Балдан тойны дурлал (бэсрэг тууж)

9_resizeХуучны ёсонд тайж язгуурт хүн лам хувраг болвоос сүм хийдээс тойн хэргэм хүртэж, шан харамж авдаг байв. Ивэн, Бургалтайгаар нутагтай Ахай гүний хошууны тайж язгуурт Балдан гүн хувь тавилан, үйлийн үрээр эцэг эхээс цэл залуугаар өнчирч энэ хорвоод гав ганцаар үлджээ. Тайж эцгээс нь үлдээсэн бэл хөрөнгө, цол хэргэм, цоохор магнаг дээлийн хамт гандаж хэдэн өрх хамжлага нь тарж сарнин алга болсноор залуу гүний жаргалтай амьдрал, жаргаж буй наран мэт уулын шил дээр суучихуй. Тайж гарал, гүн хэргэм нэгэнт амьдралд нь нэмэргүйг өөрийн биеэр амссан сул гүн Балдан амь зуулгаа бодон тойн болчих санаатай сүм хийд, хурал номын мөрөөр ухаан малгайгүй гүйсээр шөнийн бор хоногтоо л гэрийн бараа хардаг болов. Ингэж явсны эцэст “эр хүн зорьсондоо…” гэж тойн хэргэмд суун, бурхны шавь болж санасан үйлээ сая л нэг юм бүтээв гэнэ.  Энэ дор орон саваа өөд татах зав чөлөө тунчиг гараагүйн гор нь энэ шөнө харин ч нэг гарав бололтой. Шөнөжин цутгасан зүсэр бороо түүнийг ер унтуулсангүй, өрхөө бүтээсэн ч шүүрэн шанага шиг болсон хуучин муу дээврээр аадар бороо сад тавьж толгой хоргодох ч газаргүй усан далай болгов. Ахин дахин босч бороо салхинд ноорсон ёрог эсгий дээвэр туурга, бүслүүр хошлонтойгоо цурам хийлгүй ноцолдсоор тэнгэр намдахад сая амсхийж, ядарч туйлдсан тойн хуурай үлдсэн хэсэгт ороо зөөж олбогоо дэвсээд  ямаан адасгаа дээрээ тавьж аваад нам унтваа зайлуул.

 Тэнгэрийн дагина

…Тэрээр нэг л мэдэхэд гадаа гарчихсан морио эрж явлаа. Урд үдэш чөдөрлөж тавьсан, хаашаа ч холддоггүй хашин хээр нь хавь ойрд алга гэнэ. Хайсаар  Баалын горхны мөргөцөг тохойд очтол тэр хавиар явган хүн явах аргагүй, үер бууж усны халиа ар дахь Тойгон толгой хэмээх өмнүүрээ эгц хадан цохиотой ч ар дагзаараа бол морьтой, явган хэн ч оройд нь өлхөн гардаг өндөр цавцуул толгойн өмнөх ханан хадны элгэн дэх агуйн амаар мэлтийн, бэлээр ургасан моносон төгөл бүхэлдээ үерт автан мойл молцоглосон мөчрүүдээ дааж ядан доош усны мандал шүргэн алдаж харагдлаа. Балдан ус гаталж нөгөө талаар Нарийны голыг зүглэн гарчих санаатай ширүүн урсгалт голын хөвөөг даган явсаар урсгал тогтуун гэмээр тохойгоор зориглон зэтгүүлвээс ёроолын нанги шаварт шигдэн тогтоол усанд золтой л үйж үхсэнгүй мацаж зүтгэсээр арай л гэж нэг юм буцаж гарав. Нөгөө ар талаар тойрч алхсаар мөргөцгийн хажуу дахь Тойгон толгойн араар товцог дээр нь гарч ойр орчныг ажваас чөдөртөй морь нь бараагүй, харин толгойн орой дахь хэсэг халцгай дээр нэг цагаан юм байна гэнэ. Цас юмуу гэтэл халуун зунаар ордог цас гэж хаа байхав, чулуу юмуу гэтэл урд өмнө ер байгаагүй, тэгээд ч ийм том чулууг уулын оройд гаргах бяртай, завтай хүн энэ хавьд үгүй хэмээн өөрөө өөртөйгөө ярьсаар дөхөж очвоос барилдаж хөлдсөн бөөн мөс, мөндөр дунд нь даль жигүүрээ дороо дэвсэн, шүр сувдан чимэг бүхий  мөнгөн шаахайтай хөлөө хээв нэг жийн тухтай нь аргагүй нойрсож буй бүсгүй байна гэнэ шүү. Эргэн тойрныг ажиглан харваас яах ч аргаүй л эмэгтэй хүн, бүр залуу гоо бүсгүй байх аж. Мөндөр дунд буйг нь бодвоос дээрээс буусан байх, жигүүртэйг нь бодвоос хан хурмастын дагина гэмээр авч газар бууж унтах нь ямар учиртай юм бол хэмээн гайхсаар ойртон очвоос огт чимээгүй таг чиг. Татахул хөдөлдөггүй гэсэнч шөнөжин орсон зүсэр бороонд ч норсон шинжгүй гэнэ. Тойн амьхандаа чимээ өгөн хоолой засч, хий ханиавч нэмэргүй, өнөөх бүсгүй ер хөдөлсөнгүй нойрссоор л байлаа. Үхчихсэн юмуу гэтэл цээж нь оволзон амьсгалж байх аж. “Гүй мөн бөх нойртой хүн юмаа. Хөөрхий миний адил урд шөнийн бороонд нойргүй хоноод сая унтсан буйзаа” хэмээн айх гайхахын дэнсэнд унтаж буй бүсгүйг сэрээлгүй, морио эрэхээр цааш Нйрийний горхи тийш хөдлөв. Явсаар ядарч, үглэсээр үгээ бардгийн даваан дээр сая морио олж харин буцах замдаа нөгөөх газраа очиж унтаахай бүсгүйг дахин нэг харчихмаар санагдаад тунчиг болдоггүй гэнэ шүү. Лам хувраг хүн унтаж буй эм рүү очих байтугай ойртох ч цээртэйг өөртөө хэлсээр байвчиг чадсангүй. Гоо бүсгүйг дахин харчих юмсан гэх галзуу санаагаа тарнийн хүчээр хөөн гаргахыг мэрийвч нэгэнт цээжний мухарт нь орж шигдсэн эл мэнгэр бал үзсэн баавгай мэт эргэж хургасаар дийлдсэнгүй нэг л мэдэхэд бүсгүйн дэргэд ирчихсэн зогсож байлаа. Бүсгүй ч нөгөө л янзаараа унтаад л байх юм гэнэ. Балдан тойн түүнийг сэрээхээр дуудаж, татаж янз бүрээр үзэж эцэст нь бүр гүрэмдэж тарнидаад ч барсангүй гэнэ.  Яая даа байз гэснээ дэмий л гэгээн нүүрэнд нь гараа хүргэтэл цэв хүйтэн байх аж. Ямартай ч хоёр хацрыг нь халуун алгандаа хавчуултал хурууных нь өндгөөр дамжин түгэх биеийнх нь илч нойрсож буй бүсгүйд дамжин шингэж буйг тэрээр даруй мэдрэв. Айх гайхахын завсарт алмайрч мангууртсан түүний гар дор нөгөөх бүсгүй сая ийнхүү сэргэж эхэлвээ.

Хөх тэнгэрт өглөөний наран мишээх байгалийн энэ уран ялдамд нойрмог бүсгүйн царай ягааран гэрэлтэж мяндсан зөөлөн үс нь уулын салхинд үелзэн, навчин дороос цухуйх жимсэн улаан уруул, цээжинд оволзон буй хоёр хөх, аньсган дороос тормолзох мойлон хар нүдээр эм биеийн үзэсгэлэнг бадраах нэгэн гоо бүсгүй яг энэ өглөөний наран мэт гэрэлтэн тойны өмнө сая амьдаар босч ирлээ. Балдан энэ яваа насандаа ийм үлэмжийн гоо бүсгүйг өөрийн нүдээр олж харах байтугай ой ухаандаа ч төсөөлж байгаагүй атал энэ дор үзтэл яг өмнө нь ялгуун дүрээрээ зогсож байлаа. Тойн ч энэ үнэхээр гайхам учралын сая учрыг оллоо хэмээн  бодож миний анх таасан минь онолоо.  Далавчтайг нь бодоход лав тэнгэрийн дагина биз, үзэсгэлэнтэйг нь бодоход үнсгэлжин гүнж биз хэмээн дотроо ихэд билэгшээв. Түүний мэлмийд өөрийн гараар хүрч, биеийг нь өөрийн илчээр дулаацуулан хөл дээр нь босгосон нь ямар ер бусын гайхалтай, ямар ер бусын учиртай тохиол болов хэмээн сэтгэл догдлон байтал нөгөөх гоо бүсгүй хайрын бурхны увидсаар мишээсээр уран цагаан гараа түүний зүг сунгав. Үнэнхүү гайхам, ер бусын дагины гоо үзэсгэлэнг тоохгүй өнгөрөөх тэнхэлгүй болсон ламтан яах ч учраа ололгүй хий сандравч ийм сайхан бүсгүйн өмнө ямарч эр яаж л тэсэв гэждээ. Бүхнийг бурхан сахиусдаа даатган үзэсгэлэнт дагины гарыг өөрийн мэдэлгүй тосон авч хамраа дөрлүүлсэн хайнаг мэт хөтлөгдөв. Үзэсгэлэнт дагины гар нь хамба хилэн мэт, үнэр нь сугар өвс мэт ариун агаад инээмсэглэх нь далийн ягаан цэцэг дэлбээлэх мэт. Тэрээр тойныг хамт нисье хэмээн даль жигүүрээ дэлгэн тэргэлж буй саран мэт мишээж байлаа.

Тойн нисэхгүй, нисэхгүй хэмээн өөрөө өөртөө шивнэсээр байвчиг нэг л мэдэхэд бүсгүйн гараас барин нөгөөх байц хадан цохионоос хөөрлөө. Гоо дагина

– Бид нислээ. Миний гарыг бүү тавиарай гэсээр дээш хөөрөв.

