Б.Рагчаа: “Бугатын алдартнууд” номонд маань сонирхолтой баримт олон бий

book bugatАлтай нутгаас ерөнхий сайд П.Жасрай, Монголын уран зохиолын ноён оргилууд болох Ч.Лодойдамба, Т.Очирхүү, Д.Норов, С.Пүрэв гээд олон алдартнууд, эрдэмтэд төрөн гарсан. Засагт ханы хөх харчуулын нэг болох Бугат сумын Биж багийн уугуул ахмад сэтгүүлч, МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” шагналт Б.Рагчаа Говь-Алтай аймгийн Бугат сумын 70 жилийн ойд зориулан “Бугатын алдартнууд” хэмээх ном туурвижээ. Манай сурвалжлагч Б.Рагчаа гуайтай уулзаж уг номын талаар ярилцсаныг хүргэе.


-Сайн байна уу. Сайхан зусаж байна уу та?
-Сайхан зусаж байна. Газар дэлхий, хүн байгаль арга билгийн их шүтэлцээтэй байдаг болохоор ой болох энэ жил нутагт минь байгаль дэлхий сайхан дэлгэнэж өвс ногоо арвинтай зуншлага сайхан байгаа дуулдана.

-Уугуул нутгийнхаа ахмад сэхээтний хувьд та 70 жилийн ойдоо “Бугатын алдартнууд” номоор бэлэг барьж байгаа юм байна. Энэ номын онцлог юу байна?
-Хүнд төрсөн нутаг, газар шороо шиг үнэтэй зүйл үгүй. Насны нар хэвийхийн хэрээр хүн төрж, өссөн нутаг усаа улам ихээр үгүйлэн санаж, дурсан санагалздаг нь жам юм даа. Тийм ч учраас энэ ойн жил нутгийн уугуул иргэд маань дор бүртээ ойдоо очих бэлтгэлтэй байх шиг байна. Миний тухайд үзэг цаас нийлүүлдгийн хувьд ажилсаг, авьяаслаг нутгийнхныхаа тухай нэг юм хийчихсэн гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн энэ номыг хийж байгаа юм. Одоогоос арваад жилийн өмнө би саваагүйтэн Говь-Алтай аймгаас гарвалтай сэтгүүлчдийг тоолж бичихэд 108 хүрч байсан юм. Энэ дунд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн гишүүд зохиолчид 20 гаруй хүн байгааг ажиглаад  ер нь “Монгол улсын” гэсэн статустай шагнал, цол хэргэмтэй хүмүүсийг онцолж бичээд “Бугатын алдартнууд” гэсэн ном хийе гэж сэтгэл шулуудсан. Бугатын оюунлаг, хөдөлмөрч, хийморьлог түмнийхээ төлөөллийг уншигчид, хойч үедээ таниулъя гэж бодлоо л доо.

