Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэллээ

10878407_864566993602301_1339639321_o

2010 онд Япон, Монгол орны давуу тал, ашиг сонирхлыг судалж Эдийн Засгийн Түншлэлийн Хэлэлцээрийн хамрах хүрээ, салбаруудыг тодорхойлох зорилготой хоёр орны хамтарсан судалгааны баг байгуулагдсан.  Энэхүү хамтарсан судалгаанд үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 67 дугаар захирамжаар “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр” байгуулах асуудлаар хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг, шинжээчдийн баг томилогдсон.

Ажлын хэсэг, шинжээчдийн багт холбогдох яам, агентлагийн нийт 100 гаруй албан тушаалтан, мэргэжилтэн 2012 оноос эхлэн гурван жил орчим хугацаанд долоон үе шатны хэлэлцээг Японы талтай хийжээ.

Энэхүү хэлэлцээр өнөөдрөөс буюу зургадугаар сарын 7-ноос хүчин төгөлдөр болон хэрэгжиж эхлээд байна.

Нилээд өргөн хүрээг хамарсан энэхүү хэлэлцээрийн гол асуудал нь Монголоос Япон руу экспортлох махны 98.5 хувийн татварыг бууруулах, Японоос Монгол руу экспортлох хуучин машины татварын таван хувийг бууруулах, тэглэхээр болжээ. Үүнд: 0-3 хүртэлх жил ашиглагдсан автомашины татварыг тэглэж,  4-6 жил ашигласан автомашины татварыг жил бүр буурах нөхцөлтэйгээр, 10-аас дээш жил ашиглагдсан машины татварыг чөлөөлөхгүй байхаар болжээ.

Энэхүү чөлөөт худалдааны хэлэлцээр нь Монгол Улсын хувьд анхных, Япон улсын хувьд 15 дахь нь болж байгаа аж.

Монгол улсад гадаадын улс орнуудаас олгосон нийт зээл тусламжийн 70 хувийг Япон улс олгож иржээ. Тодруулбал: 1991-2012 онд 93.5 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 75.8 тэрбум иенийн хөнгөлттэй зээл, 37,5 тэрбум иенийн техникийн хамтын ажиллагааны тусламжийг Япон улс үзүүлжээ.

2010 онд хийсэн таталцлалын загварын судалгаагаар Монгол Улс, Япон Улстай энэ хэлэлцээрийг байгуулсан тохиолдолд хоёр орны гадаад худалдааны эргэлт эхний жилд 50-60 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ. Мөн 2013 онд хийсэн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг ерөнхий тэнцвэрийн динамик загварт тулгуурласан судалгаагаар ДНБ  жилд дунджаар 0.33-0.34%, нийт экспорт 0.36% өсөх тооцоо гарсан байна.

Leave a Reply