-Одоо ямар байна? Гоё байна уу? гэх түүний дуунаар тойн сая амьсгаа авч

-Аахаа” гэж арай ядан бувтнавч чухамдаа бол хэзээ л юун дээр унах бол хэмээн айж, тас аньсан нүдээ нээе гээд ч нээж чадсангүй, тас атгасан гараа улам чангалан хөвсөөр…гэтэл унасангүй гэнэ. Сая нүдээ нээвээс түүний дор хорвоогийн бүх юм эрээлжлэн маналзаж өөрийн эрхгүй урсах улцан нулимсаа мөрөндөө шудран арчсаар хараа тогтоон ажваас тэнгэр газрын савслагад үнэхээр нисч явлаа. Эхээс унаснаас  хойш өдий хүртэл хөндлөн гулд туулсан төрөлх нутаг нь тэнгэрээс харахад тун сонин агаад насан туршид дунд нь байхдаа огтхон ч олж хараагүй нь, одоо өндрөөс үзэхүл огт өөр, алган дээрх судал мэт олон салаа уул ус, уужим  тал илбийн мэт хөвөрсөөр байв. Дээш эргэн харваас тойны толгой үзэсгэлэнт дагины хоёр гуяны хооронд байх аж. Гоо бүсгүй зөөлөн гуя хасаараа түүний хоёр хацрыг таалж, тэр ч бүү хэл, бүсгүйн амин нууц эм бэлгэ эрхтэн нь ч ив илхэн нүүр шүргэх шахам гэнэ. Эмэгтэй хүний амин нууцыг ийм ойрхноос харж дасаагүй тэрээр тэндээс ханхлах ер бусын содон үнэрт эр хэмээх мэнгэр нь хөдлөн самгардуулж бүр нүгэлд дуудаж эхлэв. ”Би чинь бурхны шавь шүү” хэмээн өөртөө ахин дахин хэлэвч энэхүү ялдам эрхтнээс тэрээр хараагаа салгаж чадсангүй. Сүмийн үнэр, номын дуунд дарагдсан эр онгод нь сая өдөлж буй галын дөл мэт улам хүчтэй шатаж байх шиг. Тойны зүрх улам хүчтэй цохилж, бүр савалж эхлэх даруйд арга буюу доош харав. Тэрээр дээш дахин эргэж тэр нандин зүйлийг дахин нэг харчихмаар санагдавч хүзүү нь түүний хүслийг тун чиг дагасангүй хөшчихөөд болдоггүй гэнэ. Тойн дотроо тунгааваас Бурхан багш лавтай түүний хүзүүг гацаасан бололтой. Энэ дор Балдан тойн бурхны ариун сургаал, номлол агуулсан тэргүүнээ эмийн салтаанд хавчуулсандаа нэгэнтээ гэмших авч ямарч эрийн зүрхийг дэлдэж, аазгайг хүргэх энэ увидаст эрхтэн, түүнээс ханхлах тачаам үнэр нь тойныг ер бусын их хүчээр нүгэлд дуудан тэсэхүйеэ бэрхээр шаналгав. Гэсэнч тэрээр бурхны сургаалыг санъюу гэвээс  чадсангүй, харин тэнгэрийн дагина эр хүнтэй “тэгдэг” болов уу хэмээх нүгэлт бодол түүний толгойд нэн түрүүнд эргэлдсээр буйг хөөж эс дийлэв. Ингэж шаналсны эцэст “Би чинь лам хувраг хүн шүү” хэмээн аман дотроо маань тарниа байн байн уншиж залбирсаар харж ханашгүй тэрхүү далдын хүчит эрхтнээс сая хараагаа нэг юм салгаж чадлаа. Тэртээ дор Бүрэнгийн нуруу дүнхийж ам бүхнээс нь садран буух гол горхи хайлсан тугалга мэт мэлтийн, Шувуутын голын дэнж дэх Дарь-Эхийн жасын шаргал ганжир наранд гялалзан түүнийг тойрон буусан гэрүүдийн тооноор хөх утаа чанх дээш суунаглан, чанагш хонин сүрэг сувд мэт цайран харагдав. Ниссээр өөрийн хот айлын дээгүүр гарлаа. Хүмүүс нь бүгд түүний танил байх атал тойныг хэн нь ч тоосонгүй, тэдний дунд тойн болохоос өмнө тааралдах болгондоо л үг өдөн, хацраа хонхойлгож хошуугаа цорвойлгон мишээж өнгөрдөг, залуу хүүхэн Тогоодулам тойны дуртай зутантай шаргал цайгаар хажуу дахь эрчүүдийг дайлан түүний зүг ууртайяа эргэн хараад :

“Үгүй ерөө. Өөрийгөө амьд бурхан багшийн шавь гээд бодчихсон энэ ламанцар яахаараа надтай ингэж хатуурхаж байдаг юм бол. Урд өмнө эр хүн шиг байсан энэ амьтан одоо бүр төрөл арилжаад тайган лам болчихож, бас тэгээд эмийн салтаанд толгойгоо хавчиулчихаад явж байгааг нь. Ийм байдлаар хэр удаан нисэхийг нь харах юмсан” гэх шиг тас намжирдаж байх агаад бусад хүмүүс түүний зүг харах ч үгүй гэнэм. Хүүхнүүдийн араас улайран хөөцөлдөөгүй эрчүүд тэдний эгдүүг ингэж хүргэдэг жамтайг тойн дотроо ийнхүү мэдрэв. Балдан тойн сахил хүртсний дараа энэ бүсгүйг үл тоомжирлосондоо ч бус дөнгөж бурхны шавь болчихоод яаж эм эргүүлэхэв гэж бодож явсан аж. Харин эл байдал Тогоодулам хүүхний эгдүүг тунчиг ихээр хүргэжээ. Он жил дамжин сүм хийдэд шавилан бурхны номлолд боловсорч хорвоогийн элдэв нүглийг тэвчсээр өдий хүрэхдээ Тогоодуламыг мөрөөдөх хүслээ тарнийн хүчээр номхруулж ухаан бодлоо төвлөрүүлэхийг мэрийвч нэг л болж өхгүй байснаа сая нэхэн санав. Балдан бороо салхинд нурах шахсан бор гэрийнхээ гадаа бууя гэвээс гоо дагина хүссэн  ёсоор нь болгов. Түүний гэрийн гадаа санваартан лам нар, саахалт айлынхан сая бүгдээр цугларч түүнийг гайхан тойрон бүчсээр эцэст нь элдвээр хараан зүхэж бүр занаж чичилж эхлэв гэнэ. Балдан тойн энэ ер нь биш болох нь хэмээн тэднээс дутаан хөөрөх гэтэл хүмүүс дороос нь татсаар тойн маань гоо дагинынхаа гараас мултарч хөх тэнгэрийн мандал өөд мөнгөн ширээдэс татуулан хөвж яваа түүний араас аврал эрсэн нүдээр гөлрөн ширтсээр өөрөө хийсэн үйл лайгаа өөрөө үүрэхээр уур хилэн нь оволзсон олны дунд үлдвээ зайлуул. Хүмүүс ч түүнийг тэр дор нь барьж хүлээд чирч явсаар сүмийнх нь өмнөх том манж тогоонд хийж “Чи ингээд нис, чи ингээд нис, одоо яаж нисэхийг чинь харъя” хэмээн занацгааж дор нь гал өрдөж эхлэв. Балдан тойн би дахин нисэхгүй, нисэхгүй гэж орилсоор хөдлөх гэвээс хөл нь хүлээтэй, хашгирах гэвээс хоолой гарахгүй, дээш дүрэлзэн тогооны амсар халих өлөн галын галзуу улаан дөлд тэсэхийн аргагүй хайрагдан хөрвөөсөөр… шавдан олбогоос сая шувтран орныхоо өмнөх шалбаагт унаснаар хар дарсан зүүднээс сая нэг ангижрав гэнэ. Ёо ёо ёо… Ээ бурхан сахиус минь, ашгүй зүүд байж хэмээн өндийж, бадайртал хөшсөн хүзүүгээ тэнийлгэн, хөлсөө арчин сая амьд буйгаа мэдрэв. Ийнхүү дээгүүр нь нисч гарахаар мөрөөдсөн ч бодит амьдрал түүнийг дахин газрын хөрснөө  буцаачихуй.

Үхлийн дэнсэнд нисэв

 Тэнгэр цэлмэж их үдийн аагим халуун ч шатлаа. Хамаг биеийнх нь хөлс цутган ам нь цангаж, хоолой нь хатсан Балдан тойн гэрийнхээ хаяан дахь борооны ус под под дуслах хавчиг модон хөнөгт толгойгоо дүрэн сэрүүцэж уушгиа тэнийлгэвч зүрх нь дүүжин мэт савалсан хэвээр байв. Тойн сая чухам юу болж өнгөрснийг эрэгцүүлэн тамын тогооноос салсандаа санаа нь нэг амсхийн, тэнгэрийн орны үзэсгэлэн гоо бүсгүйн салтаанд толгойгоо хавчуулан ниссэн тэр сайхан мөчийг дахин олж харахгүй болсондоо сэтгэл нь нэг гонсойвч бор гэр нь бороо салхинд  хөглөрснийг эмхлэхээр босов. Үүнээс хойш түүний бодлоос гоо дагины дүр зураг ер салсангүй ч, зүүдлэх гэж хичнээн мэрийсэн ч чадсангүй. Зүүд гэдгийг захиалж  ямар болох бишдээ. Гэсэнч хорвоогийн хосгүй үзэсгэлэнт нөгөөх бүсгүйн Дарь-Эхийн мутар мэт уран гарт нь хөтлөгдөн, хаврын яргуй атаархам анхилуун үнэрт нь хоргодох хээрийн салхиар амьсгалан, түүний нүцгэн салтаан дор нь бүхнээс дээгүүр өртөөлөн хөвж яваа тэр агшин, энэ ер бусын гайхамшгийг мартаж чадахгүй л явлаа. Тамын тогооонд галдуулах  нь түүнд ерөөс таалагдаагүй ч дахин нисэх юмсан гэх галзуу мөрөөдлөө орхисонгүй. Тэрээр шувууд хэрхэн нисч буухыг ямагт ажиглан зах хязгааргүй уужим хөх тэнгэрийн мандлаар хөвөн үүлтэй хамт гангинан нисэх нүүдлийн шувуудын араас яавал эд нар шиг нисдэг болох вэ хэмээн санаамшран ширтэнэ. Хэрэв нисч чадах бол нөгөөх гоо бүсгүйг дахиад нэг олоод харчих юмсан гэсэн битүүхэн мөрөөдөл түүнийг хатгасаар л…

Энэ удаа Балдан тоодгийн даль жигүүр олж өд сөд бүрээр нь задлан буцааж эвлүүлж үзээд өөрөө хийхээр зориг шулуудсан аж. Ингэж тэрээр  хэрэгтэй зүйлсээ аваад Тойгон толгойн агуйд хулуун гарч амьтан хүний нүднээс далирав. Зүүдэнд үзэгдсэнээ санан санан байж нэгэн жигүүр хийсэн нь, нисч үзэхийг тэсч ядам дэгэлзүүлэх гайхам эд болжээ.