– ” Бугатын алдартнууд” ном маань хэдэн бүлэгтэй вэ. Мэдээж салбар бүрээс хүмүүс орсон байх?
-Тэгэлгүй яахав. Уугуул иргэн, Бугатын гэсэн дотогшоо сэтгэлтэй хүний хувьд энэ номдоо уугуул нутгийнхныхаа төрөл бүрийн ажил хөдөлмөр эрхэлж яваа “сайхан” хүмүүсийн төлөөллийг оруулъя гэж зорьсон. Ном маань найман бүлэгтэй.
Эхний бүлэг нь “Эх орныхоо төлөө тэмцэгчид”-ийн тухай. Партизан Цогтын Дамдинсүрэн гуайгаас эхлүүлээд 1939, 1945 оны хоёр дайн, Байтагийн тулгаралтанд оролцож явсан 59 хүнийг нэрсээр нь оруулсан.
Онцолж хэлэхэд манай Бугатын Биж нутгийн баруун тал Хасагууд болон хил зөрчигчдийн “тэмцлийн” гол талбар болж байсан учир нутгийн ардууд сайн дураараа хил, газар нутгаа хамгаалж байсан юм билээ. Улсын хил баталгаажаагүй үед шүү дээ. Миний аав ээжийн овгийг нь авсан Бууч хэмээх Сандаг, Пүрэв нар нутаг усандаа хил хамгаалтанд байнга явж байснаас ард түмнээсээ “Бууч” нэр авсан байх юм. Мөн энэ бүлэгтээ 14 дэх ерөнхий сайд П.Жамсрай, АИХ-ын депутат байсан хүмүүсийн талаар бичсэн байгаа. Хоёрдугаар бүлэгтээ БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, ардын болон төрийн цолтон 16 гавьяатаа зураг хөрөгтэй нь оруулсан. Энд манай сумынанхны гавьяат малын эмч Мэндийн Дүгэрсүрэн, отгон гавьяат зохиолч, сэтгүүлч судлаач Бадам-Очирын Галаарид нарын тухай бичлээ. Гуравдугаар бүлэг нь оюунлаг нээлт, бүтээлийн эзэд шинжлэх ухааны доктор, эрдэмтдийн тухай юм. Тухайлбал анхны ахмад эрдэмтэн Сандуйн Дуламцэрэн болон Содномын Лхагвасүрэн илгээлтийн эзнээс доктор профессор болсон Ж. Оюунгэрэл нарын мал эмнэлгийн болон ХАА-н эрдэмтдийн тухай билээ. Дөрөвдүгээр бүлэгт Монгол улсын спортын алдартнууд, Олон улсын хэмжээний 7 мастер, МУ-ын спортын мастер 8 хүнийг хамааруулсан. Сонирхуулахад, нутгийн гавьяат тээвэрчин Ухнаагийн Шархүүгийн хүүхдүүдээс спортын нэг гавьяат, ОУХМ 4, спортын мастер 2 байгаа нь үнэхээр бахархалтай.
Энэ гайхамшигтай амжилтын тухай анх удаа хэвлэлд бичсэнийхээ төлөө зохиогчийн хувьд их баяртай байгаа. Тавдугаар бүлэгт Монгол улсын аварга цолтой болсон ажилсаг улсын аварга малчдаа, улсын хэмжээний цол хэргэмтэй хүмүүсийг бичиж алдаршууллаа. Зургадугаар бүлэгт шинэ сонин мэдээ мэдээлэл, нээлтийн түүчээ болдог сэтгүүлч, зохиолч, уран бүтээлчдээ багтаасан байгаа. Говь-Алтай аймгийн сүлд дуу “Зулай цагаан Алтай” дууны зохиогч, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт Зүмпэрэлийн Гүнсэн, Монголын чөлөөт хэвлэлийн зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлдэг, МСоХолбооны удаа дараагийн шагналт “Монголчуудын амьдрал” сонины ерөнхий эрхлэгч Энэбишийн Бямбацэцэг, роман бичлэгээр тодорч яваа ах дүү хоёр зохиолч Дамдины Пүрэв, Жамъян нарын тухай гээд бас л сонин тохиолдлууд энэ бүлэгт олон байгаа. Долдугаар бүлэгт Батлан хамгаалах, цэрэг армид өндөр алба хашиж төр улсдаа үнэлэгдсэн цэргийн өндөр зэрэглэлийн офицеруудыг бичсэнээс Биж багийн уугуул Ламжавын Төмөрбаатар дэд хурандаа Монгол-Хятад, Монгол-Оросын хил тогтоох ярвигтай ажилд ажиллаж онцгой гавьяа байгуулж “Тэргүүн итгэмжит” дипломат цол хүртсэн, мөн ахмад хурандаа хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Биж багийн уугуул Гаанжуурын Тогтох, хурандаа Тогтохын Галиндэв нарын 16 хурандааг орууллаа. Мөн энэ бүлэгт сумынхаа төрийн ба төрийн бус байгууллагын Монгол улсын Боловсролын тэргүүний ажилтан 52, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан 12, Монгол улсын Банк санхүү бүртгэл худалдааны тэргүүний ажилтан 22, Монгол улсын Эрүүлийг хамгаалах, биеийн тамирын тэргүүний ажилтан 20, Монгол улсын Хөдөө аж ахуй, эрчим хүчний тэргүүний ажилтан 25, Монгол улсын Хэвлэл мэдээлэл, шинжлэх ухаан бусад салбарын тэргүүний ажилтан 44 хүнийг овог нэр, багаар заан бичиж алдаршууллаа. Төгсгөлд нь  өмнө   нь  бичигдэж байгаагүй, сонин хачин баримт болон анхдагчдыг онцлон бичлээ.

