Хө Шао Жүн: Бид ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдтэйгээ үнийн өрсөлдөөн үүсгэхгүй

Төв аймгийн Сэргэлэн суманд байрладаг Өвөр Монголын “Улаан” нэртэй брэндийн цементийн үйлдвэр ашиглалтанд ороод нэг жил болж байна. Энэ үйлдвэрийн талаар “Мөнхийн баян гал” компанийн гүйцэтгэх захирал Хө Шао Жүнтэй /He Xiao Jun/ ярилцлаа.


IMG_9396-Танай үйлдвэр хэрэглэгчдийн таашаалд нийцсэн цемент үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. Компанийн байгуулагдсан түүхээс яриагаа эхлэе?
-Хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай “Мөнхийн Баян гал” компани маань 2007 байгуулагдсан. 2009 оны аравдугаар сараас үйлдвэр барих барилгын ажил эхэлсэн ч 2010 оны эхээр зогссон. Учир нь Монгол Улсын Засгийн газар манай компанийн хувьцааг эзэмших санал гаргасан юм. Энэ талаар хоёр тал олонтаа уулзаж, ярилцсаар 2013 оны зун эцсийн шийдвэрт хүрч Монголын Засгийн газар хувьцаа эзэмшихгүй болсон. Ингээд намраас нь дахин барилгын ажлаа эхлүүлж, 2014 онд барилгын ажил маань эрчимтэй явагдаж чадсаны дүнд 2015 оны тавдугаар сарын сүүлээр үйлдвэр маань ашиглалтад орсон. Харин энэ оны зургадугаар сарын 16-ны өдөр манай цементийн үйлдвэрийн хоёрдугаар ээлжийн клинкрийн үйлдвэрлэх систем ашиглалтад орлоо. Манай компанийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 840 сая юань болсон.

IMG_9417-Яагаад Монголд цементийн үйлдвэр байгуулах болов?
-Хятад улсын эдийн засаг бүтээн байгуулалтын яамнаас Монгол Улсад 2007 онд айлчлал хийсэн юм. Тэр үед Монгол Улсын Засгийн газраас томоохон хэмжээний цементийн үйлдвэртэй болох хэрэгцээ байна. Танайх энэ тал дээр туслаач гэсэн хүсэлт гаргасан юм билээ. Тухайн үед айлчлалаар явсан дарга нар Өвөр Монголын Улааны цементийн үйлдвэрийн даргад Монгол Улсад томоохон хэмжээний цементийн үйлдвэр байгуулах үүрэг даалгавар өгсөн юм. Тэгээд л Улааны цементийн үйлдвэр Монгол Улсад зах зээлийн болон түүхий эд,  материалын судалгаа хийсний үндсэн дээр манай компани байгуулагдсан түүхтэй.
2009 оны зургадугаар сарын 25-ны өдөр Хятадын Комунист намын улс төрийн товчооны гишүүн Хө Гуо Чян Монгол Улсад айлчилж ирэхдээ тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяртай уулзаж энэхүү цементийн үйлдвэрийн төслийг баталж байсан юм.
Монголын цементийн үйлдвэрийн технологи нь хуучирсан, үйлдвэрлэх хүчин чадал муу байсан учраас Хятадаас цемент импортлодог байсан. Энэ цемент нь чанар муутай, өндөр үнэтэй байсан учраас Улааны цементийн үйлдвэрийг Монголд байгуулахаар шийдсэн. Манай компани бол олон жил цемент үйлдвэрлэж байгаа мэргэжлийн компани юм.

-Цементийн үйлдвэрт шаардлага-тай түүхий эд нь манайд хэр олдоцтой байдаг вэ?
-Бүх түүхий эдээ эндээс авдаг. Анх судалгаа хийхэд шохойн чулуу, нүүрс, гөлтгөнө зэрэг түүхий эд Монголд элбэг төдийгүй өндөр чанартай цемент үйлдвэрлэх нөхцөл бүрдсэн байсан. Тиймээс л үйлдвэрээ Төв аймгийн Сэргэлэн суманд барьсан юм. Бидний тооцоогоор манай цементийн үйлдвэр байгуулагдсаны дараа Монгол Улсын зах зээл дээр борлуулагдаж байгаа цементийн үнийг бууруулах боломж байгаа нь судалгаагаар харагдсан.