Балдан тойн жигүүрээ авч Тойгон толгойн орой өөд явж байтал, сураггүй болсон түүнийг хайж явсан лам нар олж харснаар түүний бүх нууц ийнхүү илрэв. Задарсан дэггүй тойныг энэ удаад зүүдэнд нь бус зүрхэнд нь ортол торлон шийтгээд арайтай л хийдээс хөөсөнгүй үлдээв гэнэ.

Түүнээс хойш Балдан тойн нөгөөх явдлыг мартаж байтал бас нэг сонин явдал тохиожээ. Тэрээр энэ өглөө босоод хартал чөдөртөй хашин хээр нь бас л алга. Гэхдээ  зүүд нойронд нь бус үнэхээр байдаггүй гэнэ шүү. Хайсаар хараа ч чилж, хэлсээр хараал ч дуусч. явсаар нөгөө л Тойгон толгойнхоо орой дээр гарч орчныг ажваас хээр морь нь хав ойрд алга, харин өмнөх халцгай дээр нь мөн л нэг цагаан юм байна гэнэ шүү. Гайхсаар дөхөн очтол өөрийнх нь урласан нөгөөх даль жигүүр яах ч аргагүй мөнөөс мөөн. Тэрээр өөртөө итгэсэнгүй “Би бас л зүүдэлж байна уу? хэмээн нүдээ ахин дахин арчивч зүүдлээгүй аж.

 Харин жигүүр дор нөгөөх гоо дагина л алга гэнэм. Аливаа хүн амьтан ялгаагүй  нууц бүхнийг тайлж ямагт түүний  учрыг олохоор амь тавин  зүтгэдэг далдын хүч дотроо агуулж байдаг шүү дээ. Ингэж хорвоогийн хүмүүн амьтан хөгждөг жамтай ажгуу.

Балдан тойн битүүхэндээ бүсгүйг хайсаар байц хясаа өөд мацлаа. Тэртээ дээр хөх тэнгэрт үзэсгэлэн гоо бүсгүй өмнөөс нь даллан мишээх мэт манхан шарга наран анивчсаар л байх ажгуу. Балдан нисэхийг үзэх хүсэл зөн совиндоо хөтлөгдөн хясаа хаданд дөхсөөр байц ирмэгт хүрч бүтсэн ч, бүтээгүй ч бодсоноо хийхээр даль жигүүрээ хоёр гартаа бэхэлж авлаа.

Амгалан нойрссон орчлон гэнэт хувьсан, асар хүчит хар  салхи хөдлөв гэнэ. Онгон тэнгэрийг эзэгнэж огторгуйг бүхлээр нь ч юүлчихмээр уулын хар салхи түүний есөн сүвийг нэвт үлээж найгүй их хүчээр хоёр хөлийг нь газрын хөрснөөс ховх татах мэт болоход энэ эрчээр даль жигүүр амилан, нисэх дур хүсэлдээ бүрмөсөн автсан түүний бүхий л бие, мэдрэхүй нь тэртээ дээр хуйлран харлах аймшгийг ч ер тоосонгүй өөд тэмүүлсээр жигүүрээ дэлгэхэд уулын дагшин салхи түүнийг газрын хөрснөөс ховхлон  байц хаднаас тэнгэр өөд авч одвоо. Балдан тойн дээш туугдан эх газраасаа хөндийрч тойгон толгойн орой дээрээс ингэж хөх тэнгэрийн мандалд хөөрлөө. Өндрөөс доош унадаг атал одоо тэр дээш тэнгэрт хөөрч байна. Энэ бол түүний эртнээс мөрөөдсөн хүслийн жигүүр байлаа.

 Хүн болж төрсөөр үзээгүйгээ үзэж, үүлтэй тэнгэрээс доогуур, үзүүртэй модноос дээгүүр үлгэрийн юм шиг хөвж эхэлснээ гэнэт салхины эрч сулрахад даль жигүүр шалчийн доош шунгав. Тэртээ дор хайлсан тугалга мэт гөлийх цүнхэл усны толионд ойртох тутам айдас улам нэмэгдсээр одоо үхлээ яанаа гэтэл хар салхи түүнийг дахин дээш нь хөөргөн үхлээс суга татан авлаа. Балдан тойн дээш хөөрөхөд нэг дотор нь тэнийж, доош унахад нэг агшин, газар тэнгэр, үхэл амьдралын дунд ганц хуруу зайтай хөвсөөр энэ удаад уулын хүчит эзэн түүнийг дахин доош нь бүр шидсэн чулуу мэт орхичихуй. Агаарт хөвөх хүсэл мөрөөдлийг нь амилуулсан даль жигүүр нь одоо түүнийг үхлийн зам руу улам хүчтэй тууж хөл дор газар дэлхий хөмрөх шиг болов. Энэ ахархан хоромд өршөөлгүй ойртох тэр аймшигт мөчөөс урьтан сүм хийдэд сүжиглэн цээжилсэн “Бурхан багшийн налчог” хэмээх тарнийг хэльюү  гэвээс тэрхэн зуурт чээжээр мэдэх тангад маани толгойд нь орж ирсэнгүй, хар эрчээр доош буухдаа өөрийн эрхгүй “ээжээ” хэмээн дуу алдсан хэвээр цүнхэл усанд  пид хийн унав. Чээжилнэ гэдэг чээжинд бус тархинд хадгалагдах ой санамж тул ийм үед яг чээжилсэн ч таг мартагдаж төрүүлсэн эх, төрөлх хэл нь нэн түрүүнд  орж ирдэг жамтай ажгуу. Балдан цүнхэлд бүхий биеэрээ умбаж дээш гарахаар пул пал хийлгэн зүтгэх дор их усны нөөлөг түүнийг улам доош нь сорлоо. Саяхан үхэл рүү хөтөлсөн нөгөөх даль жигүүр энэ удаад дээш хөвөхдөө түүнийг усны мандалд гаргаж, тойн даль жигүүрээ шувтлан хаяж эргийн бургаснаас амь тавин зуурсаар үлдвээ. Гараас нь мултарсан даль жигүүр их урсгал даган хөвсөөр аажмаар бараа алдарч ногоорон эргэлдэх цэнхэл усны мандал юу ч болоогүй мэт дахин гөлийсөөр орчин тойронд нам гүм болов. Хэдхэн мөчийн дотор биелэсэн түүний тэнгэрт хүрэх мөрөөдөл мөн төдхөнд алга болж түүнийг газарт ийнхүү орхив. Балдан тойн хар тэнхээгээр зүтгэсээр эрэг дээр гаран энэ цүлхэнд хоёр дахь удаагаа үхлийн дэнсэнд амьд үлдэв одоо ч би ажрахгүй болов хэмээн бодсоор ухаан балартжээ.

Энэ үдэш түүчээ хүрэн шараа модон торхтой тэргэндээ хөллөн усанд явж буй Тогоодулам хүүхэн Тойгон толгойн өвөр дэх цүнхэл усны халианд нэгэн хүн ухаангүй хэвтэж байсныг олсон нь түүний сээтэн хаядаг нөгөөх Балдан тойн байв шүү. Тогоодулам түүнийг үхэр тэргэндээ ачин гэртээ авчран тойлсоор сэхээв.

 

Тогоодулам

Балдан тойны дуртай зутантай шаргал цайны ааг хамар цоргин, дөрвөн хасаг тулганд дүрэлзэх хөх аргалын зүггүйхэн улаан дөлийн гэрэлд тос даасан толигор царай нь зусаг хонины нялх уураг мэт ягааран туяарсан Тогоодулам хүүхэн тойны зүг хацраа хонхойлгож хошуугаа цорвойлгон мишээсээр айргийн хул мэт том модон тагшаар дүүрэн зутантай шаргал цайгаа мэлтэлзүүлэн барилаа. Балдан тойн уур савссан цайг хоёр гардан авч тагнай түлэм халуунаар аяганы амсарт ууруулаа хүргэн алдан шоржигнуулж сорсоор дундлаж сая ёроол дахь өтгөн зутанг амтархан үмхэлж дуусангуут ургаш өндийн тагшаа тосч дахин нэг дүүргүүлж аваад эргэж тухлан суулаа. Одоо тэрээр наалинхай бүсгүйн дан дээлний энгэрээс хүч түрэн сэртийх хоёр хөх, эм биеийн үзэсгэлэнг бэлхэнээ илтгэх уян налархай бэлхүүс хавьд харц алдан тэсэхүйеэ бэрхээр шохоорховч насны намба, ламын ёсноос жихүүрхэн шууд халдчихаж нэг л болж өгсөнгүй тул яасхийж  түүнд ойртох билээ хэмээн бодол ургуулж эхлэв. Мань эр сахил хүртсэн ламын дүр эсгэн байж хулгайн нүдээ бүсгүйн бэлхүүс, хөх рүү сэм гүйлгэн аяганыхаа амсар дээгүүр ажих дор хурал маанийн нүргээнд номхорсон хонин бор нүд нь салхи үзсэн цог мэт сэргэжихүй.

