Дэлхий нийт анх удаагаа тэмдэглэж буй олон улсын өдөр

2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 38 C/70 шийдвэрээр ЮНЕСКО жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр” болгон зарласан бөгөөд өнөөдөр дэлхий нийтээрээ энэ өдрийг анх удаа тэмдэглэж байна.

Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, түүний 16.10-д заасан олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг хангах болон суурь эрх, эрх чөлөөг хамгаалах зорилттой онцгой хамааралтай.

Мэдээлэл олж авах түгээмэл эрх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний чухал хэсэг болох мэдээллийг хайх, мэдээллийг хүлээж авах эрхтэй салшгүй холбоотой. Үүнийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын Пактын 19-р зүйлд заасан байдаг.

9 дүгээр сарын 28-ны өдрийг Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр болгож тэмдэглэснээр дэлхийн олон улс орнууд мэдээллийн эрх чөлөөний хууль тогтоомжтой болох, цахим орчинд олон хэлээр ярих, соёлын ялгаатай байдлыг хүндэтгэсэн бодлого боловсруулах, энэ үйл явцад хөгжлийн  бэрхшээлтэй эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг адил тэгш хамруулна хэмээн ЮНЕСКО найдаж байгаа юм.

ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Ирина Боковагаас Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөрт зориулан илгээлт гаргажээ. Уг илгээлтэд:  “Хоёр мянга гаруй жилийн тэртээ Аристотель: “Бүх хүн танин мэдэх төрөлхийн хүсэл эрмэлзэлтэй” хэмээсэн байдаг.

Мэдэхийн тулд мэдээлэл олж авах нь зайлшгүй. Тиймээс ч энэхүү язгуур эрх нь хүн оршин байхын салшгүй хэсэг, бүх нийтийг хамруулах, харилцан ойлголцох гол тулгуур, хууль ёс, сайн засаглалын суурь бөгөөд тогтвортой хөгжлийн шинэ замнал бий болгоход амин чухал үүрэгтэй билээ.

ЮНЕСКО-гийн гишүүн байгууллагуудын шийдвэрээр анх удаа тэмдэглэж буй Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдрийн илгээлтээр бид мэдээлэл олж авах эрх нь хүний эрх, эрхэм чанарыг эрхэмлэх, ядуурлыг арилгах, бүх нийтийг хамарсан мэдлэгт суурилсан нийгэм цогцлоох Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд түлхүүр хөдөлгөгч хүч болохыг цохон тэмдэглэж байна.

Мэдээлэл олж авах тэгш, түгээмэл эрх нь эерэг өөрчлөлтийг бий болгох, тэгш бус байдлыг халах боломжийг тэлэх, орхигдсон бүлгийнхнийг хамруулах, мэдлэгийг бий болгох, хуваалцах, бусад соёлыг нээх, ардчилсан институцийн байр суурийг бататгах хүчирхэг механизм билээ. Глобалчлагдаж буй дэлхийд, энэ эрхийг онлайн болон офлайн орчинд хүндэтгэж, дижитал орчны хувьсгал нь мэдээлэл харилцааны шинэ технологийн хүчийг ашиглах замаар бүх нийтийг хамруулах, шинэчлэлд тэргүүлэх хөгжлийн хувьсгал болох ёстой.

Энэ бүхэн нь мэдээлэл олж авах үйл явцад тулгарч буй харилцаа холбоо, ур чадварын болоод бүхий л саад бэрхшээлийг арилгах гэсэн үг юм. Үүний тулд мэдээллийн ил тод байдлын сайн хууль тогтоомж, үр дүнтэй хэрэгжилт чухал ач холбогдолтой. 2016 оны Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдрийн Финландын Тунхаглалд хүлээн зөвшөөрснөөр, мэдээллийн эрх чөлөөний  хуулийг одоогийн Швед, Финланд улсад 250 жилийн өмнө анх баталжээ. Бид улам урагшилж дэвшихийн тулд, эмэгтэй, эрэгтэй бүх хүнд мэдээлэл олж авах эрхийн талаарх мэдлэг олгосноор тэднийг эрх мэдэлжүүлж, хэвлэл мэдээлэл, мэдээллийн бичиг үсгийн боловсролыг сайжруулах шаардлагатай. Ингэснээр бүх хүн тогтвортой хөгжилд тэгш хамрагдах эрхээ эдлэх боломжтой болно.

Эдгээр зорилт нь Засгийн газрууд болон нийгмийг дэмжих, түүнчлэн эмэгтэй, эрэгтэй хүн бүрийн хүний эрх, эрхэм чанар, эрх мэдлээ хэрэгжүүлэх үндэс болсон мэдээлэл олж авах бүрэн дүүрэн, тэгш эрхийг хангах чиглэлээр ЮНЕСКО-гоос хэрэгжүүлэх бүхий л үйл ажиллагааг хөтөлдөг.

Энэ бол Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдрийн анхны  илгээлт юм” хэмээсэн байна

Дэлхий нийт анх удаагаа тэмдэглэж буй олон улсын өдөр

  1. Pingback: human hair weave

Leave a Reply