-Танайх хэдэн төрлийн цемент үйлдвэрлэж байна вэ?
-Манай дээд захиргаа болох Хятадын барилгын материалын нэгдсэн корпораци буюу CUCC /Chine united cement corporate/ маань 30 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа туршлагатай, бүх төрлийн цемент үйлдвэрлэх технологитой, мэргэжлийн компани юм. Манай үйлдвэр 32.5, 42.5, 52.5 болон тусгай захиалгаар усан цахилгаан станцид зориулагдсан цемент зэрэг олон төрлийн цемент үйлдвэрлэх боломжтой. Хэрэглэгчийн шаардлагын дагуу бид технологийг нь өөрчлөөд хүссэн бүх төрлийн цемент үйлдвэрлэх юм.
Хамгийн гол нь бид бүх түүхий эд, материалаа Монголоос авдаг. Ямар ч түүхий эдийг гаднаас импортолдоггүй. Шохойн чулууг л гэхэд Төв аймгийн Баянцагаан сумаас, нүүрсийг Налайх болон Дорноговь аймгийн Шивээ-Овоо, Алаг толгойгоос, шаврыг үйлдвэрийнхээ ойр хавиас авдаг. Мөн хүдрийн нунтаг Монголд их элбэг байдаг.

-Танай цементийн үйлдвэр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бусад үйлдвэрүүдээс ямар давуу талтай вэ?
-Манай үйлдвэр жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай.  Манайхаас гадна Хөтлийн цементийн үйлдвэр, Мон цементийн үйлдвэр гэсэн хоёр том үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.
Технологи болон хэрэглэж байгаа тоног төхөөрөмжийн хувьд бүгд ижилхэн хамгийн сүүлийн үеийнх. Харин манайх ажилтнуудын ур чадвараараа илүү болов уу. Учир нь манайд энэ чиглэлээрээ өндөр мэргэшсэн, туршлагатай мэргэжилтэн инженерүүд ажилладаг. Мэргэжлийн ур чадвар сайтай ажилчид ажилладаг болохоор манай цементийн чанар сайн, жигд түвшинд байдаг.

-Саяхан Цемент үйлдвэрлэгчдийн анхны хурал болсон гэж сонссон. Энэ хурал дээр ямар асуудал хэлэлцэв?
-Бид өөрсдийгөө Монголын үндэсний үйлдвэр гэж үздэг. Учир нь манай үйлдвэр  Монгол Улсад баригдсан, дотоодын түүхий эд материалаар үйлдвэрлэлээ явуулдаг, гаргасан бүтээгдэхүүн маань Монголын зах зээл дээр худалдаалагдаж,  барилгын салбарын хөгжилд хувь нэмрээ үзүүлж байгаа гэж боддог.
Тиймээс өнгөрсөн тавдугаар сард манай компанийн санаачилгаар Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо зохион байгуулж Монгол Улс дахь цемент үйлдвэрлэгчдийн анхны хурлыг амжилттай хийлээ. Энэ хуралд Хөтлийн цементийн үйлдвэр, Мон цементийн үйлдвэрийнхэн оролцож цаашид энэ зах зээлээ хэрхэн эрүүлжүүлэх, хөгжүүлэх талаар ярилцсан. Манай гурван үйлдвэр Монгол Улсын хөгжлийн төлөө хамтран ажиллая гэдэг дээр санал нэгдсэн. Хэрэв нөгөө хоёр компанид маань бидний дэмжлэг туслалцаа хэрэг болвол бид дуртайяа тусална. Мэргэшсэн технологи инженерийн туслалцаа үзүүлэх боломжтой гэдгээ хэлсэн.
Хамгийн гол нь манайх цементийн үйлдвэрлэл, зах зээл дээрх борлуулалтандаа үнийн өрсөлдөөн хийхгүй. Бид хамтын ашгийн төлөө өрсөлдөөн бий болгохгүйн тулд үйлдвэрлэх хэмжээгээ багасгах боломжтой. Үнийн өрсөлдөөн, шударга бус өрсөлдөөнийг үүсгэхгүй гэдгээ хэлсэн. Мөн шинэ технологийн тал дээр хамтарч ажиллана. Тогтмол хугацаанд ийм уулзалт, хурал зохион байгуулж байх санал гаргасан.