 Шавар шороотой хутгалдан бартаг суусан нүүрнээс нь улаа бутарч дух, хоёр шанаагаар урссан хөлсөө цамцныхаа ханцуйгаар шудран зутантай халуун цайнаасаа хааяа нэг оочлох дор, одоо бүр гоонь эрийн тэнүүлч өлөн нүдээр гоо бүсгүйг шунамгайрхан ширтсээр л.  Ингэсээр тэр яавч тэссэнгүй. Тойн ургаш дөхөн залуу бүсгүйн нимгэн пансан бошинзных нь хормой доогуур гараа явуулваас Тогоодулам тоох ч үгүй гэнэм. Тэгэхээр нь шилбэнээс эхлэн бүдүүн гуя, бондгор өгзөгийг дагуулан илвээс Тогоодулам нүдээ хагас анин ичингүйрч нүүрээ даран байвчиг түүний гараас өчүүхэн ч холдсонгүй, хөлс даасан ягаан царай нь нууцхан мишээлээр гэрэлтэж мань эрийн иймэрхүү авирыг тэвчихээр үл барам харин ч өөгшүүлэх шинжтэй байх нь тойныг улам ч зоригжуулав. Түүний энэ түрэмгий үйлдлийг тэвчин өнгөрүүлэх аягтай Тогоодулам хүүхний эл байдлыг нэгэнт мэдсэн тойн аян шалтаг улам цаашлан түүний өмднийх нь захаар гарынхаа долоовор хурууг дотоож  руу гулгуулахад бүсгүй

-Хүүеэ. Та яаж байгаа юм бэ? Би ичиж байншдээ хэмээвч яг үнэндээ бол нэг их ичиж бэргээд байсан ч юмгүй, түүний гарыг тэр ичимхий наньдгай газраасаа үтэр зайлуулах нь байтугай холдуулсан ч үгүй харин чиг түүн рүү дөхөс хийн дуртай нь аргагүй ноолуулсаар л байв. Тойн улам цааш гараа явуулан цавь цуухай, нуудгай эрхтэнг хөвөөлсөн тачир зөөлөн эдийг дагуулан гулгуулсаар ер нь л нууц гэсэн бүхнийг нь илэн таалахад Тогоодулам хүүхэн “ий, ий” хэмээн дороо хавчигнан аахилж тойнд улам дөхсөөр түүний өмнө дуртай нь аргагүй сөхөрлөө. Тойн ч тэр дор энгэрийг нь ухан түүний чилгэр хоёр хөхийг ээлжлэн үнсэж үлгэсээр суутал ичиж бэргэхээ хэдийнээ огоорсон Тогоодулам хүүхэн даанчиг удаан тэвчсэнгүй нэгэнт шувтарсан өмд, хоёр гутлаа гараа ч хүргэлгүй жийж орхиод тойны өвөр дор өөрөө гулган орж эм биеийг сул орхивоо.

Дээлийн товч гар дор алдарч хэн хэнээ үгүйлсэн эр эм хоёр биесийн дур цангааг тайлахаар хүслийн халуун орноо тэмүүлэн, тачаал хуялаар долгисон янагийн их далайд хөл алдан умба ваа. Газар тэнгэр шүргэлдэх мэт, гал ус авалцах мэт ламтны  дороос  унаа эдэлгээнд амар номхордоггүй эмнэг хангал шиг янаг Тогоодулам хүүхэн тэсэхүйеэ ихээр тачъяадан биед нь хүрсэн газар бүхнээс халуу дүүгэн зөөлөн эрхлэнгүй янаглал, яльгүй тачаангүй ааш, нууцхан гинших амьсгаа, оргилон ундрах дур хүслийн халуун, тойныг бүрэн эзэмдэж авлаа. Эм хүнд хэдхэн хормын дотор ингэтлээ хайр алдрахыг үзээгүй явсан тэрээр байгалиас заяасан мэдрэмж зовиндоо хөтлөгдөн сахил санваар, винайн ёсыг хэдийнээ умартаж залуу сайхан бүсгүйг хүсэмжлэх дур сэрэл нь тэсгэлгүй бэрхээр хөөрөгдснийг дарж яахан чаднав.

 Хурмастын дагиныг тэвчин өнгөрөөсөн тойн ламтны хатуу тарни, хөдөөгийн бүсгүйн өмнө хүчин мөхөсдөж түүнийг бурхан шашинтай нягт холбосон олон сүлжээ уяанаас хамгийн эмзэг нь ийнхүү алдарлаа. Залуу янагийн тачаангуйг ч хэлэх үү, зуны шөнийн татангыг ч хэлэх үү, аргалын дөл ч бөхөж, ахархан шөнө ч алирч, гадаа ч гэрт ч чив чимээгүй болов.

 Эхлээд галзуу улаан дөл шиг шатсан эр, эл хэргээ бүтээгээд эгээ л хөх аргал шиг унтрав. Анир чимээгүйн дунд зуны зөөлөн салхи намжихад тулган дахь  цог ч загсаж, залуу эмийн хайраас  “сахил” хүртсэн лам ч шалчийж гагцхүү хаа нэгтээ жиргэн үүр хаяарахыг өршөөлгүй зарлах эртэч шувууд лам хувраг хүнд тохиож болох олон нүгэл дундаас тойны үйлдсэн энэхүү нэгийг нэхэн сануулах мэт жиг жуг шулганалдсаар үүр гэгээрч эхэллээ.

 Бэлгээс нэхсэн алжаал тайлагдаж, эм биеийг эзэмдэн энгүй сайхныг олж амссан гоонь эрийн цатгалан дүр төрх маасайн, сая царай орсныг үзвээс Тогоодулам хүүхний чанасан зутантай шаргал цай, тун чиг тачаангүй ариншин, түүнийг гаднаас нь ч, дотроос нь ч, бүр сэтгэл зүрхийг нь ч нэвт халаасан нь лавтай. Тогоодулам бүсгүй энэ богинхон шөнө түүнд эр хүн болж төрсөөр олон жил олж мэдрээгүй бие, сэтгэлийн жаргалыг давхар эдлүүснээр цоо шинэ ханамж, хүслэнг авчрав. Ингэж Балдан тойн үдэш бүр очиж үүр шөнөөр буцдаг шинэ замтай болвоо. Бие сэтгэлийн ханамж эдлэх гэдэг бүхнээс хүчтэй зүйл ажгуу.   

Сор залсан өглөө

 Энэ өглөө Балдан тойн Тогоодуламынхаас гарч хашин хээр морио хааяа нэг давиран, өөрийн дуулах дуртай “Эр бор харцага”-ыг шуранхайлан шогшсоор гэртээ ирэх замд олон лам нар нэгэн том юм дамжлан түүний араас бүрээ бишгүүр янгинуулж, хэнгэрэг дамар дүнгэнүүлсэн лам нарын араас морьтой явган бөөн хүмүүс дагалдан яваа уртын урт цуваатай тааралдав гэнэ. Очвоос тэд сор гээчийг залж яваа ажгуу. Гай барцат, аюул гамшиг, элдэв хорон муу үйлээс сэргийлэн, муу бүхнийг үхлийн хар зам руу нь тонилгож чөтгөрийн идэш болгодог дагшин тарнийн хүчтэй, хувилгаан хурц шидтэй зүйл бол сор залах үйл яах аргагүй мөн. Энэхүү урт цувааны өмнө дөрвөн том  лам бүдүүнээс бүдүүн муна шийдэм чирч өмнөх зам чөлөөлж, сорын дөрвөн жигүүрт гартаа жангийн цахиур буу, цээжиндээ хуяг, дуулга агссан дөрвөн хар хүн, тэр дунд сор залагч лам, араас аюул занлыг зайлуулагч Авид бурхан, аливаа мууг дарах ер бусын хүчит, шашны үйл ёсны их хаан Махранз сахиусын ертөнцийн дөрвөн зүгийн дүр, түүний дараа сандан хэмээх аварга том хоёр үхэр бүрээ, асар том хэнгэргийг тус бүр хоёр залуу лам дамнуургаар мөрөвчлөн,түүний  ард нь бүрээ үлээгч, хэнгэрэг дэлдэгч тус бүр хоёр лам өмнөхтөй хөл нийлүүлэн алхах хэмд бүрээгээ татан хэргэргээ дэлдэх авай. Эдгээрийн нүүргэлтэх дуу ойр хавийн уул талаар цуурайтан тэнд хорогдох нүгэл хилэнцийг үргээн хөөх мэт. Сая түүний араас дөрвөн лам сангийн бойпор барьж сан тавьж явах агаад чанагш өндөр оройт гомшоо хэмээх шар торгон малгай өмсөж улаан хүрэн орхимжоо намируулсан бусад лам нар, замд нийлсэн мөргөлчид ар араасаа дагалдан уртын урт цуваа үүсгэн хөврөх нь алсаас харахад үлэг том аварга эрээн могой элдэв хар нүгэл, гай барцат, муу муухай бүхнийг хэвлийдээ тээн үхлийн орон луу тонилгон амин золиг болгохоор гулгах лугаа адил.