-Их   сонирхолтой юм.   Номоо   хаагуур борлуулах вэ. Мэдээж нутгийн зон олон тань сонирхон уншихыг хүсэж байгаа байх?
-Түрүүн хэлсэн дээ, сэтгэлийнхээ дуудлагаар энэ номыг бүтээж байгаа гэж. 10 хэвлэлийн хуудас, өнгөт хэвлэлээр хэвлэгдсэн энэ номоо 300 ширхэг л хэвлэсэн.   Нэг бүр нь 10 000 төгрөгийн үнэтэй, зохиогчоор голдуу борлогдож байна.

-Нутаг    ус,  хүн ардынхаа тухаи ном бичиж байхад их сайхан мэдрэмж төрдөг гэж хүмүүс ярьдаг юм билээ. Танд юу мэдрэгдэв?
-Үнэн, үнэн. Их сонин. Номын өмнөх үг бичихээс эхлээд төгсгөлийн жаргаах үг хүртэл Бугатынхантайгаа уулзаж гар барьж инээж, сонирхож, судалж явлаа шүү дээ ах нь. Манай сумынхан чинь их сонин логик төрүүлэх юм аа. Ажилсаг, хөдөлмөрч, авьяаслаг, оюунын өндөр чадавх нь бүр үйл ажлаараа байнга батлагдах юм. Малчид гэхэд бүр 1930-аад онд мандажулсын сайн малчин /одоогийнхоор бол МУ-ын аварга малчин/ болж маршал Х.Чойбалсангаас шагнал авч байсан, ардын баатар Хатанбаатарын цэрэг гэгдэж явсан ер нь манай сумын иргэдээс улсын баатар цолоос бусад бүх шагналыг хүртсэн байх юм. Номын ихэнх баатрууд бичигч миний танилууд байх нь баримт материал бодит үнэн болох, ядаж удаан суухад ядрахгүй юм даа. Номондоо нэг найзынхаа спортын салбарт гялалзаж яваа гавьяат, ОУХ мастер 5 хүүхдийн тухай, ах дүү зохиолчид, авьяаслаг дууч ерөөлч Зүмпэрэл ахын үр хүүхэд, ач нарын оюунлаг авьяасын тухай, шавь нарынхаа амжилтын тухай бичихэд сэтгэл үнэхээр хангалуун урамтай байх юм. Яг л нутаг усандаа очоод танилуудтайгаа уулзаж байгаа мэт мэдрэмж төрөх юм даа. Ер нь мэддэг зүйлийнхээ тухай бичихэд сайхан л даа.

-Дэлхий ээжийн ур хийц гэх юм уу, Бугат сумын байгалийн үзэсгэлэн их сайхныг мэдэх юм байна. Ингэхэд ямар угсаа гаралтай хүмүүс дийлэнх нь байдаг вэ. Тухайлбал та?
-Биднийг чинь “Засагт хааны хөх харчуул” гэдэг нь байгаль эхийнхээ эрс тэс уур амьсгалд зохицон амьдарч хөдөлмөрлөсөн ажилсаг чанар дээр нь оюуны их бядтай хүмүүс олноороо төрөн гарсан учраас л тэр шүү дээ.
“Засагт хааны хөх харчуул” гэсэн нэр маань “Брэнд” болчихсон үнэлгээ шүү дээ. Гарваль яс үндсийн тухайд жалайр, бэсүд, торгууд, халх торгууд зэргээр жижиг овог ястан байх боловч ерөнхийдөө Урианхан халхууд юм билээ. Би Урианхан халх ястай, Бууч Чойсүрэн овогт Гэндэнгийн Балхүүгийн Рагчаа гэдэг Бижийн голын Хургалжинд төрсөн уугуул иргэн байна.

