Бохь иддэг ЛУВСАН

Төв аймгийн Бүрэн суманд нэлээн дээр үед Бохь иддэг Лувсан гэж юмыг дандаа зөгнөж хэлдэг хүн байсан юм билээ. Тэр хүн жаахан тунгаар борцны зай, шар будааны зай, юм юмны зай оруулаад бага тунгаар иддэг, гаансны бохь зажилдаг хүн байсан гэдэг. Унтахдаа толгой дээрээ нэг хөдөс тавьж унтдаг. Түүнээсээ ер салдаггүй хүн байжээ.

“Лувсан гуай хэд хүрч байна?” гэхээр дандаа “73-тай” гэдэг. Ном уншиж байхад нь нэг хүү дүрсгүйтээд жодгорыг нь буулгачихаж. Гэтэл “мухар хөх гаминдаа” гэж загнаснаас нь хойш хэдхэн хоноод гамингууд цувсан юм билээ. Бохь иддэг, дээлээ толгой дээгүүрээ нөмөрч хэвтээд ганцаараа ярьдаг хүн байжээ. Түүний хэлэх үг нь товчхон. Тухайлбал:

“Дээд талын баян нь 5 ямаатай болохдог”, “Богд овтой болоод байлгачих болов уу даа” гэж хэлсэн гэж байгаа. Бас “Бүсгүй хүн төр барих цаг”, “Нохой морьчилж шээх цаг”, “Дэлхийг төмөр аалзны тор нэхэхдэг ээ” (төмөр зам), “Тэнгэрт төмөр царцаа нисэх дэг ээ”(нисэх онгоц), “Газар дээр булигаарын хээ гарахдаг уу” (машины мөр), “Тооноор төмөр морин туурай цухуйхдагаа” (яндан) гэхчилэн ярьдаг байжээ. Хажуу дахь хүн нь “яана гэнээ, Лувсан гуай” гэхээр таг болчихдог байж.

Бас “Монголчууд гол ус руугаа нэг бөөгнөрөхдөг өө”, “Захын ганц модонд нэг цугларах дагаа”, “Баруун урдаасаа нэг гал ирж магадгүй дээ”, “Алтан тэрэгтэй айл дэлхийг ноёрхохдодогоо” (Англи, Америк), “Шон босгоод төмөр утсаар хоорондоо ярихдагаа” гэж хэлж байсан юм билээ. Бохь иддэг гуайг тийн ярьж байх үед манай Монголын хувьд галт тэрэг, нисэх онгоц, тэр байтугай автомашины тухай ч мэдлэггүй цаг байсан гэдэг юм. Тухай үедээ дандаа байхгүй одоогийн хөгжлийг тэр үед яриад байж. Тэр бүхэн нь хожим биелсэн гэж манай өвгөд ярьцгаадаг байсан” гэж нутгийн настан хуучилжээ.

©duuren.mn

Бохь иддэг ЛУВСАН

  1. Pingback: Бохь иддэг ЛУВСАН гэж хэн бэ? – Алхам мэдээллийн сайт

Leave a Reply