Сор залах үйл бол тийм амар зүйл биш аж. Онцгой их нямба хийж бүх зэрлэг дагшин онгод, бурхдын дундаас хамгийн догшныг нь бясалгаж ер бусын ид шидийг олсон энгүй их нямбат лам хүн нь л гагцхүү түүнийг залж чадах билээ. Энэ үйлийг оройлон яваа сор залагч ламын өмссөн, зүүсэн бүхэн үнэнхүү гайхам, бараа сүр бүхий тодоос тод, содноос содон агаад түүнийг харсан хэний боловч сэтгэл сэртхийм аймшиг, сүжиг бишрэлийн гүн хүлцлийг нэгэн зэрэгт төрүүлнэ. Толгойдоо очир, очирын дор жинстэй хохимой, түүний хүрээгээр дүрэлзэх гал дөлийн чимэгтэй бас нэг ер бусын унжуурагт малгай байх агаад энэ унжуургад рүүжин хэмээх хүний ясаар хийсэн хохимойг шанаанаас эхлэн зургаан бие хэсэгт унжуулан бусдаас элдэв ороолон, буг чөтгөр, үхдэл хүүр, элдэв муу муухай бүхнийг дүрслэн зүүсэн нь ламын алхам бүрт тал тал тийш үсчин эдгээр алибан хар лус шимнүүсийг урж тасдан үхдэл болгон хаяж байх шиг. Түүний өмссөн товшмол цагаан ултай, ээтэн хоншоор дээрээ эвэртэй энэ шидэт луучин гутлын доод биед өнгийн утсаар усан хээ угалз шаглан, дээгүүр үүлэн хээгээр ороосон түрийг улаан, цагаан хэлхээ шүрээр ханын нүд мэт сараажлуулан, түрийнээс зулаг, хоншоор хүртэл үүлнээс доош газар лугаа унжихдаа аянгын галаар тургиж буй догшин хөх лууг дүрслэн чимсэн нь түүний барагдашгүй их сүр, баригдашгүй нөр хүчийг илтгэнэ. Энэ ламын хөдөлгөөн огцом,  дүр догшин, нүүр царай үхээрийн өнгөтөй, аяганаасаа бүлтрэх шахам эргэлдэх цэхэр хоёр нүдний харц ширүүн бөгөөд ард нь яваа цахиур бууны ам мэт хүйтэн харагдана.  Шанааны таг хэмээх далбигар том малгайг бүчилсэн цусан улаан өнгийн бүч нь хоёр шанаанд нь чивчирч чамархайн судас нь далд орсон тэрхүү хэсгээр хар хөлс нь цувж эрүүн доогуур зангидсан улаан бүчний үзүүрийг даган доош дуслах нь догшин шидэт лам нүгэл хилэнц бүхнийг цусандаа уусган аваад гадагш халиан асгаруулах мэт.

 Догшин ламын алхаа гишгээ, хөдөлгөөн бүр нь бүрээ бишгүүр, цан хэнгэргийн  нэгэн янзаар зүрх зүсэм гэншин янгинах хэмнэл дор үргэлжлэх агаад одоо тэрээр амьд хүн гэхээс илүү ид шидэд хувилсан ергэл сахиус гэмээр. Харамга хэмээх үзүүртээ сэрээтэй бариулаас нь яс, шавар балингаар урласан олноос олон хохимой толгойг хэлхэж унжуулсан урт таягаараа ийш тийш даялан, даагдашгүй олон өмсгөл бүхий данхар толгойгоо хоёр тийш сэгэлзүүлэн дамар мэт савчиж, дориун цэгцээр ухас ухас хийж нүглийн ёрийн шидэмсд дөнгөлөгдсөн хохимойнуудаа тал тал тийш үсчүүлэн алхлах дор ээтэн гутлынх нь цагаан ул тэртээ холоос гялс, гялс хийн харагдана. Түүний өмссөн алд шахам өргөн ханцуйт эрээн хувцас, түүнд зүүж унжуулсан зээ ваазын дэнхэр толгой бүхий энэхүү догшин дүрийг хараад энэ бүхний хажуугаар өнгөрөх ямарч хүнд цус царцааж, зүрх шимшрээм аймшгийг төрүүлэх ажгуу. Үүний араас модоор хийсэн гурвалжин сараалжны ёроолыг тойруулан үлээсэн өлөн гэдсээр ороож хажуугаас элдэв шидэмс зүүсэн сор хэмээх нөгөөх айхавтар зүйлийг хоёр залуу лам дааж ядан дамжилж явлаа. Энэ сараалж дор шанам малгай, орхимж бүхий нэгэн лам хүнийг дүрслэн түүнийг тойруулан балин жалсай өрж, доод талд тойны урласан нөгөөх даль жигүүр, дээр нь элдэв муу муухай алибан хар савдаг, хувхай яс, хохимой толгой, ёдор, сэг зэм зэргийг зураглан өлгөж хог новш дунд асгасныг ажваас яах ч аргагүй тойныг нунж доройтуулан дуурайлгасан илт байнам. Тэдний араас Авид бурхан, аймшигт дөрвөн Махранзын хамт сүртэйеэ алхлан бусад даган баясагч олон лам нар цан хэнгэрэг, бүрээ бишгүүр хангинуулан гүрэм маань уншин элгэн хүрэн орхимжоор өвч биеийг бүтүү ороож өндөр оройтой овоодой малгайг толбигжээ. Замаас нийлэгсэд бусад хүмүүс энэ ер бусын сонин ид шидийг олж харахаар үхэн хатан тэмүүлмой. Эдгээрс зүгийн мууг баримжаалан Тойгон толгойн зүүн суганд очиход өмнөөс хуурай мод, хамхуул сүрлээр өрж бэлдсэн овоодойд нэгэн лам гал оруулав. Хатсан сүрэлд гал хүрмэгц дээш дүрэлзэн авалцаж, хуурай мод чад пад хийн галын дөл хормын төдийд улам бадарсаар сор залах үед дээд цэгтээ хүрч бөөн хар утаа үнс дээш олгойдов. Хоёр лам ян даавуун дээр зосоор бичсэн тэрс номтныг дарах догшин сахиусын тарнийг урт ишт ац модонд тэлж уяад хоёр талаас галын оройд барин шатааж эхлэхэд сор залагч нөгөөх ламын хөдөлгөөн улам ширүүсч, гялдаа чимгээ гялалзуулан ийш тийш үсчин дэвхцэж олон өмсгөлт толгойгоо данхалзуулан савчиж хоёр нүд нь эргэлдэн амнаасаа  хөөс цахруулсаар уур хилэнц нь улам ундарч онгод нь орж эхэлвээ. Хоёр хүн арай ядан дамнаж ирсэн нөгөөх сорыг ганцаар ер түүртсэнгүй цар тавиур дээрээс ховх татан өргөөд агаарт хий эргэлдүүлэн галын дөлд хэдэнтээ дүрж самарч байснаа нүдээ тас анин дүрэлзэн буй галзуу улаан гал руу амин золиг болгохоор шидэж орхив. Араас нь хар хадаг ишинд нь уясан Пүрэв хутга хэмээх нэгэн мэсийг элгэн дороосоо суга татан гаргаж мөн л хэдэнтээ галд хий дүрэн самарч байснаа гэнэт пүү пай, пүү пай, пай чогжий, чогжий хэмээн муухайгаар орилоход цахиур буут эрчүүл нэгэн зэрэг пин пан хийлгэн, цан хэнгэрэг бүрээ бишгүүр цөм нэгэн дор улам чангаар янгинаж сор залагч болон даган баясагчид, хурсан олны сэтгэлийн хөөрөл туйлдаа хүрсэн байв.  Сор залагч лам гараа тэнгэр өөд өргөн амандаа тарни уншиж дуусаад тэргүүнээ доош гудайлган хөдөлгөөн нь улам бүр удааширсаар түүнийг даган бүх чимээ шуугиан намжлаа.

 Дүрэлзэж буй галын дөл аажмаар бөхсөөр төдөлгүй гал намжихад, хавь орчин чив чимээгүй болж сор залагч ламын хөл нь гуйвж бие дайвсаар аймшигт Авид бурхныхаа өмнө ухаан тавьж өөрийн эрхгүй хөсөр унав. Түүний араас төдөлгүй бүх дагалдагч лам нар, мөргөлчид нэгэн зэрэг хуйлран сөгдөцгөөлөө. Сор залагч ламын сүнс нь өвч биеэсээ дайжин оджихуй. Сөхөрсөн олны дундаас нэгэн лам гүйн ирж даржин хэмээх таван өнгийн хив хадгийн нэг үзүүрийг ухаангүй хэвтэгчийн гарт атгуулж нөгөөхийг өөртөө барин түүний сүнсийг эргүүлэн дуудах тарни уншсаар байв. Сор залагч лам үхсэн мэт хэсэг хэвтэж байснаа сая өөрийн биеэс нь зайлан одсон сүнс нь эргэн ирснээр олон давхар малгайт толгойгоо дааж ядан өндийж нүдээ аажмаар нээн хоёр гараа дээш өргөн аливаа амьтны амар амгалан, эх болсон зургаан зүйлийн ерөөлийг уянгалуулан дуудаж эхлэв. Эгэл хүн байтугай эрлэгийн эзэн үнхэлзэг нь хагармаар энэ үйлээс Балдан тойны нүд хальтирч, зүрх зүсэм энэ нүгэлт газраас үтэр түргэн холдохын түүс болж “Ээ Базарвааны хум пад суухаан, Ээ Базарвааны хум пад суухаан” хэмээснээ үглэснээ “Дүйбай санба лайжинба, дүвшин шүгва гүнжисан хэмээн ойр ойрхон үглэж дээр санаанд нь бууж ирээгүй нүгэл наминчлах сая санан амандаа уншсаар явлаа. Сор залагч лам сая хөл дээрээ тэнтэр тунтар тэнцэн босоход нь совон лам тусалж бусад олон лам нар мөргөлчдийн хамт нүглийн газраас холдов. Тэрээр давхар давхар алаг эрээн хувцсаа дааж ядан олон нугалаат малгайгаа гартаа барин бүлтрэх шахам байсан хоёр нүд нь ухархайдаа ширгэн, хөлөө чирч ядан сажилж явааг харахад саяын бурханлаг гэхээсээ илүү буг чөтгөрийн гэмээр энэ үйл түүний хүч чадлыг бүрмөсөн шавхсан лавтай.

