Үзэмж төгс Монгол ном

Уул талаа хомносон ингэн тэмээ, гэр ачаалласан ботготойгоо цэцэг навч дэлгэрсэн зуны байгальд налайн хорвоогийн амгаланг мэдэрнэ. Тэрхэн зуур өнгийн эрвээхэйнүүд эргэлдэн нисээд гар дээр минь буух шиг… Энэ бол ”Үзэмж төгс Монгол ном”-оос миний бие өөрийнхөөрөө уншсан нэгэн хуудас билээ.

temee

Ном гэхээр л магадгүй таньд унших талаар шууд бууж байгаа байх. Тэгвэл буддаг ном гэгч зүйл бий болоод нэлээдгүй уджээ. Гадаадын улс оронд  энэ төрлийн ном нэлээдгүй хөгжиж байгаа ч Монголд хүүхдэд зориулсан нь л харагддаг.  Зурагтай буддаг ном нь стресс, ядаргаа тайлдаг, хүний өнгөний мэдрэмж, бүтээлч сэтгэлгээг асар их хөгжүүлдэг, тархи амраадаг гээд олон давуу талтай юм байна.

Энэ оны 5-р сарын 31-нд худалдаанд гарсан Үзэмж төгс Монгол ном нь Монгол ахуйг харуулсан, буддаг ном хэдий ч бүхий л насныханд зориулагдсан, будаж байгаа хүн нь өөр өөрийнхөөрөө сэтгэж, уншиж ч болохоор өвөрмөц санагдлаа.

heehuurch

Номыг санаачлагч Ч.Итгэл нь Монголын түүх, гадаад харилцааг судалдаг бөгөөд Австралийн Үндэсний Их сургуульд ОУХ, дипломат үйл ажиллагааны чиглэлээр мастерт суралцаж төгсөөд туслах судлаачаар ажиллаж байгаад жилийн өмнө монголдоо ирсэн байна.

Тэрээр хэлэхдээ:

– ”Жилийн өмнө Австралиас ирээд энэ номыг хийх сэдэл төрсөн юм. Сэдэл нь их сонин л доо. Гадаадад амьдарч байхад Монгол улсын маань юм бүхэн их гоё санагддаг. Хааяа нэг нийлж суугаад хуушуур, хорхог хийж нов ногоон парк дотор суухдаа эх нутгаа дурсан ярьцгаадаг. Хот нь хичнээн цэвэрхэн ч, хамаг юм нь ногоон ч гэлээ, дэлхийн нөгөө бөөрөнд энэнээс үзэсгэлэнтэй газар намайг хүлээж байгаа даа гэж ярилцаж, Хөвсгөл далай, Мэнэнгийн тал, хөх тэнгэр, адуун сүрэг, айраг цагаагаа санан санан бэтгэрдэг байж билээ. Үүд нь үргэлж нээлттэй бөмбөгөр цагаан гэр, үргэлж инээмсэглэн угтдаг Монгол зон олноо санахын дээдээр санадаг. Харин Монголдоо ирэхэд дотор нь байгаа хүмүүс нь энэ гоо үзэсгэлэнг хардаггүй юм шиг санагдсан. Бүгд л энд муухай байна, болохгүй байна, бүтэхгүй байна явах юмсан гэж ярих хүн маш олон байсан. Тийм ч учраас бүх хүмүүс гадаадад байдаг, байсан хүмүүсийн нүдээр нутгаа хараасай, хичнээн сайхан болохыг нь хараасай гэж бодож энэ номоо хийхээр сэтгэл шулуудсан. Бас бид л өөрсдөө энэ нутгаа өнгө ялган будаж, Үзэмж Төгс болгох юм шүү гэж нэрийг нь өгсөн. Миний төсөөллийг минь цаасан дээр буулгаж, бодит болгож өгсөн хоёр авъяаслаг мундаг зураач нар болох Б.Урамбилэг, Г.Золбоо хоёртоо чинь сэтгэлээсээ баярлалаа” гэсэн юм.

”Үзэмж төгс Монгол” ном нь дотроо монгол үндэсний ахуй, сэтгэлгээ, байгалийг харуулсан 60 гаруй зурагтай, 30 хуудастай бөгөөд ард талдаа зурагнуудаа холбосон бяцхан түүхүүдийг бичиж өгсөн байна. Мэргэжлийн хүмүүс хараад чөлөөтэй сэтгэх, сэтгэлгээ задлахад их хэрэгтэй шинэлэг ном байна гэж дүгнэж байгаа аж.

Хэдийгээр худалдаалагдаад удаагүй ч 700 гаруй ном зарагдсан байна. 300 орчмыг нь ойр дотны гадаад хүндээ бэлэглэх гэж хүмүүс худалдан авсан ба 100 гаруйг гадаад хүмүүс өөрсдийн биеэр болон amazon.com сайтаар дамжуулан худалдан авчээ.

Энэхүү номыг Их Дэлгүүр, Интерном, Аз хур гэсэн номын дэлгүүрүүдээр худалдаалж байгаа юм байна. Мөн 2016.09.20-с amazon.com site-аар зарагдаж эхэлжээ.

moridМонгол орноо санахдаа хийхийг зорьсон зүйл нь үнэхээр сайхан бүтээл болжээ.

Монгол ахуйг алган дээрээ тэр чигт нь дэлгэчихээд гараараа өнгө ялган бүтээх шиг. Зураг бүхнээ будчихаад хуудсуудыг эргүүлэх нь ээ уран зохиолын ертөнцөөр аялаад байх шиг тийм мэдрэмж төрөх ажээ.

 

С.Гүндсамбуу

©duuren.mn

2 “Үзэмж төгс Монгол ном

  1. Pingback: GVK BIO

  2. Pingback: Bdsm, dungeon, neko, furry

Leave a Reply