ЖАНЖААГИЙН БУЯНААР ГАРЗГҮЙ ГАРАВ

Манайх Говь-Алтай аймгийн Бугат сумын айл. Манай нутагт 1967 оны намар эрт их будан манан татаад байдаг боллоо. Тэр үед Халтарын Домхүү сумын намын үүрийн дарга хийж байв. Гэтэл нэг өглөө «Жанжаа» Лхасран их эрт дөнгөж босоод цайгаа уух гэж байхад ороод иржээ. Тэгснээ би даргад нэг юм хэлмээр бодогдоод болдоггүй, таныг зөвшөөрвөл ярья гэжээ.

–   Тэг тэг, та нарынхаа үгийг сонсохгүй хэнээсээ үг дуулах вэ? гэж X.Домхүүг хэлтэл Д.Лхасран гуай ярьж эхлэв гэнэ. Энэ жил дөнгөж 9 сар гараад хуучнаар бол намрын тэргүүн сард цас орж эхэллээ. Бас Алаг нуур, Сухант тийш их будан маар татаад байна, энэ их аюултай үзэгдэл. Манай хөгшчүүл надад нэг иймэрхүү зүйл ярьж байсан нь санаанаас гардаггүй юм. Тээр жил, бар жилийн аюултай зуднаас өмнөхөн Баяр гэлэнгийнх Ядам гэдэг айлтай өвөлжих гэж байтал, тэр Ядамынх нь манайх ер нь одоо өөр тийшээ нүүлээ, нэг л биш болоод байна гэжээ. Гэтэл Баяр гэлэн уурсаж:
–   Чи хөгшин хүнээр тоглоом хийж байгаа юм шиг айлын бараатай хамт өвөлжинө гэж тохирчихоод одоо намар болж хүйтэрч эхлэхээр нүүнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бид мэтийн хөгшин улс нүүдлийн гар даахгүй, нүүвэл танайх л нүү, би чадахгүй гэжээ. Гэтэл тэр өвөл нь нөхцөлгүй их зуд болж үлдсэн айлуудын мал ахуй сүйрч, харин Ядам мэтийн Алтайн өвөр говь руу нүүсэн айлуудын мал зөв зүгээр онд мэнд оржээ. Үүнээс л санаа авч та нөхөд юм хиймээр байна гэжээ. Тэгэхэд нь Домхүү дарга ч уриалгахан хүлээн авч:
–    Их сайн байна. Таниас ийм чухал санамж үг дуулсанд баярлалаа, үүнийг чинь анхаарч бид ярилцаж, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулна. За, та харж байгаарай гэж амлажээ Тэр үед сум нэгдлийн дарга О. Ядамхүү хот руу ажлаар явчихсан, орлогч нь О. Дэмбэрэл, малын их эмч М.Дүгэрсүрэн, намын үүрийн орлогч Ж.Зундуй нарыг X.Домхүү өрөөндөө дуудаж :
– «Жанжаа» Лхасран ийм юм ярьж байна. Үүнийг анхаарч ажил зохион байгуулахгүй бол болохгүй. Ийм учраас одоо хэдүүлээ тал тал тийшээ явж газар нутаг үзэж тодорхой ажил зохион байгуулъя. Ер нь говь талаар өвөлжүүлж болохгүй байх, ялангуяа Алаг нуур, Гаханч, Нохончийн ам, Сухант, Бор булаг, Тал булаг дэмий байх гэж ярилцаад X.Домхүү дарга О.Дэмбэрэл, М.Дүгэрсүрэн нарыг авч Аж богдын арыг үзэж зүүн тийш эргэн Таянгийн нурууг судалжээ. Тэр үед Говь-Алтай аймгийн хөдөө аж ахуй эрхэлсэн орлогч дарга Содномжамц 8-р сард О.Ядамхүү, X.Домхүү нартай хамт баруун талын нутаг Цахирын нуруу түүний ойролцоох газрыг үзэхэд газрын гарц их тааруу муу байсан юм. Иймд баруун талыг одоо үзэлт байхгүй. Гаханчийнхны нэг хэсгийг Аж богдын ард, нөгөө үлдсэн хэсгийг нь Таянгийн нуруунд өвөлжүүлье. Бижийнхнийг Ар цагаан бургас руу гаргая гэж ярилцав. Гэтэл зарим дарга нар хэлэхдээ:
–   За даргаа, малчид ийм орой 9 сард ийшээ тийшээ нүүхгүй гэх байх гэв.
–  Аа, заавал нүүлгэнэ, энэ чинь тэдний хувийн өмч биш, нэгдэл нийгмийн малыг бид мэдэх ёстой тиймээс, нүүлгэхээр ойлгуулах хэрэгтэй. Нэгдлийн малыг удирдлагууд хамгаалах учиртай гэж тэдэнд үүрэг өгчээ.