 

Зовлон  жаргалын ээдрээ

Сайн муу нийлж сав нь дүүрдэг хорвоод зовлон жаргал, нүгэл буян, бурхан чөтгөр цөм нэгэн дор оршдог бөлгөө. Үйлийн үрийн дэнсэн дээр үхэл, үүсэл хоёр ээлжилж  байдаг юм даа энэ нүгэлт хорвоод. Гэрэл үзээгүй бол харанхуйг үл мэдрэх, зовлон амсаагүй бол жаргал үл мэдрэх, диваажин үгүй бол  бүхий л  амьтан там дор тарчлах буйзаа.

Тогоодулам хүүхэн Балдан тойнд хэзээ ч амсаагүй жаргал, хэн ч хүсэмгүй зовлонг нэгэн зэрэг авчрав. Түүнтэй учрах мөч бүр урд өмнө хэзээ ч үзэж мэдрээгүй дээдийн дээд ханамж байлаа. Энэ бол зөвхөн өвч биеэр үзэхээс, үгээр илэрхийлж үл болох зүйл. Үүнийг тэрээр туйлын ихээр хүсч байв. Ингэж Балдан хэмээх нэгэн бодьгал дотор хоёр ангид Балдан оршиж өөр хоорондоо өглөө, оройдоо зөрчилдөх болвоо. Нэг нь дур тачаалдаа автсан эр Балдан, нөгөө нь эмд ойртох цээртэй бурхны шавь Балдан. Энэ бүхнээс нүгэл үйлдээд жаргалын дээдийг эдэлж буй хэмээх бодол түүний сэтгэлийн гүнд үргэлж эргэлдэж тэрхүү эргүүлгийн голд нь ил гаргаж болдоггүй энэхүү зовлон нуугдсаар л байлаа. Лам хувраг хүн эмд ойртох цээртэй ч огтхон ч түүнгүйгээр амьдрах аргагүй байгалийн жамыг биеэр амссан Балдан лам ахин дахин тунгаасаар одод түгэхэд Тогоодуламынх руу өөрийн эрхгүй яаран морддог болжээ. Гэсэнч түүний үзсэн шашны ном, сургаалд  нь бурхны өмнө буруутай хэмээх нэгэн бодол амар заяа огт үзүүлсэнгүй. Тойн тунчиг адармаатай энэхүү явдлынхаа хариуг эрсээр өөрийн найз ловон ламдаа энэ зовлонгоо ярьжээ. Ловон лам түүний яриаг сонсоод нэг ч их гайхсангүйг бодвоос тэрээр иймэрхүү зүйлийн учрыг аль хэдийнээ олж ард нь гарсан бололтой. Ловон өгүүлрүүн:

-Эр эм хоёр хайр сэтгэлийн дуудлагаар бэлгийн ажил хийхэд оюун ухааны алжаал тавигдаж хэн хэндээ харилцан оюун санаа, сэтгэлийн тэнхээ нэмдэг учир бий.  Өөрийн сэтгэлийн илчийг бусдад бэлгийн замаар дамжуулах нь нүгэл байх учиргүй тул хүмүүн төрөлхтөн оршин тогтнохын үндэс болдог. Харин түүнийг буруугаар ашиглах  нь нүгэл болох тул  нэг л эмтэй бэлгийн ажил хийж  бусдыг тэвчвээс зохино гэлээ.

 Үүний дараа Балдан ламын толгой бүр ч  эргэж орхив. Тэрээр  орой нь сүмдээ ирж энэ хийдийн гол шүтээн Бурхан багшийнхаа эрхэмсэг дүрийн өмнө сөгдвөө.

-Бурхан багш минь намайг өршөө. Нүгэл үйлдэх муу хүслэн ёрлон дагуулсан шавь чинь Таныхаа өмнө мөргөж байна. Би нэг хүүхний тухай үргэлж бодож бүр түүнтэй биеэр ойртохыг тэсч ядан хүлээх боллоо. Нүгэл минь дэндэж байгааг мэдсээр ч мартаж үл чадах, харин ч бүр даруй түүнтэй учирахыг мөрөөдөн хүсэмжлэх бодол минь өөртөө дийлдэхээ больж, далдын хүч намайг эзэмдэв. Бушуухан түүнийг нүцэглэн, чармайн нүцгэн биеийг эзэмдэж тачъяадан гинших дууг нь сонсох нь надад дээдийн жаргал мэт санагдсаар өөрийн эрхгүй тэр зүгт л орой болгон яарах боллоо. Мартъюу гэвээс энэ хяслант бодол надаас ер салахгүй сүүдэр мэт даган зовоож байна. Эрлэгийнд очъюу гэтэл хийсэн нүгэл минь араас чангаагаад болдоггүй. Их багш минь өршөө. Таныхаа өмнө орчих замаа хайсаар ээдрээт амьдралын сүүдэр дунд төөрч яваа шавь чинь аврал эрж ирлээ. Мэргэн ухаанаа соёрхон хайрал хэмээн мөргөсөөр байвч түүний ярьсан хэлсэн бүхэн зөвхөн өөрт нь л асуулт болон эргэж өөрөөс нь л хариу нэхээд байх шиг.

 Мөргөлийн ариун сүм  дотор лай ланчигтайгаа гав ганцаар үлдсэн Балдан олон бурхдын дунд хоёр шавийнхаа хамт амар сахин тухлан суугаа Бурхан багшийнхаа аварга том дүр өөд аврал эрсэн хүлцэнгүй харцаа дэвсэн өндийвөөс тэрээр тойныг огтхон ч тоосон шинжгүй, бүр дүлий дүмбэд хувилсан мэт таг чиг болжихуй. Зүүн мутраа өвдөг тушаа тавин, баруундаа  бумба барьсан мөн л хэвээрээ түүний хэлснийг огтхон ч сонссон шинжгүй ажиг ч үгүй суусаар л гэнэм. Доод тавиурт өрсөн олон арван зулын гэрэл, гал нүүрнийх нь  зөвхөн доод хэсгийг тодруулж тэртээ дээрээс өлмий дор нь буй хэнийг ч, юуг ч үл анзаарсан шинжтэй агаад түүний гэгээн мэлмий бүр тэртээ дээгүүр алсад чиглэсэн байлаа. Энэ бүхэн түүнд өөрөө үйлдсэн үйл лайгаа өөрөө үүрэхээс өөр аргагүйг хэлээд байх шиг. Тэрээр Бурхан багшийн мэлмийд өртөж, сонорт хүрэх арга даанчиг алга тул өөртөө л найдахаас өөр замгүй болов. Одоо Балдан тойн дотроо өөртөйгөө ярьж эхлэв.

 -Бурхан багш намайг Тогоодулам тийш очихыг хоригловол би яах юм?  Очихгүй байж би чадна гэж үү? Би тэгээд бурхнаасаа өөр ямар хариу хүлээнэм. Тогоодуламд очихгүй байж чадахгүйгээ мэдсээр байж зөвхөн л өөрийгөө л зөвтгөх арга хайж, санаагаа амраахаар яваа бусуу хэмээн бодон санаа алдарч суулаа. Энэ бодол нь түүнийг тайтгаруулах байтугай харин бүр ч уй гунигт живүүлэв. Бурхан багшийн тоомжиргүйд ч бус ерөөс түүний хүсэмжлэн үйлдсэн эл явдал нүгэл мөн үү. Хэрэв тийм бол би  юуны учир тэсгэлгүй ихээр  хүсэмжлэх болов. Одоо тэрээр гав ганцаар эл байдлын  өмнө сөгдөн сууж буй.

Бурхны шавь хэмээх амьд хүн, шашин шүтлэг хоёрын хооронд тэс хөндөлдсөн, учир начир нь үл ойлгогдох эл байдлын дунд ганцаардаж буйгаа Бурхан багшдаа хэлж энэхүү ээдрээд амьдралын урсгалд алмайрсан сэтгэлээ нээж санаагаа амраах гэсэн чин хүсэл нь талаар болсонд тэрээр ийнхүү гутарчээ. Гээд түүнд юуны буруу байхав дээ. Бурхнаа дагаюу гэхээр бие нь шаардаад, биеэ бодъюу гэхээр амь зуулгаасаа салах гээд байдаг. Ингэж элдвийг бодож суусан түүний толгойд гэнэт нэг сонин бодол өөрөө аяндаа л буужихуй. Ерөөс би аль алинд нь .. гэснээ гэнэт зог тусав. Эл бодлоо тэрээр “Бурхан багш намайг сонслоо шүү” хэмээн ихэд догдлов. Энэ үед Бурхан багшийн төгс гэгээрсэн гал нүүр нь улам амирлангүй дүрээр тодорч мэлмийд нь туссан олон зулын гэрлээрээ аз жаргалын илчийг тойн руу цацруулсныг нүүрийг нь үлээж буй зулын үнэр шингэсэн бүлээн салхиар мэдэрч байлаа. Энэхэн зуур Бурхан багш нэгэн хором доош харах мэт болсноо тэр даруй буцаж хуучин хэвэндээ оров. Энэ нь зөвхөн түүний сэтгэхүйд буй болсон дотоод ухаарал байсныг тэрээр тунгаах хүсэл ч, зав ч байсангүй. Харин хажууханд шарын шашныг тэрслэгчдийн зүрхийг суга татан халуун цусыг нь ууж, ясыг нь хага ташин, чөмгийг нь сорохоор хурц соёо бүхий цусан улаан амаа асар томоор ангайсан Жамсран бурхан баруун гар нь ган илдээ сугалж тангарагаасаа няцан тэнгэрт гарсан хэнийг  ч болов хойноос нь очиж толгойг тас цавчихаар завдан, зүүн гартаа шашны дайсны зүрх бөөрийг цус савируулан базсан байх ажгуу. Түүний дэргэд нүгэлтнүүдийг барих тор барьсан дагуулууд үхдлийн арьс хэдэрч, галзуу чонын нуруун дээрээс нүцгэн хөлөө унжуулан дээш дүрэлзэх галын дөл дээр ажиг ч үгүй гишгэн Балдан тойны зүг нэвт шувт ширтэх догшин дүрт энэхүү бурхадын гал мэт улалзан буй харцаас далиран хурдан босч арагш ухран залбирсаар мөргөлийн ариун сүмээс яаран гарлаа.