-“Мөнхийн баян гал” компани хэдэн ажилтантай вэ. Хэд нь монголчууд байдаг вэ?
-Манайх 180 гаруй ажилтантай үүнээс монгол мэргэжилтэн 54 байдаг. Үүнээс гадна хамгаалагч, үйлчлэгч, рестораны ажилчид монголчууд.
Бид цаашид ажиллах хүчнээ бэлдэх, монгол ажилтнаа сургах гурван жилийн төлөвлөгөө гаргасан. Гурван жилийн дараа гэхэд манайх 130 орчим монгол ажилтай болохоор зорьж байна. Манай компанийн хамгийн гол зорилго нь тухайн улс, орон нутгийн шилдэг ажилтныг сургаж мэргэшүүлэх юм.
Манай үйлдвэр бусад уул уурхайн компаниудаас ялгарах зүйл нь Монголынхоо  түүхий эд материалаар цемент үйлдвэрлэж байна. Ганц хоёр жил олборлоод алга болох биш цаашид ажлаа олон жилээр явуулж, цемент үйлдвэрлэх учир ажилтнаа эндээ бэлдэж сургаж авах гол зорилготой.
Манай компани Монгол Улсад байгуулагдсан, монгол ажилчидтай, Монголын түүхий эдээр үйлдвэрлэдэг, Монголынхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаа Монголын үндэсний үйлдвэрийн нэг гэж бодон ажиллаж байна.

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэдэн тонн цемент үйлдвэрлэж, хэдий хэмжээний татвар төлсөн бэ?
-Бид 2015 оны есдүгээр сараас үйлдвэрлэсэн цементээ Монголын зах зээл дээр нийлүүлж эхэлсэн. Түүнээс хойш нийтдээ 60 мянган тонн цемент борлуулсан. Улсад зөвхөн цементийн татварт 840 сая орчим төгрөг төлсөн байна. Үүнээс гадна бусад татваруудаа ч төлж ирлээ.
Эдийн засгийн хямралаас шалтгаалан үйлдвэрлэл маань буурсан. Энэ хавраас өнөөдрийг хүртэл 30 мянган тонн шахуу цемент үйлдвэрлэлээ. Манай борлуулалтын үнэ нэг тонн нь 140 мянган төгрөг байдаг.
Бидний судалгаагаар зах зээлд хамгийн их эрэлттэй нь Хөтлийн цемент, дараа нь Мон цемент орж байна. Манайх үйлдвэрлэж эхлээд удаагүй болохоор одоогоор борлуулалт бага байна.

-Дотооддоо үйлдвэрлэгчдийн боруулалтад Хятадаас оруулж ирж байгаа цемент нөлөөлдөг байх. Үнэ чанарын хувьд ямар ялгаатай байдаг бол?
-Мөн Хятадаас хямд цемент орж ирж байгаа нь ч үйлдвэрлэгчдийн боруулалтанд нөлөөлж байгаа. Өнгөрсөн жил Засгийн газраас гадаадаас импортолж байгаа цементийн гаалийн татварыг нэмж дотооддоо үйлдвэрлэж байгаа гурван том үйлдвэрээ дэмжиж байгаа юм. Ингэснээр Монголын цементийн зах зээл эрүүл болно.
Хятадаас орж ирж байгаа цементийг дотоодын цементтэй харьцуулах юм бол үнэ хямд, чанар муу байдаг. Хятадад эдийн засаг сайн биш байгаа учраас тэнд үйлдвэрлэж байгаа цемент маш хямд байгаа. Бэлэн мөнгө авахын тулд үйлдвэрлэгчид үнэ өртөгөө маш бага болгосон. Хэдийгээр Монголын Засгийн газар гаалийн татвар өндөр болгосон ч хувь хүмүүс хямд оруулж ирэх арга олоод байгаа юм.