Тэр үед удалгүй аймгийн намын хорооны бүгд хурал болжээ. Тэр хурлын үеэр X.Домхүү Алтай сум нэгдлийн дарга Оросоо болон Төгрөгийн дарга Пэрэнлэй нартай ярихад Оросоо нь манай сумын хэсэг айлуудыг Ажийн ард өвөлжихийг зөвшөөрчээ. Харин Пэрэнлэй дарга нь өөрийн нутаг Таян болон Цагаан бургасны хагасыг харамлаад байжээ. Тэгэхлээр нь X. Домхүү тэр үеийн аймгийн намын хорооны 1-р дарга Даваахүү, аймгийн гүйцэтгэх захиргааны дарга Жанчивдорж нарт учир явдлаа танилцуулж Төгрөг сумын дарга Пэрэнлэйг зөвшөөрүүлж авчээ. Түүнд аймгийн хоёр дарга хэлэхдээ:
– Цагийн хатууд нэгдлийн малаас нутаг харамлаж болохгүй Бугатынханыг хил залгаа тэр нутагтаа өвөлжүүл гэж үүрэг өгчээ.
–    Бижинйхнийг хүчээр нүүлгэж Ар луу өвөлжүүлжээ.
–   Тэгээд манай Бугатынхан 1967-1968 оны бичин жилийн зуднаар гарз хохиролгүй шахам гарч. Энэ их зуднаар Тайшир сум 48 мянган малтай байснаа 18 мянга, Түмэн суманд 72 мянган малаас 32 мянга, Наран сум 60 гаруй мянган малаас 20 мянган малтай үлдэж байв. Малаа хорогдуулаагүй сум манай аймагт 1968 оны бичин жилийн зуднаар бараг байхгүй шахам Ганцхан Бугат сум урд оныхоо малын тоон дээр 1000 толгой нэмэгдүүлсэн байж.
Ингэж «жанжаа» Лхасрангийн цаг үеэ олсон сайхан санамж түүнийг шуурхай зөв хэрэгжүүлж зоригтой зохион байгуулсан явдал их чухал юм. Тэгээд манай Бугат сум тэр жил сүүлийн жилүүдийн ажлын үр дүнгээр «Алтан гадас» одонгоор шагнагджээ. Тийм их уужуу ухаан манай өвөг дээдэст байдаг, түүнийг нийтийн хүртэл болгоно гэдэг нь тухайн үеийн удирдагч нарын / X.Домхүү, О. Ядамхүү, О. Дэмбэрэл, М. Дүгэрсүрэн гэх мэт / сэмэргээ, соргог сэтгэлгээ сайн байсных юм даа. «Жанжаа» Лхасран бол их ойтой, сайхан юм ярьдаг лут хүн байсан. Түүнийг үеийнхэн болон хөгшчүүл «занзгар» Лхасран гэж хочилдог бөгөөд тэр нь Дамдингийн Дарамжавын гал дээр гарсан зээ хүү байв гэж Халтарын Домхүү багш хуучлав. Д.Лхасрангийн ярьсан их аюултай зуд бол Монгол улсын бүх нутгийг хамраагүй ч гэлээ Засагт хан аймагт ихээхэн хохирол учруулсан тухай хөдөө аж ахуйн түүхэн судалгаанд тэмдэглэгдснээр 1913-1914 оны бар жилийн зуд юм билээ. Ган, зуд бол нарны идэвхжилтэй шууд холбоотой. 1913-1914, 1922-1923, 1944-1945, 1967-1968 оны зудтын жилүүд нарны идэвхжил хамгийн буурсантай яг таардаг юм билээ. Монголын аль нэг нутагт ямар нэгэн хэмжээгээр «зудгүй» өнгөрч байсан жил ховор юм. Энэ талаар эрдэмтэн академич, төрийн нэрт зүтгэлтэн Н. Жагварал, аймаг улсад хөдөө аж ахуйн удирдах ажил олон жил хашсан Баянхонгор аймгийн уугуул эдийн засгийн ухааны доктор Г.Бизъяа гуай бичиж тэмдэглэсэн байдаг.
1990 оноос хойш гал түймэр ихээхэн тавьж, ой хөвчөө, улиас, бургас, заг, тоорой, харгана зэрэг мод бутаа хайр найргүй сүйтгэж байгаагаас болж Монголын тэнгэр газарт хачин өөрчлөлт гарсаар байна. Сүүлийн хориод жилд ургамлын гарц эрс багасч хадлан авдаг байсан олон газар хамар хатгах ногоогүй болж улмаар халцран цөлжиж эхэллээ. Ийм нөхцөлд тиймэрхүү ажиглалт нэн чухал санагддаг.
Ойдовын ДҮГЭРСҮРЭН

©duuren.mn

ЖАНЖААГИЙН БУЯНААР ГАРЗГҮЙ ГАРАВ

  1. Pingback: human hair weave

Leave a Reply