  Гадаа үдшийн бүрий залгуулж шөнийн харанхуй болжээ. Салхигүй нам гүм шөнийн энэ орчинд, өдөржин эргэлддэг хүрднүүд, адраас зүүлттэй үргэлж жингэнэж, хангинаж байдаг ган ялтас, хүрэл хонхнууд ч цөм таг чиг, сүмийн шовх орой дээрх бодь гөрөөсүүд ч бүгд унтаж байх шиг. Орчин тойронд чив чимээгүй, нам гүм, огторгуйд зөвхөн одод л түүн рүү анивчиж байв. Ийнхүү мөргөлийн ариун сүм энэхүү явдлыг зүүрмэглэн өнгөрөөсөн нь бурхан түүнийг өршөөсөн мэт санагдав. Энэ бол зөвхөн тойны өөрийнх нь дотоод ухаарал байлаа.

 Балдан тойн энэ дор үдшийн агаарт гүнзий амьсгаа авч хэсэг зогссоноо уяан дээрх мориндоо мордон Тогоодулам хүүхнийх рүү яаран давхих гэвч хашин хээр нь түүний аяыг дагасангүй гуядах болгонд ондог понпог цогихчоон болчихоод, эргээд л тэр дороо пог пог шогших нь зүүдэнд орсон тамын тогооны гал мэт дүрэлзэж буй түүний дур хүслийг бурхны номлолоос ч дутахааргүй хясан торгоох мэт. Балдан лам Тогоодулам хүүхэнгүйгээр хэрхэн амьдрахыг төсөөлж ч чадахгүй болжээ.

 

Бутач хүү

  Балдан тойны хөх тэнгэрийн мандалд хөвөөлөн нисэх мөрөөдөл хөдөөний бүсгүй Тогоодуламд хоргодон хэдий нисдэггүй ч гэсэн энэ шувуухай ямарч номлолд үл дарагдах эр хүний дур хүслийн нэг гол оньчийг гарцаагүй хөндсөн нь тэр буйзаа. Эл явдлаас хойш Балдан тойны сэтгэлд бас нэг жигүүр ургаж Тогоодулам хүүхнээс салахыг бүр болиод нисдэггүй шувуунд жигүүр юун хэрэг, нисдэг моринд тах юун хэрэг хэмээн нөгөөх гайхамшигт зүүдээ ор тас мартаад 

Шар жанчаа тайлан

Шанам малгайгаа аваад 

Хөх тэрмэн дээлээ өмсөн

Хэт хутгаа агсаад

Хар болж өнгө солиод

Хашин хээр морио

Хайр найргүй ташуурдан

Тойгон толгойн шилээр тоос татуулан давхихдаа:

Эр, бор харцага минү зээ

Жигүүрхэндээ  хүчтэй л билүү дээ.

Идэрхэн  залуу насанд минү зээ

Даанчиг томоогүй л явлаа даа … хэмээн үглэх дуулахын хооронд амандаа аялан ергүүлж Тогоодулам хүүхнийд үдшийн бүрийгээр яаран бууж үүрийн хяраанаар бас л яаран мордож гэртээ ирж шар жанчаа эргүүлж өмсөөд, шанам малгайгаа буцаан шүүрч өглөөний бүрээнээр мөнөөхөн сүм рүүгээ мэндэн сандан гүйсээр ээтэн гутлаа элээдэг болов оо.

Нутгийнхан Балдан тойны нууц янагийн жиг явдлыг юу гэж л мэдэхгүй өнгөрөөв гэж дээ. ”Тойн маань оройхон гараад ширүүхэн дайрч байх шив” хэмээн даапаалан инээлдэж, зарим нь ч ”Тойгон толгойн цохионоос унаад толгой нь бүр эргэж орхив” гэлцэнэ. Тойгон толгойн зүүн суганд сор залсан нөгөөх газарт үлдсэн хог новш дараагийн нэг үерээр урсч ор мөргүй алга болсныг лам нар “Гол горхи голдрилоо элдэв муугаас ийнхүү цэвэрлэж ариусгадаг юмдаа” хэмээн сүжиглэн ярьсаар энэ явдал мартагдав.

Үүнээс хойш Балдан тойн, бурхны номлол, эмийн хүслэн гэх ацан шалаа энэ хоёр явдлын аль алийг нь огоорсонгүй алд биеэ хоёуланд нь зориулж явсаар хөх тэрмэн дээл нь ч гандаж, хашин хээр морь нь ч гундаж, харин нэг шинэ юм гэвэл Тогоодулам нэгэн хүү төрүүлжээ. “Үйлийг нь хийгээгүй бол үр нь яаж тогтох билээ. Үнээгээ саагаагүй бол цайгаа юугаар сүүлэх билээ”… гэж мэдээж энэ бол Балдан ламын хүүхэд байлаа. Тойны тухай улиг болсон яриа шивнээг хүмүүс сонирхохоо ч бүр больж. Хэзээ язаанаас инагш амь бөхтөй оршсоор ирсэн лам нарын иймэрхүү амьдралын тухай эхлээд баахан шуугилдаж байснаа тэгсхийгээд л намждаг нь олны ариншин шүү дээ. Тойн гал голомтыг нь залгуулж бурхан тахлийг нь өвлөх, газар дээр ганц хүүгээ бусдаас нуухыг хичээвч чадаагүйн эцэст хийдэд өгч сайн лам болгохыг мөрөөдөн зүтгэсээр хэнд ч, юунд ч үл захирагдах эх байгалийн эрхшээл дор хээр морь нь ч нас гүйцэж, хувраг лам нь ч өөрөө өтөлж насан хутаг олов.

Тогоодулам хүүгийнхээ хамт лам хувраг хүнийг оршуулах бүхий л үйлийг ёс горимоор нь гүйцэлдүүлэн Тойгон толгойн ханан хаданд талийгаачийг суугаагаар нь хөдөөлүүлэв.

 Өнчирч үлдсэн хүү өсөх тутам шувууд нисч буухыг ямагт ажиглан энд тэнд унасан өд сөдийг заавал авч үлээн хийсгэж, тоглож байхыг харсан Тогоодулам

-Миний хүү өдөөр бүү тогло, За юу?

-Яагаад? Ээжээ.

-Болдоггүй юм миний хүү. Тэнгэрт халичихдаг юм.

-Бүр дээшээ нисээд үү?

-Тиймээ бүр дээшээ, миний хүү.

-Би нисэхийг үзмээр байна шүү дээ.Ээжээ.

-Ээ, Төрийн минь сүлд. Чи ийм юм бүү ярь. За юу?

-Тэнгэрт юу байдаг юм? Ээжээ.

-Юу ч байхгүй, тэнд нэг л очвол буцаж ирдэггүй юм.

-Тэнд шувуу бас Ба ажаа байгаа ш дээ. |Ба ажаа гэж тойныг хэлж байна.|

-Тиймээ Ба ажаа нь тэндээс биднийг харж л байгаа.

-Би очиж болох уу? Ээжээ.

-Болохгүй миний хүү. Хүүхэд тэнд очдоггүй юм.

-Тэгээд хэн тэнд очдог юм? Ээжээ.

-Настай хүн л очдог юм.

-Далавчтай болоод уу?

-Үгүй дээ миний хүү. Эрлэг  Номун хаан аваачдаг юм.

-Тэгээд тэнд юу хийдэг юм? Ээжээ.

-Үйл лайгаа дуусгаад тэнд очиж амар сайн болдог юм.

-Ба ажаа яагаад тэнд очсон юм? Ээжээ.

-Яахав дээ. Бид хоёрын үйл лай л тэр.

-Тэгвэл би бас хойноос нь очно оо. Ээжээ.

-Ээ, Бурхан сахиус минь. Эхлээд ээж нь очно дараа нь.. гэснээ цааш хэлэх үг түүний хоолойг давсангүй.

-Миний хүү өд сөдөөр бүү тогло, За юу?

-За.. гэснээр ээж хүү хоёрын  яриа үүгээр дуусав.

Маргааш өглөө нь Тогоодулам талийгаачийнхаа хүслийг гүйцээхээр хүүгээ хөтлөн амандаа “Төрийн сүлд минь өршөө”, “Бурхан багш минь өршөө” хэмээн төр, шүтээн хоёртоо ээлжлэн залбирсаар эцгийнх нь шавилж байсан хийдийн зүг яаран алхав. Ээж хүү хоёр сүмийн үүдэнд ихэд хичээнгүйлэн хувцас хунараа тохинуулаад талийгаач тойны танил ловон лам дээр ирж

-Багшид бараалхъя гэвээс лам тэднийг дагуулан энэ сүмийн гол хүн, хамба ламын өргөө хэмээх гоёмсог модон дацангийн үүдэнд дэх орцонд орхиод өөрөө дотогш алхах бус гулгах мэт хөвсөөр бараа алдарлаа. Удалгүй цаанаас

-Хөөе орцгоо хэмээн алсад арслан хүрхрэх мэт хөндий бүдүүн дуунаар ээж хүү хоёр хувцас хунраа ахин дахин засч, нэг урт амьсгаа аваад ормогцоо л балмагдан үүдэнд нь хүлцэнгүйхэн сөгдлөө. Энэ ламын дацан бол өмгөр бор гэрээсээ өөрт хөл тавьж үзээгүй тэдний хувьд жинхэнэ бурхны орон байлаа. Арц хүжийн ариун тансаг үнэр ханхалсан эл тугдмын ханаар гүнгэрваатай хангал бурхад түүний өмнүүр нарийн модон тавиурт алтан өнгөт шуумал бурхад, хажуугаар мөнгөн шогол, хамба торгон баринтагт ном судар, баганаас хэнгэрэг цан, гандан бүрээ, ганлин бишгүүр, адраас манжлага бүхий элдэв дуаз, хийморь, хиар, замбалзугуй, цацаг зүйл өлгөжихүй. Ээж хүү хоёр энэ олон бурхдын дунд төөрсөн нүдээр нэг бурхнаас нөгөө руу гүйлгэн торгон баринтагт ном судрын хажуугаар даалинжин дээлийхээ хормойг даран гэтсээр тэдний  дунд уул овоо шиг аварга том биетэй хамба лам жавдан дахь олбогтоо багтаж ядан байвчиг их бурхны дүрдээ бат итгэлтэйгээр  эрих барин, хонх, дамар тэргүүтнээ жингэнүүллэн, амандаа маани уншин сууж буйг ээж хүү хоёр сая олж харав. Хонх нь хааяа жингэнж, дамар нь данхалзан, махлаг памбагар хурууны аясаар томоос том гүррагчаа эрихний хэлхээ эрээлжилж тэр дундаас эрхиний толгой дахь том улаан шүр тодоос тод гялалзана.