-Танай үйлдвэр хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулагдсан болохоор хүндрэл, бэрхшээл харьцангуй бага байсан уу?
-Асуудал байлгүй яах вэ. Анх хоёр улсын найрамдалт харилцааны хүрээнд Монгол Улсад цементийн үйлдвэр байгуулахаар тохирсон боловч хувьцааны асуудлаас үүдэн хойшлогдсон. Манай компани болон Засгийн газраас баг бүрдүлж гурван удаагийн хэлэлцээр хийсэн боловч эцсийн шийдвэрт хүрч чадаагүй. Тиймээс төрийн бодлого зөөлрөхийг хүлээж ажлаа зогсоогоод байсан юм. Харин 2013 онд шинэ Засгийн газар байгуулагдсанаар энэ асуудал дуусч, бид барилгын ажлаа эхлүүлсэн.
2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр батлагдсан концевцийн хуулиас болоод олон хятад компанид хүндрэл үүссэн. Концевцийн хуулинд нэг заалт байгаа юм. Гадаадын төрийн өмчит компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад маш өндөр шаардлага тавих тухай. Манай компани БНХАУ-ын төрийн өмчит компани учраас олон асуудал үүссэн. Манай нэр дээр байсан шохойн чулууны ордын хайгуулын лицензийг хүчингүй болгосон.

-Танай үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах зах зээлийн нөөц боломж манайд байгаа юу?
-Манай үйлдвэр жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Хэрэв хэрэгцээ байвал бид 100 хувь ажиллуулах боломж бий. Монгол Улсын уур амьсгалаас болоод манай үйлдвэрийн ажил 11-4 дүгээр сар хүртэл зогсдог. Гэхдээ  худалдан авагч гарвал бид өвөл ч цемент үйлдвэрлэж чадна.
2007 онд компаниа байгуулснаас хойш ажиглаж байхад Монгол Улсын эдийн засаг өсч хөгжиж байгааг харж байна. 2014 онд БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин айлчилснаас хойш хоёр улсын харилцаа илүү ойртож хамтын бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжил өндөр хэмжээнд хүрч байна. Манайх Хятадын төрийн өмчит компани учраас Монгол Улсад хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн бид орон нутагт нийгмийн хариуцлагаа биелүүлж олон ажил хийсэн. Тухайлбал, цас зудтай үед бордоо, өвсөөр малчдад тусалж байсан. Сум орон нутгийн өндөр настанд жил бүр Цагаан сараар гурил, будаа, боов гэх мэт зүйлс бэлэглэдэг. Сум орон нутагт хандив тусламж үзүүлэх зэргээр нийгмийн хариуцлагын талдаа анхаарч ажилладаг.
“Мөнхийн баян гал” компанийн зүгээс ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдтэйгээ үнийн өрсөлдөөн үүсгэхгүй, Монгол Улсын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, хамтын зах зээлээ хамгаалж, эрүүлжүүлэх талаас нь хичээнгүйлэн ажиллана.
Танд баярлалаа. Амжилт хүсье.

Эх сурвалж: “Эдийн засгийн мэдээ” сэтгүүл

4 “Хө Шао Жүн: Бид ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдтэйгээ үнийн өрсөлдөөн үүсгэхгүй

  1. Pingback: basement waterproofing

  2. Pingback: binaural

  3. Pingback: Pendaftaran CPNS

  4. Pingback: DMPK Services

Leave a Reply