-Хоёул ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Таныг багшаа гэж хүндлэх мянга мянган шавь бий. Бас уран зохиол, сэтгүүл зүйд анх хөтөлсөн хүн маань Рагчаа багш гэж дурсах олон хүн байна. Одоо өөрийнхөө тухай ярина уу гэх гээд л байна л даа?
-Би БТДС-ийг багш мэргэжлээр төгссөн. Сонирхолдоо хөтлөгдөн ШХДС-ийн сэтгүүлчийн дамжааг бие даан төгсөж сэтгүүлч мэргэжилтэй болсон. Давхардсан тоогоор 68202 шавьтай болоод байна уу даа. Үүнээс бэлтгэсэн тамирчдын маань 60 хувь нь ОУХМ, спортын мастер, 1-р зэрэг гэх мэт өндөр зэрэглэлийн тамирчид байдаг юм. Уваа Шаравын Лхагваа гээд 140-өөд медальтай хүндийн өргөлтийн дэлхийн аварга, ОУХМ, 1-р зэргийн тамирчин Ядамхүүгийн Цэрэндолгор гээд улс орныхоо нэрийг өндөрт өргөж яваа 50 гаруй гарын шавь бий. Хөдөө 1986 онд Цогтын 8 жилийн охидын сагсан бөмбөгийн баг аймгийн аварга болж байсан жишээтэй. Миний шавь нараас 9 сурагч Монгол улсын  гавьяат цолтон байгаагийн отгочууд нь МУ-ын гавьяат жүжигчин Б.Лхагваа, зохиолч сэтгүүлч Үржингийн Хүрэлбаатар нар байна.

-Багшийн бахархал шавь гэж үнэн юм. Харин одоо та өөрийнхөө бүтээлээс манай уншигчидтай хуваалцаач. Миний мэдэхийн биеийн тамир спортын талаар нэлээд хэдэн ном гаргасан санагдана?
-Бүтээлийн тухайд багцалж   ярьвал   120 хэвлэлийн    хуудас бүхий 11 ном бичсэнээс аавынхаа тухай 2 ном 19 х/х, ээжийнхээ тухай 11 х/х ном хэвлүүлсний дээр мэргэжлийн 5, бусад нь сэтгүүл зүй, судалгааны бүтээл байх шив дээ. Харин  2002  онд  охин Р.Бигэрмаа, мөн сэтгүүл хүүгийнхээ хамт хүүхэд залуучуудын “Эх дэлхий” хэмээх байгаль танин мэдэхүйн чөлөөт хэвлэл гаргаж байлаа.

-Таны шагнал урамшил юу байна?
-Боловсрол, сэтгүүл зүйн салбарт 40 жил ажиллаж төрийн дээд шагнал алтан гадас, багшийн гавьяа, спортын од, хэрэглэгч хаан, эрх чөлөөний зэрэг 8 одон, хэвлэл мэдээлэл, соёл, ардын боловсрол, хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах, биеийн тамир, ҮЭ зэрэг 6 тэргүүний ажилтан, Ардын Хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, хүндэт тэмдгүүд зэрэг олон юм байна аа. Одоо бүр дээшээ явсан тодорхойлолт ч бий.

-Танд баярпалаа. Номын цагаан буян оршиг.

Эх сурвалж: Монголчуудын амьдрал №19. 2016.07

Б.Рагчаа: “Бугатын алдартнууд” номонд маань сонирхолтой баримт олон бий

  1. Pingback: human hair weave

Leave a Reply