 Хамба лам өөрөө олон давхар эрээн олбог дээрээ чулуун хөшөө мэт сүглийн нүдээ хагас анин, бурхны суудлаар тухалсан нь эргэн тойронд буй олон бурхдын дундаас хамгийн том нь энд суужихуй гэмээр. Түүний асар том толгой, өргөн шанаат нүүр, хагас аниастай нүд бүхий улаан хүрэн царай нь ээжийнхээ хормойгоос зүүгдсэн бяцхан хүүд шууд л айдас төрүүлэв. Олон нугалаа бүхий улаан торгон жанч, нөмрөг, орхимж түүний дороос муна мэт бүдүүн шүрмэслэг гарынх нь шуу ил цухуйж, нүцгэн гартаа барсан хонх, дамраа ээлжлүүлэн дуу гаргах агаад нөгөө гарын долоовор хуруугаар улаан шунхаар будсан жижиг модон бандан дээр тавьсан ном судрын хуудсыг шар, шар эргүүлж буйг нь харахад энэ шүрмэслэг ганц хуруугаараа бяцхан хүүг өлгөн дацангийнхаа дээвэр дээр чулуудчихуйц хүчтэй баймаар эр ажээ. Хамба лам одоо огт чимээгүй болж хэсэг зуур үхсэн амьд нь үл ялгагдах энэхүү хөшмөл байдлаар сууж байснаа сая мэлмийгээ нээхэд хэрсэн бухынх мэт цус хурсан том алаг нүднийх нь нүүр цоргим харц хүүд өмнөхөөсөө ч улам илүү аймшиг төрүүлэв. Энэ аймшигт бурхан эрихээ эргүүлэхээ түр саатан Тогоодулам руу  хараад арай зөөлөрч

-Энд сууцгаа хэмээн эрихтэй гараараа дохин дуулдах төдий хэлэхэд сая түүнийг бурхан бус амьд хүн гэдгийг мэдэж авсан эх хүү хоёр заасан газарт нь бараг л сөхрөн уналаа. Догшин бурхны дүр  шингэсэн энэ ламтан Тогоодуламын зүг харсан хэвээр

-Энэ баньдын нэр хэнсэн билээ?  гэхэд Тогоодулам

-Жа, Лам багш ээ. Хүүгийн нэр Жанчив гэхэд хамба лам сая эрих, хонх, дамраа сангийн бойпор бүхий мэлхий ширээн дээр тавьж хүүгийн зүг нүд тогтоон харснаа

-За Жанчив минь хэмээхэд дахин түүний зандрангүй дуу алс тэртээ уулын оройд тэнгэр дуугарах мэт хадав.

-Би танай талийгаачийн тухай мэднээ хойноос нь “Ум бадми хум” бурхан сахиусдаа залбирч л явдаг.  Чи юу гэж бодож байна. Бурхан байдаг уу?

-Жа тиймээ.Бурхан байдаг. Лам багш ээ.

-Тэгвэл чөтгөр байдаг уу? Хүү хоолойгоо засан хэсэг байснаа

-Тиймээ

-Хаана байдаг юм.

-Газар сайгүй.

-Бурхан хаана байдаг юм?

-Сүмдээ.

-Тэгээд юу хийдэг юм ?

-Бурхан чөтгөр хоёр хүний хоёр талаас нь нүгэл, буян үйлдүүлэхээр булаалдаж бурхан дийлвэл буянд,  чөтгөр дийлвэл нүгэл рүү хөтөлдөг.

-Хэзээ бурхан дийлдэг юм?

-Ном сайн бяслагаж, буян үйлдсэн цагт л…лам хэсэг дуугаа хурааснаа

-Чи бурхны номд сүжигтэй юу?

-Жа тиймээ. Би сүжигтэй. Лам багш ээ.

-Яамай даа. За болж болж.  Би энийг чинь чамд номын ёсоор  лавтай суулгах гээд үзье. Ээж хүү хоёр дуугаа хураан зөвхөн толгойгоо дохин сууцгаав. Хамба лам хүүд хандан

-Энэ бол талийгаачийн үйлдсэн нүгэл бүхнийг ариутгаж бурхны гэсгээлийг багасгах учиртай хэмээснээ цааш нь “Мөн ч их нүгэл үйлдсэн хүндээ” хэмээн амандаа шивнэх төдий өгүүлсэн нь эх хүү хоёрын чихэнд өртсөнгүй. Ламтан, Жанчив хүүд хандан

-Намайг чи харж байна уу?

-Жа би харж байнаа. Лам багш ээ.

-Юу харагдаж байна? Хүү санаанд орсноо л хэллээ.

-Намайг харахад Та энэ олон бурхдын дунд хамгийн том нь юм шиг санагдлаа гэхэд хамба лам нэн таатай мушилзан байснаа уушгиныхаа багтаамжийн хэрээр ер бусын чангаар инээхэд салхи исгэрч ханаар өлгөөстөй цан, хэнгэрэгний цуурай бүрээ татах мэт болов.

-Лам ширээн дээрээс очир, эрих, хонх дамраа гартаа авч нүдээ анин  суудалдаа улам бурханлагаар сууснаа 

– Тэгвэл одоо дахиад хар. Одоо юу харагдаж байна?  Хүү сая толгойгоо дээш өргөн дахин нэг харснаа

-Одоо миний харахад таны нүүрээс улаа бутарч байх шиг. Түүнээс таны сүр хүч түгж буйг эргэн тойронд буй энэ олон бурхад биедээ шингээж байна даа.

-Чи одоо юу мөрөөдөж байна.

-Би тань шиг том лам болохыг… гэснээ  дараа нь  

– Лам багш ээ. Энэ бол зөвхөн миний толгойд орсон бодол … Ламтан түүний  үгийг таслан

-Гэмгүй, гэмгүй. Чи сонин юм хэллээ. Хамба ламтан энэ удаад хүүг ихэд анхааралтай сонсч байснаа царайгаа төв болгон харц нь зөөлөрч хажуу дахь лоовон ламын зүг нөгөөх том долоовор хуруугаараа дохих дор лоовон мөн л түүний зүг явах бус гулгасаар дөхөн сөгдөж чихээ дэвсэв. Хамба түүний чихэнд нэг зүйл шивнэхэд ловон тэднийг яаравчлан дагуулж гарлаа.

 Хамба лам тэднийг гарсны дараа ганцаар үлдсэн боловч дутуу орхисон мааниа үргэлжлүүлсэнгүй. Тэрээр өмнөхөөсөө ч улам хөгжилтөйгөөр инээсээр бүр ая тухтай сайн инээхийн тул бурхны суудлаа өөрчлөн тухалж улам чангаар Ха ха ха, Хэ хэ хэ, Ха ха ха  Хэ хэ хэ хэмээн инээх дуу нь бурхны орноо цуурайтсаар байлаа. Хамба лам ингэж инээж байснаа түүний хажууд алтан өнгөөр хээлсэн яшил модон гүнгэрвээ түүний өмнүүр татсан нүсэр том төвөд бичигтэй торгон яндарын ард бадамлянхуа цэцгэн дээр заларсан Бурхан багшийхаа дүрийг харснаа эргэж суудлаа засан эрхээ шүүрэн авлаа.

 Жанчив хүү бурхны шавь болжээ. Болох болохдоо мөнөөх хамбын шавь болов. Ингэж тэрээр бурханд шавь орсноос хойш олон жил талийгаач эцэг нь нэгэн амьдралаа зориулсан энэ хийдэд түүний амьдадаа хийсэн нүглийг хичээнгүйлэн ариутгасаар лам багшийнхаа хамт нэг мянга есөн зуун гучин долоон оны гал үхэр жилтэй золгов.

Амьдрал аймшигтайгаар өөрчлөгдөн хувь тохиол, үзэл бодлын наад цаад нарийн учир явдал эрс огцом эргэж сүм хийд лам нарыг устгах  аян  Монгол орон даяар гэнэт хий үзэгдэл мэт эхэллээ. Багш шавь хоёр энэ хорвоод ирээд шүтэн биширч, хайрлан дурлаж, амьдрал жаргал, хамаг амьтны сайн сайхны төлөө  лам хуврага болсныхоо төлөө үхлийн аюулд өртөв. Хэдхэн жилийн дотор 700 гаруй сүм хийд, 70 гаруй мянган лам нараа монголчууд өөрсдөө устгаж дуусгасан бөлгөө. Монгол улс ямарч дайн тулаан, байгалийн ямарч гамшигт ийм олон иргэнээ алдаж байсан удаагүй.

  Хамба ламыг шавынх хамт баривчлан хороосны дараа Тогоодулам тэдний цогцсыг олж нууцаар нэг дор оршуулсан  эл газраа хэнд ч хэлээгүй  өөрөө хорвоог орхижээ.


Найдансүрэнгийн Бадарч. Арлингтон, Виржиния. АНУ

 

Leave a Reply