлхий хөмөрчихсөн юм шиг санагдав. Нэг хэсэг яах ч учраа олохгүй балмагдан өрөөндөө холхиж байснаа ойролцоох холбооны салбар луу очин гэрлүүгээ утсаар ярив. Эхнэр минь түгдчин дуу нь эрээнтээд олигтой ярьсангүй.

Ээж минь огторгуйн хязгааргүй уудам өөд  нисээд явчихсан юм шиг санагдан сэтгэл минь тун ч таагүй. Би гадаа нэг гарч, байрандаа нэг орж холхисоор… Энэ үеэс

Газар дээр заяасан ээжий таны минь
Гал халуун зүрх зогсчээ
Гариг дэлхийд хамгийн дотно хүн минь
Гаттаа тэврэн үнсэхгүй болжээ
Ээжийн чанасан шаргал цайг
Эгнэгт дахин уухгүй болж
Эвий хүү минь ядарсан байх даа гэж
Энхрийлсэн үгий нь сонсохгүй болжээ
Цэцэг дэлгэрдэг хаврын цагаар
Цэнгэлт амьдралаа юунд орхив?
Цэнхэр Эмээлцэгийнхээ шуугихыг чагнахгүй
Чимээгүйхэн хот руу юунд яарав?
Хөхөө донгоддог зуныг хүлээхгүй
Хөндийн салхитай юунд ханьсав?
Хөөрхөн ач нарынхаа дуулахыг сонсохгүй
Хүйтэн булш руу юунд яарав?
Тариа боловсордог намрыг хүлээхгүй
Талын чимээгүй рүү юунд тэмүүлэв?
Танхил өссөн биеэ орхин
Таанат нутгаасаа хаашаа одов
Онгон цагаан өвлийг хүлээхгүй
Орон гэрээсээ юунд уйдав?
Одот тэнгэрээр дээвэр хийхээр
Орчлонгийн амьдралаа юунд орхив?
Төрж өсөж, өтлөөд буцдаг
Хорвоогийн хатуу жамыг
Түм буман жил
Дагаж ирсэн хуулийг
Эргэх энэ хорвоод
Зөрчих хүн үгүй биш үү?
Ээлж минь ирсэн үед би
Дагах л учиртай биш үү? гэсэн бадгууд сэтгэлээс минь урссаар…

Хэдэн сарын дараа би амралтаараа ирээд дөчин ес хоногоор нь ээжийнхээ булшин дээр очин энэ шүлгээ уншаад булшийг нь гурав тойров. Тийн алхаж явахад миний хоёр нүдэнд өөрийн эрхгүй нулимс мэлмэрэв. Энэ мөчид “Хүү минь сэтгэлийн барилтай яв даа” гэсэн өнөө үг нь санаанд оров. Би бушуухан нулимсаа арчин өөрийгөө зэмлэв. Энэ үед “Ээж минь та ах дүү хоёрынхоо сургийг сонсох гэж 37 жил хүлээсэнсэн. Гэвч сонсож чадсангүй… 1938 оны цус, нулимстай жилүүд дуусаагүй байна даа гэсэн бодол төрөв.

Зохиолч Т.Юмсүрэн “Амьдрал нулимс хоёр” номноос

 

Ээж намар хоёр

  1. Pingback: Top beach hotels DR

Leave a Reply